Б.Бат-Эрдэнэ: Баруун бүсийг КОВИД-19 цар тахлын дараагийн үед бэлтгэхэд анхаарч ажиллана

​ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандрантай (2022.02.08) цахим уулзалт хийлээ. Тус уулзалтад БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат болон БОАЖЯ-ны мэргэжилтнүүд, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн газрын Хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтсийн дарга Томас Панелла,Зүүн Азийн бүсийн газрын Хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтсийн байгаль орчны ерөнхий мэргэжилтэн Марк Безуйжен,Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Байгаль орчны ажилтан П.Онгонсар, Нийгмийн хамгааллын ажилтан Н.Эрдэнэсайхан нар оролцлоо. БОАЖЯ, АХБ сүүлийн 10 жилийн хугацаанд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын чиглэлд идэвхитэй хамтран ажиллаж, 14 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Одоогийн байдлаар Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр озоны давхаргыг хамгаалах, химийн бодис, уур амьсгалын өөрчлөлт, усны менежмент, аялал жуулчлал зэрэг чиглэлийн төслүүд хэрэгжиж байгаа юм. Цахим уулзалтын эхэнд БОАЖЯ, АХБ-ны хамтын ажиллагааны стратегийн хүрээнд хэрэгжих Тогтвортой аялал жуулчлал-2 төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэхээр төлөвдөгдөж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар мэдээлэл солилцов. Уг төслийн нэгдүгээр үе шат Хөвсгөл, Хэнтий аймагт амжилттай хэрэгжиж байна. Хоёрдугаар үе шатыг баруун аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ 2017-2020 онд хамтран хэрэгжүүлсэн гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн төсөл орчны, ялангуяа хөрсний бохирдлыг багасгахад сайн нөлөө үзүүлсэн. Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмрийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж байгаад таатай байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төсөл хөтөлбөр, арга хэмжээг амжилттай гүйцэтгэх, Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэхийн тулд тогтвортой санхүүжилтийн асуудал чухал гэдгийг онцлов. Тиймээс Тэрбум мод Үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг ханган ажиллах, салбар дундын зохицуулалт, засаглал, хүний нөөц болон үйл ажиллагааны төлөвлөгөөг бодит болгоход БОАЖЯ-наас үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа Тогтвортой ойн менежмент, ойн засаглалын реформ төслийг 2022-2024 оны хамтын ажиллагааны чиглэлд нэмэлтээр оруулах талаар ажиллах нь зөв гэж үзэж буйгаа дуулгасан юм. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Ойн салбарын засаглалыг сайжруулах төсөл амжилттай явж байгаа-г хэлээд энэ төслөөр салбарын бодлого, эрх зүйн орчин, орон нутаг бүсчилсэн судалгааг гүйцэтгээд үргэлжлүүлэн хөнгөлөлттэй зээлээр хүний нөөц, ойн сан, тод тариалалт, техникийн шинэчлэл, үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг дэмжин ажиллахыг хүссэн юм. Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран хийсэн танилцуулгадаа Эдийн засгийн ач холбогдолтой баруун аймгуудад түшиглэн Тогтвортой аялал жуулчлал-2 төслийг АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ. Төслийн хоёрдугаар үе шат, Тогтвортой аялал жуулчлал-2 хэрэгжих хугацаанд аялал жуулчлалын суурь дэд бүтцийг хөгжүүлэх нь нэн чухал. Иймд тус төслийн хүрээнд аялал жуулчлалын цогц бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөж, эхний байдлаар зураг төсөл бэлэн болоод байгаа гэв. Мөн техник технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдлээр дижитал музейн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг Азийн хөгжлийн банкны танилцуулгад дурдагдлаа. Цахим уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал ч тухайн орон нутгийн иргэд, газар зүйн онцлогт нийцүүлэн төлөвлөлтөө шийдэхийг хүсэж байна. Дотоод, гадаадын аялал жуулчлалын чухал чиглэл болоод буй баруун бүсийг КОВИД-19 цар тахлын дараагийн үед бэлтгэхэд анхаарч ажиллана гээд, үргэлжлүүлэн БОАЖЯ, Соёлын яам, Сангийн яамтай хамтран Засгийн газрын хуралдаанд уг төсөлтэй холбоотой асуудлыг танилцуулж, ойрын хугацаанд хариу хүргүүлэхээр боллоо.

Ц.САНДУЙ: МАНАЙ ТАМИРЧИД ХАМГИЙН ШИЛДЭГ ЦАНА ХӨЛӨГЛӨН ОЛИМПЫН НААДАМД УРАЛДАНА

Бээжин-2022 олимпын наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Монголчууд яг хэдүүлээ олимпын наадамд ирсэн, хэд нь улсын зардлаар яваа, манай тамирчдын бэлтгэл сургуулилт ямар байгаа талаар тэрбээр мэдээлэл өгч, өвлийн спортын хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Маргаашнаас нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна

​ Өнөө, маргааш нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 15-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. Өнөдөөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи: Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 32-37 градус, өдөртөө 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурна шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна. Энэ сарын 19-нийгхүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 15-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 18-наас өдөртөө хүйтний эрч суларна. Аймгуудын цаг агаарын мэдээгэндээсхарна уу.

2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд 21 жил 3 сар ажилласан байх шаардлагатай

​ Өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой Нийгмийн даатгалын тухай хуулийн заалтуудын талаар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Д.Басантай ярилцлаа - 20 жил нийгмийн даатгал төлсөн байвал эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрээд тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэнэ гэж ойлгож байгаа, зөв үү? - Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу ажилласан жилийн доод хэмжээг жил тус бүр гурван сараар нэмэгдүүлэхээр заасан байгаа. 2021 онд өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилийн доод хэмжээ нь 21 жил түүнээс дээш байсан. Хэрэв 2022 онд өндөр насны тэтгэвэрт гарах эмэгтэй 55, эрэгтэй 60 настай хүний нийт ажилласан жил нь 21 жил 3 сар байвал насандаа буюу жил ухрахгүйгээр өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд хувь тэнцсэн тэтгэвэр гэсэн ойлголт байдаг. Нийт10 жил түүнээс дээш хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан бол өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.Хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгоход эмэгтэй 55, эрэгтэй 60 нас гэдэг журам үйлчлэхгүй, нас ухарч тэтгэвэрт гарна. - Хэрэв зөв бол дөрвөн хүүхэдтэй ээж 14 жил ажиллаад 55 насандаа биш 50 насандаа хүсэлтээ өгөөд тэтгэвэр тогтоолгох суурь нөхцөл бүрдсэн байна гэж ойлгож болох уу? -Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн, нийт ажилласан жил нь 20 жил бол эмэгтэй 50 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.Ажилласан жилд нь 4 хүүхдийн 6 жилийг шууд оруулан тооцно. - Хүүхэд төрүүлсний жилийн нэмэгдлийг нэг хүүхэдтэй хүн ч эдэлнэ, тийм үү? - Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор ажилласан жил дээр 1 жил 6 сар нэмж тооцож байгаа. Хэдэнхүүхэдтэйгээс үл хамааран төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор жил нэмж байгаа. Үүнд өргөж авсан хүүхэд мөн орно. Өөрөөр хэлбэл,гурав хүртэл настайд нь өргөж аваад зургаан нас хүртэл өсгөсөн хүүхдийн тоогоор ажилласан жил дээр нь 1 жил 6 сар нэмж тооцно. - Долоон жилийн сонголттойгоор тэтгэвэр тогтоолгох нөхцөлд цалингаас суутгаж байгаа НДШ дээр хувиараа мөнгө нэмж төлөх боломтой юу. Хоёр компанид зэрэг даатгал төлөөд явж болдог уу? - Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагууалбан журмын даатгуулагч нь сайн дурын даатгалд давхар хамрагдаж болохгүй, хориглосон байдаг.Харин тухайн даатгуулагч хоёр ба түүнээс дээш байгууллагад зэрэг ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж болно. Энэ тохиолдолд тухайн хоёр байгууллагын цалингийн нийлбэрээс тэтгэвэр тэтгэмжийг тооцоолдог. - Тэтгэвэр тогтоолгоход үндэслэх долоон жил нь заавал дараалсан жилүүд байх уу? - Тэтгэвэр тогтооход даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан долоон жилд төлсөн шимтгэлээс тооцож тогтоодог. Өөрөөр хэлбэл, заавал дараалсан байх ёстой, гэхдээ сүүлийн дараалсан биш, аль дуртай дурын дараалсан долоон жилийн цалингийн дунджаас тэтгэвэр тогтооно. - Төрийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарахад нэг удаагийн тэтгэмж олгож байгаа юу, ямар ажил эрхэлж байсан болон хот, хөдөөд ажиллаж байснаас тэтгэмжийн хэмжээ хамааралтай юу. Нэг удаагийн тэтгэмжийг ямар хугацаанд багтаж олгодог вэ? - Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын дагуу олгодог.Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр өөрийн төсөвтөө тусгадаг. Өөрөөр хэлбэл, энэ нь шууд нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр тэтгэмж огт биш. - Тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө 20 жил нийгмийн даатгал төлчихсөн бол шимтгэл төлөхөө зогсоох, эсвэл өөр хувийн даатгалын байгууллагад шимтгэл төлж байгаад нас болохоор тэтгэвэртээ гарч болох уу? - Яг одоо 2022 онд тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилийн доод хэмжээг 21 жил 3 сар байхаар заасан байна. Энэ хугацааг 2037 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлж, ажилласан жилийн доод хэмжээ 25 жил байхаар хуульд заасан. Хэрвээ нийт шимтгэл төлж ажилласан жил нь /төрийн байгууллага, хувийн хэвшил ялгаагүй/ 25 жил болсон бол иргэн өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх эсэхээ шийдэж болно. Мөн олон төрлийн хувийн даатгалын тогтолцоо бий болсон учраас ажилласан жил нь хангалттай 25 жил хүрч байвал хувийн даатгалд хамрагдаж болно. Нийгмийн даатгалын багц хуулиуд шинэчлэгдэхээр УИХ-аар хэлэлцэгдэж байна. Энэ хуулиар илүү боловсронгуй шинэлэг зохицуулалтууд тусгагдсан байгаа. Нийгмийн даатгалд даатгуулснаар зөвхөн өндөр насны тэтгэвэр тогтоолгох бус олон төрлийн тэтгэвэр, тэтгэмж авч болно. - Сайн дураараа даатгал төлөх гэрээний хугацаанд дунд нь төлж чадалгүй завсардсан тохиолдолд яах вэ? - Сайн дурын нийгмийн даатгалд гэрээний хугацаа гэдэг ойлголт маш чухал байдаг. Сайн дурын даатгалын гэрээг ихэвчлэн нэг жилээр байгуулдаг. Иргэд даатгуулагчид гэрээтэй хугацаандаа алдангиа төлөөд тасарсан сараа нөхөж төлж болно. Гэрээний хугацаа дууссан эсвэл огт гэрээгүй тохиолдолд өмнөх сар, жилээ нөхөж төлнө гэдэг ойлголт огт байхгүй. Ер нь нийгмийн даатгал гэлтгүй, даатгал бол ирээдүйг урьдчилан даатгадаг. Нийгмийн даатгалын хууль тогтоомжид тасралтгүй 3 сар, 6 сар, 9 сар, дараалсан 7 жил гэсэн зохицуулалтууд байдаг. Түүнээс биш огт завсардахгүй, тасралтгүй 20-25 жил ажилласан байна гэсэн хуулийн заалт огт байхгүй. Иргэд дунд нь завсардчихлаа, тасарчихлаа яах вэ? гэж их асуудаг. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дараалсан 7 жил л тасраагүй байх ёстой. Нийт ажилласан жил нь дундаа тасарсан байсан ч болно. - Цар тахлын үед НДС-аас иргэдэд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгож байгаа байх аа? - Тийм ээ. КОВИД-19цар тахлын энэ үед тус хэлтэс нь нийт 12,562 даатгуулагчид 2,678.1 сая төгрөгийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг олгож ажилласан байна.

​Л.Оюунтунгалаг: "Web awards-2021" наадмыг “Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтэй мэдээлье” уриан дор зохион байгуулна

​ Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалагтай Web Awards наадмын талаар ярилцлаа. - Цахим салбарын тэргүүн наадам Web Awards-2021 арга хэмжээ энэ сарын 30-нд болох юм байна. Тус наадмын талаарх мэдээллийг өгөөч? - Монголын сайтын холбоо, МСНЭ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам Web Awards-2021 энэ сарын 30-нд болох гэж байна. Бид тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой. Бид наадам бүртээ өөр өөр уриа дэвшүүлдэг бөгөөд тав дахь удаагийнхаа наадмыг Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье уриан дор зохион байгуулах гэж байна. Тус наадамд цахим салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л байгууллагууд оролцдог уламжлалтай. - Ямар ямар номинацаар шилдгүүдээ шалгаруулах вэ. Өмнө нь зохион байгуулж байсан наадмуудаас онцлох зүйл юу байгаа вэ? - Тус наадамд мэдээллийн сайтууд оролцохоос гадна нийгмийн хариуцлагаараа манлайлагч байгууллагуудыг шалгаруулдаг. Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд: Мэдээллийн шилдэг сайт, Сайтын шилдэг бүтээл, Орон нутгийн шилдэг сайт, Бизнесийн шилдэг сайт,Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт, Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт, Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт, Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт, Шилдэг төрийн байгууллагын сайт, Шилдэг вэб сайт хөгжүүлэгч, Шилдэг аппликэйшн хөгжүүлэгч гэсэн 11 номинацийн эздийг шалгаруулна. Энэ удаагийн наадмын номинацид багахан хэмжээний өөрчлөлт хийсэн. Технологийн дэвшлийг дагаад вэб сайтуудын сайтын шилдэг сэтгүүлч номинацийг бид сайтын шилдэг бүтээл болгож өөрчилсөн. Учир нь сайт гэдэг бол нэг талаас телевизийн урлаг, нөгөө талаас сонины бүтээлийг нийлүүлчихсэн байдаг учраас сэтгүүлчийн уран бүтээлийг олон нийтэд хүргэхийн тулд бүтэн баг бүрэлдэхүүнээрээ ажилладаг болчихсон учраас Сайтын шилдэг сэтгүүлч номинацийг Сайтын шилдэг бүтээл номинаци болгож өөрчилсөн. Бас нэг чухал өөрчлөлт бол нийт номинацийн тоо 10 байсныг 11 болгосон. Бид нар яалт ч үгүй технологийн дэвшлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж. Иргэдийн ажил, амьдралыг хялбаршууласан аппликэйшнүүд ар араасаа гарч байна. Тийм учраас энэ жил Шилдэг аппликэйшн хэмээн шинэ номинаци бий болгосон. - Шилдэг сайтуудаа шалгаруулахаас гадна нийгэмд гэрэл нэмсэн, олны талархлыг хүлээсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөөч? - Нийгэмд хэн хүлээн зөвшөөрөгдөж, хэн нийгмийн дуу хоолой болж, иргэдийнхээ төлөө дуугарч, гэрэл түгээж байна тэр хүмүүсээ онцолж, алдаршуулдаг. Тухайлбал, Web Awards-2019 наадмын шилдгүүдээр дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчин, хамгийн олон хүний амь насыг авран хамгаалсан онцгой байдлын аврагч, олон жил ТҮК-д ажилласан өндөр настан, Олон улсын кино наадмаас шилдэг бүтээлээр шалгарсан Хийморь киноны найруулагч жүжигчин Г.Эрдэнэбилэг, дэлхийн бодибилдингийн уралдаанд гурван удаа түрүүлсэн, фитнесс модель Анухай, Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа гэх мэт хийсэн ажил, байгуулсан гавьяа нь нийгэмд гэрэл түгээсэн, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр наадмынхаа шилдгээр шалгарсан сайтуудын шагналыг өгүүлдэг уламжлалтай. Мөн Web awards-2021 наадмын бас нэг онцлог бол нийгмийн хөгжлийг дэмжиж, зургаан байгууллагыг нэрлэдэг. Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтэн, Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэн, Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг цахим үйлчилгээ, Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг хөрөнгө оруулач, Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр, Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалтыг онцолж, олон нийтийн талархлыг хүлээсэн байгууллагуудыг нийтийн эрх ашгийн төлөө хийсэн бүтээн байгуулалтуудыг сурталчлан таниулдаг. - Наадмын шилдгүүдийг шалгаруулах эрхэм хүндтэй үүрэг хүлээж байгаа баг хамт олны талаар дурдвал? - Web awards наадмын шалгаруулалт шударга явагддаг учраас наадмын маань нэр хүнд маш өндөр байдаг. Дээрээс нь цахим салбарынхан дунд маш их хүлээлт үүсчихсэн байдаг. Бүтэн хоёр жилийнхээ амжилт, ололт, онцлох контент, олон нийтэд хүргэсэн онцлох бүтээлүүдээ ирүүлж байгаа сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ бүтээлийг шударгаар шүүж, дэнслэхийг хичээдэг. Шалгаруулалт цахим санал асуулгаар явахаас гадна шүүгчдийн бүрэлдэхүүнд хэвлэл мэдээллийн салбарт ур чадвар, ёс зүйгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүд, эрдэмтэн багш нар, олон нийтийн төлөөллөөс бүрдэнэ. - Хоёр жилд нэг удаа болдог учраас цахим салбарынхны хүсэн хүлээсэн баяр болох нь. Энэ удаагийн зохион байгуулалтын онцлог юу байх вэ? - Өмнө нь бид Web Awards наадмаа өргөн хүрээнд зохион байгуулдаг байсан. Энэ удаагийн наадам цар тахал, ковидын үед зохион байгуулагдаж байгаа учир УОК, ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийг дагаж, үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой. Бид өөрсдөө үлгэрлэх ёстой. Тиймээс энэ удаагийн наадмаа өдрийн цагаар, цөөхөн зочидтой, халдвар хамгааллын дэглэмээ баримталж зохион байгуулж байна. - Та сайтын холбооны Ерөнхийлөгчөөр хэдэн жил ажиллаж байна. Сүүлийн үед хийсэн ажлуудаасаа товчхон танилцуулбал? - Миний хувьд Сайтын холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг аваад гурав дахь жилдээ ажиллаж байна. Хэдийгээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд ковид, цар тахалтай байсан ч бид бас чамлахааргүй олон ажил амжуулж, мэргэжлийн сургалтууд зохион байгууллаа. Сайтын холбоо байгуулагдаад 13 жил болж байна. Энэ хугацаанд мэргэжлийн сэтгүүлчдийн эрхлэн гаргадаг 80 гаруй сайтыг гишүүнчлэлдээ нэгтгэсэн байна. Бид сайтын холбооныхоо 10 жилийн ой, хоёр удаагийн Web awards наадмаа амжилттай зохион байгуулж байна. Сайтын холбооныхоо гишүүнчлэлд мэргэжлийн сэтгүүл зүйн шаардлага тавьж ажилласан. Мөн гадаадын улс орнуудтай хамтын ажиллагаагаа сайжрууллаа. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, дэлхий нийтээрээ цар тахлын өмнө хүчин мөхөстөж байсан ч бүхий л улс орнуудыг цахим ертөнц аварлаа. Бид хил хязгаараас үл хамаарч цахим орчноор улсынхаа болоод хувийнхаа бүхий л ажил амьдралыг зохицуулж, цахимаас мэдээ мэдээллээ авч байна. Тиймээс цахим салбарт ажиллаж байгаа хэвлэл, мэдээллийн байгууллагынхандаа баярлалаа. Улс эх орны маань ажил урагштай явахад та бидний үүрэг оролцоо маш их байсан. Цаашид одоо байгаагаасаа ч илүү өндөр хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй, бодит эх сурвалжтай мэдээлдэг сэтгүүл зүйг хамтдаа хөгжүүлье, бүтээе гэж хэлмээр байна. Ярилцсан: П.Батзаяа /Өдрийн сонин/

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.