Үер, усны аюулаас болгоомжлоорой

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр говийн аймгуудын нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Иймд: -Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах -Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, -Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, -Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, -Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх, -Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх, Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийгОнцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Улаанбаатар хотын музейг сэргээн засварлана

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 100 ба түүнээс дээш жилийн насжилттай түүх, соёлын дурсгалт барилга, байшинг сэргээн засварлах, хадгалж хамгаалах Соёлын өвд ээлтэй Улаанбаатар аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Энэ аяны хүрээнд 1919 онд баригдсан Улаанбаатар хотын музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, музейн барилгын өргөтгөлийн зураг төсөл хийх хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталлаа. Улаанбаатар хотын музейн байшинд 1921 оны 7 дугаар сард МАН-ын Төв хороо, Ардын түр Засгийн газар, Цэргийн төв штаб, 1944-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1956 оноос хойш Улаанбаатар хотын музей байрлаж байна. Энэхүү түүхэн дурсгалт байшинд 1961 оноос хойш их засвар хийгдээгүй аж. Улаанбаатар хотын түүхийг харуулсан 3200 гаруй үзмэр уг музейд хадгалагддагаас байрны багтаамжаас шалтгаалж 100 гаруй үзмэрийг л олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна. Улсын хамгаалалтын зэрэглэлд авсан уг байшинг сэргээн засварлаж, музейг өргөтгөснөөр Улаанбаатар хотын хөгжлийн түүхийг орчин үеийн шийдэл, загвартай танхимаар олон нийтэд сурталчлан таниулах, хотын үнэт өв болсон үзмэрүүдийг музейн стандартын дагуу хадгалж хамгаалах орчин бүрдэх ач холбогдолтой юм.

"Асаргааны хэрэгцээ ба шийдэл" оролцогч талуудын хэлэлцүүлэг болно

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах шаардлагатай хүнд зориулсан асаргааны үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, асрагч, асруулагчид тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг сонсох, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх зорилготой Асаргааны хэрэгцээ ба шийдэл оролцогч талуудын хэлэлцүүлэг энэ сарын 24-нд болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АДРА Монгол олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулж буй уг хэлэлцүүлгээр нийгмийн халамж, асрамжийн талаар төрөөс баримталж буй бодлого, тэргүүлэх чиглэл, эрх зүйн орчин, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэж, БНСУ-ын асаргааны тогтолцооны тухай туршлага хуваалцана. Мөн нийслэлийн гурван дүүргийн 60 өрх, нийгмийн халамжийн мэргэжилтнүүд, асаргааны үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын дунд явуулсан асаргааны хэрэгцээний тандалт судалгааны үр дүн, Улаанбаатар хотын зорилтот бүлэгт чиглэсэн асаргааны үйлчилгээг хөгжүүлэх төслийн үзэл баримтлалыг танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчдоос санал авах юм. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Монголын ахмадын холбоо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо зэрэг төрийн байгууллага болон төрийн бус байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг, АДРА Солонгос зэрэг олон улсын байгууллага, асаргааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж буй хүн, тэдгээрийн асрагчид оролцоно. АДРА Монгол олон улсын байгууллага нь 25 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хүмүүнлэг, туслалцааны агентлаг. Бид боловсрол, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийг дэмжих, гамшгийн менежмент зэрэг чиглэлээр ажилладаг. Өнгөрсөн хугацаанднийгмийн сайн сайхны төлөө 200 орчим төслийг үр дүнтэй хэрэгжүүлээд байна.

С.Амарсайхан: Шинэ нисэхийн чиглэлд нийтийн тээвэр, таксины шинэ үйлчилгээг эхлүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаар ахлуулсан хотын удирдлагын багийн хамтаар өнөөдөр Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс хурдны замын хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт зохицуулалтын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийтийн тээвэр, такси, экспресс автобус явуулах, зорчигч тээврийн аюулгүй байдлыг хэрэгжүүлэх, Нисэх буудал-Улаанбаатар хотын дунд шийдвэрлэхээр хүлээгдэж буй асуудлыг шийдвэрлэж, газар дээр очиж ажиллалаа. Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтыг манай улс Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа билээ. Шинэ нисэх онгоцны буудлын хувьд олон улсын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолойтой. 21 агаарын хөлгийн зогсоолтой. Манай айрпорт зурвас маань 3.6 км урт, 45 метрийн өргөнтэй. Олон улсын шаардлага, стандартыг бүрэн хангасан. Нэг бүр нь 2000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн танктай. Агаарын гурван хөлгийг шатахуунаар зэрэг цэнэглэх боломжтой. Төслийн хүрээнд нийтдээ 33 барилга байгууламжийг бид хүлээн аваад байна. Мөн цас цэвэрлэх, онгоц чирэх зэрэг газрын тусгай үйлчилгээний 157 тоног төхөөрөмж, техник хэрэгсэл орж ирсэн байгаа. Засгийн газрын санхүүжилтээр Захиргааны барилга баригдаад дуусч байна. Нисэх онгоцны буудал бүхэлдээ ашиглалтад ороход бэлэн болсон. Нийслэлтэй нийтийн тээвэр, нисэх онгоцны буудал тойрсон ерөнхий төлөвлөгөө, эрчим хүчний хувьд Сонгино дэд станцын асуудал дээр хамтран ажиллах асуудал байгаа хэмээн Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны дарга Д.Мөнхцог танилцуулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа ньХОТ-ын үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хотын төвөөс наашаа сүүлийн үеийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх хэд хэдэн чиглэлийн төсөл хөтөлбөрийн судалгаа, зохион байгуулалтын ажлыг хийгээд явж байна. Эрчим хүчний хоёрдогч эх үүсвэргүйгээр нисэхийн үйл ажиллагаа явах боломжгүй. Сонгино дэд станцын ажил 2013 оноос хойш удаашралтай явагдаж ирсэн. Саяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 2020 оны төсөвт шаардлагатай байгаа 4 тэрбум төгрөгийг тусгахаар болоод бид нийслэл дээр гүйцэтгэгч компанитай нь эвлэрлийн гэрээ хийх ажлыг зохион байгуулж байна. Асуудлыг ерөнхийд нь шийдээд явж байна. Ирэх хавар гэхэд бэлэн болгох хэмжээнд яригдаж байгаа. Энэ бол хамгийн чухал асуудал. Нийтийн тээврийн үйл ажиллагааг хэрхэн явуулах, гадны дотнын зочидтөлөөлөгчдийн аюулгүй зорчих нөхцлийг бий болгох чиглэлээр Нийслэлийн Нийтийн тээврийн удирдлагууд энд ирсэн байгаа. Та бүхэн ажлаа уялдуулж ажилах хэрэгтэй. Улаанбаатар хотыг тойрсон Хөшигийн хөндий, Төв аймаг цаашлаад бусад бүсчилсэн хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийн хүрээнд бид дагуул хотуудаа хөгжүүлэхдээ шинэ нисэхийнхээ үйл ажиллагаатай уялдуулах ёстой. Ирэх хавар та бүхэн үйл ажиллагаа эхлүүлж, ажлаа хэвийн явуулахад нийслэлээс хамаарах бүх асуудал шийдэгдсэн байна гэж ойлгож болно. Нийслэлээс бүхий л асуудал дээр дэмжиж, хамтран ажиллах ёстой хэмээв. Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн босох Аэросити дагуул хотын хувьд долоон сургууль, 12 цэцэрлэг, нэг эмнэлэг, өрхийн эмнэлэг зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. 2022 онд 600 өрх, 2023 онд 800 өрхийн орон сууц барихаар төлөвлөгөөнд тусгажээ. Энэ ажил Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс 25 мянган га газрыг Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлсний дараа ажил эхлэх юм байна. Төсөл хэрэгжсэнээр нийт 39 мянга гаруй ажлын байр бий болно гэж тооцжээ. Эдгээр ажлын байрны ихэнхийг нийслэлийн иргэдээс сонгон шалгаруулж авах юм. Хөшигийн хөндийн хурдны зам 99.75 хувийн гүйцэтгэлтэй байна Хотын захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замын барих төсөл дээр ажиллаж, тулгамдсан асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэлээ. Замын ажил 99.75 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Барилгын ажлууд дууссан. Гүүр, хоолой, тэмдэг тэмдэглэгээ бүгд бэлэн болсон. Нийт 32.2 км зам нь зургаан гүүртэй, 48 хоолойтой. Өнөөдрийн байдлаар жижиг заслын ажлууд хийгдэж байна. Улсын комисс ажиллуулахаар салбарын яаманд хандаад байна. Төслийн гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын IV товчоо компани, туслан гүйцэтгэгчээр Монголын гурван компани ажилласан хэмээн төслийн зохицуулагч Ц.Түмэнбаяр ярилаа. Сонирхуулахад тус хурдны замын хувьд Нисэх Яармагийн уулзвараас эхлэн Хөшигийн хөндий хүртэл үргэлжлэх бөгөөд буцаж эргэлт, замаас гарах боломж байхгүй тул нэгэнт тус замыг сонгосон бол шинэ нисэх буудал хүрч эргэх боломжтой юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас мэндчилгээ ирүүлжээ

Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жерардье мэндчилгээ ирүүлсэн байна. Мэндчилгээнд Монгол Улсын Онцгой байдлын байгууллага үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярт зориулан мэндчилгээ дэвшүүлж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн даргын хувиар Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал-ыг 2018 онд ОБЕГ-тай хамтран зохион байгуулж, та бүхний ур чадвар, мэргэжлийн түвшинг харж, гэрч болох завшаан тохиосон билээ. Тус хурал нь Монгол Улс болон ОБЕГ-ын бүс нутаг дахь манлайлыг харуулсан хурал болсон. Хурлаас батлагдан гарсан Улаанбаатарын тунхаглал болон Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүс нутгийн үйл ажиллагааны хоёр жилийн төлөвлөгөө нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлж байна. Гамшгаас хамгаалах тухай хууль-ийг 2017 онд шинэчлэн батлуулж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги (2017-2030)-ийг батлуулахад ОБЕГ-ын алба хаагчид маш их хувь нэмрээ оруулсан. Мөн Монгол Улсын Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот санаачилгад бүх аймгууд нэгдэн орж, орон нутгийн гамшгийг тэсвэрлэх үнэлгээ хийлгэсэн Ази, Номхон далайн бүс нутгийн анхны улс орон болсон билээ. Дэлхий ертөнцийн хөгжил дэвшил, сайн сайхны төлөө гамшгийн үр дагаврыг үл тоомсорлож болохгүй. Монгол Улсын Онцгой байдлын байгууллага нь бүс нутагтаа өөрчлөлт шинэчлэлтийг авчрахад зайлшгүй шаардлагатай түнш гэдгээ батлан харуулсан юм. Энэ өдрийг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна. Мөн та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа гэжээгэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.