Бээжин хоттой эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны таван жилийн ойн хүрээнд Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллалаа. Байгалийн нөөцийг хэмнэх дэвшилтэт технологийг нутагшуулах ажил хэргийн уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн дарга Жин Хунбинь тэргүүтэй төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, Улаанбаатар хотоос Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга тэргүүтэй нийслэлийн болон Эрчим хүчний хөгжлийн төвийн төлөөлөл оролцов. Тус төвийнхөн нийслэлчүүдэд зориулан ногоон технологийн үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд дэлгэн үзүүлж, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм. Бээжин хот нь гудамжны болон байгууллага, өрхийн гэрэлтүүлгийн шийдэлд онцгой анхаарч, гар утсаар удирдах боломжтой, орчноо мэдэрч хэрэглээгээ өөрөө тохируулдаг ухаалаг гэрэлтүүлгийг нэвтрүүлэхийн хамт гэрлээр мэдээлэл дамжуулах, удирдах боломжтой li-fi төхөөрөмжийг нийтийн авто зогсоол, сургууль, худалдааны төвүүдэд туршиж эхлээд байгаа юм байна. Мөн хотын агаарын бохирдлоос шалтгаалан иргэд ихээр хэрэглэх болсон агааржуулагч төхөөрөмжүүдэд өвлийн улиралд 26 хэм, зуны улиралд 20 хэмийн ашиглалтын хязгаар тавьснаар эрчим хүчний хэрэглээг 20 хүртэлх хувиар хэмнэж чаджээ. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхий нийтийн хүчин чармайлтыг хэрэгжүүлэхэд эрчим хүчний хэмнэлт зонхилох үр нөлөөтэй тул иргэдээ боломжит арга замуудаар эрчим хүчээ хэмнэхийг дэлхийн улс, хотууд уриалж байна. Зөвлөмжөөс гадна захиргааны аргаар зохистой хэрэглээнд шилжүүлэх алхмыг ч авч эхлээд байгаа. Тухайлбал, Европын холбоо 2018 оны есдүгээр сарын 01-нээс улайсдаг гэрлийн чийдэн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон. Айл өрхийн хувьд таван ширхэг улайсдаг чийдэнг 50.000 цаг ашиглахад 1.726.500 төгрөгийн зардал гардаг бол өдрийн гэрэл 529.350, LED гэрэл 485.250 төгрөгийн зардал гардаг байна. Улайсдаг гэрэл нь ашиглалтын цаг (1200 цаг)-ийн хувьд бидний нэрлэж заншсан өдрийн гэрэл буюу CFL (10.000 цаг), сүүлийн үед хэрэглээнд түлхүү нэвтэрсэн LED (50.000 цаг) чийдэнгээс олон дахин бага хир нь зардал өндөртэй тул хэрэглэхээс татгалзахыг Нийслэлийн Байгаль орчны газраас уриалж байна. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Барилгын материалын олборлолт, тээвэрлэлтийн талаар оролцогч талуудын уулзалт болов

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны 2019 оны 04/01 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг тогтоон, тодорхой асуудлуудаар Засгийн газарт чиглэл өгсөн. Дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьдрах орчны, жолооч нарын тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Байгаль орчны газраас төрийн захиргааны байгууллагууд, боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, байгаль хамгаалах төрийн бус байгууллагууд болон барилгын материал олборлогч, үйлдвэрлэгч, тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах мэргэжлийн холбоодыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийг хангах ажлыг явцын мэдээллийг сонслоо. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай 50 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай 1857,18 га талбай бүхий 45 тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр, 53,16 га талбай бүхий 1 тусгай зөвшөөрлийг 2019 оны А/540 дүгээр захирамжаар тус тус хүчингүй болгосны үр дүнд усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай нийслэлийн нутаг дэвсгэрт олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй болсныг Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Тухайн жилд уулын ажлын болон байгаль хамгаалах төлөвлөгөө батлуулан хуулийн дагуу ажиллах аж ахуйн нэгжүүдийн байршил, мэдээллийг орон нутгийн иргэд, мэргэжлийн холбоодод жил бүрийн 5 дугаар сард хүргүүлж байх, иргэн, аж ахуйн нэгжид идэвхтэн байгаль хамгаалагчийн эрх олгох, дээр дурдсан судалгаанд үндэслэн хууль бус олборлолтын талаарх мэдээллийг цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлж байхаар талууд харилцан тохиролцлоо. Нийслэлийн нутаг дэвсгэрт уулын дайрганаас хайрга гарган авах боломжийг судалж шийдвэрлэх асуудлаар Бетон зуурмагт ордог элс дайрганы химийн стандарт сэдвээр Карьер компанийн захирал, барилгын инженер Ж.Баяраа, Хайрга, дайрга олборлогчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Батжаргал мэдээлэл хийж, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч доктор профессор С.Чулуунхуяг, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны Улаанхүүхэн, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн Хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар, Бетон зуурмагийн холбооны тэргүүн Даваадорж нар байр сууриа илэрхийлж уулын дайрганаас хайрга гаргах боломж, өнөөдрийн ашиглаж буй барилгын материалын чанар стандартын шаардлага хангаж буй эсэх асуудлаар мэргэжлийн байгууллагуудын хэлэлцүүлгийг тусад нь зохион байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв. Түүнчлэн нийслэл хотын бүтээн байгуулалтад шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал түүний дотор цахиурын агууламж өндөртэй элсний нөөцийг тодорхойлж, нөөц бүхий газруудыг дуудлага худалдаагаар ашиглуулах, Барилга байгууламжийн ажилд хэрэглэх баяжуулсан элс, дайрга. Ширхэглэлийн химийн найрлага MNS6713:2018 зөвлөмж стандартыг хэрэгжүүлэх, уулын дайргаас хайрга гаргах төхөөрөмжүүдийг татварын хөнгөлөлтөд хамруулах зэрэг тодорхой саналууд гарсныг шинээр байгуулагдсан Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт уламжилж шийдвэрлүүлэхээр тогтов. ХУД-ын 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явагдаж буй олборлолт, тээвэрлэлт болон Төв аймгийн Алтанбулаг сумаас түгээмэл тархацтай ашигт олборлон тээвэрлэж буй үйл ажиллагаанаас дуу чимээ, шороо тоос ихээр үүсэж тухайн хорооны оршин суугчдын аюулгүй, тайван орчинд амьдрах нөхцөл алдагдаж байгаа гомдол байнга гарч байгааг шийдвэрлэх зорилгоор тээвэрлэлтийн хугацаа, маршрутыг тогтоож өгөх санал гарлаа. Дүүргийн зүгээс өөрсдийн барьсан технологийн замаас хураамж авч, засвар үйлчилгээг нь сайжруулах боломж мэргэжлийн холбоодод байгаа болохыг, холбоодын зүгээс Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/520 дугаар захирамжийн дагуу автозамд ачааны машины бүх жинг 10 тонноор хязгаарлаж байгаагаас барилгын материал тээвэрлэх зорилгоор Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн өндөр өртгөөр барьсан Нисэхийн тойргоос Био, Шувуу чиглэлийн замыг ашиглуулахгүй, үүнээс үүдэн тоосжилт, шөнийн тээвэрлэлт ихээр явагдаж байгаа болохыг дурдлаа. Нийслэлийн Автозамын газраас тодруулга авсны дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/520 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн ... 10 тонноор хязгаарлах ... гэснийг өөрчлөх санал боловсруулж өргөн мэдүүлэх, тээвэрлэлтийг засмал замаар гүйцэтгэхээр тогтлоо. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS:4598-2003 стандартыг чанд мөрдөх, хашлага давуулж ачилт хийснээс дайрга шороо зам дээр асгарч, замын эвдрэл үүсгэж байгаа болохыг мэргэжлийн холбоодод анхааруулж, уг байдлыг таслан зогсооход хамтран ажиллахыг хүслээ. Оролцогч талуудын харилцан зөвшөөрснөөр суурьшлын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлт хийх хугацааг 08.00-22.00 цаг байхаар шийдвэрлэв. Нийслэлийн нутаг дэвсгэрт 2018 оны жилийн эцсийн байдлаар 1652,6 га талбай олборлолтын улмаас ухагдаж эвдэрсэн бөгөөд 2014-2018 онуудад 438,1 га талбайг орон нутгийн төсвийн болон аж ахуйн нэгжийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн байна. Нөхөн сэргээлтийн хэмжээ 2016 онтой харьцуулахад 2018 онд 4 дахин нэмэгдсэн боловч хуулийн дагуу тогтоогдсон нөөцөө бүрэн авсны дараа нөхөн сэргээлт хийх, нөөцийг сорчилж авахгүй байх зохицуулалт нь байгаль орчны холбоод, иргэдийн зүгээс ашигласан талбайдаа жил бүр нөхөн сэргээлт хийх шаардлагатай зөрчилддөг болохыг мэргэжлийн холбоодын зүгээс танилцуулж байлаа. Үүнтэй холбоотойгоор 2019 оноос эхлэн дүүргүүдийн саналын дагуу дүйцүүлэн хамгаалал хийх боломжуудыг бий болгосон талаараа зохион байгуулагчид танилцууллаагэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Дуу цахилгаантай бороо орно

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар дуу цахилгаантай бороо орно. 2019 оны 07 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл:Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. өдөртөө 28-30 хэм дулаан байна. 2019 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 10-нд зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12,13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 11-13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. Нийтэлсэн:Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Энэ онд 900 км хатуу хучилттай зам ашиглалтад оруулна

Энэ жил улсын хэмжээнд 900 км хатуу хучилттай зам ашиглалтад оруулна гэж салбар яамнаас мэдээлж байна. 2020 он гэхэд нийслэл хотыг бүх аймагтай хатуу хучилттай замаар холбохоор ажиллаж байна. Хэдийгээр төв суурин газруудыг холбох зам тавих нь нэн тэргүүний ажил байгаа ч тавьсан замаа засварлан арчилж, илүү чанартай, олон улсын стандартад нийцсэн зам тавих чухал болоод байна гэж ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хэлж байна. Одоогоор улсын хэмжээнд 1569 км зам тавих, 699 м урт бетон гүүр барих төлөвлөгөөтэй байгаагаас энэ жил 900 км замыг ашиглалтад оруулж, 500м гүүрийг тавьж дуусах ажээ. Аймаг, орон нутагт замын 108 төсөл хэрэгжүүлж байгаагаас энэ жил 234 км зам болон 480 м гүүр тавих юм байна. Мөн жилдээ багтаан баруун бүсийн буюу Говь-Алтай чиглэлийн 126.9 км, Байдраг чиглэлийн зам, мөн Ховд-Баян-Өлгий чиглэлийн, Баян-Өлгийг тойрсон болон Сонгины чиглэлийн замуудыг ашиглалтад оруулна гэв. Завханы чиглэлийн 67 км, Загастайн замыг ирэх жил хүлээлгэн өгөх аж.

Н.Доржгочоо: Технологийн шийдлүүдийг ашиглаад төлбөртэй зогсоолын үйлчилгээг шинэ түвшинд гаргана

Нэг сая гаруй хүн байнга оршин суудаг Улаанбаатар хот 501,000 тээврийн хэрэгсэлтэй /2018 оны наймдугаар сарын байдлаар/. Үүний 400,000 нь өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд 130,000 автомашин өдөржин зам дээр байдаг бол үлдсэн нь зогсоолд тавигддаг байна. Зогсоолын хүрэлцээ маш муу, тэр дундаа хотын төвд байрлах төрийн үйлчилгээний байгууллагуудын ойролцоо зогсоол олддоггүйгээс үүдэн бага тойруу орчмын замын хөдөлгөөн удааширч, түгжрэл үүсдэг. Түүнчлэн зогсоолгүй газар автомашинаа тавиад ачуулах нь иргэдийг нэлээд бухимдуулдаг. Тэгвэл уг асуудлыг шийдэх ухаалаг авто зогсоолын үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж буй залуусын төлөөлөл, УБ Паркинг амар зогсоол төслийн санаачлагчдын нэг Н.Доржгочоотой ярилцсан юм. Жолооч нэг товчлуур дарж зогсоолоо нээхээс өөр ямар ч үйлдэл хийхгүй - Хотын төвд зогсоол олж машинаа тавиад ажил хөөцөлдөнө гэдэг маш хүндрэлтэй. Уг асуудлыг шийдэх ухаалаг зогсоолын санааг хэзээ гаргасан бэ? - Яг тийм. Д.Сүхбаатарын талбай тойрсон төрийн үйлчилгээний байгууллагууд, хувийн хэвшлээр ажил хөөцөлдөөд явахаар хамгийн хүнд асуудал зогсоол байдаг. Гэсэн ч зогсоол олддоггүй тэр байдалтай эвлэрээд яваад л байна. Уг нь шийдэх боломжтой шүү дээ. Одоогоос хоёр жилийн өмнө би Соёлын төв өргөөний ойролцоо 14:00 цагт хүнтэй уулзахаар товлоод явж байв. Тухайн үед нэг найз маань залгаад Чамтай уулзах хэрэг байна. Нэг төсөл дээр IT-н салбарын хүн хэрэгтэй байна гэсэн юм. Би ч За тэгье. Соёлын төв өргөө орчимд уулзъя гэж тохирсон. Ингээд төв рүү орж ирээд түгжрээд, зогсоол хайгаад явсаар байтал цаг 14:30 болчихов. Соёлын төв өргөөний арын зогсоолд машинаа тавих гээд л бухимдаад байж байтал найз маань ч ирлээ. 14:00 цагт товлосон уулзалтаасаа хоцорчихсон, зогсоол гарахыг хүлээгээд бухимдангуй байж байтал найз маань бараг нэг минутад багтаагаад л зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх төслийн санаагаа хэллээ. Тухайн үед шууд л төсөөлөл орж ирсэн. Бизнес талаасаа ч байж болохоор, хамгийн гол нь олон хүнд өдөр тутам тулгамддаг асуудлыг шийдэх боломжтой төсөл байсан тул шууд л Тэгье гээд ажлаа эхлүүлэхээр болсон. - УБ Паркинг амар зогсоол гэх төслийн нэр болон ухаалаг гэх тодотголоос харахад зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх шийдэл ухаалаг утас болон аппликэшн дээр суурилсан болов уу гэх ойлголт төрж байна. Энэ тухайд тодруулж тайлбарлаач? - Ер нь үйлчилгээ гэдэг утгаараа хэрэглэгчдэд таатай, амар хялбар, ойлгомжтой байх ёстой. Тиймээс ухаалаг утас болон аппликэшн дээр суурилсан шийдлийг сонгосон. Техникийн өндөр хөгжил, технологийн шийдлүүдийг ашиглаад төлбөртэй зогсоолын үйлчилгээг шинэ түвшинд гаргахыг зорьж байна. Зогсоолууд дээр ухаалаг төхөөрөмж байрлуулж байгаа. Төхөөрөмжүүд бүгдээрээ интернетэд холбогдчихсон бөгөөд гар утсан дээрээ аппликэшн татаадзогсоол ОЛЛОО, ОРЛОО, ГАРЛАА гэсэн энгийн үйлдлийг хийх юм. Гар утсан дээрээ аппликэшн татмагц таны нэрийн данс үүсэж тухайн дансаа автобусны карт цэнэглэдэгтэй адил цэнэглэнэ. Ингэхдээ заавал карт цэнэглэдэг нэгж дээр биш онлайнаар цэнэглэх боломжтой бөгөөд завтай үедээ хаанаас ч хамаагүй цэнэглэчихнэ. Зогсоолын байрлал, тухайн зогсоолд зай байна уу гэдэг үндсэн мэдээлэл хэрэглэгчдэд хамгийн хэрэгтэй байдаг. Яг энэ хоёр мэдээллийг аппликэшнд багтаасан бөгөөд маш энгийн бүтэцтэй. Зогсоол тус бүрт хэдэн машин тавих зай байгаа талаар мэдээлэл тодорхой харагдана. Зогсоолоо олчихсон, дансаа цэнэглэчихсэн бол сонгосон зогсоол дээрээ очлоо, аппликэшн дээрээс товчлуур дарж зогсоолоо нээлээ. Машинаа тавиад хэсэг хугацааны дараа гарлаа гэхэд зогсоолын ухаалаг төхөөрөмж зогссон хугацааг тооцоолоод төлбөр данснаас тань хасагдчихна. Тэр даруйд мөн танд дансны мэдээлэл ирнэ. Жолооч нэг товчлуур дарж зогсоолоо нээхээс өөр ямар ч үйлдэл хийхгүй. Төлбөр төлөх, ямар нэгэн юм тооцоолох үйлдэл хийх шаардлагагүй учраас АМАР гэдгийг тодотгож байгаа юм. Энэ сарын дундуур УБ Паркинг амар зогсоол хоёр байршилд ажиллаж эхэлнэ - Үйлчилгээ бүхэлдээ ухаалаг утасны аппликэшн дээр суурилна гэж ойлголоо. Интернэтгүй үед ухаалаг зогсоолыг ашиглах боломжтой юу? - Хэрэглэгч байнга интернет орчинд байдаг бол аппликэшнээр дамжуулан машинаа хэр хугацаагаар зогсоолд тавиад байгаа талаар мэдээллийг 30 минут тутамд авах боломжтой. Гэхдээ утас цэнэггүй болох, утсаа хаях, алдах ч юм уу асуудал гарсан тохиолдолд 144441 тусгай дугаарт мессеж бичээд зогсоолын дугаараа илгээн үйлчилгээ авах боломжтой. Аппликэшнийг утсандаа татаж суулгахдаа бүртгүүлсэн гар утасны дугаар манай систем дээр хадгалагдаж ашиглагдана гэсэн үг. Харин аппликэшнийг татаагүй бол амар зогсоолоор үйлчлүүлэх боломжгүй. - Ухаалаг аппликэшнийг зөвхөн төлбөртэй зогсоолын хэрэглээнд ашиглах уу? - Эхний ээлжинд төлбөртэй зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой хялбар аппликэшнийг систем дээрээ хөгжүүлж байна. Манай залуучууд системийн хөгжүүлэлтээ өөрсдөө хийж байгаа учраас цаашид өөр үйлчилгээнүүдийг үүн дээрээ байршуулах боломжтой. Тухайлбал, Зогсоол хуваалцах үйлчилгээг нэвтрүүлж болно. Хотын төвд гэртэй, зогсоолтой хүн зогсоолоо оройн 19:00 цагаас өглөөний 07:00цаг хүртэл ашигладаг. Бусад үед зогсоол хоосон байдаг учраас хотын төвд ажилтай өөр нэгэнтэй хуваалцаж болох юм. Гэвч тэдгээр иргэд бие биенээ олоход хүндрэлтэй. Тиймээс аппликэшнээр дамжуулан тэднийг холбож болно. Бид маш том систем дээр байнгын хөгжүүлэлт хийгээд явж байгаа бөгөөд өөрсдөө хийж байгаа гэдэг нь цаашид олон талаар ашиглах боломж, давуу талыг бий болгож байгаа юм. Аппликэшн бол хөгжүүлж буй системийн нэг хэсэггэж хэлж болно. - Одоогоор хэдэн зогсоол дээр ухаалаг төхөөрөмж суурилуулаад байгаа вэ.Хэрэглэгчид хэзээнээс аппликэшнийг ашиглаж болох вэ? - Хөрөнгө оруулалтаа өөрсдөө шийдчихсэн, системийн хөгжүүлэлтээ ч тасралтгүй хийгээд явж байгаа учраас нийслэлээс манай төслийг дэмжсэн болов уу. Эхний ээлжид биднийг дэмжиж хоёр байршилд зогсоолын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоод байна. Гутлын 22 буюу Хангарди ордны баруун хойд талын зогсоол, Хөрөнгийн биржийн өмнөх авто зогсоол дээр хоёр зогсоолоо ажиллуулахад бэлэн болоод байгаа. Одоогоор системээ тестлэх ажил үргэлжилж байна. Энэ сарын дундуур зогсоолуудаа нээхээр төлөвлөж байгаа. Энэ хоёр байршил маань нийлээд 100 машины зогсоолтой. Ачаалал ихтэй бүсэд цөөхөн машины зогсоолыг шийдлээ гээд замын хөдөлгөөнд үзүүлэх нөлөө нь бага байна байх. Тиймээс аль болохоор өргөн цар хүрээг хамарч ажиллахыг зорьж байна. Зогсоолын асуудлыг ухаалгаар шийдвэрлэж чадвал тэр орчмын замын хөдөлгөөний ачааллыг 30 орчим хувиар бууруулдаг - Ухаалаг зогсоол ямар гол гол давуу талыг авчрах вэ? - Ухаалаг зогсоолын зорилго хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна өөр олон эерэг өөрчлөлтийг авчирна.Тухайлбал,зогсоолын төлбөр 100 хувь бэлэн бус гүйлгээгээр хийгдэж байгаа учраас төлөгдөх ёстой мөнгө төлөгдөж, тодорхой хувь нь журмын дагуу нийслэлийн автозамын санд хуримтлагдана. Мөн иргэд НӨАТ-ын баримтаа авчихна. Зогсоолд хэр хугацаагаар зогссонтой холбогдох элдэв маргаан гарахгүй. Хүртээмж хэрхэн нэмэгдэхийг жишээгээр тайлбарлая.НИТХ-аас гаргасан журмын дагуу нийтийн эзэмшлийн талбай дахь төлбөртэй авто зогсоолд автомашиныг хамгийн дээд тал нь хоёр цаг байрлуулж болно хэмээн заасан байдаг ч энэ нь хэрэгждэггүй. Харин ухаалаг амар зогсоол уг журмыг хэрэгжүүлнэ. Журмыг зөрчвөл торгоно. Бид хөрөнгийн биржийн урд талын зогсоолд хэдэн өдрийн ажиглалт хийж үзсэн. Ингэхэд 40 машины зогсоол дээрх 35 машин өдрийн турш огт хөдлөөгүй. Үлдсэн таван зогсоол хоёр, гурван удаа сэлгэсэн.Тэгэхээр өдрийн туршид 50 машин л уг зогсоолыг ашигласан гэсэн үг. Харин ухаалаг зогсоол ажиллаж эхэлснээр өглөө 08:00-20:00 цагийн хоорондох 12 цагт л гэхэд 240 машинд үйлчлэх боломж нээгдэнэ. Үүнийг тэнд байнга машины тавьдаг тэр хавьд ажилтай 35 хүн эсэргүүцэх байх. Гэхдээ тэр 35 хүний эрх ашиг уу эсвэл хотын төвөөр ажил хөөцөлдөж яваа 240 болон түүнээс дээш тооны иргэний эрх ашиг уу гэх асуулт гарч ирнэ. Нийслэл хотод 50 гаруй байршилд нийт 1,500 орчим автомашины төлбөртэй зогсоол бий. Энэ тоог нэмэгдүүлэх боломж одоохондоо алга. Энэ нөхцөлд хүртээмжээ нэмэгдүүлэх нь л чухал болоод байгаа юм. Түүнчлэн зогсоолын асуудлыг ухаалгаар шийдвэрлэж чадвал тэр орчмын замын хөдөлгөөний ачааллыг 30 орчим хувиар бууруулдаг талаар гадны судалгаанууд байдаг. Манай жолооч нар хаана зогсоол байгааг мэдэхгүй зогсоолоо хайгаад тойроод л хөдөлгөөн удаашруулаад яваад байдаг.Харин аль зогсоолд зай байгааг мэдчихвэл тэгж явах шаардлагагүй болно. - Зогсоолын төлбөр хэд байх вэ, ухаалаг амар хялбар, технологийн давуу талууд орсон гэдэг утгаараа үнэ нь өндөр байх уу? - НИТХ-аас баталсан журмаар зогсоолын төлбөр зохицуулагддаг. Тус журамд төлбөртэй зогсоолын нэг цагийн төлбөр 1,000 төгрөг байна хэмээн заасан байдаг. Бидний хувьд харин ч илүү хямд нөхцөлийг санал болгож байгаа. Тодруулбал, ухаалаг зогсоолоор үйлчлүүлээд 30 минутын дотор гарвал 500 төгрөг байх юм. Түүнчлэн оройн 20:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл, амралтын болон баярын өдрүүдээр зогсоол төлбөргүй байна. Нэг зогсоолд автомашиныг хоёр цагаас илүү хугацаагаар байршуулах боломжгүй бөгөөд илүү хугацаагаар байлгасан тохиолдолд торгуультай талаар дээр дурдсан. Үүнээс гадна төлбөртэй холбоотой бас нэг зүйл бий. Хэрэглэгчийн дансанд хамгийн багадаа 3,000 төгрөгийн үлдэгдэлтэй үед зогсоолд орох эрх нээгдэнэ. Магадгүй ажлын шаардлагаас болоод төлбөр 3,000 төгрөгөөс давсан тохиолдолд тухайн данс хасах үлдэгдэлтэй болно. Ингээд дараагийн цэнэглэлтээс суутгагдаад явах юм. - Зогсоолын тохижилтын тухайд нэмж тодруулбал? - Тэмдэг, тэмдэглэгээ, камер, гэрэлтүүлэг гэх мэтээр олон улсын стандартын дагуу тоноглогдсон. Дугуй тээглүүлэгчтэй учраас машинаа зогсоолоос илүү гаргаж тавих, явган хүний замыг хаах боломжгүй. Явган хүний зам руу гаргаад тавьсан машины хажуугаар хүүхдээ тэргэн дээр тавиад түрж яваа ээжид ямар хүндрэл учирдгийг бид мэднэ. Түүнчлэн зогсоол дээр машин шүргэх эсвэл шүргүүлэх асуудал гардаг. Тийм тохиолдол гаргахгүйн тулд зогсоолыг хэрхэн оновчтой төлөвлөх талаар бид олон улсын туршлагыг судлан, хэрэгжүүлж байна. Мэдээж хэрэг гэрэлтүүлэг маш сайн, камержуулалт бүрэн хийгдсэн учраас зогсоол дээр гарсан хэрэг, зөрчлийг камерын хяналтаар илрүүлэх боломжтой. Автомашины хэрэглээг багасгах тал руугаа анхаарч байгаа болохоор дугуйн хэрэглээг дэмжиж дугуйн зогсоолууд мөн хийсэн. Автомашины эко, зохистой хэрэглээг дэмжиж цахилгаан машин цэнэглэх станц цаашид байрлуулахаар ажиллаж байна. Манай баг хамт олны авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, замын түгжрэлийг багасгах зорилгоор өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа санаачлагыг төрийн байгууллагууд, оффис, үйлчилгээний газрууд, иргэд минь идэвхтэй дэмжиж, хамтарч ажиллаарай хэмээн уриалмаар байна. Бидэнтэй7714 4411дугаар,фэйсбүүк хуудас, и-мэйл /[email protected]/ гэх мэт бүхий л сувгаар холбогдох боломжтой. Олон талууд энэ төсөл дээр хамтарч ажилласнаар төслийн үр дүн төдий чинээ өндөр болж нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан нэг ч гэсэн асуудлыг шийдэх боломж нээгдэнэ хэмээн харж байгаа. - Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.