Имартынхан Нийслэлийн Онцгой Байдлын газарт хүчилтөрөгчийн төхөөрөмж, аврах дэвжээ бэлэглэлээ

Сүүлийн үед Нийслэлийн онцгой байдлын газар, Онцгой байдлын албаны техник, багаж хэрэгслийн хангамж нэмэгдэж, сайжирч байгаа хэдий ч одоо ч гэсэн хүрэлцээ муутай байдаг байна. Тус нөхцөл байдлыг соргогоор мэдэрсэн Имарт хайпермаркет буюу Скай хайпермаркет ХХК, Солонгосын Имарт Компаний зүгээс хүнд нөхцөлд нийт иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг галын аюулаас хамгаалахын төлөө хөлс хүч, бие сэтгэлээрээ хичээнгүйлэн ажилладаг гал сөнөөгч албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд нь хувь нэмэр оруулах зорилгоор БНСУ-ын Гал сөнөөх албанд ашиглагддаг хамгийн сүүлийн үеийн хүчилтөрөгчийн төхөөрөмж, аврах дэвжээ гэх мэт нийт 60 гаруй сая төгрөгийн үнийн дүн бүхий багаж, хэрэгслийг бэлэглэлээ. Скай Хайпермаркет ХХК нь нийт ажилтан, албан хаагчидтайгаа хамтран нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, Итгэл найдвараа хуваалцъя сайн үйлсийн аяныг сар бүр тогтмол зохион байгуулдаг ба ингэхдээ нийгмийн сайн сайхны төлөө, нийтийг хамарсан ажлуудыг зохион байгуулдаг байна. 2018 онд гэхэд 100 гаруй сая төгрөгийн Сайн үйлсийн ажил хийжээ. Цаашид ч энэ ажлуудаа тасралтгүй үргэлжлүүлэх болно хэмээн Скай хайпермаркет ХХК-нийн гүйцэтгэх захирал Л. Жавзмаа дурдлаа. Дашрамд дурдахад Имартынхан 4-хөн өдрийн өмнө Хан-Уул дүүрэгт 3 дах салбараа нээсэн бөгөөд Монголдоо хамгийн олон авто зогсоолтой, Хамгийн олон хэрэглэгчид үйлчлэх хүчин чадалтай хайпермаркет юм байна.

Хүлэмжийн хийн ялгарлын талаар уулзалт ярилцлага, сургалт боллоо

Нийслэлийн Байгаль орчны газраас Байгаль орчин, уур амьсгалын сантай хамтран Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хийн тооллого сэдэвт сургалт, ярилцлагыг 2019 оны есдүгээр сарын 06-ны өдөр Хангарди ордонд зохион байгуулав. Уг сургалт ярилцлагад Байгаль орчин аялал жуулчлалын яамыг төлөөлж Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга доктор Д.Батбаяр болон Байгаль орчин, уур амьсгалын сангаас мэргэжилтэн Б.Тэгшжаргал, Ц.Гэрэлмаа, Ц.Хонгор нар хотынхон-д номын дуу сонсгов. Уг сургалт нь нэг нь ярьж нөгөө нь сонсдог сургалт гэхээсээ илүүтэй халуун дотно ажил хэрэгч уур амьсгалд өрнөсөн чөлөөт ярилцлага хэлбэртэй болсныг тэмдэглүүштэй. Энэ сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны төлөөлөл оролцсоноос гадна Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудаас Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Нийтийн Тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Статистикийн газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар зэрэг агентлагууд идэвхтэй оролцлоо. Сургалтын гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмрийг тодорхойлох ажлын хүрээнд Хүлэмжийн хийн ялгарал гэж юу болох, түүнийг бууруулах анхны алхам, арга хэрэгсэл болох хүлэмжийн хийн тооллогыг хэрхэн яаж явуулах арга, аргачлал-ын талаар ярилцав. Сургалтад оролцогчид хүлэмжийн хийн ялгарлын үндсэн ойлголтуудын талаар нэгдсэн байр суурьд хүрсэн төдийгүй дараагийн уулзалт ярилцлагыг ямар сэдвээр явуулах талаар хэлэлцэв. Хүлэмжийн хийн ялгарлыг тооцох, түүнийг бууруулах арга замаа тодорхойлох нь иргэн бүрд хамаатай асуудал мөн бөгөөд хотын ирээдүйн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй төдийгүй нийслэлд ирээдүйд нүүрлэх аюулыг урьдчилан харах, сэргийлэх боломжийг олгох юм. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Түгжрэл ихтэй үед уулзвар нэвтрэхгүй байх дүрмийг 1304 жолооч зөрчжээ

Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-р зүйлд Уулзварыг бүрэн гүйцэт нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл,саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоногэж заасан байдаг. Yellow box буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоочид торгууль оногдуулах, уулзварт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн олонх улс орон Yellow box junctions буюу шар дөрвөлжин тэмдэглэгээгээр уулзваруудынаа нэвтрүүлэх чадварыг сайжруулсан байдаг. Харин манайд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор ажлын болон ажлын бус цагаар байнгын ачаалалтай уулзварууд болох Цэцэг төв, Үндэсний төв музей, МУБИС зэрэг байршлын уулзварт шар тэмдэглэгээ болон хянах камер байрлуулаад тодорхой хугацаа өнгөрөөд буй. Энэ хугацаанд дээрх заалтыг зөрчсөн буюу шар тэмдэглэгээг харсаар байж Зогс шугамын ард зогсолгүй уулзварт орж хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж түгжрэл саатлыг механикаар үүсгэсэн жолооч нарыг торгох арга хэмжээг авсаар ирсэн. Энэ оны 2 сарын 18-аас өнөөдрийг хүртэлх хугацаанд л гэхэд дээрх дөрвөн уулзварын программ хангамжид 21216 машин бүртгэгдснээс 1304 жолооч дээрх заалтыг зөрчиж торгууль хүлээсэн байнагэж Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллэв.

Лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн Лаг усгүйжүүлэх байгууламжийн нээлтийн ёслол өчигдөр боллоо. БХБЯ-ны захиалгаар анх удаагаа Лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж, Улаанбаатар хотын захиргаа, УСУГ-т хүлээлгэн өгч байгаа юм. Нээлтийн ёслолд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, УСУГ-ын дарга Ц.Төрхүү болон холбогдох албаныхан оролцлоо. Лаг усгүйжүүлэх байгууламж нь хоногт 2500 м3лаг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай. Лаг усгүйжүүлэгч центрфугийн ажиллах зарчим нь төвөөс зугатах хүчний үйлчлэлийг ашиглан лагийг усгүйжүүлдэг. Нэг минутад 1000-4000 удаа эргэлдэж ус лагийг тус тусад ялган гаргах зарчмаар ажилладаг. Лагийг хооронд барьцалдуулах зорилгоор ПАМ (полиакриламид), лагийг уснаас сайн ялгахын тулд ПАК (полиалюминумхлорид) төрлийн химийн бодис ашиглаж байна. Байгууламжид ирэх илүүдэл лагийн чийглэгийн хэмжээ 99 хувь, түүхий лагийн чийглэгийн хэмжээ 94-96 хувь бөгөөд дээрх хоёр төрлийн лагийг усгүйжүүлсний дараа 70 хувь хүртэл чийглэгтэй болох юм. Түүнчлэн илүүдэл лагийн хэмжээ 50 дахин, түүхий лагийн хэмжээг 5-8 дахин, үнэрийг мөн төдий хэмжээгээр бууруулах нөхцөлийг бүрдүүлснээр Улаанбаатар хотын иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүллээ. Ай вай и зэт группийн захирал н.Зоригт Уг байгууламжийг ашиглалтад оруулаад сүүлийн хоёр сарын хугацаанд туршилт хийгээд ямар нэгэн алдаа дутагдалгүй болохыг нь батлаад өнөөдөр хүлээлгэн өгч байна. 99 хувийн чийгшэлтэй нойтон лагийг 70 хувийн чийгшилтэй хуурай лаг болгон гаргаж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн 4-5 жилийн хугацаанд биологийн аргаар гадаа хатаадаг байсан лагийг технологийн аргаар түргэн хугацаанд хуурай болгож гаргана. Үнэрийн хувьд 9-10 дахин бууруулж байгаа хэмээлээ. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж нь бохир усыг механик, биологи аргаар цэвэрлэх явцад органик болон эрдэс гаралтай төрөл бүрийн хаягдал, лаг, үлдэцийг ялган авдаг. Эдгээр бохирдол нь их хэмжээний органик бодис, гельминтийн өндөр агуулдгаас түүхий буюу боловсруулаагүй үедээ амархан ялзардаг, эвгүй үнэр үүсгэдэг, маш удаан хатаж, эрүүл ахуйн хувьд аюултай орчныг бүрдүүлдэг тул бохир ус цэвэрлэгээний явцад ялгаран гарах лаг үлдэцийг хүрээлэн буй орчинд аюулгүй боловсруулах зорилгоор лаг боловсруулах байгууламжийг төлөвлөдөг. Одоо ажиллаж байгаа төв цэвэрлэх байгууламжид лагийг тогтворжуулах, халдваргүйжүүлэх ажиллагаа хийгддэггүй, түүхий лагийг зөвхөн байгалийн аргаар 3-4 жилийн хугацаанд усгүйжүүлдэг байдлаас орчинд эвгүй үнэр ихээр тархаж, лагийг хүрээлэн буй орчинд ил задгай хаяж байгаа нь аюултай орчныг бүрдүүлж байна. Энэ нь хот орчмын агаарыг ихээхэн хэмжээгээр бохирдуулж, иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг алдагдуулах болсон. Иймд байгалийн аргаар ил задгай талбайд лагийг усгүйжүүлэн хатаах аргыг халж лагийг усгүйжүүлэх технологи дамжлагыг нэмж, Лаг усгүйжүүлэх байгууламж-ийг шинээр барьж, ашиглалтад оруулж байна.

Энэ сарын 14, 15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр” өдөрлөгийг зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс оруулахгүй, хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж хэрэгжиж эхэлсэн. Энэ дагуу сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлтийн ажил эрчимтэй хийгдэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Цэвэр агаартай өдөр өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Уг өдөрлөгөөр гэрийн дулаалга, зуухны халаалт болон сайжруулсан шахмал түлшний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэнэ. Мөн иргэдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой аж. Түүнчлэн энэ өдөр Автомашингүй өдөр болох юм. Агаар орчны бохирдлын эсрэг их хотын иргэн бүр хүчээ нэгтгэхийг уриалж байна. Цэвэр агаартай хотын төлөө хүн бүхэн нэг алхам хийцгээе. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.