ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: ИРЭХ ӨВӨЛ УТААГ 80 ХҮРТЭЛХ ХУВИАР БУУРУУЛНА

Эх сурвалж: Сайн түлш Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Улаанбаатар хотын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй албаны хүмүүс Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрийн бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн ажилтай танилцлаа. Тавантолгой түлш ХХК-ийн Баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 13 шугамтай, жилд 600 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор зургаан шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллана. Нийслэлийн зургаан дүүргийн 71 агуулах болон үйлдвэрт 73 мянга гаруй тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн. Харин мидлинг буюу түүхий эдийн нөөц дундын агуулахад 386 мянган тонн, баруун бүсийн үйлдвэрт 32 мянга, зүүн бүсийнхэд 2000 тонн болжээ. Шахмал түлшний борлуулалтын цэгийн тоо өнгөрсөн онд 400 байсан бол энэ жил 1000 болгоно. Мөн 500 өрхийн дунд нэг байсан цэгийг энэ жил 200 өрхөд нэг байхаар тооцоолж 11 бааз, 550 савлагч ажиллуулна гэж Тавантолгой түлш компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав. Тус компани мөн угаарын хийн хордлогод өртөхөөс сэргийлэх, зуухны стандарт, зөв галлагаа хийхтэй холбоотой сургалт, сурталчилгаа, мэдээллийг иргэдэд хүргэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх баруун бүсийн үйлдвэртэй танилцах үеэрээ тухайн үйлдвэрт шинээр ашиглалтад оруулж байгаа зарлан мэдээллэх төв болон үйлдвэрийн автоматжуулалтын удирдлагын системийн үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Мөн зарлан мэдээллэх төвөөр компанийн нийт ажилчдад мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ. Засгийн газрын 2020 оны 35 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж эхэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд бүтээн байгуулалтын ажлын явц, үйлдвэрийн үндсэн барилга, тоног төхөөрөмжийн угсралт, газар доорх байгууламж, газын бойлер, агуулах, цахилгааны дэд станц, 150 ажилчны амрах байр, нийтийн халуун ус, хоолны газар зэргийн барилгын ажлын явцтай танилцав. Үйлдвэрийг ирэх 11 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд ажил 48 хувьтай байна. Тавантолгой түлш компанийн хамт олон 2018 оноос хойш шахмал түлшний үйлдвэрлэлт, тээвэрлэлт, борлуулалт, нийлүүлэлтийг хариуцан ажиллаж агаарын бохирдлыг 50 хувь бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэв. Зүүн бүс дэх үйлдвэрийг ашиглалтад оруулснаар агаарын бохирдол 80 хувь буурна, цаашид 2400 гаруй уурын зуухыг сайжруулсан шахмал түлшээр хангах, агаарын чанарын бүсэд орох хороо, дүүргийн тоог нэмэх зэргээр цогц арга хэмжээ авах гэж байгаа тухай хэлэв. Мөн Засгийн газрын зорилтыг дэмжиж сайжруулсан шахмал түлш хэрэглэн агаарын бохирдлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулж байгаа иргэдэд талархал илэрхийллээ.

У.ХҮРЭЛСҮХ: ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСОН Ч АВТОЗАМЫН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙГ БУУРУУЛАХГҮЙ

Эх сурвалж: Zasag.mn Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 4-ний өдөр Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзсан билээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. Жолооч нар Засгийн газрын бие төлөөлөгч томилж ажиллуулах, хил нэвтрэх машинуудын тоог цаашид нэмэгдүүлэх хүсэлтийг тавилаа. Мөн төмөр зам ашиглалтад орсон тохиолдолд автозамын тээвэрлэлтийг зогсоох эсэхийг тодруулж байв. Монгол Улсын Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг баримтална. Иймд автозамын тээвэрлэлтээ үргэлжүүлж, жилд 20 сая тонн, төмөр замаар 30 сая тонн нүүрс тээвэрлэх зорилт тавьж байна. Цаашид автотээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, тээврийн замыг өргөтгөн сайжруулна. Төмөр зам, автозамын нүүрс тээвэрлэлтийг хослуулан явуулах учир жолооч нар аюулгүй байдлаа хангаж, холбогдох дүрэм журмын дагуу ажил үүргээ хэвийн үргэлжлүүхийг захилаа. Засгийн газраас жолооч нарын ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар шаталсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна. Тухайлбал 2018 онд Ерөнхий сайдыг мөн Гашуунсухайт боомтод ажиллах үед боомтоор орж, гарахдаа түр амраад ахуйн үйлчилгээ авах үйлчилгээний төвтэй болох хүсэлтийг жолооч нар тавьж байсны дагуу Засгийн газраас холбогдох шийдлийг гаргасан. Өнөөдөр биелэлээ олж Гашуунсухайт боомтын дэргэд Тайван зогсоол байгуулж байна. Тус газрын барилга угсралтын гүйцэтгэл 86%- тай үргэлжилж байна. Тайван зогсоол 2500 авто зогсоолтой, нэг ээлжинд 14000 жолооч үйлчлүүлэх боломжтой. Эмнэлэг, 220 хүний суудалтай кино театр, хоолны газар, үсчин, гоо сайхан, халуун усны газрууд тус тус үйлчилгээ үзүүлнэ. Жолооч нар замын алжаалаа тайлж тайван амрах нөхцөл бүрдүүлж байна. 24 цагийн харуул хамгаалалттай, хяналтын камерийн системтэй, зогсоолын талбай болон цогцолбор тэрчигтээ бүрэн гэрэлтүүлэгтэй байх аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ТӨМӨР ЗАМ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 09 дүгээр сарын 3-4-ний өдөр Дорноговь, Өмнөговь аймагт ажиллан газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, Тээвэрчдийн үйлчилгээний цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан. Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан: Тавантолгойн нүүрсний ордын гадаргуугийн ерөнхий төлөвлөгөөг энэ ордод түшиглэсэн аж үйлдвэр, дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан гаргах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар танилцуулж, тусгай зориулалтын компани байгуулах, хувь эзэмшлийг нь тогтоох, шаардлагатай үлдэгдэл хөрөнгийг санхүүжүүлэх тухай хэлэлцүүлэх Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц барих талаар холбогдох арга хэмжээ авах, шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргуулах Өмнийн говийн бүтээн байгуулалтад гадаргын болон гүний усыг байгаль, экологийн танцвэрийг алдагдуулахгүйгээр зохистой ашиглах нөхцөл, боломжийн талаарх эдийн засаг болон эрх зүйн үндэслэл, танилцуулга хийх Эрдэнэс-Тавантолгой компанийн хөрөнгө оруулсан, санхүүжүүлсэн төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, зарцуулалтад хяналт шалгалт хийх зэргийг холбогдох сайд, агентлаг болон аймгуудын Засаг дарга нарт даалгав. САЙНШАНД-БАРУУН-УРТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ Сайншанд-Баруун-Урт, Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн 846 км төмөр замыг барихад 1,1 тэрбум ам. доллар шаардлагатай. ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон зүүн бүсийн босоо тэнхлэгийн энэ төмөр замыг барих бэлтгэл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР Талбайн тэгшлэгээний ажлыг ирэх сарын дундуур дуусгахаар төлөвлөсөн. Хүхэр, устөрөгч ялгах байгууламжийг барихаар Франц, Итали, Шведийн дэлхийд нефть-химийн салбарт тэргүүлдэг компаниуд материалаа ирүүлсэн байна. Эдгээр лицензтэй технологийн байгууламжуудыг 2022 оноос, лицензгүйг ирэх оноос барьж эхлэх юм. 549 айлын орон сууц, оффис үйлчилгээ, үйлчилгээний төв, ажилчдын хооллох газар, сургууль, цэцэрлэг бүхий хотхоныг 2019 оноос барьж байгаа. Ирэх 11 дүгээр сард заримыг нь, 2024 оны зун бүрэн ашиглалтад хүлээн авахаар төлөвлөөд байна. ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 414.6 КМ ТӨМӨР ЗАМ Бүтээн байгуулалтад дотоодын 94 аж ахуйн нэгж, 6000 гаруй инженер, техникийн ажилчин, 2900 техник оролцож байна. Доод бүтцийн газар шорооны ажил 99 хувь, хоолойн ажил 97, зөрлөгийн барилга 73, өртөөний барилга 41 хувийн явцтай. Дээд бүтцийн 54 км-ын ажлыг Улаанбаатар төмөр зам ХНН, 15.8 км-ыг Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгээд байна. Төмөр замын 27 байршилд тавих 2500 орчим метр урт гүүрийн ажлын явц 73, эрчим хүчний шугамын ажил 60 хувь хүрчээ. Улаанбаатар төмөр зам ХНН 11 дүгээр сарын 30-ны дотор дээд бүтцийн барилга, угсралтаа дуусгахаар төлөвлөсөн байна. ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН 240 КМ ТӨМӨР ЗАМ Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн нүүрс тээвэрлэх бөгөөд энэ нь автомашинаар тээвэрлэснээс дөрөв дахин бага зардал гаргана гэсэн үг юм. Замын доод бүтцийн газар шорооны ажил 95, хоолой 98.5, гүүр 37, дээд бүтцийн ажил 32 хувьтай. Одоогоор 73 км зам тавиад байна. ТЭЭВЭРЧДИЙН ХОТХОН Тавантолгойн нүүрсний уурхайн аман дээр үүсдэг тээврийн хэрэгслийн урт дараалал, эмх замбараагүй байдал, жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2018 оны 07 дугаар сараас барьж эхэлсэн. 1000 автомашины зогсоолтой, 500 хүнд нэг зэрэг үйлчлэх хүчин чадалтай, иж бүрэн цогцолборын Ачилт хүлээлгийн талбай, шатахуун түгээх гурван станцын ажил үндсэндээ дууссан. Жолооч нарын амрах байр, халуун ус, эмнэлэг, зоогийн газар, худалдаа, ахуйн үйлчилгээний төв зэрэг барилгын ажил 67, захиргаа, зочид буудал, авто оношлогоо, авто засварын газрын ажил 70 хувьтай байна. ТАЙВАН ЗОГСООЛ ЦОГЦОЛБОР Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг 14 мянга гаруй жолооч эрүүл, аюулгүй орчинд амрах, хооллох, төрийн үйлчилгээг нэг дороос авах, амралт, чөлөөт цагаа зөв өнгөрөөх зорилгоор 2018 оны 09 дүгээр сараас цогцолборыг барьж эхэлсэн. Цогцолбор ашиглалтад орсноор том оврын 2500 тээврийн хэрэгсэл /60 км урт дарааллыг хүлээн авах боломжтой, камерын хяналтын систем, харуул хамгаалалттай, бүрэн гэрэлтүүлэгтэй/ байрлах авто зогсоолтой болно. Зам талбай, гэрэлтүүлэг, гэрэлт цамхаг, уурын зуух, цахилгаан дамжуулах шугам, цэвэр усны шугам, өндөр хурдны шилэн кабель зэргийг ашиглалтад оруулсан. Мэс засал, сэхээн амьдруулах, үзлэгийн өрөө, эмийн сан, ЭХО, хэвтэн эмчлүүлэх тасаг зэргээс бүрдсэн 34 өрөөтэй эмнэлэг, 418 ортой зочид буудал, нэг зэрэг 40 хүнд үйлчлэх халуун ус, саун, угаалгын газар, хоногт 5000 хүнд үйлчлэх зоогийн газар, төрийн нэг цэгийн үйлчилгээ, ахуйн үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех зэрэг барилгын ажлыг энэ онд дуусгаж цогцолборыг ашиглалтад хүлээн авах юм.

Хүүхдийн 1,072 хувьцааны ногдол ашгийг ebarimt системд бүртгүүлэн авах заавар

​ Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 1,072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг иргэдийн данс руу есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн шилжүүлэх ажил үргэлжилж байна. 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд Эрдэнэс тавантолгой ХК-ийн хувьцаа олгогдохгүй юм. Харин энэ хугацаанаас өмнө төрсөн хүүхдүүд авах боломжтой. Хүүхдийнхээ ногдол ашгийгebarimt сайт болонаппликэйшн ашиглан авч болох нь. 18-аас доош насны Монгол Улсын иргэн (хүүхэд) ebarimt-д ШИНЭЭР БҮРТГЭЛ үүсгэн Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааны ногдол ашиг авах хүсэлт илгээх заавар: АЛХАМ 1: Ebarimt аппликейшн болон сайтад хандаж бүртгүүлэх товчийг дарна. /Вэбсайт:www.ebarimt.mn, аппликейшний нэр: ebarimt / АЛХАМ 2:Бүртгүүлэх талбарт РД /кирилл үсгээр бичнэ/ болон ebarimt-д бүртгэлгүй и-мэйл хаяг, утасны дугаар оруулан бүртгүүлэх товчийг дарна. АЛХАМ 3:Бүртгүүлсэн и-мэйл хаягт илгээгдсэн нэвтрэх нэр нууц үгийг ашиглан ebarimt-д нэвтрэхэд, миний бүртгэл хэсэгт таны хүүхдийн овог, нэр, банк, дансны дугаар автоматаар үүссэн байх ба та тус мэдээллийг шалган, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ногдол ашиг авах хүсэлтийг баталгаажуулснаар таны хүүхдийн дансанд ногдол ашиг ажлын 3 хоногт шилжин орно. Хүсэлт гаргасны дараа иргэн та өөрийн бүртгэлээр ebarimt аппликейшнд нэвтрэн орж үйлчилгээ цэсээс Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв-ийг сонгож Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ногдол ашиг авах хүсэлт баталгаажсан болон өөрийн дансанд шилжиж орсон эсэхийг харах боломжтой.

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Эх сурвалж: GoGo.mn Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 2019 оны ногдол ашгийн 14.8 хувийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлснийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв компаниас мэдээллээ. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 85 хувийг төр, үлдсэн хувийг аж ахуйн нэгжүүд, иргэд эзэмшдэг юм. Эхний ээлжид үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулсан 857,491 иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн байна. 1072 хувьцааны нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцсон бөгөөд татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болно гэдгийг мэдээлж байв. 1072 хувьцаатай иргэн ногдол ашиг болох 86832 төгрөг авах юм. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.768. Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ. Хоёр сая иргэнд 179 тэрбум 830 сая төгрөгийг 2019 оны ногдол ашиг болгон хуваарилах юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.