Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө үү
2020-05-11 11:29:30 Нийтлэгдсэн: НийгэмТаны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой. Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө. Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол: Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно. 1.Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/ 2.Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган, нисдэг машин салбар/ 3.Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/ Даваа ~ Баасан: 09:00 - 18:00 Бямба, Ням : Амарна 4.Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ Даваа ~ Баасан: 08:30 - 20:30 Бямба, Ням: 09:00 - 19:00 5.Да хүрээ худалдааны төв Мягмар ~ Ням: 08:30 - 17:30 Даваа : Амарна НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
Улсын төсвөөс төлсөн 1.3 тэрбум төгрөгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах шаардлагатай
2020-05-11 11:14:07 Нийтлэгдсэн: НийгэмАвлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд нийтийн албан тушаалтны хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр байнгын хяналт тавин ажиллаж байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.8-д шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгох, гарсан сөрөг үр дагаврыг арилгах, учруулсан хохирлыг төлүүлэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх-ээр заасныг үндэслэн 2017-2019 онд хууль бусаар нийтийн албанаас халагдаж чөлөөлөгдөн шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилогдсон, нөхөн олговор олгосон байдалд судалгаа, дүн шинжилгээ хийв. Судалгааны дүнгээс харахад 2017-2019 онд төрийн албанаас хууль бусаар халагдаж, буцаан томилогдохоор шүүхийн шийдвэр гарсан нийт 796 албан тушаалтан байна. Тэдгээр 796 албан тушаалтанд ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхөд нийт 4.094.000.000 /дөрвөн тэрбум ерэн дөрвөн сая төгрөг/ төгрөгийн нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гарчээ. Дээрх төлбөрийн 1.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар, үр ашиггүй зарцуулсан, улмаар төсөвт зохиомол хүндрэлийг учруулж байна. Хууль бусаар нийтийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн, шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилогдсон, нөхөн олговор олгосон байдалд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн улсын төсвөөс 1.3 тэрбум төгрөгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах шаардлагатай. Иймд Авлигатай тэмцэх газраас Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т ...гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна гэж заасны дагуу Үндэсний аудитын газарт асуудлыг тавьж, шийдвэрлүүлэхээр албан бичиг хүргүүллээ. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков тушаал гаргаж энэ оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар яамныхаа харьяа их, дээд сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээний бүхий л үйл ажиллагааг зайн хэлбэрээр үргэлжлүүлэх, улирлын болон төгсөлтийн шалгалтуудыг онлайн горимоор авахаар шийдвэрлэжээ. Харин бусад яам, газрын харьяаны сургуулиудад эдгээр зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна. Их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагаа зайн хэлбэрээр үргэлжилж, улмаар улирлын болон төгсөлтийн шалгалтууд онлайн горимоор явагдах болсонтой холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам оюутан залуучууд Та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. ҮҮНД, - Уг тушаалыг үндэслэн гаргах сургуулийнхаа албан ёсны шийдвэртэй сайтар танилцаж, сургалтын алба, холбогдох багш, ажилтнуудаас нарийвчилсан удирдамж, зөвлөмж авах, - Мөн тушаалаар суралцагчдыг оюутны дотуур байраас бусад сургуулийн барилга байгууламжид нэвтрэхийг хориглож байгаа тул сургалтын хөтөлбөрөө дүүргэж байгаа буюу хэлний бэлтгэл, сургууль төгсөгчид сургуультайгаа хэрхэн тооцоо хийх, бичиг баримтаа хэрхэн бүрдүүлж өгөх, түүнчлэн хувийн хэрэг, сертификат (бэлтгэл анги төгсөгчид), дипломоо хэрхэн гардан авах асуудлыг сургуультайгаа нухацтай тохирох, - Монгол Улсын Онцгой комиссоос ОХУ-д суралцаж буй оюутнуудыг эх оронд нь татан авах хуваарь, тов гармагц сургуульдаа мэдэгдэж, явах бэлтгэлээ сайтар хангах, - Оршин сууж буй хот, суралцаж байгаа сургуулийнхаа захиргаанаас тогтоосон дэглэмийг ОХУ-д байх хугацаандаа чанд мөрдөж, эрүүл мэнд, аюулгүй байдалдаа онцгойлон анхаарахыг тус тус зөвлөж байна. Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Малчид, ард иргэдийн анхааралд:Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна. 2020 оны 05 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 15-17 хэм дулаан байна. 2020 оны 05 дугаар сарын 12-ноос 05 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 12-13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 14-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. Нийтэлсэн:Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмрээ оруулж буй Эрхэм хүндэт татвар төлөгч та бүхэндээ Татвар төлөгчдийн өдрүүд-ийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна. Улс орноо хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдал, иргэний эрх чөлөөг батлан хамгаалах эдийн засгийн гол тулгуур нь Үндсэн хуулийн дагуу эрхэм таны шударгаар төлж буй татвар билээ. Нийт аж ахуй эрхлэгчдийн 70 гаруй хувь нь Улаанбаатар хотод оршдог тул тэр хэрээр улс орондоо оруулж буй хувь нэмэр өгүүлшгүй юм. Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнд нийслэл, дүүргийн төсөвт 2019 онд 838.5 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж, нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж байна. Монгол Улсын Их хурлаас 2019 онд татварын багц хуулийг шинэчлэн баталж, 2020 оноос мөрдөж эхэлснээр татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалсан, татварын хууль, тогтоомж энгийн ойлгомжтой болсон, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг тусгасны зэрэгцээ татварын хувь хэмжээ буурах нөхцөл бүрдсэн. Ингэснээр нийт татвар төлөгчдийн 97 хувь нь 1 хувийн татвар төлөх нөхцөл бүрджээ. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хүндрэлтэй цаг үеийг даван туулах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний бодлогын хүрээнд 1 удаагийн татварын хууль тогтоомжийг батлан татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлж байгааг та бүхэн мэдэх билээ. Улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлдэг татвар төлөгч та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Монгол Улсынхаа, нийслэл Улаанбаатар хотынхоо гэрэлт ирээдүй, гэгээн замналыг хамтдаа бүтээлцэж буй хөгжлийн түүчээ болсон нийт ТАТВАР ТӨЛӨГЧ ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй