Дуучин Ч.Амаржаргал: Ерээд оны сайхан дуунуудыг хамтдаа дуулцгаая

Дуучин Ч.Амаржаргалыг монголчууд Амин нүдэн, Үггүй хайр, Үймэрсэн сэтгэл Зүрхний санаашрал зэрэг олон сайхан дуунуудаар нь андахгүй. Тэрээр тун удахгүй Сэтгэлд нуугдсан харц нэртэй тоглолтоо хийхээр болжээ. Тиймээс Newsline.mn сайт энэ удаагийнхаа ярилцлагын зочноороо дуучин Ч.Амаржаргалыг урьж тоглолтынх нь талаар ярилцлаа. -Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Тоглолт тань болох дөхөж байна. Бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ? - Зочиноор урьсанд баярлалаа. Тоглолтыг цомог дээр суурилуулж хийх нь бэлтгэлд дөхөм байдаг юм байна. Мөн тусалж дэмжиж байгаа олон хүний сайхан сэтгэлийн ачаар тоглолтын бэлтгэл амжилттай явагдаж байгаа. -Монголчууд дуучин Ч.Амаржаргалыг дуулсан дуунуудаар нь сайн мэддэг. Харин та өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу? - Би 1972 оны 6 сарын 8 нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. Төрөлхийн хараагүй төрсөн учир бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. 1980- 1990 оны хооронд 29 дүгээр тусгай дунд сургуулийг дүүргэсэн. Хүүхэд байхаасаа дуу хөгжимд сонирхолтой байсан учраас дөрөвдүгээр ангиасаа хүүхдийн хамтлагт манделийн хөгжим тоглож байлаа. Мөн долдугаар ангиасаа цахиалгаан хөгжмийн Аялгуу хамтлагийг байгуулж 4 жил гоцлол, соль гитарчинаар ажилласан. 1990 онд сургуулиа төгсчихөөд Аялгуу хамтлаг маань 1 жил гэрээгээр ажилаж байсан. Энэ үеээс хамтлагтаа зориулж уран бүтээл хийх зориолгоор анхны аялгуунууд маань төрьж байлаа. Одоогийн хүмүүст хүрсэн Учрал, Зүрхний санаашрал, Үгүйлэгдсэн хайр зэрэг дуунууд маань зохиогдсон. -Хүүхэд наснаасаа уран бүтээлийн гараагаа эхэлсэн гэлээ. Урлагт нийтдээ хэдэн жил зүтгэж байна вэ? -1987 оноос хойш нийтдээ 25 жил урлагт зүтгэж байна.Урлагтай амьдралаа холбосон хорь гаран жилийн дотор 130 гаруй дуунд ялгуу хийсэн . -Дуучин Ч.Амаржаргалын хувьд тоглолтоо хэзээнээс төлөвлөсөн вэ? -Энэ хавар тоглолтоо хийе гэсэн бодолтой байсан. Харин МУГЖ С.Жавхлан Амараа эгчээ эхлээд цомгоо сэргээж хүмүүст хүргэчихээд, цомгийнхоо үр дүнгээр тоглолтоо хийвэл яасан юм бэ гэж зөвлөсөн. Миний хувьд ч тэр нь зөв юм байна гэж бодсоны үндсэн дээр сар шинийн өмнөхөн Сэтгэлд нуугдсан харц цомгоо гаргасан. Энэ удаагийн цомогийг маань МУГЖ Жавхлан ивээн тэтгэж, өөрийхөө баг хамт олныг ажиллуулсан. Тэр ч утгаараа маш чанартай цомог гарсан байгаа. Мөн миний зохиосон дуунуудыг арваад дуучид дуулсан нь цомогт багтсан байгаа. - С.Жавхлан гавъяат таны тоглолтод ямар оролцоотой ажиллаж байгаа вэ? - Тоглолтын ерөнхий найруулагыг хийж байгаа. Мөн хамтарч дуулна. -Энэ удаагийн тоглолт таны хэд дэхь тоглолт вэ? -Сэтгэлд нуугдсан харц нэртэй энэхүү тоглолт маань миний ес дэхь бие даасан тоглолт. Ер нь уран бүтээлийн ажлаа завсарлаагүй болов ч дуулиан шуугаангүй тоглоод байсан талтай. Энэ хугцаанд 2 хуурцаг, 2 цомог гаргасан. -Тоглолтод ямар ямар уран бүтээлчид оролцох вэ? -Дээр хэлсэнчлэн цомогт оролцсон уран бүтээлчид бүгд оролцоно. Тухайлбал МУГЖ С.Жавхлан, МУСТА Л.Болдбаатар, Л.Банзрагч, дуучин Отгонгэрэл, Гэрэлчулуун, Эрдэнэбаяр, Чинбаяр, Азжаргал, Эрдэнэдалай нар оролцоно. Мөн өөрийн нөхөртэйгөө хамтарч дуулна. -90-ээд оны дунд үед дуучин Ч.Амаржаргал орон нутгаар их явж тоглодог байсан санагдаж байна. Тухайн үеийн дурсамжуудаасаа хуваалцвал? -1987 оноос эхлэн Аялгуухамтлагтайгаа хөдөөгөөр цахилгаан хөгжим тоглон явж байсан. Харин 1993 оноос бие даан уран бүтээл хийж 2-3 удаа эх орноо тойрсон байдаг юм. Гэвч Баян-Өлгий аймагт очиж чадаагүй. Очиж тоглох юмсан гэсэн бодол байдаг. Ер нь Амаржаргалын дууг сонсохийг хүссэн хүн бүрт дуугаа хүргэхсэн гэж бодож явдаг. -Манай дуучдыг ажиглаад байхад Улаанбаатарт тоглочихоод, тэрхүү тоглолтоо орон нутгуудад тоглодог болж. Харин таны хувьд? -Миний хувьд ч гэсэн Сэтгэлд нуугдсан харц нэртэй энэхүү тоглолтоо Улаанбаатарчууддаа толилуучихаад орон нутгаар тоглоё гэсэн бодолтой байгаа. Арваннэгдүгээр сараас биелэлээ олох байх. -Ямар ч тоглолтоос үзэгчид сюрприз хүлээдэг. Таны тоглолтын хувьд юу байх бол, нууцаасаа бага зэрэг задлавал ? /сур/ Мэдээж үзэгчдээ хүндлэх үүднээс барих бэлгүүд байгаа. Тухайлбал рок попын алтан үеийнхэн урилгаар оролцож байгаа. Яг хэн хэн ямар дуу дуулахыг нууц хэвээр үлдээе. - Сэтгэлд нуугдсан харц тоглолтыг олон түмэнд хүргэхийн тулд ямар ямар байгууллагууд ивээн тэтгэж оролцож байгаа вэ? -Тоглолтод маань ерөнхий ивээн тэтгэгч байхгүй байгаа. Гэсэн хэдий ч сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар ерөнхийдөө болж л байна. -Дуучин Ч.Амаржаргалын тоглолтыг хоног тоолон хүлээж суугаа үзэгчидэд хандаж юу хэлэх вэ? - Миний тоглолтод хүрэлцэн ирээрэй. 90-ээд оны сайхан дуунууд эгшиглэх учраас хамтдаа дуулцгаая гэж хэлье дээ. Ярилцсанд баярлалаа. Монгол Бөхийн өргөөнөө энэ сарын 15,16-нд болох Сэтгэлд нуугдсан харц тоглолтонд тань амжилт хүсье. Таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай. Ярилцсан А.Чимгээ

“Орших уу Эс орших уу”

2012-10-09 14:14:28 Нийтлэгдсэн: Урлаг
“Орших уу Эс орших уу”

Дэлхийн утга зохиолын ноён оргил болсон гурван бүтээлд У.Шекспирийн Гамлет, Гётегийн Фауст, Сервантесийн Дон Кихот зэрэг жүжгүүд ордог гэж эрдэмтэн судлаачид хэлдэг билээ. Түнэр харанхуй цайзын хонгилд бодол болон гуниглах Гамлет Орших уу, эс орших уу? хэмээн өгүүлнэ. Бат бэх чулуун хэрэмт энэ цайз нэгэн цагт түүний төрсөн гэр байсан бол харин одоо шорон гяндан мэт санагдах болжээ. Шударга ёс, хүнлэг чанар, үнэнч сэтгэл гэдэг энэ цайзад нэгэнт үгүй болсон байв. Орчлон хорвоогийн бузар булайтай эвлэрээд үхсэн мэт амьд явах уу, эсвэл энэ бүхний эсрэг халуун амь, бүлээн цусаа зориулаад мөнхийн амьтай үхэх үү? гэдэг л Гамлетийн өмнө тулгарчээ. Суут У.Шекспир Гамлет хэмээх энэхүү алдарт бүтээлээ 30 настай байхдаа 60 настай хүний ухаанаар бичсэн гэдэг. Үнэндээ Орших уу, эс орших уу хэмээх энэ асуулт хүн төрөлхтний мөнхийн асуулт хэвээр байгаа билээ. Алдарт Гамлет жүжиг Монголын тайзнаа 33 жилийн өмнө Ч.Чимидийн орчуулгаар 1979 онд урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С Галсанжав гуай энэ жүжгийг олны хүртээл болгосон юм. Гамлет-д Монгол Улсын Ардын жүжигчин Л.Жамсранжав, Ардын жүжигчин Гомбосүрэн, Цэндээхүү, Хандсүрэн, Лоовой, Дамдинсүрэн, Улсын гавъяат жүжигчин Мижиддорж нарын зэрэг алтан үеийн сор болсон жүжигчдээс гадна төрийн шагналт жүжигчин Сувд, нэрт жүжигчин Цээнямбуу. Улсын гавъяат жүжигчин Нямсүрэн нарын зэрэг авъяаслаг уран бүтээлчид тоглож байжээ. Харин өдгөө 33 жилийн дараа энэхүү бүх цаг үеийн мэргэжлийн урлагийн шилдгийн шилдэг оргил болсон бүтээлээр УДЭТеатр 11-09нд өвөл цагийн нээлтээ хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Энэхүү жүжиг нь уран бүтээлчдийн авъяас, ур чадварыг ихээхэн сорьсон бүтээл болох ба тэднийг Орших уу Эс орших уу гэдгийг тодорхойлох томоохон даваа юм. Гүн ухааны сэдэвтэй том хэмжээний бүтээлийг найруулан тавина гэдэг хэн дуртай хүний хийгээд байх ажил биш билээ. Өнгөрөгч тавдугаар сард тендер зарлахад найруулагч Б.Баатар, Б.Мөнхдорж, Ч.Найдандорж, Ч.Түвшин, Н.Наранбаатар гээд драмын урлагийн нэртэй найруулагчид өрсөлдсөнөөс театрын отгон найруулагч Н.Наранбаатар ялсан ба тэрээр УДЭТеатрын ерөнхий найруулагчаар томилогджээ. Энэхүү нэр хүндтэй албан тушаалд томилогдоод удаагүй байтал алдарт Гамлет жүжгийг тавих гэж байгаа нь ерөнхий найруулагчийн хувьд томоохон сорилт болж байна. Жүжгийн гол дүр болох Гамлетэд УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ сонгогдсон бол түүний ээж Гертрудагийн дүрийг гавьяат жүжигчин У.Уранчимэг, Полонийд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан тоглохоор болжээ. Харин Гамлетын хайрт бүсгүй Офелиягийн дүрд А.Ганчимэг тодорсон ба дублёроор нь СТА Д.Ганцэцэг тоглохоор болсон юм.

Унтаа рок попынхон

2012-10-08 12:19:44 Нийтлэгдсэн: Урлаг
 Унтаа рок попынхон

Орчин цагийн Монголын дууны урлаг нас биед хүрч хаана ч, хэний ч өмнө нүүр улайхааргүй хэмжээнд хүрсэн. Монголчууд бид өнеөдөр ардын дуу хөгжмөөс гадна нийтийн, концерт-эстрад, поп рок, мэргэжлийн гээд олон төрлийн уран бүтээлээр амьсгалж байгаа. Энэ бол бахармаар зүйлийн нэг. Харин рок попынхон маань сүүлийн үед нэг л унтаа болж, сураг алдрах болов. Тоглолтын тайз эзэгнэж, нэгэндээ уран бүтээл хийх цагаан атаа төрүүлж хурцалдаг асан өрсөлдөөнтэй цаг үе тэдний хувьд хэдийнэ ард хоцорч зөвхөн билээ хэмээн ярих болсныг нуух юун. Шинэ уран бүтээл, өвөрмөц тоглолт, өнгө аясаар сюрприз барьдаг гавьяатуудаас эхлээд авьяаслаг олон дуучин фэнүүддээ мартагдах шахсаныг хэлэх нь илүүц биз. Магадгүй уран бүтээлийн тайлан тоглолт хийхэд мөнгө санхүүгээс эхлээд ар араасаа ундарсан бөөн ажилд дарагдахын оронд урилга, заллагаар халаас-ны цөөн дуугаа дуулчихаад хэдэн төгрөг цохих нь тэдэнд амар бололтой. Гавьяат жүжигчин Т.Ариунаа зохиолын дуучдын ханхүү гэгддэг С.Жавхлантай дөрөө харшуулан илтгэх урлагт хүч үзэж явна. Уг нь байсхийгээд тодордог шинэлэг өнгө төрх нь түүнийг ямар дуучин болохыг харуулдаг байсан цаг үе түүх болон үлдээгүй байлтай. Мөн гавьяат жүжигчин Н.Дашдондог кино урлагт урвасан. Хятадын уран бүтээлчидтэй хамтран 21 ангит Тэнгэрийн салхи кино, Өвөрмонголын алдарт уртын дуучин Лхажавын тухай Өвгөн шувуу киноны гол дүрийг бүтээсэн түүний сүүлд тоглосон Хүний хүүхэд уран сайхны кино өдгөө кино театруудад гарч буй. Эдгээр киноны дүрээс илүү түүний тайзнаа дуулсан тэр л агшнууд хөгжимд хайртай хүмүүсийн сэтгэл зүрхэнд илүү хоногшсон байлтай. Цаашилбал, Камертон-ы Эба газар тариалан эрхлээд, дуучин Сэрчмаа сургууль байгуулахаар завгүй гээд дурдвал багагүй жагсаалт хөвөрнө. Ядахад тэдний орыг эзлэх шинэ залуу дуучид өөрсдийгөө од хэмээн өргөмжилж, нэгэн хэвд цутгасан мэт загварт дулдуйдсан чанаргүй уран бүтээл хийн түүнийгээ сэтгэлээс ургасан үг, аялгуугаар бүтсэн хэмээн уйлахаас наагуур ярина. Хямдхан студиэр дуугаа дүрсжүүлээд аль нэг телевизээр цацах нь мөнгөтэй л бол асуудалгүй болжээ. Стандарт хэмжээ, энэ тэр гэсэн шалгуур үгүй. Дуулаачийн школоо дүүргээгүй, дуучин болоогүй оюутнууд олноороо дуучин нэрийг сайн дураараа зүүж, болсон болоогүй баахан дуу үйлдвэрлэсээр. Телевизийнхэн ч эдгээр дуучны клипийг дуу, дүрс нь болж уу, үгүй юу гэдгийг шалгадаггүй болжээ. Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан Компьютер тоног төхөөрөмж сайжраад ирэхээр солгой хоолойтой хүн ч дуулах нь байна шүү. Тэгээд тэр дуу нь уран бүтээл гэхээр бүтээл биш, сонсоход ямар амтгүй гээч. Хуучны ясны хэдэн уран бүтээлч маань ч тэр болгон уран бүтээл хийхээ больж дээ. Чанартай юм хийж байгаа нь ч цөөхөн болж хэмээн өгүүлж байсан. Үүний зэрэгцээ баярын уур амьсгал харуулах гэж аядсан болсон, болоогүй дууг залуу дуучид олноор төрүүлэх болж. Шинэ жил, төрсөн өдөр, хосуудын баярын сэдвээр хийсэн, хальтхан сонсвол андуурмаар адилхан дуунууд өдөр ирэх тусам олшров. Энэ нь бас нэгэн төрлийн халтуур гэлтэй. Уран бүтээлийн чанар бус, урилга заллагын сэдэв болгосон дуунуудаа ичих ч үгүй, хит болгох гэж зүтгэнэ гээч. Богинохон настай, чанаргүй дуундаа таарсан кпип нь сонирхол татна гэж бүр ч үгүй. Нөгөө л цасан охин, төрсөн өдрийн бялуу, хосуудын улиг болсон түүх Сүүлдээ хэнийх нь, ямар дууны клип гараад байгааг ч ялгахаа больж. Ер нь энэ бүхэн үзэгчдийн сэтгэлд бус, өөрсдийнх нь халаасыг дүүргэх л бизнес арга болоо юу даа. Ж.Сүх Эх сурвалж: Монголын үнэн

Ж.Жамьяансүрэнд зориулсан хандивын тоглолт болно

Монгол Улсын гавьяат жүжигчин Жанчивдорж агсны хүү Жамьяансүрэн бөөрний дутагдал өвчний улмаас шаналж явна. Одоо түүнд яаралтай бөөр шилжүүлэн суулгахгүй бол амь насанд нь аюул учраад байна. Мөрөөдлийн хөлөг онгоц олон ангит киноны ихэр залуу Гантулга, Гарьд нарын дүрээр үзэгчдийн танил болсон түүний эмчилгээний зардалд хандив өргөх зорилгоор урлагийнхан нэгдэж Нэгэн нарны дор тоглолт хийхээр болжээ. Маргааш болох энэхүү тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, З.Мөнхшүр, гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, Г.Ариунбаатар, дуучин Э.Наран, Ө.Уянга, Ш.Наранчимэг, Д.Оюунжаргал нарын дуучид, хошин урлагийн бүх хамтлаг оролцох юм. Хэрэв уншигч та бүхэн түүнд хандив өргөхийг хүсч байгаа бол Хаан банкны 5027613885 данс болон 150100 дугаарт мессеж илгээж болох юм байна. Д.Цэцэг

PSY Cөүлд үнэгүй тоглоно

2012-10-04 10:43:17 Нийтлэгдсэн: Урлаг
 PSY Cөүлд үнэгүй тоглоно

Gangnam style дуугаараа дэлхий нийтэд алдаршсан дуучин PSY өнөөдөр (X.04) Сөүл хотноо үнэгүй тоглолт хийх аж. PSY өөрийг нь дэмжиж байдаг эх орон нэгт солонгосчууддаа баярласан сэтгэлээ илэрхийлж, тэдэнд сэтгэлийн бэлэг болгон үнэгүй тоглохоор болжээ. Түүний Gangnam style дуу Billboard-ын шилдэг дууны жагсаалтын нэгдүгээрт бичигдэх эсэх хариу энэ өдөр гарах хэдий ч Надад тийм ч чухал биш. Та нартаа баярлалаа хэмээсэн байна. Түүний тоглолт Сөүл хотын төв цэнгэлдэхэд 21.00 цагаас эхлэх ажээ. Ч.БОЛОР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.