ОХУ ирэх сарын 5-наас таван улсад агаарын хилээ нээхээр болжээ

ОХУ аравдугаар сарын 5-наас Дани, Жибути, Шинэ Зеланд, Өмнөд Африк улстай агаарын хилээ нээхээр болсон тухай тус улсын коронавирустэй тэмцэх штабаас мэдээлжээ. Штабаас мэдээлснээр Москва-Жибути, Москва-Веллингтон, Москва-Лима, Москва-Кэйптаун, Москва-Йоаннесбург чиглэлд тус бүр долоо хоногт хоёр удаа нисэхээр болсон байна. Дани улстай Санкт-Петербург-Копенгаген чиглэлд долоо хоногт мөн хоёр удаа нисэхээр болжээ. Одоогоор ОХУ 57 улстай нислэгээ сэргээгээд байна.

З.Гантогоо: Бид цахим үндэстнээ цогцлоож буйгаа дотоод, гадаадад харуулна

​​ Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас жил бүр зохион байгуулдаг байсан ICT Expo энэ жилээс цар хүрээгээ өргөжүүлэн Digital Nation нэрийн дор ирэх сарын 17-19-нд болох гэж байна. Монгол Улсын Засгийн газар Цахим үндэстэн санаачилгыг эхлүүлэн, мэдээллийн технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаад буй энэ цаг үед төр, хувийн хэвшил хамтран энэхүү олон улсын чанартай арга хэмжээг зохион байгуулж байгаа нь онцлог юм. Digital Nation-2021 арга хэмжээ болон Цахим үндэстэн санаачилгын талаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоотой ярилцлаа. -Энэ жилийн арга хэмжээг Digital Nation буюу Цахим үндэстэн хэмээн нэрлэжээ. Бидний мэдэх ICT Expo ийн нэрээ сольсны учир юу вэ? -Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар энэ арга хэмжээг ICT Expo нэрээр 15 жил зохион байгуулаад, энэ жилээс Digital nation нэртэй болгоод байна. Энэ оны хоёрдугаар сарын гуравны өдөр Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаар манай улс Цахим үндэстэн болох санаачилга гарган, стратегийн зорилтуудаа тодорхойлсон байгаа. Тус стратегийн зургаан зорилтыг хангаж ажилласнаар цахим үндэстэн болох зорилго биелнэ гэж үзэж буй юм. Үндсэндээ илүү том зургаар харж, төрийн санаачилга, бодлоготой уялдуулж, үндэсний хэмжээний арга хэмжээ зохион байгуулахаар зориод байна. -Цахим үндэстэн гэж чухам хэнийг хэлээд байна вэ? Биднээс хэр хол эсвэл ойр байгаа ирээдүй юм бэ? -Дээр дурдсан стратегийн зорилтуудыг товчхон тайлбайрлах хэрэгтэй болох нь. Цахим үндэстэн болохын тулд нэгдүгээрт дэд бүтцээ бэлдэж, цахим сүлжээгээ хөгжүүлэн, бүхий л сум суурин газруудыг интернэтэд холбосон байх шаардлагатай. Хоёрдугаарт, тухайн дэд бүтцийг ашиглах иргэд, олон нийтийн тоон бичиг үсгийн боловсрол буюу цахим үйлчилгээ авах ур чадварыг сайжруулах. Гуравт, төрийн бүхий л ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цаасан суурьтай үйл ажиллагааг халах. Үүний хүрээнд одоогоор төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг e-Mongolia платформд төвлөрүүлээд байна. Дөрөвдүгээрт, эдгээр бүх үйл ажиллагааныхаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах. Үүний дагуу кибер аюулгүй байдлыг хангах хуулийн төсөл өргөн бариад байна. Мөн Үндэсний мэдээллийн аюулгүй байдлын төв, мэдээллийн аудит зэргийг байгуулах ажил бий. Тавдугаарт, инновац үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжих зорилтын хүрээнд гарааны бизнесийг эдийн засгийн чөлөөт бүс болгох, татвараас хөнгөлөх, технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих гэх мэт бодлого боловсруулах. Хамгийн сүүлд нь бүхий л салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг мэдээллийн технологи ашиглан нэмэгдүүлэх. Өөрөөр хэлбэл салбарууд хоорондоо уялдаатай, цогц төлөвлөлт бүхий нэгдсэн стратегитай ажиллаж, эдийн засгийн үр ашигтай байх. Эдгээрийг хэрэгжүүлснээр бид цахим үндэстэн болно гэж үзэж буй юм. -Хувийн хэвшлийнхэн эдгээр ажлуудын суурь хөрс хэдийнэ бэлэн болсон, бид цахим үндэстэн болоход бэлэн гэж байна. Төрийн зүгээс энэ ажил хэдэн хувьтай, ямар шатандаа яваа гэж үзэж байна? -Үүнийг хувиар хэлэх хэцүү л дээ. Хувийн хэвшлүүд бэлэн байна гэж үзэх нь зөв юм. Тэд үйлчилгээгээ өдөр тутам сайжруулж, биткойн, криптовальютаас авахуулаад санхүүгийн салбарт хувьсал хийж байна. Тэд бол харьцангуй бэлэн. Нөгөө талдаа үүнийг зохицуулах хууль эрх зүйн асуудал нь хоцрогдож байна. Төр илүү хурдтай ажиллах шаардлага гарч байна гэсэн үг. Энэ нь зөвхөн ХХМТГ-ын шийдэх асуудал биш, ЗГ-ын асуудал. Тэр ч утгаараа Цахим үндэстэн санаачилга гаргаж, үүнийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй хууль эрх зүйн орчныг бий болгохоор ажиллаж байна. Жишээ нь, виртуал хөрөнгөтэй холбоотой асуудал бол манай агентлагийн асуудал биш, Санхүүгийн зохицуулах хорооны асуудал л даа. Энэ асуудал манайх биш гэдгээс болоод төрийн үйл ажиллагаа жаахан удааширдаг. Тиймээс том зургаар нь харж, шаардлагатай хуулиудыг баталж явах хэрэгтэй. Хоёрдугаарт, хувийн хэвшил, төр хоёр аль аль нь цахим үйлчилгээ нэвтрүүлж байна. Энэ дунд иргэд бэлэн биш байгаа нэг асуудал бий. Өчнөөн олон цахим үйлчилгээ гараад л байдаг, алийг нь яаж хэрэглэх вэ гэдэг дээр хүмүүс төөрөлдөөд эхэлбэл энэ ажлууд үр дүнгүй болно. -Тиймээс эдгээр олон үйчилгээ хоорондоо уялдаа холбоотой байх нь мөн чухал байх? -Тийм. 2000-аад оноос эхлээд монголчууд сум суурингуудаа шилэн кабельд холбож, үйлчилгээнүүд цахимжиж, тал талд бужигнасан. Энэ ер нь бүх улс оронд тохиолддог асуудал л даа. Тус тусдаа хөрөнгө оруулалт хийгээд, дэд бүтэц угсраад, кабель татаад эхлэхээр тэр бүх үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо алдагдаж эхэлдэг. Үүнийг хангах зүйл бол Засгийн газрын түвшинд хийх дижитал стратеги шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний одоо хийгээд буй цахим үндэстэн гэдэг нэгдсэн стратеги гэж ойлгож болно. -Digital Nation-2021 арга хэмжээний тухай ярья. Энэ жилийн хөтөлбөрийн онцлог юу вэ? -Өмнө нь ICT Expo-д зөвхөн мэдээлэл технологи, харилцаа холбооны компаниуд оролцдог, салбарын шинжтэй хязгаарлагдмал арга хэмжээ болдог байсан. Энэ жил бид илүү олон салбарын олон байгууллагыг хамруулах, ерөөсөө цахимаар амьсгалж буй бүхий л салбарын төлөөллийг оролцуулахаар зорьсон. Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн гэчхлэн төрөл бүрийн салбарын 110 орчим байгууллага бүртгүүлээд байна. ХХМТГ энэхүү арга хэмжээг санаачлагч бөгөөд зохион байгуулагч. Энэ экспод улсын төсвөөс нэг ч төгрөг гардаггүй. Цэвэр спонсор болон хандивлагч, оролцогчдын ивээн тэтгэлэг, байршил худалдаж авах хөрөнгө зэргээр зохион байгуулдгийг дурдах нь зүй байх. Энэ жил Ард санхүүгийн нэгдэл, Анд глобал ХХК стратегийн түншээр, харилцаа холбооны байгууллагууд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Мөн цахим шилжилт хурдтай хийгдэж буй салбарын яамдтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсний дагуу Соёлын бүтээлч салбар гэдэг цар хүрээгээрээ Соёлын яам хамтран оролцож байна. -Үндэсний соёл амралтын хүрээлэнд гурван өдрийн турш тун завгүй хөтөлбөртэй байх юм билээ. -Тийм, энэ жилийн арга хэмжээг гадаад дотоодын зочид төлөөлөгчидтэй, олон улсын чанартай зохион байгуулж буй нь онцлог. Онцлох хөтөлбөрүүд гэвэл старт-ап буюу технологийн чиглэлийн гарааны бизнесүүдийг дэмжих, олон улсын хөрөнгө оруулалт татах, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа гарааны бизнесийн чадавхийг сайжруулах зорилгоор старт-ап питч буюу найраа хийх тэмцээнийг дурдмаар байна. Энэ нь үндэсний болон олон улсын хоёр түвшинд явагдана. Үндэсний 120-150 старт-ап компани оролцож, мөнгөн шагналын төлөө өрсөлдөх юм. Мөн Сингапур, Хонгконгоос хөрөнгө оруулагчид ирэх ба шалгарсан старт- апууд гадны хөрөнгө оруулагчдад бизнес санаагаа танилцуулан, хөрөнгө татах тэмцээн болно. Мөн технологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн форум хэлэлцүүлэг болох ба үүнд Эстонийн Дижитал шилжилтийн яамны дэд сайд тэргүүтэй гадаадын төлөөлөгчид оролцох юм. Номадик Мастерс нэртэй цахим спортын олон улсын тэмцээнд оролцохоор Украйн, Сингапур, Солонгос, Хятадын шилдэг багууд ирэхээр байна. Түүнчлэн салбарын сайд нарын хөтлөх дугуй ширээний ярилцлага, салбарын 100 жилийн ойг дүгнэж, ирээдүйг зураглах Цахим үндэстэн гол хэлэлцүүлэг зэрэг олон хөтөлбөр бий. -Арга хэмжээний ач холбогдлыг товчхон дүгнэн хэлбэл? -Цахим үндэстэн гэж юу вэ гэдгийг иргэдэд таниулах, үүнд оролцогч талууд, салбарын байгууллагууд юу хийж байгааг танилцуулах, зөвхөн дотооддоо ч биш олон улсад бид хэрхэн цахим үндэстнээ цогцлоон босгож буйгаа харуулах ийм л зорилго, ач холбогдолтой юм.

Д.Ихбаяр: Авто угаалгын газрууд саарал ус ашигласнаар өдөрт 2000 тонн орчим цэвэр ус хэмнэнэ

Нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Тэгвэл тус Ажлын хэсгийн дүгнэлт гарч, олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд ажил эхлэхэд бэлэн болсон бөгөөд саарал ус ашиглах төслийн талаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяртай ярилцлаа. -Ухаалаг системээр усны хэрэглээгээ хянах боломжийг бий болгохоор шинэ төсөл хэрэгжүүлж байгаа тухай та өмнө нь ярьж байсан. Харин энэ удаа саарал ус буюу ундны бус усыг ашиглах төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Энэ талаар яриагаа эхэлье? -Бид цэвэр усаа хэмнэе гэж байнга ярьдаг. Үүний тулд саарал усны асуудлыг зайлшгүй анхаарах ёстой. Саарал усыг хэрэглээнд нэвтрүүлэх тухай бид олон жил ярьж, хууль, эрх зүйн зохицуулалт бий болсон хэдий ч үр дүнтэй хэрэгжүүлэлт алга байна. Тухайлбал, Усны тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай зэрэг хууль байна. Үүнтэй холбоотой долоон төрлийн стандарт бий. Бид одоогийн нөхцөлд орон сууцны хороололд саарал усны хэрэглээг нэвтрүүлэхэд бэрхшээлтэй. Шинэ шугам хоолой, дэд бүтцийг бий болгох шаардлага үүснэ. Харин маш их цэвэр ус ашиглаж байгаа аж ахуй нэгжүүд бий. Жишээ нь, хотын ногоон байгууламж, гудамж талбай услах, газар тариалан эрхлэх, ноос, ноолуур, арьс ширний үйлдвэр, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, гал унтраах, уул уурхай, цахилгаан станцууд, барилга, автомашин угаалгын газрууд цэвэр усыг үйл ажиллагаандаа ашигласаар байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа авто угаалгын 200 гаруй газар бий. Тэдгээрийн 34 нь л саарал ус хэрэглэдэг. Тиймээс бид 2030 он гэхэд нийслэлийн хэмжээнд саарал усны технологийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ эхний ээлжид авто угаалга, ногоон байгууламж, гудамж, талбайн усалгаа, гал унтраах ажиллагаанд саарал усыг хэрэглэнэ. Дараагийн удаад ноос, ноолуур, арьс ширний үйлдвэр, цахилгаан станцад саарал усаа ашиглана. Цаашлаад газар тариалан, ахуйн хэрэглээ, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саарал ус хэрэглэдэг болох юм. -Саарал усны хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлэхэд тухайн аж ахуй нэгж, байгууллагуудад тоног төхөөрөмж, дэд бүтцийн хувьд боломж байна уу? -Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 34 автомашин угаалгын газар саарал ус дахин ашиглах тоног, төхөөрөмж суурилуулсан байгаа. Гэхдээ 100 хувь үүнийгээ ашиглаж байгаа эсэхийг анхаарах шаардлагатай. Харин саарал усыг цэвэршүүлэн, дахин ашиглаж байгаа аж ахуй нэгжүүд бий. Тухайлбал, MCS, АПУ, Би Цэ Трейд ХХК саарал усыг цэвэршүүлэн, нийслэлийн ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж байна. Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ нь өөрийн тоног төхөөрөмжөөр усаа цэвэршүүлэн, 150 автобусыг саарал ус ашиглан угааж байна. СЭМҮТ бага оврын цэвэрлэх байгууламжаар усаа цэвэршүүлэн ашигладаг. Ноос, ноолуур, арьс шир боловсруулах 11 үйлдвэр бага оврын цэвэрлэх байгууламж барьж, саарал ус ашиглаж байна. Барилгын салбарт 12 аж ахуй нэгж бетон зуурмаг, цемент үйлдвэрлэлд жилд 11451 шоо метр хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн ашиглаж байгаа бол Эрчим хүчний салбарт ДЦС I, II, III ТӨХК жилд 4.769.448 шоо метр хаягдал усыг цэвэршүүлэн, эргүүлэн хэрэглэж байна. -Авто угаалгын газруудад саарал ус ашиглуулах талаар олон жил ярьж, стандарт батлагдсан ч хэрэгжилт байдаггүй. Одоо хэрхэн саарал ус хэрэглэдэг болгох вэ? -Нийслэлийн хэмжээнд 239 автомашин угаалгын газар ажиллаж байна. Нэг автомашин угаахад 100 литр ус зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, авто угаалгын газрууд өдөрт 2000 тонн орчим цэвэр ус хэрэглэдэг гэсэн үг. Тиймээс авто угаалгын газруудад нэн түрүүнд саарал ус хэрэглэх технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал өдөрт ийм хэмжээний цэвэр ус хэмнэх боломж бүрдэх юм. -Саарал усны хэрэглээг дээрх салбаруудад нэвтрүүлэхэд технологийн ямар шийдэл ашиглах вэ? -Маш олон шийдэл бий. Нийслэлийн зүгээс аль нэг шийдлийг л хэрэглэх ёстой гэж тулган шаардахгүй. Өөрийнхөө авто угаалгын газрын хүчин чадалдаа тохируулаад тоног төхөөрөмжөө шийдэх боломжтой юм. Бизнес эрхлэгчид, хувь хүмүүс үүнийгээ өөрөө сонгох боломжтой. Хамгийн чухал нь тухайн аж ахуй нэгжүүдээр үйлчлүүлж байгаа иргэн, хувь хүмүүс тухайн байгууллагаас саарал ус ашигладаг эсэхийг асууж, автомашинаа угаалгах байдлаар аж ахуй нэгжүүдээ саарал ус хэрэглэдэг болгоход оролцох, мөн дэмжих боломжтой юм. Ингэснээр ундны цэвэр усыг үйлдвэрлэлд мянга мянган тонноор нь зарцуулах биш, харин ч ирээдүй, хойч үедээ өвлүүлж үлдээх асар том өв болох юм. -Эрх зүйн орчин хэр хангалттай байна вэ? -Энэ чиглэлд эрх зүйн орчныг сайжруулах шаардлага бий. Заавал саарал ус хэрэглэ гэсэн хуулийн заалт байхгүй. Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоол бий. Үүний дагуу дагаж мөрдөх журмууд гараагүй байна. Тиймээс бид энэ чиглэлд илүү анхаарал хандуулж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, саарал ус ашиглах технологийг сайжруулж, хэрэглээнд нэвтрүүлэх, урамшуулал, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаа. Саарал усны хэрэглээ өндөртэй улс орнуудын туршлагаас харахад, Япон Улсад том хэмжээний барилга барихад саарал ус ашиглах шаардлага тавьдаг. Мөн саарал ус ашиглаж байгаа хувийн байгууллагуудад татварын хөнгөлөлт, бага хувийн хүүтэй зээл олгох зэрэг арга хэмжээ хэрэгжүүлдэг. Харин БНХАУ-ын Засгийн газар 2017 онд саарал усны тусгайлсан тогтоол гаргаж, саарал усыг газар тариаланд ашиглаж байгаа хувь хүн, аж ахуй нэгжийг урамшуулах тогтолцоог нэвтрүүлсэн. Дэлхийн олон улс ундны цэвэр усаа хайрлан хамгаалж, ахуйн бохирдолтой усаа цэвэршүүлэн, дахин ашиглах буюу саарал усыг хэрэглээд явж байгаа. Иймээс Монгол Улс, нийслэл Улаанбаатар хотод саарал усыг нэн яаралтай хэрэглээнд нэвтрүүлэх нөхцөл, шаардлага үүссэн. Тиймээс бид энэхүү төслийг батлуулан хэрэгжүүлж байгаа юм.

Эрүүл, ухаалаг хооллоход туслах 5 арга

Herbalife Nutrition компанийн Дэлхий даяарх шим тэжээлийн боловсрол, сургалт хариуцсан ахлах захирал Сьюзан Бауэрманы зөвлөгөөг хүргэж байна. Амьдрал стресстэй байна. Цар тахал, гэрээс ажиллах, хүүхдүүд алсын зайнаас сурах, эцэс төгсгөлгүй олон цагийг хамтдаа эсвэл тусгаарлалтад өнгөрүүлсэн хугацаа нь бидний дундаас хамгийн амирлангуй нэгнийг хүртэл сорьж чадлаа. Бид зохистой шим тэжээлийг биедээ авах гэхээс илүүтэйгээр өөрсдийгөө тайтгаруулах зорилгоор хоосон илчлэгтэй хоолыг илүү иддэг болсон байж мэднэ. Эсвэл гэр оффисоос маань нэг л алхмын зайд байгаа эрүүл бус амттан, зуушийг шүүрч авч идэх нь олширсон. Том ууттай чипс маш амттай санагдаж, эсвэл биднийг тааламжгүй зүйлсээс бага ч гэсэн сатааруулж байгаа мэт санагдана. Гэтэл ийнхүү буруу хооллох нь биднийг жин нэмэх, илүү их ядрахад хүргэж, бүр эрүүл мэндийн зарим асуудлыг дагуулж болох юм. Эрүүл хооллохын тулд бид ухаалаг байх хэрэгтэй. Тэгвэл юу идэж байгаадаа ухамсартай хандахад тань тусалж, ухаалаг сонголт хийхэд хүргэх таван аргыг танилцуулъя. Бичиж бүртгээрэй Дасгалын хөтөлбөрт хамрагдаж буй хүмүүст гаргасан ахиц дэвшил, гүйсэн километр эсвэл 7 хоногт хийсэн дасгал сургуулилалтаа бүртгэж байхыг зөвлөдөг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл гаргасан ахиц дэвшлээ бүртгэж байхад бид өөрсдийн гаргасан амжилт болон хаана сайжруулалт хийж болохыг илүү сайн ойлгодог. Хооллолтын тэмдэглэл хөтлөх нь гайхалтай, зарим талаараа таны эрүүл ухааныг сэргээх туршлага юм. Тэмдэглэл хөтлөх нь өдрийн хоолны дараа идсэн 10 ширхэг жигнэмэг эсвэл оройн хоолны үеэр томоос том халбагадаж тавган дээрээ тавьсан төмсний нухшийг танд сануулна. Юуг, хэзээ, яагаад идсэнийг бичиж тэмдэглэх нь таны анхаарал хандуулж, засах ёстой зуршлуудыг нарийн илрүүлж өгнө. Завсарлага аваарай Бид хөргөгч рүү үе үе шагайж, хүнсний бүтээгдэхүүн хураасан тавиур руу дахин дахин хардаг. Яагаад гал тогоо руу орсноо гайхах үе хүртэл гардаг. Идэх юм барьж авахаасаа урьтаад би одоо яагаад идэж байна вэ? гэж өөрөөсөө асуугаарай. Та өлсөхөөс илүүтэйгээр уйдсан, эсвэл ядарсан, эсвэл уурласан гэх шалтгаанаар гал тогоонд орж ирсэн байх магадлал өндөр. Хэрэв та түр завсарлага аваад өөрөөсөө асуувал идэх нь шийдэл биш юм байна гэдгийг ойлгоно. Уйтгар, уур уцаар, ядаргаагаа даван туулах өөр арга олоорой. Идэхийн оронд салхинд алх, найз руугаа залга, эсвэл аяга цай уугаарай. Зүгээр л идээрэй Өдрийн турш маш олон ажил давхцахад бид бүгдийг нь яарч хийх хандлагатай байдаг. Идэхийг хүртэл шүү. Анхаарал сарниулах зүйлсээр дүүрэн энэ ертөнцөд бид хоол идэх цагаа олон ажил хийж амжуулах цаг болгон ашигладаг. Бид хоолоо идэнгээ зурагт үзэх, и-мэйлд хариулах, эсвэл интернетээр хэсэх нь бий. Анхаарал сарниулах эдгээр үйлдэл нь дэлхий ертөнцтэй холбоход бидэнд тусалж болох ч юуг, хэр их идэж байгаагааухамсарлахадтус болохгүй. Өөр юу ч хийхгүй, харин ганцаараа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хоол идэх цагийг тусгайлан гаргах нь хэр их идэж байгаагаа ухамсарлах, идэж буй хоолноосоо таашаал авах боломжийг бидэнд олгоно. Мэдрэмжүүдээ оролцуулаарай Хоол идэж байхад бүрэн төвлөрөх хэцүү байдаг бөгөөд бид дараа нь юу хийхээ байнга л боддог. Тиймээс зөвхөн өөрийн тавган дээр байгаа хоолонд анхаарлаа хандуулахаар хамгийн багадаа 20 минутыг зарцуулаарай. Бүхий л мэдрэмжээ ажиллуулж, таны идэж буй хоол сайхан үнэртэй, амттай, өнгөтэй, хэлбэр дүрстэй, дуу чимээтэй гэдгийг анзаараарай. Ингэсэн тохиолдолд та аманд орсон хоол хүнс бүрийг илүү ухаалгаар хүлээн авч, бага идсэн ч илүү сэтгэл хангалуун байна. Цадсан мэдрэмжээ ойлгоорой Гэдэс дүүрч, өмднийхөө товчийг тайлах хүртлээ хоол идэж байсан үе, баярын өдрүүд бидэнд бий. Ийнхүү хэтрүүлэн идэх тохиолдол ховор ч олон хүн өлсөх мэдрэмжээ дарах төдийд бус хэт цадталаа идэхийг зуршил болгосон байдаг. Өлсөх мэдрэмжээ дарах төдийд хоол идэх нь тавгаа хоосон үлдээхгүй байх хүмүүжилтэй эсвэл хоол хаяхаас зайлсхийдэг хүмүүсийн хувьд хэцүү байж мэднэ. Тэгвэл хоолоо багаар аягалахаас эхлээрэй. Зариммэргэжилтнүүдийнзөвлөгөөг дагаж, ядаж нэг халбага хоолыг аягандаа үлдээж болно. Удаан, анзааргатайгаар идэж, хоолоо чихэлгүй өлсөх мэдрэмж алга болох төдийд юу мэдэрч буйгаа анзаараарай. Бусад хүмүүстэй байнгын холбоотой байх шаардлагатай ертөнцөд хооллолтоо хийх ажлын жагсаалтдаа тусгайлан тусгаж, яаж, хэзээ, хаана, яагаад идэж байгаадаа анхаарал хандуулан, цаг зав гаргах нь хэцүү байж мэднэ. Ухаалаг хооллох нь бидэнд завсарлага олгож, ямар төрлийн хоолыг хэр их хэмжээгээр идэж байгааг ойлгоход тусалдаг. Хэзээ, яагаад амттан, зууш идэж байгаагаа ойлгож, цаг гарган суугаад, ямар ч анхаарал сарниулах зүйлсгүйгээр хоолоо идэх нь хоолноосоо таашаал авах, хоолны дадал зуршлаа анзаарах, илүү эрүүл, тэжээллэг хоолны ашиг тусыг бүрэн хүртэх боломжийг бидэнд олгоно.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.