Бид өнөөдрийн зочноор Сэмбэгэр гэх содон нэртэй, гурилгүй талхыг үйлдвэрлэн гаргаж буй Гоо органик ХХК үүсгэн байгуулагч Халиун Хишгээ гэх хоёр сэмбэгэр бүсгүйчүүдтэй товчхон ярилцлаа. Сайн байцгаана уу? Гурилгүй талх гэж сонсохоор их сонирхолтой байна, энэ санаа хаанаас төрсөн бэ? Халиун:Тэгэлгүй яахав./ Инээв/ Гурилны үндсэн түүхий эд болох улаан буудайн үрээр талхыг хийдэг боловч шууд тээрэмдэж гурил болгохгүйгээр, тодорхой чийгшил бүхий нөхцөлд үрийг соёолуулж ургуулаад, түүгээрээ талхаа хийдэг учир гурилгүй хэмээн нэрлэж байгаа юм. Би америкад амьдарч байхдаа жингээ барих зорилгоор TRADER JOES дэлгүүрээс энэ бүтээгдэхүүнийг үргэлж худалдан авдаг байсан. Монголдоо ирээд энэ гайхалтай бүтээгдэхүүнийг эх орныхоо хөрсөнд ургасан улаан буудайгаар иргэдийнхээ эрүүл хооллолтыг дэмжсэн бүтээгдэхүүн хийж болох санаа төрж өөрийн технологич мэргэжлийг ашиглан нарийвчлан судалж технологийг нь боловсруулсан. Энэхүү талх нь бусад талхнаас ямар ялгаатай вэ? Гурилгүй талх үйлдвэрлэл нь гар ажиллагаа ихтэй элдэв боловсруулалт хийдгүйгээрээ онцлог бөгөөд буудайг соёолуулах процессоос эцсийн бүтээгдэхүүн хүртэл 48 цагийн дотор бэлэн болдог. Буудайг соёолуулах нь ямар давуу талтай вэ? Хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ? Буудайн үр нь соёолох явцдаа усанд уусдаг уураг болон полисахарид задалж, фитикийн хүчил /кальцийг хүний цусанд нэвчих процессыг саатуулдаг учир өсч хөгжиж байгаа хүүхдийн ясны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй./-ийг саармагжуулж, каротины хэмжээг 8 дахин, B1, B5, B6, РР аминдэмүүдээр баяжиж, C витамин болон фолийн хүчил, В2 хэмжээг соёолоогүй байх үеийнхээсээ 100 дахин нэмэгдүүлдэг. Соёолох явцад үүссэн уг ашигт нэгдлүүд хүний биед хурдан шингэж, хорт бодисуудыг гадагшлуулах, нарийн бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, хоргүйжүүлэх эрүүл мэндийн өндөр ач холбогдол бүхий эслэг өндөр бүтээгдэхүүн болдог. Ийм талхыг тогтмол хэрэглэснээр чихрийн шижин, цусан дахь холестерины хэмжээ ихсэх, уургийн /глутен/ харшил, таргалалт, өтгөн хатах, нарийн бүдүүн гэдэсний хавдар зэрэг өвчний эрсдэлийг бууруулах ач холбогдолтой төдийгүй гурилын хэрэглээгээ хязгаарласан, фитнесс, иогоор хичээллэдэг, эрүүл зохистой хүнс эрхэмлэгч хэн бүхэнд тохиромжтой бүтээгдэхүүн юм. Үрийг соёолуулах нь түүнийг амьдруулж, ургамлын хэв шинжид оруулж шүлт үүсгэдэг учраас цагаан хоолтнуудад зарим нэг үл орлогдох амин хүчил, уургаа нөхөхөд мөн тусалдаг. Эрүүл мэндийн бүтээгдэхүүний хадгалалт хэрэглээний тухайд. Сэмбэгэрталх нь химийн ямар нэг найрлага, өнгө оруулагч, чанаржуулагч, хадгалалтыг уртасгах бодис ороогүй эрүүл хүнс юм. Тухайн бүтээгдэхүүнийг талх гэхээсээ илүү эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж хүлээн авч богино хугацаанд зохистой нөхцөлд зөв хадгалж өдөр бүр шинээр хэрэглээсэй гэж зорин жижиг савлагаатайгаар хэрэглэгчдэд хүргэж байгаа. Энэ богинохон хугацаанд бүтээгдэхүүн маань хэрэглэгчдэд хэзээний үр шимээ өгч сэтгэл өндөр буйгаа илэрхийлж, эрэлт захиалга нэмэгдэж байгаад урам зориг авч цаашдаа илүү олон хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ хүргэхийг зорьж байна. Саяхан хүнсчдийн баяраар Сэмбэгэр брэнд маань шагнал хүртсэн гэсэн. Энэ талаараа хуваалцаач. Тийм шүү бид бүхэн их баяртай байгаа. Хүнсчдийн холбоо, хүнс хөдөө аж ахуйн яам маань эрүүл хүнсийг дэмжин ажиллаж байгаа болохоор Соёолуулсан үрийн гурилгүй талх маань 2019 оны шилдэг бүтээгдэхүүн шагнал авахад хүргэсэн. Шагналын хур буусан болон нийгмийн хандлага өөрчлөгдөж хүмүүс органик, эрүүл хүнсийг сонгодог болсон нь бидэнд их урам өгч байна. Надад нэг зүйл их сонин санагдаж байна. Яагаад заавал ийм их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулан хурдан муудах эрсдэл өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгаа бэ? Хишгээ: Би Хавдар судлалын эмнэлэгт аавынхаа хөлөнд шарлага хийлгэхээр очиход 4 давхар хүртэл, лифт давхар болгонд зогсож хаалга нь онгойж байсан. Хаалга нээгдэх бүрт хүмүүс нааш цааш чихэлдэн холхилдож байв. Яг тэр үед Монголчууд минь ийм үй олноороо хавдрын эмнэлэгт багтаж ядан чихцэлдэн байгаа нь буруу хэвшил, тайван бус байдал, баталгаагүй хүнснээс үүдэлтэй өвчлөлийн эрсдэл хэрхэн нэмэгдэж байгааг, хоол хүнсний боловсрол, эрүүл хүнсний үйлдвэрлэл ямар хэмжээнд байгааг олж харахад хүргэсэн юм. Заавал өвдсөний дараа бус өвдөхөөс нь өмнө сэргийлж, ойлгуулах жижигхэн ч гэсэн зүйл хийх юмсан гэж бодсон. Тун удалгүй Халиун найзаас минь Сэмбэгэр талхны төсөл дахин эхлүүлэх санал ирж, өөрийн минь аавтай ижил олон олон аав, ээж, хүүхдүүдэд туслах боломжтой болсон. Талхыг гурилаар, их сайндаа бүхэл үрээр хийдэг гэхээс цаашгүй дулимагхан мэдлэгтэй би Сэмбэгэр талхны үйлдвэр-ээр зочилж ГУРИЛГҮЙ ТАЛХ идэж үзлээ. Надад их таалагдлаа. Цаашдаа төлөвлөж байгаа зүйл, алсын харааныхаа тухай хуваалцаач. Одоогоор бид Сэмбэгэр талхны үйлдвэр-ийг, гурилгүй талхаар хийсэн хоол, зуушаар үйлчилж буй Coffee by Сэмбэгэр кофе шопын хамт ажиллуулж байна. Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг улам нэмэгдүүлэн цаашдаа халуунаар гарсан талх гэрт нь хүргэх үйлчилгээ, мөн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, шинэ технологи нэвтрүүлэн гурилгүй кекс болон бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Сэмбэгэр талхны эрүүл мэндийн ач холбогдлын тухай олон хэрэгтэй зүйлс сонслоо. Ийм сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.
Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Хүүхдэд зориулав үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор зохион байгуулж, энэ сарын 25-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийлээ. Нээлтэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, МУ-ын ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга О.Алтансүх тэргүүтэй албаныхан оролцов. Үзэсгэлэн худалдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үндэсний үйлдвэрийн үзэсгэлэн худалдаатай танилцаж, үйлдвэрлэгчдийн саналыг сонссон юм. Эх үрсийн баярыг угтан Эх оронч худалдан авалтыг дэмжих жил-ийн хүрээнд үндэсний 120 гаруй үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний Хүүхдэд зориулав-2019 үзэсгэлэн худалдаа 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үргэлжилнэ. Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож буй үйлдвэрлэгчид 10-50 хүртэлх хувийн хямдрал зарлаж, үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна. Үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар ХХААХҮЯ, БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ, МХЕГ, ШӨХТГ, ГБХЗХГ, НЗДТГ, УБЗАА, МҮОНРТ, МҮХАҮТ, ҮАҮЗ, МХХ хамтран ажиллаж байна. Хүүхдэд зориулав үзэсгэлэн худалдааны үеэр дараах арга хэмжээг зохион байгуулагдах юм.Үүнд: Хүүхдэд зориулсан үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэн; Хүүхдүүдийг анги, хамт олноор нь үзэсгэлэн худалдаатай танилцуулах; Хүүхдийн хоол, хүнс өдөрлөг; Хүүхдийн зуслангуудын өдөрлөг; Хүүхдийн гутал, хувцас, цүнхний загварын үзүүлбэр; Хүүхдэд зориулсан зөвлөгөө, мэдээллийн Хэрэглэгчийн булан; Мэргэжлийн хяналтын явуулын лабораторийн үйлчилгээ; Хүүхдэд зориулсан зөв хооллолт, дасгал хөдөлгөөний мэдээллийн булан; Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж сэдэвт хэлэлцүүлэг;
НООЛУУРЫН САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХААР ХИЙГДЭЖ БУЙ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ.
2019-05-27 08:36:21 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ын 2.1.3 дахь заалтад ноолуурын түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэх, Засгийн газрын 2018 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан Ноолуур хөтөлбөрийн 2.2.3 дахь заалтад ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг үе шаттай ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, 4.1.6-д угаасан ноолуурын экспортыг багасгах чиглэлээр тарифын болон тарифын бус хязгаарлалт хийх асуудлыг судлан шийдвэрлэх гэж заасан. Энэхүү арга хэмжээний хүрээнд ноолуурын салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах бодлого боловсруулах ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А-105 тоот тушаалаар байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн боловсруулсан бодлогын баримт бичгийг холбогдох талуудаар хэлэлцүүлэх ажлыг Монголын ноос, ноолуурын холбоотой хамтран зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид, бэлтгэн нийлүүлэгчид, судлаачид оролцлоо.
Хотын даргын явуулын ажлын байр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд ажиллалаа
2019-05-27 08:30:46 Нийтлэгдсэн: НийгэмЦахим орчинд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу олны мэдэхээр тэмээтэй хөшөөний баруун хойд талын зам дагасан ногоон байгууламж бүхий цэцэрлэг талбайд Номин групп барилга барихаар төлөвлөж, газар хөндөх болсонтой холбогдуулан тухайн орчмын айл өрхүүд, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тухай мэдээлэл түгсэн. Уг талбайд үйлчилгээний төв барих зөвшөөрлийг 2017 онд Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд Номин группд өгсөн байна. Энэ дагуу Номин групп өөрийн эзэмшлийн газар дээрээ барилга барина гэснээс үүдэн иргэдийн бухимдлыг төрүүлжээ. Асуудлыг харилцан эв зүйгээр, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан захирамж гаргаж, тухайн орчимд эргүүлийн цагдаа томилж ажиллуулж байгаа бол /2019.05.25/ үдээс хойш Нийслэлийн Засаг даргын явуулын ажлын байр /автобус/, Нийслэлийн Засаг даргын шуурхай ажлыг зохион байгуулах албаны дарга болон нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд, нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлстийн албан хаагчдын хамтаар газар дээр нь очиж ажиллан, иргэдтэй уулзаж санал бодлыг сонслоо. Нэгдүгээр хорооны иргэдийн хувьд, нэг талаас Хотын хэмжээнд ногоон байгууламж хүртээмж бага байдаг энэ нөхцөлд байгаа ногоон байгууламжаа эвдэн сүйтгэж, эрх мэдэл, эд хөрөнгөөр сүр далайлгасан хувийн хэвшлийнхэн дур зоргоороо аашилдаг явдлыг эсэргүүцэж байна, нөгөө талаас 16 давхар худалдааны төв энд баригдсанаар талбайн хойно орших Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 15, 16 дугаар байр нар үзэх боломжгүй болох тул тус газарт олгогдсон барилга барих зөвшөөрлийг Хотын дарга С.Амарсайханаас цуцалж өгөхийг хүсээд оршин суугчдын эсэргүүцлийн гарын үсэг зурсан бичгийг албаны хүмүүст гардуулан өглөө. Албаны хүмүүсийн зүгээс өнөөдөр амралтын өдөр тул ямартай ч бид хотын даргын явуулын оффистойгоо, албаны хүмүүсийн хамт ирж, иргэд та бүхний саналыг сонсохыг зорьсон юм. Саналаа ч сонслоо, иргэдийнхээ өргөдөл гомдолтой ч танилцлаа. Бид та бүхний хүсэлтийг нийслэлийн холбогдох агентлаг газруудад болон Засаг дарга С.Амарсайханд уламжлах болно. Шийдвэрийг хотын хэмжээнд судалж байж гарах байх. Тэр болтол та бүхэн тайван амгалан, асуудлыг хурцатгалгүйгээр, гадаа майханд хонож өнжин даарч хөрөлгүйгээр хүлээж байхыг хүсье гэв. Газраа хамгаалахаар сэтгэл нэгдсэн Хан-уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэд Нийслэлийн Засаг даргын явуулын ажлын байр, албаны хүмүүсийн хамтаар амралтын өдөр гэлтгүй хүрэлцэн ирсэнд талархаж байгаа илэрхийлээд, асуудлыг иргэдэд ээлтэй хэлбэрээр шийдвэрлэж өгөхийг хүслээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Монгол Улсад анх удаа “Европын нээлттэй өдөрлөг” зохион байгуулагдаж байна
2019-05-27 08:26:53 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улс, Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас өчигдөр Сүхбаатарын талбайд Европын нээлттэй өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд Европын холбооны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа болон гишүүн орнуудын 15 улсын Элчин сайд, дипломат төлөөлөгчид болон Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны зочид төлөөлөгчид болон гишүүн орнуудын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, иргэд олон нийт оролцож байна. Европын холбооны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа Европын холбоо болон Монгол Улс өнгөрсөн 30 жилд урт замыг туулжээ. 1989 онд талууд анх дипломат харилцаа тогтоож байхад Европын холбоо нь нэг зах зээлгүй, нийтлэг мөнгөн тэмдэгтгүй, нэгдсэн гадаад бодлогогүй жижигхэн холбоо байсан. Монгол Улс ч ардчилсан нийгэмд шилжихээр шинэ замын эхэнд зогсож байлаа. Харин одоо талуудын ижил суурь зарчимтайн дээр илүү бат бөх суурь бүхий түншлэлийг тогтоож чаджээ. Хэдийгээр газар нутаг нь алс хол боловч Европын холбоо нь Монгол Улсын гурав дахь хамгийн том худалдааны түнш юм. Жилийн өмнө миний бие Европын холбооноос Монгол Улсад суух анхны Элчин сайдаар томилогдож ирсний хувьд шүүх, эрх зүйн тогтолцоо болон төрийн албаны шинэчлэлийг тууштай дэмжиж, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, уул уурхайн салбарын орлогоор илүү хүртээмжтэй өсөлтийг бий болгох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөл хөтөлбөрүүдээ чиглүүлнэ хэмээн арга хэмжээг нээхдээ онцлон хэлсэн. Өдөрлөгийн үеэр Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, гишүүн орнуудад суралцах, аялах боломжийн талаар болон шенгений виз хэрхэн авах тухай дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэж сонирхохоос гадна үндэсний хоол, амттанаар дайлуулах, урлагийн тоглолт үзэх гээд иргэд, олон нийтэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ болж байгаа юм. Мөн Европын холбооны санхүүжилтээр манай улсад хэрэгжиж буй 20 гаруй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авахын зэрэгцээ Европын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах боломжийг олгож буйгаараа онцлогтой. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэхүү арга хэмжээний нээлтийн үеэр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн 64.7 хувь, аж ахуй эрхлэгчдийн 67.4 хувь нь оршин сууж үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс өнөөдөр Европын нээлттэй өдөрлөг-ийг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой, өндөр үр дүнтэй арга хэмжээ гэж үзэж байна. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Европын холбоог Гуравдагч хөрш хэмээн тунхагласан байдаг. Энэ хүрээнд Европын холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа боломжит бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн. Тухайлбал, Европын холбооны гишүүн орнуудын Элчин сайд нарын уулзалтыг 2009 оноос хойш Улаанбаатар хотод тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн үе үеийн удирдлага та бүхэнтэй хамтран ажиллахдаа хэзээд баяртай байдаг. 2017 онд Европын холбооны Төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдсан нь талуудын харилцааг шинэ шатанд гаргаж, илүү олон салбарт, илүү үр дүнтэй хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна хэмээв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй