Хотын захирагч С.Амарсайхан 103-д дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдов

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр /2020.01.10/ оройн 23.00 цагт ЦЕГ-ийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн удирдлагуудад урьдчилан мэдэгдэлгүйгээр очиж ажиллалаа. Тэрбээр энэ үеэр нийслэлийн иргэдийн өмнө тулгардаг хэрэг зөрчил, гал түймэр, гамшиг осол, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх үүргийг хүлээн камерын тусламжтайгаар хянан ажилладаг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ажилтан албан хаагчид, операторуудтай уулзан тэдний ажиллах орчин, ажлын ачаалал, иргэдээс ирэх дуудлагын агуулга, тоо хэмжээ, иргэнд очиж үйлчлэх хугацаа, техникийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар албан хаагчидтай ярилцаж, дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдон санал бодлыг нь сонсож ажиллалаа. Тус төвийн хувьд Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газар, Яаралтай тусламжийн төвийн мэдээлэл хүлээн авах үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, цахим мэдээллийн болон яриа, хяналтын камерын бичлэгийн сан бүрдүүлэн ашигладаг бөгөөд, GIS, GPS, TRS технологийн тусламжтайгаар авто объектууд, эргүүлийн цагдаа нарын байршил, хөдөлгөөнийг шууд хянан, удирдлагаар хангах зорилгоор анх 2007 онд Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ нэртэйгээр байгуулагдсан бол хожим 2010 онд Монгол улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын төв, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газар болон Нийслэлийн онцгой байдлын газрын шуурхай удирдлага, зохицуулалт хариуцсан зарим нэгж, Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн зохицуулагч, оператор, инженерийн албадыг нэгтгэн бүтэц, орон тоог баталж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулагдсан түүхтэй аж. Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх мэдээллийг хүлээн авах, цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн хөдөлгөөнт хэсэг, бүлгүүдийг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, мэдээ мэдээллийг нэгтгэн боловсруулах, төрийн зохих байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Хотын дарга С.Амарсайхан тус төвийг үүсгэн байгуулагдсанаас хойш буюу 10 гаруй жил ажиллаж байгаа цагдаагийн ахмад Д.Лхагвадуламтай ажил үүргийн нь талаар ярилцлаа. Тэрбээр Баасан гарагт манай төвд хандан ирэх дуудлагын тоо харьцангуй ихэсдэг. Учир нь ажлын сүүлийн өдөр гэдгээр иргэд баяр тэмдэглэх, архидан согтуурах, үүнээс үүдэн олон нийтийн газар танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явдал цөөнгүй бий. Одоогоор 103 буюу яаралтай түргэн тусламжийн дуудлагад 37 машин гарчихсан явж байна. Эдгээр машинуудын хаана явж байгаа байршлыг GPS систем ашиглан харж болдог. 102 буюу Цагдаагийн дуудлагыг бид тухайн дүүргийн цагдаагийн хэлтэстэй холбосноор цагдаагийн машин харьцануй түргэн очдог бол 103, 105-ын автомашинууд замын ачаалал түгжрэлээс хамааран 20-30 минутын дараа очих тохиолдол гардаг гэдгийг Хотын даргад тайлбарлав. Хотын захирагч С.Амарсайхан Иргэдийн зүгээс дуудлага ирэхдээ удаан байна, дуудлагаар ирсэн боловч шаардлагатай эмч тариа хийхгүй байна, бүрэн гүйцэт арга хэмжээ авч чадахгүй байна, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхгүй байна, эмч ажилтнууд харилцааны соёл муутай байна гэх зэрэг олон гомдлыг бидэнд мэдэгддэг. Мэдээжийн хэрэг дуудлагын эмч, цагдаа, онцгойгийн ажилтнуудын хувьд ажлын ачаалал ихтэй байдгийг бид ойлгож байгаа. Гэхдээ иргэд яарсан, эмчилгээ үйлчилгээ түргэн хийлгэе гэсэн хүсэл эрмэлзэлтэй, бухимдсан, сандарсан хүмүүс байгааг та бүхэн анхаарч мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, сэтгэл зүйн хувьд хүлээцтэй, тэвчээртэй байх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг онцлон хэллээ. Мөн Хотын дарга яаралтай түргэн тусламжийн дуудлага өгсөн иргэнтэй холбогдон Та дуудлага өгсөн юм байна. Хотын дарга С.Амарсайхан тантай ярьж байна. Би өнөөдөр Мэдээлэл шуурхай удирдлагын төв дээр ажиллаж байгаа, тус байгууллагын иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар хүртээмжийн талаар газар дээр нь ирж ажиллаж байгаа юм. Та 22:30 цагт та дуудлага өгсөн юм байна. Одоогоор дуудлага очоогүй байгаа юу. Өвчтөний биеийн байдал ямар байна. Замын ачааллаас болоод дуудлага жаахан саатсан бололтой. Удахгүй очно гэлээ. Та санал хүсэлтээ хэлээрэй гэлээ. Энэ жил яаралтай тусламж үйчилгээний автомашины парк шинэчлэлтэд анхаарна Хотын даргын тус төвд ажиллаж байгаа тухай мэдээллийг аваад тус төвийн удирдлагууд хүрэлцэн ирж, хамтдаа ажлын ширээний хойно сууж, ажил хэргийн асуудлаар санал солилцлоо. Тус уулзалтад ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвасүрэн, тус төвийн Захиргааны хэлстийн дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаяр, Шуурхай удирдлагын хэлтсийн 103 төвийн дарга, цагдаагийн хошууч Т.Бат-Идэр, Шуурхай удирдлагын хэлтсийн 102 төвийн дарга, цагдаагийн хурандаа Д.Хишигбаатар оролцлоо. Хурандаа О.Зоригт Бид дуудлагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 2020 оны 01 сараас эхлэн дуудлага өгсөн иргэнд эргээд мессэжээр хариу өгдөг зохицуулалтыг туршилтаар хэрэгжүүлээд явж байна. Удахгүй техник технологийн асуудлаа шийдээд дуудлага өгсөн бүх иргэдэд өгсөн дуудлага нь хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх хариуг өгдөг болно гэв. Хотын захирагч С.Амарсайхан Та бүхний ажлын онцлог, ачааллыг бид сайн ойлгож байгаа. Улсын хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор шийдвэрлэх олон асуудал бий. Түүний нэг бол олон нийтийн аюулгүй байдлыг хангах төдийгүй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх асуудал. Иргэд яарч, сандарсан, өвдөж зовсон үедээ эмнэлэг, цагдаа, онцгойгийнхонд ханддаг. Тиймээс бид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, амар тайван орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг энэ гурван байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах чиглэлд онцгой анхааран ажиллаж байна. Тийм ч учраас бид оны өмнө Нийслэлийн цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн автомашины парк шинэчлэлтэд зориулж туулах чадвар сайтай 19 автомашиныг шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээг дэлхийн стандартад хүргэхийн тулд 180 гаруй автомашин байх ёстойгоос өдгөө 45 автомашин үйлчилгээнд явж байгаа. Тиймээс цаашид түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийн асуудлыг судлан шийдвэрлэхийг зорьж байна. Мөн дуудлага шуурхай очдог болохын тулд хотын хаягжилтыг тодорхой болгох ажлыг хэрэгжүүлнэ. Мөн Улаанбаатарын камержуулалтыг сайжруулах асуудлыг бид Засгийн газар, салбарын яам, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран шийдвэрлэхээр төлөвлөж байна гэв. ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт Хотын зүгээс хөдөлгөөнт эргүүлүүдэд олгосон Лада маркийн шинэ машинууд гэр хороололд явахад зам голохгүй үнэхээр тохиромжтой байгааг Хотын даргад уламжилж, албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах, техникийн шийдлийг боловсронгуй болгоход анхаарахаар болсонд талархал илэрхийлээд албан хаагчдын орон сууцны хөтөлбөрийн өөрсдийн боломжоор хэрэгжүүлэхийг зорьж байгаа, энэ асуудлын хүрээнд тулгараад байгаа газар болон бусад асуудалд анхаарч өгөх-ийг хүссэнээр ажил хэргийн уулзалт өндөрлөлөө. Дашрамд дурьдахад иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээр үүрэг гүйцэтгэж байгаа 103, Цагдаа, Онцгой, гал командын автомашинд зам тавьж өгөөрэй гэдгийг хүсэх байна.

Ээж охидын өдөрлөг болно

2020-01-09 15:17:01 Нийтлэгдсэн: Нийгэм
Ээж охидын өдөрлөг болно

Энэ сарын 11-ний өдөр буюу ирэх бямба гаригт 11 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төв дээр Ээж охидын өдөрлөг болно. Өдөрлөгийн үеэр өсвөр насны охидын бэлгийн боловсрол, үерхэл нөхөрлөл арьс арчилгаа, гоо сайхны талаар мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид зөвлөгөө өгөх юм. Мөн ээжүүдэд зориулан эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлын талаар ярилцаж, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхан, эрүүл зөв амьдралын хэв маяг, хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө. Энэхүү өдөрлөгийг эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхны Ла Сантэ эмнэлэг , Ээж дэлхий бүсгүйчүүдийн цахим нэгдэл, Алдарт эх групп хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэмжигч байгууллагаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн урлан бүтээх төв , Япон гоо сайхны брэндүүдийг Монголд албан ёсны эрхтэй худалдаалагч Майлд косметикc сүлжээ дэлгүүр ажиллаж байна. Мөн хамтран зохион байгуулагчаар хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний сэтгэл зүйчид оролцож байгаа юм байна. Өдөрлөгт Хавдар Судлалын Үндэсний Төв эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, Өвчин намдаах тасгийн их эмч, АУ-ны доктор, Клиникийн профессор Б.Болормаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн газрын Ахлах мэргэжилтэн, сэтгэл судлалын докторант Л. Бадамцэцэг, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ж.Түвшинтунгалаг, Майлд косметикc-ын мэргэжлийн гоо сайхны зөвлөхүүд, Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний мэргэжлийн сэтгэл зүйчид ээж, охидод зөвлөгөө, мэдээлэл өгөх юм. Энэ үеэр Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний зүгээс охидод зориулсан ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. Арга хэмжээнд оролцсон охидод Майлд косметикc ХХК-иас гарын бэлэг гардуулах бөгөөд бүх оролцсон бүх ээжүүдэд эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах эрхийн бичиг гардуулах юм байна. Ээжүүд тэр бүр охидтойгоо илэн далангүй ярилцаж, бас тэдэндээ цаг зав гаргаж чаддаггүй. Тиймээс энэ өдрийг охидтойгоо хамт өнгөрүүлж, хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл авч, хамтдаа халуун цай кофе ууж, зургаа хамт авахуулж, охиндоо нэгэн сайхан дурсамжийг бүтээж өгөхийг хүссэн хүн бүрт энэ өдөрлөг нээлттэй. #Такс 10.000 төгрөг. Энэ таксны мөнгийг зөвхөн ээжүүдээс авах бөгөөд хүүхдүүдэд үнэ төлбөргүй. Нэг ээж 10 000 төгрөгийн такс төлөөд хэдэн ч охинтойгоо оролцож болно. Энэхүү арга хэмжээ нь ашгийн бус арга хэмжээ бөгөөд таксны мөнгийг цай, кофе, хөнгөн зууш бэлтгэхэд зарцуулах юм. #Таксны мөнгийг Хаан банкны 5024288063 тоот дансанд /Б.Баттуяа/ дансанд байршуулна. Та бүхэн нэр, утасны дугаараа заавал бичээрэй. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг Ээж дэлхий бүсгүйчүүдийн цахим нэгдлийн https://www.facebook.com/groups/407078663248515/ хаягнаас авах боломжтой. Мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид ирэх хоёрдугаар сард Аав, хөвгүүдийн өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Харилцах утас:99115624

Угаарын хий мэдрэгчийг түгээх ажлыг удаашруулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн 2019 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Өнгөрсөн онд нийслэлийн Онцгой комисс Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг шуурхай зохион байгуулах, нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 58 эрх зүйн баримт бичиг гаргаж хэрэгжилтийг хангуулан ажиллалаа. Онцгой комиссын 15 удаагийн хурлаар 34 асуудал хэлэлцэж, 200 заалт бүхий хурлын шийдвэр гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэн 94 хувийн хэрэгжилттэй байна гэв Нийслэлийн Онцгой комисс өнгөрсөн онынэг, хоёрдугаар саруудад гахайн мялзан өвчин, хоёр гуравдугаар саруудад хөрсний ус гарч, халиа үүссэн, тавдугаар сард төв цэвэрлэх байгууламжийн осол,долоо наймдугаар дугаар саруудад усархаг борооны улмаас үүссэн үер, 10 дугаар сараас Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гамшгаас хамгаалах аврах, хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа талаар мөн дуулгалаа. Үргэлжлүүлэн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд сайжруулсан түлшний тээвэрлэлтийн талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл өглөө. Сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлтийн төлөвлөгөө, тээвэрлэх маршрутыг нарийвчлан гаргаж тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ажлын хэсэг гарсан. Үүний үр дүнд одоогийн байдлаар 11 аж ахуйн нэгж болон 10 төрийн байгууллага тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Өнөөдрийн байдлаар 383 цэгт өдөрт 3052 мянган тонн түлш хүргэгдээд байна. Өнгөрсөн онд нийт 196.560 тонн түлш тээвэрлэсэн бол 2020 онд 660 мянган тонн түлш тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Сайжруулсан түлшний борлуулалтын урамшуулал, тээвэрлэлтийн санхүүжилт, зарцуулалт болон угаарын хий мэдрэгчийн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек товч мэдээлэл өглөө. Тэрбээр Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулахаар үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд ирсэн угаарын хий мэдрэгчийг Стандарт хэмжилзүйн газарт бүртгэлжүүлэх ажил хийгдээд дуусаж байна гэв. Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан угаарын хий мэдрэгчийг иргэдэд түгээх ажлыг удаашруулсан, эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо. Улаанбаатар хотод онцгой дэглэм тогтоож ажиллаж байгаа энэ үед комиссын гишүүдийг эрхэлсэн ажилдаа эзэн болж хариуцлагатай ажиллахыг үүрэг болгоод, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөнт эргүүлийг ирэх дөрөвдүгээр сарын 1-н хүртэл сунгалаа. Мөн утаа мэдрэгчийг өрх бүрт суурилуулж, ажилууллах заавар зөвлөмжийг тарааж ажиллахыг дүүрэг хороодын Засаг дарга нар болон Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газарт даалгалаа . Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“Миний хот” цуврал контент #8  Дураараа биш дүрмээрээ явцгаая

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Миний хот сэдэвт хотын өнөөгийн аж амьдралтай холбоотой бичил контентуудыг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт жолооч зорчигдын аюулгүй байдлын төлөө нийслэлийн Тээврийн цагдаагийн газраас дураараа биш дүрмээрээ явцгаая аяныг өрнүүлж байгаа талаар онцлон хүргэж байна.

Ачилтын компаниуд иргэдийн гар утсанд мэдээлэл өгдөг боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч С.Амарсайхан автомашин ачилтын компаниудын үйл ажиллагааг зохих журмын дагуу цэгцлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Тус үүрэг даалгаварын хүрээнд нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Замын хөдөлгөөн удирдлагын төвийн Ачиж журамлах албанд хяналт шалгалт хийлээ. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам-аар ачилтын компаниудын үйл ажиллагааг зохицуулж байгаа аж. Харамсалтай нь, иргэдийн зүгээс автомашиныг нь хаана журамласан нь тодорхой бус, ачилтын компаниуд тухайн эзэнд нь утасдаж мэдэгддэггүй, цагдаагийн шийдвэр, албан бичгээ үзүүлдэггүй гэх мэт гомдол өнөөдрийг хүртэл гарсаар байгаа юм. Харин өнөөдрөөс эхэлж автомашин ачилтын компаниуд чанга яригчаар сануулж, журамласан зогсоолын мэдээллийг иргэдийн гар утсанд мессеж илгээдэг боллоо. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх 2015 онд баталсан Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам-ыг өнгөрсөн оны зургадугаар сард шинэчилсэн. Ингэхдээ жолоочид мэдэгдэхгүйгээр шууд ачдаг байсныг болиулж, гурван удаа чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг дуудах шинэ заалт нэмэгдэж орсон. Дүрэм журмаа биелүүлээгүй дөрвөн компанийн үйл ажиллагааг зогсоосон. Цаашид ч иргэдэд мэдээлдэггүй дүрэм журмаа зөрчсөн компаниудад хариуцлага тооцно. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын ихэнх нь ямар дүрэм зөрчиж, автомашинаа хаана журамлуулснаа мэдэхгүй ийш тийш залгаж, цаг хугацаа алддаг учраас одоо гар утсанд нь мэдээлэл өгдөг боллоо гэв. Ажлын хэсэг энэ сарын 10-н хүртэл ачилтын компаниудад хяналт шалгалт хийх аж. Иргэд автомашинаа ачуулаад эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд нийслэлийн Автозамын хөгжлийн газарт хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм байна. Улаанбаатар хотод ачилт буулгалтын гэрээтэй 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт өнгөрсөн онд 350 гаруй өргөдөл гомдол ирсний ихэнх хувь нь мэдээлэл өгөхгүй тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг тухай байдаг байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.