Үйлдвэрлэлийн цех, нэгжүүд хэвийн горимд ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газраас хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд хэвийн горимд ажиллаж байна. Харин Гамшгаас хамгаалах болон Шуурхай штаб, Эрдэнэт цогцолбор сувилал, Гал унтраах гэрээт цагдаагийн 58-р анги, Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн тусгай горимд шилжин ажиллаж байгаа юм. Одоогоор үйлдвэрлэлийн дүүрэгт 5020 хүн ажиллаж байна. Хүн амын нягтаршлыг бууруулах чиглэлээр Ерөнхий захирлын тушаал гарч гэрээсээ цахимаар ажиллах боломжтой хүмүүсээ ажлаас чөлөөлсөн. Эдгээр хүмүүс цех, хэлтсийн удирдлагаасаа тусгай үүрэг авч цахимаар ажлаа хийж байна. 0-12 насны хүүхэдтэй ээжүүд, аавуудад ажлаас нь цалинтай чөлөө олгох хугацааг 12 дугаар сарын 11 хүртэл сунгах шийдвэр гараад байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед манай уурхайчид зогсох эрхгүйгээр ажиллаж, оны эхний 11 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100 хувиас дээш хувиар биелүүллээ гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх онцлов. Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэлд шаардлагатай төлөвлөгдсөн тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн ажил тасралтгүй хийгдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид дотоод нөөц боломжоо ашиглан СБШ-250 төрлийн шинэ өрмийн машиныг угсарч ажилд гаргахад бэлэн болгожээ. Мөн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 31 жил ажилласан тээрмийг сольж, 72 цагийн туршилтын горимоор ажиллуулж байна. Түүнчлэн үйлдвэрийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлуудыг зогсолтгүйгээр явуулж байна. Тодруулбал, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, Эмульсний тэсрэх бодисын үйлдвэрийг барьж байгуулах ажил, Цэвэр ус дамжуулах гуравдугаар шугамыг барих ажил явагдаж байна. Ийнхүү дэлхий нийтийг цочроосон цар тахлын хүнд нөхцөлд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон өмнө гаргасан амжилтаа бататган ажиллаж байна. Т.БАТЧУЛУУН ФОТО: Б.БАТТӨГС

Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуултууд

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг 2021 оны 7-р сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулахтай холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултын хариултад хариулж байна. -Ямар зээлдэгч хамрагдах вэ? -Энэхүү арга хэмжээнд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн жилийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээлийн үлдэгдэлтэй иргэд хамрагдана. -Энэ арга хэмжээнд хэрхэн хамрагдах вэ? -Зээлдэгч харилцагч банкиндаа цахим хэлбэр (цахим хуудас, имэйл, гар утасны банкны апликейшн, утас зэрэг)-ээр 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хүсэлт гаргаснаар 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө хойшлуулах боломжтой. -Харилцагч банкиндаа хүсэлт гаргах хүртэл зээлийн төлбөрөө төлөх үү? Зээлдэгч харилцагч банкиндаа хүсэлт гаргах хүртэл зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлнө. Цахимаар хүсэлтээ гаргаснаас хойш 2021 оны 7 дугаар сарын 1- ний өдрийг хүртэл зээлийн төлбөрөө хойшлуулах боломжтой. -Төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргасан зээлдэгч зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, түүнийгээ нотариатаар баталгаажуулах шаардлагатай юу? -Бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан зээлдэгч эхний ээлжид харилцагч банкиндаа цахим хэлбэр (цахим хуудас, имэйл, гар утасны банкны апликейшн, утас зэрэг)-ээр хүсэлт гаргаж зээлийн төлбөрөө хойшлуулна. Харин бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, зээлдэгчид эрсдэлгүйгээр харилцагч банкин дээрээ очиж үйлчлүүлэх боломжтой болсон үед зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний өөрчлөлтийг нотариатаар баталгаажуулах шаардлагатай. Энэ талаар харилцагч банкны лавлах утаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. -Төлбөр хойшлуулах хүсэлтээ 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гаргаагүй зээлдэгчдийн хувьд төлбөрийг яах вэ? -Ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт 2021 оны 1 дүгээр сарын 30- ны өдрийн дотор гаргаагүй зээлдэгчдийн төлбөрийг хойшлуулахгүй бөгөөд төлбөрийг зээлийн хуваарийн дагуу банк хүлээн авна. Төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргаагүй хэдий ч, төлбөрөө төлөхгүй байгаа зээлдэгчийн зээл холбогдох гэрээ, журам, хуулийн дагуу зохицуулагдах болно. -Ипотекийн зээлийн төлбөрөө өмнө нь 6 сараар хойшлуулж байсан зээлдэгч төлбөрөө дахин хойшлуулах боломжтой юу? -Ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргасан бүх зээлдэгч төлбөрөө хойшлуулах боломжтой. -Зээлдэгч хэдэн удаа төлбөрөө хойшлуулж болох вэ? -Зээлдэгч харилцагч банкиндаа 2021 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал 1 удаа төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргана. Хүсэлт гаргахдаа 2021 оны 7 дугаар сарын 1- ний өдрийг хүртэл хугацаанд хэдэн сараар төлбөрөө хойшлуулах тухайгаа тодорхой мэдэгдэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргаж, шийдвэрлүүлсэн зээлдэгч дахин хүсэлт гаргаж үлдсэн хугацааны эргэн төлөлтийг хойшлуулах боломжгүй юм. -Зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн хувьд төлбөрөө хойшлуулж болох уу? -Зээлийн төлбөр хойшлуулах арга хэмжээ хэрэгжихээс өмнө хугацаа хэтэрсэн зээлтэй байсан иргэдийн хувьд харилцагч банкиндаа хүсэлт гаргаснаар 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зээлийн төлбөрөө хойшлуулж болно. Гэхдээ зээлийн төлбөр хойшлуулснаар зээлдэгчийн зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй. Хэрэв төлбөр хойшлуулсан саруудад харилцагч санаачилгаараа төлбөр төлсөн тохиолдолд хүсэлт гаргаж, зээлийн төлбөрөө хойшлуулахаас өмнө үүсээд байсан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт суутгаж, үүний дараагаар зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд хийгдсэн төлбөр үндсэн төлбөрөөс суутгана. -Энэхүү арга хэмжээнээс өмнө зээлдэгчийн төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүүг банкууд харилцагчдаа буцаан олгох уу? -Энэ арга хэмжээ нь зээлдэгч хүсэлт гаргаснаас хойш 2021 оны 7 дугаар сарын 1- ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжих бөгөөд зээлдэгч хүсэлт гаргахаас өмнө доголдсон зээлийн төлбөрт хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргахаас өмнө төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүү, алданги хэвээр үлдэнэ. -Зээлийн төлбөрийг хойшлуулахад ямар баримт бичиг, нотолгоо бүрдүүлэх шаардлагатай вэ? -Зээлдэгчийн зүгээс ямар нэгэн нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй бөгөөд харилцагч банкиндаа 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор цахим (цахим хуудас, имэйл, гар утасны банкны апликейшн, утас зэрэг)-аар хүсэлт гарган, хөл хорионы дэглэм буурсан үед зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарьт орсон өөрчлөлтийг баталгаажуулах боломжтой. -Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан зээлийн гэрээг шинэчлэхэд зээлдэгчийн өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг зохицуулалтуудыг мөрдүүлэх үү? -Энэхүү арга хэмжээний хүрээнд өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг Монголбанк, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас тогтоосон зохицуулалтууд, хязгаарлалтуудаас түр чөлөөлнө. -Зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулснаар сард төлдөг зээлийн төлбөр өөрчлөгдөх үү? -Сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөр хойшлуулах хугацаа дуусгавар болсноос эхлэн зээлийн гэрээний дагуу төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө. Мөн зээлийн гэрээний хугацаа нь төлбөр хойшлуулсан хугацаагаар сунгагдах болно. Зээлийн төлбөрийг хойшлуулсан хугацаанд ямар нэг хүүгийн төлбөр төлөх үү? Зээлийн хугацаанд өөрчлөлт орох уу? -Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй, үлдэгдэл төлбөрт хүү тооцохгүй бөгөөд хойшлуулсан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Энэ хугацаанд амь нас, эд хөрөнгийн даатгалыг төлнө. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол 7 сараар хойшлуулснаар гэрээний хугацаа тус хугацаагаар сунгагдаж 2030 оны 8 дугаар сарын 30- ны өдөр дуусах болно. -Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд өөрчлөлт орох уу? -Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ. -Зээлийн төлбөрийг хойшлуулснаар зээлдэгчид ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ? -Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг хойшлуулснаар нэг зээлдэгчийн хувьд сард дунджаар 530 мянган төгрөгийн зээлийн төлбөрийг хойшлуулах боломжтой. Ингэснээр эдийн засгийн хүндрэлийн үед өрхийн зээлийн төлбөрийн дараа үлдэх орлогыг дэмжих, худалдан авах чадварыг хамгаалахад бодитой дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ орлого нь тасалдаагүй, хэвийн байгаа зээлдэгчдийн хувьд зээлийн төлбөрөө хойшлуулалгүйгээр, хуваарийн дагуу төлөх нь орон сууцны ипотекийн зээлээ богино хугацаанд төлж дуусган, үл хөдлөх хөрөнгөө бүрэн өмчлөх эрхтэй болох давуу талтай.

Уурхайчид 11 дүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр биелүүллээ

Эрдэнэт үйлдвэрийн цех хэлтсийн удирдлагууд энэ оны 11 дүгээр сарын үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлийг хэлэлцэж, сар хаалтын хурлаа хийлээ. Төлөвлөгөө хэрхэн биелсэн талаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий ийнхүү мэдээлсэн юм. 11 дүгээр сард 2077.0 мянган шоо метр уулын цул гаргаж төлөвлөгөөгөө 106.3 хувиар биелүүлсэн байна. Хөрс хуулалтын төлөвлөгөөгөөг 112.4 хувиар, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 102.0 хувиар тус тус биелүүллээ. Баяжуулах үйлдвэрт 2521.0 мянган тонн хүдэр өгч төлөвлөгөөгөө 102.4 хувиар, исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөөг 100.0 хувиар биелүүллээ. Тайлант хугацаанд 39200 тууш метр өрөмдлөг хийж төлөвлөгөөгөө 105.1 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 109.1 хувиар биелүүлсэн. Харин хүдэр боловсруулалт 103.2 хувь, хүдэр дэх металлын агуулга молибденоор 116.5 хувь, металл авалт зэсээр 100.9 хувь, молибденоор 113.0 хувиар биелсэн. Баяжмал гаргалтын төлөвлөгөөг зэсээр 104.5, молибденоор 131.8 хувь, баяжмал дахь металл зэсээр 104.0 хувь, молибденоор 135.9 хувиар биелүүллээ. Ачигдсан баяжмал дахь металл зэсээр 104.7 хувь, молибденоор 158.7 хувь, ачигдсан баяжмалын чанар зэсээр 101.7 хувь, молибденоор 103.1 хувиар тус тус биелсэн үзүүлэлттэй байна. Оны эхний 11 сарын байдлаар төлөвлөгөөнөөс 947.0 мянган тонн уулын цул илүү гаргаж, 701.8 мянган тонн хөрс илүү хуулж, 625.0 мянган тонн хүдэр илүү олборлож, 460 мянган тонн хүдэр илүү боловсруулж төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр 100.3-128.8 хувиар биелүүлэн ажиллаж байна гэв. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны 11 дүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлэн 12 дугаар сарын ажилдаа шамдан орлоо. Я.Энхтуяа

Эрдэнэт үйлдвэр гэр хорооллын иргэдэд 75 тонн нүүрс олголоо

Эрдэнэт үйлдвэр гэр хороололд амьдардаг иргэдийн түлээ, нүүрсний хэрэгцээнд 75 тонн нүүрс олголоо. Уг нүүрсийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15 багийн 633 өрхөд 1900 ширхгээр шуудайлан хоёр цэгт багуудаар дамжуулан олгосон байна. Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн: Энэ хүнд хэцүү цаг үед Эрдэнэт үйлдвэрийнудирдлагууд шийдвэр гаргаж, түлээ нүүрсний дэмжлэг үзүүлсэн явдалд Баян-Өндөр сумынхаа нийт иргэдийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Манай сум 22 багтай. 17 мянган өрхтэй. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд айл өрхүүд түлээ, түлш үнэтэй байна гэсэн асуудал тавьсан. Иймээс түлээ, нүүрсний үнэ ханшийг тогтворжуулах, иргэдийг хямд чанартай түлээ, нүүрсээр хангахад анхаарал тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Аймгийн онцгой комисс,Шуурхай штабаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед зэргэлдээ сумдтай холбоо тогтоож орж ирж байгаа түлшний урсгалыг тасалдуулахгүй нэмэгдүүлж ажиллана гэв. Т.Батчулуун

Үйлдвэрийн ажилтнуудын дархлааг дэмжихэд анхаарч, хоолны цэсийг шинэчиллээ

Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах шуурхай штаб корона вирусын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор уурхайчдадаа чиглэсэн бүх талын арга хэмжээг цогцоор нь шийдэж байна. Улсын онцгой комисс болон Орхон аймгийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу хүнсний хангалт болон халуун хоол үйлдвэрлэлийн компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна. Хоолны газар, хоол бэлтгэх цэгүүдэд халдваргүйтэл ариутгалыг тогтмолжууллаа. Мөн ажилчдын дархлааг дэмжихэд онцгойлон анхаарч, хоолны цэсийг шинээр гарган, халуун хоолоор хангах эрх бүхий компаниудтай хамтран ажиллаж байна. М.Балжинням

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.