Д.Басан: Иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлснөөр жил ухрахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн
2021-12-10 07:57:50 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдэд өгөөжтэй энэхүү хуулийн хэрэгжилтийн талаарЧингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Д.Басангаас тодрууллаа. -Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжих Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу явагдаж буй нөхөн даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? -Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль батлагдаж, 2020-2021 онд хэрэгжиж байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд 1995-2019 хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн тасарсан хугацаагаа нөхөн төлөх боломжтой. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэдэг нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь тэтгэврийн даатгалын шимтгэлээ 2020 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нөхөн төлөх нэг удаагийн арга хэмжээ юм. -Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлснөөр иргэнд ямар ач холбогдолтой вэ? -Иргэд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил нь хүрэхгүй байх, шимтгэл төлөлтүүд нь дундаа тасрах, ингэснээр тэтгэвэр тогтоох дундаж цалин буурах зэрэг асуудлууд үүсэж, хохирох тохиолдол их байдаг. Уг хууль батлагдаж, иргэд тасарсан хугацаагаа нөхөж төлснөөр 1995-2019 он хүртэлх тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа буюу нас, жил ухрахгүйгээр шууд тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн. -Нөхөн даатгалд хамрагдахыг хүсэж буй иргэд заавал харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандах уу. Ямар материал бүрдүүлж өгөх вэ? -Тийм ээ. Өөрийн харьяа Нийгмийн даатгалын хэлтэст хандан нөхөн даатгалд хамрагдаж болно. Уг хуулийн дагуу зөвхөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж байгаа. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн нь 1995-2019 он хүртэлх хугацаанд 11 төрлийн албан татвар төлсөн байх ёстой. Нөхөн даатгалд хамрагдахыг хүсэж байгаа иргэн заавал татварын хэлтэс дээр очиж лавлагаа авах шаардлагагүй. Харьяа Нийгмийн даатгалын хэлтэс дээр ирээд, татвар төлж байсан эсэх, нөхөн даатгалд хамрагдаж болох үгүйгээ шалгуулна. -Тэгэхээр хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд маань заавал нааш цаашаа явах, татвар төлсөн лавлагаа авах шаардлагагүй юм байна? -Тийм ээ. Шууд харьяа Нийгмийн даатгалын хэлтэс дээр ирээд нөхөн даатгалд хамрагдах боломжтой эсэхээ шалгуулна. Уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд НДЕГ болон ТЕГ-ын хамтран ажиллах гэрээний дагуу дундын мэдээллийн баазаас иргэний регистрийн дугаараар нягтлан шалгаж, нөхөн даатгалд хамруулж байгаа. Малчин даатгуулагч иргэн нь нөхөн даатгалд хамрагдахын тулд: Өргөдөл Тухайн нөхөн тооцуулж авах онуудын Мал тооллогын А данс Харьяа баг/ хорооны Засаг даргын тодорхойлолт Мөнгө тушаасан баримт зэрэг материал бүрдүүлж, харьяа нийгмийн даатгалын хэлтэст хандана. -Энэ хуулиар шимтгэл нөхөн төлөх нэг иргэн дунджаар хэдэн төгрөг төлж, нөхөн даатгалд хамрагдах боломжтой вэ? -Иргэний нэг сарын нөхөн төлөх шимтгэлийн хэмжээ нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420 000 төгрөг)-ний 10 хувь буюу сард 42 000 (дөчин хоёр мянган) төгрөг байна. Жишээ нь, тухайн иргэн тасарсан нэг жилээ нөхөж авахад нийт 504,000 төгрөг, 10 жилээ нөхөж авахад нийт 5,400,000 төгрөг төлнө. Өмнөх онууд буюу 1995-2019 оны тасарсан хугацаагаа нөхөж авч байгаа хэдий ч одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420,000 төгрөг)-ээс тооцож төлнө гэсэн үг -Нөхөн даатгалд одоо ажил хөдөлмөр эрхэлж буй иргэд хамрагдах боломжтой юу? -1995-2019 оны хооронд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгалд хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй 15-60 насны Монгол Улсын иргэний шимтгэлийг нөхөн төлүүлнэ.Тэгэхээр одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэх нь хамаагүй 15-60 насны иргэд бүгд хамрагдаж болно. Гол нь1995-2019 оны хооронд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгалд хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй буюу тасарсан иргэд байх ёстой. -Танай дүүргийн хэмжээнд хэчнээн хүн нөхөн даатгалд хамрагдаад байна вэ.Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн иргэдээс хэдэн хүн тэтгэвэр тогтоолгон авч байна вэ? -Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 483 дугаар тогтоолоор баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журам-ыг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, 2021 онд уг журмын хэрэгжилтийг арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан.Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт 62 иргэн хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн байна. № Он Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нөхөн даатгалд хамруулсан байдал Хувиараа хөдөлмөр эрхлэгч Малчин Нийт Хүний тоо Мөнгөн дүн /мян төгрөг/ Хүний тоо Мөнгөн дүн /мян төгрөг/ Хүний тоо Мөнгөн дүн /мян төгрөг/ 1 2020 28 34,000,000 22 24,000,000 50 58,000,000 2 2021 27 32,641,000 5 16,247,000 32 48,888,000 Нөхөн даатгалд хамрагдсан 62 иргэний ихэнх нь 50-иас дээш насны иргэд бөгөөд уг хуулийн дагуу нөхөн тооцуулсны үндсэн дээр тэтгэвэр тоолгосон байгаа. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн дагуу 15-60 насны иргэд хамрагдах боломжтой учраас залуучууд түлхүү хамрагдсанаар өөрсдийн ирээдүйн нийгмийн баталгааг хангах боломж бүрдэнэ. -Хуулийн хугацаа энэ оноор дуусгавар болно гэж ойлголоо, тэгэхээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд юуг анхааруулж зөвлөх вэ? -Хуулийн хугацаа одоо 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Дахин энэ хуулийн үйлчлэлийг сунгах эсэх нь тодорхойгүй байна. Иймд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд маань амжиж нөхөн даатгалд хамрагдаарай. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
С.Бадрал: Чимэгэ дэлхийн шилдэг 40 стартапын нэг боллоо
2021-12-03 09:17:59 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ Чимэгэ систем нь дэлхийн шилдэг 40, азийн шилдэг 10 стартап компанийн нэг болжээ. Энэ талаар болон цаашид хийгдэх хөгжүүлэлт, зорилгынх нь талаар тус компанийн үүсгэн байгуулагч С.Бадралтай ярилцлаа. Сайн байна уу. Чимэгэ систем маань дэлхийн шилдэг 40, азийн шилдэг 10 стартапаар шалгарсан тухай гайхалтай мэдээ сонслоо. Энэ талаар ярилцлагаа эхэлье. Чимэгэ технологийн нээлтийг 2020 оны 09 дүгээр сард хийсэн боловч цар тахлын хатуу хөл хорионы улмаас олон нийтэд хангалттай хүрсэнгүй. Тухайн үед бид Монгол яриаг текст рүү хөрвүүлэх технологио хийж чадлаа гэсэн мессежийг өгөхийн тулд олон улсын хэвлэлд хандсан ч төдийлөн амжилт олоогүй. Тиймээс Чимэгэ технологио таниулах, хүлээн зөвшөөрүүлэхийн тулд энэ жил олон улсын шинж чанартай тэмцээн, уралдаанд орж эхэлсэн. Бидний анхны тэмцээн дэлхийн хамгийн том хэмээх 100 000 стартап оролцдог Startup World Cup байсан. Тус тэмцээнд Монголоосоо шалгарч Цахиурын хөндийд илтгэл тавих 50 компанийн нэг болсон ч цар тахлын улмаас хойшлогдож, ирэх 2022 оны 09 дүгээр сард зохион байгуулагдахаар болсон. Мөн Хонкогт болсон Startup World Cup Asia-д оролцож, шилдэг 7 стартап компанийн нэг болсон. Түүний дараа бид 9 сард дэлхийн Deep tech эко систем гэгддэг Hello Tomorrow хэмээх тэмцээнд оролцон эхний шатанд шалгарч Deep Tech Pioneer гэсэн цол аваад одоо Парис руу дараагийн шатандаа оролцохоор явах гэж байна. 10 сард WSA World Summit Awards-д оролцож Монголоосоо мөн шалгарч, дараагийн шатандаа оролцсон бөгөөд глобал дүн нь 2022 оны 1 сарын сүүлээр гарна. Мөн ITU Digital World Awards уралдаанд оролцож EdTech буюу боловсролын инновацын ангилалд шилдэг 10 стартапын нэг боллоо. Эцсийн ялагчийн дүн нь арай гараагүй байна. Эдгээрээс дүгнэхэд таны хэлснээр Чимэгэ нь дэлхийн шилдэг 40 стартапын нэг болно. Энэ мэтчилэн бид олон улсын шинж чанартай тэмцээнд оролцож, технологио олон улсад таниулах, хүлээн зөвшөөрүүлэх ажлыг хийгээд явж байна. Олон улсын шинж чанартай уралдаан, тэмцээнд ороход шүүгчид ямар шалгуурыг илүү чухалчилж байна вэ? Мөн та бүхэнд ажиглагдсан, сургамжтай зүйл юу байв. Олон улсын шинж чанартай тэмцээн, уралдаанд боломжоороо оролцоод явах хэрэгтэй. Эхний нэг, хоёр тэмцээнд амжилттай оролцчиход ранк тогтоод дараа дараагийн тэмцээндээ шалгарах магадлал өсчихдөг юм байна. Шүүгчид тухайн систем эсвэл технологи хүний амьдралыг яаж өөрчилж байгаа вэ буюу social impact гэдэг зүйлийг их харж байна. Мөн бизнес, эдийн засгийн ач холбогдол, цар хүрээ мэдээж чухал. Тэгвэл Чимэгэ систем маань монголчуудын амьдралыг яаж өөрчлөх боломжтой вэ? Яриаг текст рүү, текстийг яриа руу хөрвүүлэх энэ технологи бол суурь технологи. Хэрвээ энэ технологи байхгүй бол дараа, дараагийн технологиуд жишээлбэл Роботик, Виртуал туслагчид манай улсад хөгжих ямар ч боломжгүй. Жишээлбэл, текстийг яриа руу хөрвүүлэх боломжгүй байсан үед роботыг бид өдөр тутамдаа ашиглаж чадахгүй. 2019 онд БНХАУ-д болсон дэлхийн боловсролын форум дээр Хятад улс технологийнхоо блокийг тайлчихлаа учир нь Хятадууд яриа таних системээ 98 хувьд хүргэчихлээ гэдэг мэдээг дэлхийн нийтэд зарласан. Үүнтэй аналогоор монголчууд бид ч технологийнхоо түгжээг мултлаад, яриа таних системийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэх боломжтой болчихлоо. Энэ утгаараа Чимэгэ маань өндөр үнэ цэнтэй. Харин иргэдийн өдөр тутмын амьдралын хэрэглээнд нэвтрэх нь цаг хугацааны асуудал байх гэж бодож байна. Чимэгэ нь Монголчуудын амьдралын тав тух, стандартыг дээшлүүлж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нь дамжиггүй. Чимэгэ системийг хэр их хүн ашиглаж байна вэ? Чимэгэ-г ашигласнаар хүмүүс цаг хугацааны хувьд хэр их хэмнэлтийг мэдрэх боломжтой вэ? Энэ тал дээр та бүхэн судалгаа хийсэн байх. Чимэгэ Кибоорд-ыг 250 000 хүн өдөр тутамдаа, Чимэгэ бичээч-ийг одоогийн байдлаар 10 000 хүн ашиглаж байна. Ихэвчлэн албан байгууллагын хурлын протокол бичдэг хүмүүс ашиглаж байх шиг байна. Уг нь аудио болон видеоноос бичвэрээр хайлт хийх боломжтой болгосон медиа архивын систем юм. Ярих нь шивэхээс гурав дахин хурдан гэсэн олон улсын судалгаа бий. Тиймээс Чимэгэ кибоорд хүний шивэх цагийг гурав дахин хэмнэж байна гэж ойлгож болно. Судалгаанаас харахад, 1 цагийн аудио бичлэгийг үг, үсэг орхихгүй шивэхэд энгийн хүмүүс 8 цаг буулгадаг бол мэргэжлийн хүмүүс 5 цаг буулгадаг. Харин Чимэгэ бичээч ашиглавал 2-4 минут л зарцуулна. Монгол хэлийг технологитой холбох санаа анх хаанаас гарсан бэ? 2002 онд Би Германы Аахен хотын их сургуульд магистрын ангид элсэхэд намайг огт өөр орчин угтаж авсан. Өмнө нь би зөвхөн DOS, Windows үйлдлийн системүүд дээр л ажиллаж байсан бол их сургууль дээр Sun корпорацын Сан Соларис болон Линүкс үйлдлийн системүүд угтаж авсан. Тухайн үед би Login ч хийж чадахгүй тэвдэж байхад ангийн Украйн анд маань Орос хэлээ сонгочихсон Линүкс дээр африкын хэн ч мэдэхгүй Зулу ч гэнэ үү хэл мэл байхад Монгол байхгүй ямар сонин юм бэ тээ гээд сууж байв. Ичих, гомдох хоёрын дунд нэг сонин мэдрэмж авч, тус үйлдлийн системд яагаад монгол хэл байхгүй байгаа вэ гэдэг асуудлыг тавьж өөрөө баг бүрдүүлэн ажиллаад хоёр жилийн дараа буюу төгсөх жилдээ Дебиан Линүкс дээр монгол хэлээ оруулж байв. Ингэж л эхэлсэн болов уу гэж бодож байна. 2004 оноос Монгол бичгийн кодчилол, фонтын асуудал, тэгээд Монгол хэлний алдаа шалгуур, Болор толь-г хөгжүүлсэн. Бид өмнө орчуулсан мэдээллийн технологийн үг хэллэгээ Болор толь руу ихээр оруулсан. Тиймээс ч хүмүүсийн хэрэглээнд маш хурдан нэвтэрсэн болов уу. Ингээд яваандаа mashine translation хийнэ гэсэн зорилго тавьж Болорсофт-г үүсгэн байгуулсан. Монгол хэлийг технологид интеграцчилсан Болор толь, Болор дуран, Чимэгэ зэрэг энэхүү системүүдийн хөгжүүлэлт хэр явж байна вэ? Эдгээр бүтээгдэхүүнүүдийг Монгол Улс даяар нэлээн идэвхтэй ашигладаг болчихлоо. Болор толь бол хамгийн олон хүнд хүрсэн, Болор дуран бол хамгийн алдаа багатай программ гэж миний хувьд хэлэх байна. Гурав дахин бичигдсэн эд шүү дээ. Анх Жава дээр бичигдээд CPP болон C дээр бичигдэж байж өнөөдрийн дайнд хүрсэн. Анх нэг хуудсыг шалгах гэж 3-5 минут болдог байсан. 2-р хувилбараараа нэг нүүр бичгийг шалгахад 1 минут зарцуулагдаж байсан. Тэгэхээр 100 хуудастай материалыг шалгавал нэлээн их ажил болно шүү дээ. Ингээд гурав дахь оролдлогоороо өнөөдрийн түвшинд хүрсэн. Тиймээс энэ бол Болор дуран бол Монголын түүхэнд бичигдсэн хамгийн доод түвшинд найдвартай программчилсан программуудын нэг. Өнөөдөр хүн бүр л янз бүрээр бичиж, олон нийтийн сүлжээнд Монгол хэлний зөв бичгийн дүрмээр ам уралдуулан мэтгэлцэж байна. Мөн албан байгууллага, хэвлэлийн редакцууд ч гэсэн өөрийн гэсэн монгол хэлний дүрэмтэй байх жишээтэй. Энэ Болор дурантай ч зөрчилдөх тал бий. Тиймээс Болор дуран монгол хэлний хувьд хэр их шинэчлэгддэг вэ? Бид эхэн үедээ жилдээ 4-5 удаа шинэчилдэг байсан. Одоо бол тогтворжоод жилдээ эсвэл хоёр жилдээ 1 удаа шинэчилж байна. Оксфордын толинд жилд 500 үг шинээр ордог гэдэг жишгээр шинэчлээд явахыг хичээдэг. Техник, технологи хөгжиж, даяарчлалын эрин үед монгол хэлний хэрэглээ багасаж байна. Сүүлийн үеийн залуусын дунд монгол хэл гэхээсээ илүүтэй англи хэлийг сурах нь ихсэж байна. Энэ үед монгол хэлийг технологитой уялдуулж хэрэглээнд нэвтрүүлэх нь эх хэлний дархлааг хамгаалж үлдэхэд чухал үүрэгтэй байх. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? Аливаа зүйл идэвхтэй хэрэглээнд байж л амьд оршино, эс бөгөөс уламжлал болоод мартагдана. Тиймээс энэ бол хамгийн чухал ажил. Хүмүүсийн хэрэглээ үндсэндээ мэдээллийн технологи руу шилжчихлээ. Урьд гараар болон бичгийн машинаар бичдэг хүн олон байсан бол одоо компьютергүйгээр эсвэл утасгүйгээр шивнэ гэдгийг төсөөлж чадахгүй. Тиймээс технологид монгол хэлийг шигтгэж оруулахгүй бол энэ хэл сүйрнэ. Энэ дээр Болорсофт маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Харин ч бид хоцорсон. Угтаа бол Болорсофт шиг компани түүнийг байгуулагдахаас 20 жилийн өмнө байгуулагдаад өдийд илүү хүчтэй явсан бол өнөөдөр манай хүүхдүүд англи хэл дээр хэлд ороод байна гэж ярихгүй байх байсан. Бид өөрсдийн бололцоогоор нээлттэй эхийн системүүдэд монгол хэлийг оруулах, Монгол кириллээр бичих гарын драйверийг нь оруулах Apple-д саяхныг хүртэл монгол хэл байгаагүй, түүнийг оруулсан. Мөн манай компани Microsoft, Adobe болон Apple-тай нягт хамтын ажиллагаатай. Adobe 20 хувилбар дээр монгол бичгийн дүрслэлийг орууллаа. Бүх веб хөтчүүдэд босоо монгол бичгээр бичих боломжтой болгоход Болорсофт-ийг оролцоо маш их байсан. Системүүд шинэчлэгдээд явахад тэрхүү систем рүү монгол хэлийг яаж оруулах вэ гээд энэ ажил цаашид хийгдээд явна. Монгол бичгээр цахим орчинд бичих боломжтой болгосон гээд та хэллээ. Тэгвэл Монгол Улс 2025 он гэхэд хос бичигтэн болоход технологийн хувьд бэлэн болчихсон гэж ойлгож болох уу? Бид өөрсдийн зүгээс шалтгаалах бүх зүйлийг хийчихсэн. Технологийн шийдлийг нь гаргаад өгчихсөн. Суурь бүх системүүдэд босоо монгол бичгээр дүрслэх боломжтой болсон. 1990 онд монгол бичиг рүү шилжүүлэх гэж оролдоод, бүтэлгүйтсэн. Учир нь тухай үед технологийн хувьд бэлэн бус байсан. Харин одоо технологи нь бэлэн болчихсон. Гол нь улс төр, нийгмийн асуудал нь үлдсэн байгаа. Үүнийгээ шийдчихвэл ямар ч асуудал байхгүй гэж харж байна. Монголчууд бид технологийн хэрэглээгээрээ дэлхийн №1-т бичигддэг. Гэтэл дижитал өрсөлдөх чадвараараа бид дэлхийн сүүлийн мушгиж байна. Энэ юутай холбоотой гэж та харж байна вэ? Үүнд бидний хойч ирээдүйгээ бэлтгэж буй системийн буруу бий. Үнэндээ бол бид хойч ирээдүйгээ бэлтгэхгүй байгаа гэж хэлж болно. Мэргэжлийн давхардал арилгаж байна гээд бүх IT чиглэлийг байхгүй болгочихсон шүү дээ. Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн 60-70 хувийг бэлтгэдэг байсан КТМС сургууль өнөөдөр байхгүй болчихсон. МУИС дээр байсан мэдээллийн технологи сургууль хэрэглээний шинжлэх ухааны сургуультай нэгдчихсэн. За яах вэ нэгдэж болно. Гэхдээ квот нэмэгдэхгүй байгаа нь өөрөө асуудал болчхоод байна. Хөгжүүлэх ёстой, хийх ёстой гэчхээд боловсон хүчнийг нь гүн шоконд оруулчихаар өрсөлдөх чадвар байхгүй болчихно шүү дээ. Хэрэглээгээр бол монгол мэдээж нэгт. Монгол хүн өөрөө их сониучхан, соргог, хөрвөх чадвартай. Тиймээс аливаа шинэ технологийг бид маш хурдан хэрэглэж сурдаг. Гэхдээ бид бүтээгч байх ёстой. Дэлхийн алдартай философчдын хэлж буйгаар, ирээдүйд хүн төрөлхтний нэг хэсэг нь хэрэглэгчид, нөгөө хэсэг нь бүтээгчид гэсэн хоёр хэсэг болно гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, технологийн боол эсвэл технологийн бүтээгч гэсэн үг. Тиймээс бид бүтээгч талд нь илүү ажиллаж, улсаа аврах ёстой. Ингэхгүй бол бид хөгжлөөрөө асар их хоцрогдоно. Чимэгэ системээрээ та бүхэн юунд хүрэхийг зорьж байна вэ? Чимэгэ системийг бүх программ болон техник хангамжид интеграцлан холбохыг зорьж байна. Ирээдүйн технологиуд болох ухаалаг гэр, виртуал туслагч, робот гэх мэт системүүдийн суурь болно. Мөн бид дундад азийн зах зээл буюу зорилтот 100 сая хүний зах зээл рүүгээ орохоор зорьж байна. Өнөөдөр Чимэгэ системс нэмээд Казах хэлийг шийдсэн байгаа. Киргизстан, Казахстан өнөөдөр энэ асуудлаа шийдээгүй байна. Үүнийг шийдсэн томоохон тоглогч ч байхгүй л байна. Бид дэлхийн хамгийн том компаниудын хийгээгүй зүйлийг хийхийг зорьж байна. Тэгж байж өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлнэ. Зориод буй 100 сая хүний зах зээл рүү ороход энэ нь Чимэгэ-с илүү Монгол Улсад маш хэрэгтэй. Чимэгэ бол робот хүн, компьютер хүн, эсвэл робот хоорондоо харилцахад суурь болно. Чимэгэ ажлын байрыг булааж авч байна гэсэн яриа бий. Үүнд та ямар тайлбар өгөх вэ? Хүн бол Роботын ажил биш хүнийхээ ажлыг л хийх ёстой. Хүн сэтгэх хэрэгтэй, өөрөө хөгжих, мэдрэмж шаардсан, сонирхолтой ажил хийх хэрэгтэй. Амьдралын эрхэнд манаач, ресепшн, оператор хийж байгаа нь манай улсын бодлого болоод системийн алдаа дутагдал. Энэ мэт ажлыг өнөөдөр технологи орлох боломжтой болчихлоо. Монгол Улс цөөн хүн амтай, хүний нөөцийн асар их дутагдалтай орон. 1 тэрбум хүнтэй улсаас дутахгүй оршихын тулд бид технологи, автоматжуулалтыг бүх улсаас бүр илүү нэвтрүүлэх ёстой. Цөөн хүн амтай, иргэд нь гоё ажил хийдэг, өндөр үнэлэмж, орлоготой улс болох ирээдүй бидэнд бий. Хэрэв байхгүй бол бид бүтээх ёстой.
"Иргэд галт зэвсгээ үлдсэн 14 хоногт амжиж бүртгүүлэхгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ"
2021-12-01 09:51:19 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшдэг галт зэвсгээ хэрхэн бүртгүүлэх, шилжүүлэх мөн Зэвсэг-2021 нэгдсэн арга хэмжээний талаар ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн галт зэвсгийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Гансүхээс тодрууллаа. - Галт зэвсгийг ямар шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд эзэмшдэг вэ? Мөн галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл авахын тулд хаана хандах ёстой вэ? -Иргэн, хуулийн этгээд Монгол Улсад албан ёсны үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй газраас болон гадаад улс орноос галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан авахаар бол Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд хүсэлтээ холбогдох материалын хамт ирүүлж, заавал зөвшөөрөл авна. Учир нь Галт зэвсгийн тухай хуулиар галт зэвсгийн гэрчилгээ авснаар өмчлөх эрхтэй болно гэж тусгасан байдаг. Тодруулбал, тус хуулийн 9 дүгээр зүйлд Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно, мөн Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ гэж заасан байдаг. - Дэлгүүрээс болон, хувь хүнээс галт зэвсэг худалдан авсан тохиолдолд хэрхэн, хаана бүртгүүлэх, шилжүүлэх талаар дэлгэрэнгүй хэлж өгөхгүй юу? - Иргэний зориулалттай галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулсан нийслэлд оршин суудаг иргэн ажлын арван өдрийн дотор галт зэвсгээ Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд, харин орон нутагт оршин суух иргэн тухайн нутаг дэвсгэрийн буюу аймгийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ. Иргэн нь өөрийн өмчид байгаа галт зэвсгийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнд худалдаж болно.Гэхдээ галт зэвсгээ бусдад шилжүүлсэн, бусдаас авсан бол холбогдох материалыг бүрдүүлэн тус төвд хүсэлтээ ирүүлж, албан ёсоор шилжилт хийлгэхийг анхаарах хэрэгтэй. Иргэд хоорондоо галт зэвсгээ алан хэлэлцээр болон бичгийн гэрээ хийж нэгэндээ өгч явуулах буюу шилжүүлэх тохиолдол цөөнгүй бий. Ингэснээр галт зэвсгийн албан татвар тухайн иргэн дээр гарах, жил бүр галт зэвсгийн тооллогодоо хамрагдахгүй байх зэрэг асуудлууд гардаг. Тиймээс галт зэвсэг шилжүүлсэн даруй цагдаагийн байгууллагад холбогдох материалыг ирүүлж, бүртгүүлээрэй гэж уриалмаар байна. - Та түрүүн сургалтад хамрагддаг гэж хэлсэн.Тэгэхээр тухайн сургалт нь хаана, хэд хоногийн хугацаатай үргэлжилдэг вэ? - Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалтыг Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хөтөлбөр, төлөвлөгөөг батлан Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв дээр зохион байгуулдаг. Тус сургалт нь хоёр хоногийн хугацаатай зохион байгуулагддаг. Сургалтын эхний өдөр галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд маань ямар эрх зүйн зохицуулалтын хүрээнд ашиглах, эзэмших, аюулгүй байдлаа хэрхэн хангаж хадгалах гэх мэт эрх зүйн талаас нь онолын мэдлэг олгодог. Хоёр дахь өдөр практик сургалт буюу галт зэвсгээр хэрхэн буудлага хийх, буудлага хийхдээ хэрхэн аюулгүйн ажиллагааны дүрэм баримтлах, суралцагчдад буудлагын шагайвар хийх, буудлага үйлдэх аргачлал, галт зэвсгийн аюулгүй ажиллагааг хангах, сургалтын буудлага үйлдэх дадлагыг явуулдаг. Ингээд шалгалт авч тэнцсэн иргэдэд гэрчилгээ олгодог. Иргэд ургалтад хамрагдах хүсэлтээ байгаа бол сургалтын төвийн70190092дугаарын утсаар бүртгэл хийлгэж, сургалтад хамрагдах боломжтой юм. - Эрүүл мэндийн шаардлага хангасан байх ёстой гэсэн шаардлагад сэтгэцийн эрүүл мэндээс гадна өөр ямар шалгуур тавигддаг вэ? - Тийм, жолооч болж байгаа хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг шүү дээ. Түүнтэй л адил галт зэвсэг эзэмших гэж байгаа иргэн маань эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тодорхой төрлийн шаардлага хангасан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сэтгэц, мэдрэлийн зүгээс эрүүл байна уу, мөн хараа зүйн буюу харах, сонсох эрхтэн, хоёр гарын хуруу зэрэг биеийн эрхтэн тогтолцооны зүгээс тодорхой шаардлага хангасан байх хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал гэхээр иргэд зөвхөн сэтгэц, мэдрэл гэсэн талаас нь харах буруу ойлголттой байдаг. Эрүүл мэндийн үзлэгийн тухайд орон нутгийн иргэд аймгийн эрүүл мэндийн нэгдсэн төв эмнэлэгт, Нийслэл хотын иргэд оршин суугаа харьяаллынхаа дагуу дүүргийнхээ нэгдсэн төв эмнэлэгт очиж Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017.03.16-ны өдрийн А/33 дугаар тушаалаар баталсан хуудасныдагуу үзлэгт хамрагдана. Түүнээс биш аль нэг хувийн эмнэлэг, амбулаторид хамрагддаггүй гэдгийг анхаараарай. - Сүүлийн үед гарч буй галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргүүд ихэвчлэн ямар шалтгаан нөхцөлөөс үйлдэгдэж байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшдэг галт зэвсгийг хэрхэн хадгалах ёстой байдаг вэ? - Галт зэвсэгтэй холбоотой, галт зэвсгээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлүүд нь ихэвчлэн санамсар, болгоомжгүй байдлаас үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, гол шалтгаан, нөхцөл нь галт зэвсгийг буруу хадгалснаас, буруу тээвэрлэснээс үүдэлтэй. Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэн галт зэвсгээ хадгалахдаа гох болон замгийг зориулалтын түгжээгээр түгжиж, сумыг тусад нь хадгалах ёстой. Цагдаагийн байгууллагаас, галт зэвсгийн аюулгүй ажиллагаа, хадгалалт, хамгаалалтыг холбогдох сургалтаар хамгийн түрүүлж заадаг. Энэ талаар ч нийтэд мэдээллийг тогтмол хүргэсээр ирсэн. Хэрвээ энэ түгжээ байхгүй тохиолдолд бууны замгийг салгаад буу, замаг хоёрыг тусад нь хадгална. - Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг эзэмшдэг иргэн, аж ахуй нэгжид хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ? - Галт зэвсгийг Иргэний, Харуул хамгаалалтын, Хууль сахиулах, Байлдааны гэж дөрвөн төрөлд ангилдаг. Үүнээс иргэний зориулалттай галт зэвсгийг иргэн хүн эзэмших эрхтэй гэж хуулиар зохицуулсан. Иргэний галт зэвсгийг мөн дотор нь зориулалтаар нь ангийн, спорт сургалтын, үзмэр цуглуулгын зориулалттай гэж ангилдаг. Иргэн, хуулийн этгээд нь өөрсдийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй галт зэвсгээ зориулалтынх нь дагуу ашиглаж байгаа эсэх аюулгүй байдлыг ханган хэрхэн хадгалж байгаа болон тээвэрлэлт хийхдээ галт зэвсгийн тухай хуульд заасан журмын дагуу тээвэрлэж байгаа эсэх дээр тогтмол хяналт тавьж, тодорхой төрлийн ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна. - Зэвсэг-2021нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлж буй онцлог ажлын талаар дурдвал? - Галт зэвсгийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан Галт зэвсгийн тооллого явуулах журам-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 36 хоногийн хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж эхлээд байна. Энэхүү арга хэмжээ нь галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж, алдагдсан, олдсон судалгааг шинэчлэх, нуугдмал бүртгэлд хамрагдаагүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой байдаг. - Иргэд тооллогод хэр идэвхтэй хамрагдаж байна вэ. Заасан хугацаанд бүртгүүлээгүй бол хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ? - Энэ оны галт зэвсгийн тооллогын ажлыг эхний гурван долоо хоногийн байдлаар авч үзвэл улсын хэмжээнд 47 хувьтай байна. Одоо 14 хоног үлдэж байгаа тул иргэдүлдсэн хугацаанд галт зэвсгийн тооллогод илүү идэвхтэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна. Хэрэвзаагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарна уу. - Ярилцсанд баярлалаа. Эх сурвалж:Цагдаагийн ерөнхий газар
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг ирэх сарын 1-нээс цахимаар хүлээн авна
2021-11-25 10:41:36 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор үйлчилгээгээ үе шаттайгаар цахимжуулж байна. Энэ хүрээнд бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг арванхоёрдугаар сарын 1-нээс цахимаар хүлээн авч эхлэхээр боллоо. Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлдэг бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраар үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх хувь нь уг үйлчилгээг авдаг. Тэгвэл энэхүү үйлчилгээ цахимжсанаар гадаадын иргэнийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд заавал биечлэн ирж цаг хугацаа алдахгүйгээр байгаа газраасааhttps://immigration.gov.mn/mn/сайтад хандан, визийн зөвшөөрлийн хүсэлтээ илгээх боломжтой болж байна. Визийн зөвшөөрлийн хүсэлтийг яаралтайгаар ажлын 3 хоног, энгийнээр ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ. Цахимаар визийн зөвшөөрөл хүсэхдээ: 1. https://immigration.gov.mn/mn/хандана 2. Визийн зөвшөөрөл хэсэг рүү нэвтэрч, тухайн иргэний ирэх хугацаа, зорилгод тохирсон ангиллыг сонгоно 3. Мэдээлэлтэй танилцаж, Цахимаар үйлчилгээ авах хэсгийг дарна 4. Цахимүйлчилгээний системд бүртгүүлж, нэвтрэх эрх үүсгүүлнэ 5. Бүрдүүлсэн баримт бичгээ зааврын дагуу оруулж, хүсэлтээ илгээнэ 6. Визийн зөвшөөрлийн дугаарыг бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээнэ. Эх сурвалж: ГИХГ
БНСУ-д хууль бусаар оршин суугчид КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэж, сайн дураар нутаг буцах хүсэлтээ өгвөл торгохгүй
2021-10-11 09:19:33 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээБНСУ-ын Хууль зүйн яамнаас 2021 оны аравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тус улсад хууль бусаар оршин сууж байгаа гадаад улсын иргэд вакцины бүрэн тунд хамрагдаж, сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан тохиолдолд хууль бусаар оршин суусан хугацааны торгууль болон хилийн хориг арга хэмжээ авахаас чөлөөлнө гэж мэдэгдэв. Өршөөлийн аянд 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл КОВИД-19 вакцины бүрэн тунд хамрагдсан хууль бус гадаад иргэд хамрагдах боломжтой ба цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан аяны дуусах хугацааг жич зарлах аж. Дараах хууль бус иргэд өршөөлийн аянд хамрагдах боломжтой. Үүнд: Эрүүгийн гэмт хэрэг, халдвар хамгааллын дэглэм бусад хууль журмыг зөрчиж шийтгэгдээгүй эсвэл цагдаагийн байгууллагад саатуулагдаагүй байх Вакцины бүрэн тунд хамрагдсан байх (Janssen - нэгтун, Pfizer, Moderna, Astra Zeneca - хоёртун) Вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног өнгөрсөн байх гэх зэрэг хугацааны хязгаарлалт тавихгүй. Өршөөлийн аянд хамрагдах хүсэлтэй иргэд вакцинд хамрагдсан тухай тодорхойлолтоо бусад шаардлагатай баримт бичгийн хамт бүрдүүлж өөрийн оршин суугаа газрын ГИХГ-т биечлэн эсвэл ГИХГ-ынwww.hikorea.go.krцахим хаягаар сайн дураар нутаг буцах хүсэлтээ гаргах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Гадаад иргэдийн нэгдсэн мэдээллийн төвийн 1345 тусгай дугаараас лавлана уу. Эх сурвалж:БНСУ дахь Элчин сайдын яам
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй