“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГ ДАХЬ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

19 оны 05 сарын 08 Аялал жуулчлалын улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах, аялж зугаалахдаа анхаарах асуудлууд болох хатуу болон шингэн хог хаягдлын менежмент болон усны нөөцийн ашиглалтыг сайжруулах, холбогдох хууль дүрэм, стандартын хэрэгжилтийг хангах зэрэг асуудлаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцох, шийдлийг тодорхойлох зорилгоор Тусгай хамгаалалттай газар нутаг дахь байгаль орчны хамгаалал-аялал жуулчлал сэдэвт зөвлөгөөнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд БОАЖЯ, Монгол улсын 33 тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, сав газрын захиргаад, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй олон улсын төсөл, хөтөлбөр болон аялал жуулчлал эрхлэгчид зэрэг 250 орчим төлөөлөгч оролцов. Монголын улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тусгай хамгаалалттай газрын сүлжээг өргөжүүлж, хамгааллын менежментийг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам нэн тэргүүнд тавихын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй аялж амрах, хандлагаа өөрчлөх, аялал жуулчлалын салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Х.БАТТУЛГА: “НИС, НИС… ХҮРЭЛСҮХ ЭЭ”

Хэнтийн 42 дугаар тойргийн асуудал У.Хүрэлсүхийн шүдний өвчин болжээ.Түүний хувьд дэвших бодолгүй байгаагаа эртнээс илэрхийлсээр ирсэн. Нэгт, энэ тойргоос сонгогдсон Д.Гантулгын хувьд хүчингийн хэрэгт нэр холбогдсон учраас чөлөөлөгдсөн. Хоёрт, Хүрэлсүх ч өөрөө иймэрхүү асуудалд нэр холбогдож явсан муу намтартай. Гуравт, ялагдвал намын даргаа, цаашилбал Ерөнхий сайдын суудлаа алдах магадлалтай тул ийм өндөр эрсдэл үүрэхээс үхтэлээ айж байгаа гэх. Гэвч намын Удирдах зөвлөлөөс түүнийг дэвшүүлэхээр шахаж байгаа бөгөөд намын даргын хувьд нэг жижигхэн тойрогт ялж чадахгүй бол 2020 оны сонгуульд намаа ялуулж чадна гэдэгт гишүүд нь итгэлгүй болно хэмээж байгаа аж. Харин Хүрэлсүх намынхандаа итгэхгүй байгаа ба Н.Энхбаярыг Хаан байхад нь дэвшүүлэн зайлуулж байсан түүхийг давтахаас эмээж байгаа бололтой. Ардын намын фракциуд болох Хотын, Сү-гийн, Багабандийн, Дэмбэрэлийн, Увсын гэх фракциуд түүнийг дэвшүүлж байгаад унагах санаархалтай байгаа. Тиймээс Хүрэлсүхийн сүүлчийн найдвар нь Ерөнхийлөгч Х.Баттулга болоод буй. Гэвч Ерөнхийлөгч Хэнтийн 42 дугаар тойргийн асуудал дээр намынхантайгаа амь нэгтэй байгаа бололтой. Энэ талаар хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж, Хэнтийн нөхөн сонгуульд намаа заавал ялуулах талаар ярилцсан сурагтай байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед ганзага хорших болсон Ерөнхийлөгчөөс эхлүүлээд намынх нь нөхөд Нөхөн сонгуулийг У.Хүрэлсүхийг унагах, цаашдаа сулруулах, санаачлагыг гартаа авах гарц гэж харж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, бүгд л аман дээрээ түүнийг Нис нис гэж байгаа боловч ачир дээрээ унагах эрх ашиг дээрээ нэгдэцгээжээ. Тиймээс Хүрэлсүх болж өгвөл нөхөн сонгуулийг цуцлах эс бол өөрөө нэр дэвшихгүй байх бүх гарцыг эрэлхийлж байгаа гэнэ.

ӨВӨРХАНГАЙ НУТГИЙНХАН ГЕНЕРАЛУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржийн санал санаачлагаар Өвөрхангай аймгаас төрсөн генералууддаа хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд нарын удирдлага, эрхэм хүндэт генералууд, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 75 жилийн ойн баярын өдрүүд өнгөрөгч долоо хоногт тохиолоо. БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны тогтоолоор, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг анх олгосон түүхтэй. Жил бүрийн энэ өдрийг алтан мөрдэст Генералуудын өдөр хэмээн уламжлал болгон 15 дахь жилдээ тэмдэглэлээ.Монгол Улсын хэмжээнд 182 хүнд генерал цол олгосноос өдгөө 91 нь энх тунх ажиллаж амьдарч байна. Түүний дотор Өвөрхангай аймгаас 10 генерал төрөн гарсан байдаг агаад Батлан хамгаалахын сайд 1, ЗХЖШ-ын дарга 3 байдаг нь Монгол Улсын нийт генералуудын дотор тус аймгийн генералууд аргагүй жинтэй байр суурь эзлэж байгаа нь харагдаж байгаа юм. Тодруулбал дэслэгч генерал Чойндонгийн Пүрэвдорж агсан ЗХЖШ-ын даргын албан тушаалыг тасралтгүй 12 жил хашсан байдаг нь үүний нэгэн тод илрэл юм. Өврийн сайхан хангай нутгаас дэслэгч генерал Ц.Жанчив, Ч.Пүрэвдорж, Ц.Дашзэвэг, Ц.Тогоо, Д.Ёндондүйчир, С.Эрдэнэ, хошууч генерал Д.Бадам, Ч.Цэрэндагва, Л.Намсрай, Ч.Сангишарав, нарын арван генералын дотор дэслэгч генерал 6, хошууч генерал 3, бригадын генерал цолтон 1 төрөн гарчээ. Сант Сумын харьяат, дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа бол, Дэслэгч генерал Цэрэнбалжидын Дашзэвэг Батлан хамгаалахын сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн засаг дарга Г.Ганболд нарын дэмжлэгтэйгээр энэ арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Генералууддаа болон тэдний ар талын албыг цэргийн хүний л нэгэн адил дааж, гэр бүл үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлж ирсэн гэргий нарт нь мөн баяр хүргэн хүндэтгэл үзүүлсэн юм. Нутгийн генералууддаа ийнхүү өнгөрсөн жилээс эхлэн хүндэтгэл үзүүлэх болсонн нь орон нутагт батлан хамгаалах салбарын бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа өргөжиж, иргэн цэргийн харилцааг өргөжүүлсэн томоохон ажлын нэг болж байгааг нутгийн удирдлага онцолсон. Өвөрхангай аймгаас төрсөн эдгээр генералуудаа ирэх онд нутагт нь хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр болсоноо нутгийн удирдлага албан ёсоор илэрхийлж байлаа. Энэ үеэр мөн Өвөрхангай аймгийн унаган харьяат Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т ажиллаж байгаа болон, Зэвсэгт хүчний анги байгууллагын захирагчийн албыг хашиж буй хурандаа цолтнууд хүрэлцэн ирж генералууддаа хүндэтгэл үзүүлсэн юм. Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад мэдлэг оюунаа зориулан хүчин зүтгэж ирсэн болоод өдгөө үүргээ биелүүлэн яваа та бүхнийхээ үйл хэргийг Монголын ард түмэн, ирээдүй хойч үеийн хүүхэд залуус тань мартах учиргүй ээ. Бэлтгэсэн: Б.Сарнай

ХЭРЛЭН ГОЛООС 500 ОРЧИМ МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ ЗАЙЛУУЛЖ ЦЭВЭРЛЭВ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж буй Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт, Эрүүл аюулгүй орчин-таны оролцоо аяны хүрээнд Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Батноров сумын нутаг, Хэрлэн голд болон гол дагуух 270 бод, 203 бог малын сэг зэмийг цэвэрлэж, булж устган, ариутгал хийлээ.

 “НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 19.8 ХУВИЙГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВНА”

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ есөн аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа юм. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөнулсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.