“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

​ Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоолоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр явагдах болсныг мэдэгдэж байна. Хурлыг компанийнwww.ett.mnхаяг Live цонх,www.facebook.com-ийн 1072 Хувьцаа Мэдэээллийн төв хуудсаар шууд дамжуулна. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд: 1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай; 2. Ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах тухай; 3. Компанийг нээлттэй хувьцаат компани болгох арга хэмжээний тухай; 4. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай; 5. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах тухай. Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2020 оны ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахыг мэдэгдье. Хувьцаа эзэмшигчид ээлжит хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан танилцаж болох баримт бичиг болон холбогдох мэдээллийг компанийн цахим хуудасwww.ett.mnхаягаар эсхүл хурал зохион байгуулах комиссоос доорх хаягаар ажлын цагаар холбогдож авч болно. Хаяг: Финанс төв, Жигжиджавын гудамж-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160, Монгол Улс Цахим хаяг:www.ett.mn Утас: 70118585 Цахим шуудан: [email protected] ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

​ Эрдэнэс-Тавантолгой ХК Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, талууд өнөөдөр /2020.04.08/ гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Монголын хуульчдын холбоо Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ажилчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьчдилан сэргийлэх, компанийн засаглалыг хөгжүүлэх болон дүрэм журмын төсөл боловсруулах талаар зөвлөмж өгөн ажиллах юм. Түүнчлэн бүхий л салбар эрх зүйн чиглэлээр сургалт, судалгааны ажил, зөвлөх үйлчилгээ, олон улсын болон дотоодын хурал, зөвлөгөөн, бусад арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана. Энэ үеэр Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллахад таатай байгааг дуулгаад Уг санамж бичиг бол хамтын ажиллагааны эхлэл, цаашид олон чиглэлээр хамтран ажиллаж, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна хэмээн хэллээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 9 дэд зорилт, 33 арга хэмжээг тусгажээ. Дэд зорилтод, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд багтсан байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт суулгасан төсөл хөтөлбөрүүдийг газар дээр нь судалж, яамнаас бодлогын чиглэлд дэмжлэг үзүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын дэд дарга Б.Энх-Амгалан нарын албаны хүмүүс Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т ажиллалаа. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн томоохон төслүүдийг хөдөлгөнө Ирэх 4 жилд хэрэгжих боломжтой, урьдчилсан байдлаар тооцоо судалгаа нь хийгдсэн, хөрөнгө оруулалт нь шийдэгдэх боломжтой төслүүдийг Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгажээ. Үүнд, Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехүүдийн өргөтгөл шинэчлэлийн ажил багтсан байна. Мөн нэмүү өртөг шингэсэн дэд хөтөлбөрийн хүрээндЗэсийн баяжмал боловсруулах үйлдвэрболонИсэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх төслүүдийгхэрэгжүүлэхээр болжээ. Үйлдвэрлэлийг хөнгөвчлөх, зардлыг бууруулах, металл авалтыг хэвийн хэмжээнд хадгалахад баяжуулах үйлдвэрт нэвтрүүлж буй өргөтгөл шинэчлэлтийн ажил чухал ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар баяжуулах үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулж байгаа бол өргөтгөл шинэчлэлийн дараа 35 сая тонн болж нэмэгдэнэ гэсэн тооцооллыг гаргажээ. Уг бүтээн байгуулалтыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Сүүлийн гурван жилд Эрдэнэт үйлдвэр 20 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг геологи, хайгуулын ажилдаа зарцуулжээ. Үүний үр дүнд үйлдвэрийн насжилт 20 жилээр нэмэгдэж, 60 жилийн нөөцтэй гэсэн баталгааг өгч байна. Үйлдвэрийн нөөц нэмэгдэж, ажиллах хугацаа уртассан ч, олборлолтын улмаас ил уурхай гүнзгийрэх тусам уул геологийн нөхцөл муудаж, хүдрийн хатуулаг нэмэгдэж, агуулга ядуурч буй нь Эрдэнэт үйлдвэр-ийн хувьд одооноос бэлтгэл хангахаас аргагүй асуудал юм. Энэ нөхцөл байдалд бүтээгдэхүүнээ бууруулахгүй, эдийн засаг, санхүүгийн хүрсэн түвшнээ алдахгүй байх нь юу юунаас чухал. Тиймээс тодорхой алхамууд хийж, 2031 он болтол ашигт ажиллагааны түвшинг хэвийн хэмжээнд хадгалах зорилготойгоор ил уурхай, баяжуулах фабрикийн шинэчлэлд салбар яамны зүгээс бодлогоор дэмжин, анхаарч ажиллаж буйгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон онцоллоо. Тэрбээр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордод Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн далд уурхай, Асгатын мөнгөний орд, Багануур, Шивээ-Овоогийн өргөтгөл шинэчлэлийн ажлууд багтаж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тэр дундаа, Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгойн мөнгөн урсгалаас монголын эдийн засаг хамаардаг гэхэд хилсдэхгүй.COVID-19 цар тахлаас хамаарч манай улс хоёрдугаар сараас эхлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг онцгой нөхцөлд тээвэрлэх журам гаргасан. Үүнээс үүдэж, эдийн засагт оруулахаар төлөвлөсөн экспорт 50 гаруй хувиар буураад байна. Харин Засгийн газар зэсийн экспортыг бодлогоор дэмжсэний дүнд Эрдэнэт үйлдвэр 2019 онд 37,2 тонн хүдэр олборлож, 32,2 сая тонн хүдэр боловсрууллаа. Эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт ч гэсэн энийгээ дагаад өссөн байна гэдгийг салбарын сайд тодотгов. Мөн Уул уурхайн үйлдвэрийн хөгжил үндсэн дөрвөн зүйл дээр тогтдог гэж хувьдаа боддог. Нэгдүгээрт, түүхий эдийн баталгаатай, найдвартай нөөц. Эрдэнэт үйлдвэр наанадаж 60 жил ажиллах нөөцөө баталгаажуулсан. Хоёрдугаарт, хүний нөөц буюу сайн боловсон хүчин. Энэ хоёр л байвал дараагийн хоёр буюу шинэ техникийг худалдаж авах, ямар ч шилдэг технологийг нэвтрүүлж, нутагшуулж болно.Тиймээс үе үеийн уурхайчид бэлтгэгдэн гардаг Эрдэнэтийн үйлдвэр хөгжих ирээдүй, итгэл төрж байна гэдгийг үйлдвэрийн ажилтнуудтай уулзах үеэрээ хэлсэн юм. Уурхайн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой.Харин зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах амаргүй ажил. Энэ талаар Монголын төр, засаг, уурхайчид олон жил ярьсан. Зэсийн баяжмал хайлуулж, боловсруулах үйлдвэрээс гарах хүхэрлэг хийг яах вэ гэдэг асуудал байдаг. Олон нийт, орон нутаг байгаль орчинтой холбоотойгоор дэмждэггүй зовлонтой. Хүхэрлэг хийг шингэн байдалд шилжүүлж хүхрийн хүчил үйлдвэрлэх нь хамгийн боломжит хувилбар. Ингэлээ гэхэд гаргасан хүхрийн хүчлээ яах вэ гэдэг толгойн өвчин. Үүнийг шийдэх фосфор, жоншны баяжмалтай хорьж бүтээгдэхүүн гаргах, ураны үйлдвэрлэлд хэрэглэх гэсэн хувилбарууд бий ч гурвуулаа бүтэмж муутай байгаа. Хүхрийн хүчил үйлдвэрлэх хувилбар нэлээд мухардмал болсон. Өөр гарцыг манай инженер, холбогдох хүмүүс гадаадын мэргэжлийн байгууллагатай хамтран судалж байгаа гэв. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьснаар зэсээс гадна мөнгө гаргаж авах боломжтой. Мөн бага хэмжээний алт, бусад элементүүд ч гарахыг үгүйсгэхгүй. Өнөөдөр үйлдвэр 800 сая орчим ам.долларын орлого олдог бол зэсийн баяжмалаа хайлуулснаар тэрбум ам.доллар олох боломжтойг үйлдвэрийн захирлууд хэлж байлаа. Уул уурхайн сайдаар ахлуулсан ажлын хэсэг дараа нь Бэрэн металл төмөрлөгийн үйлдвэрийн ажилтай танилцсан. Манай улс ган, төмөрлөгийн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээний 80 хувь буюу 300-аад мянган тонныг өмнөд хөршөөсөө импортолдог. Энэхүү импортын хараат байдлаас гарах, барилгын арматурын импортын хэрэглээг багасгаж, хэрэгцээт зах зээлийн ихэнх хувийг дотоодоосоо хангах боломжтой гэдгийг Бэрэн металл компанийхан салбарын сайдад дуулгасан юм. Манай улс жилд 8.4 сая тонн төмрийн хүдэр экспортод гаргадаг. Энэ нь, дунджаар 4 сая.т ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээ юм. Мөн 36.5 сая т коксжих нүүрсийг Хятад болон олон улсын зах зээлд борлуулж байна. Улмаар хятадууд үйлдвэрлэлийн зардлаа шингээгээд эргээд монголд нийлүүлж байгаа нь их алдагдал хүлээдгийг үйлдвэрийн инженерүүд учирласан. Мөн тус үйлдвэрийнхний зүгээс Баргилтын уурхайгаас хүдэр нийлүүлэх сонирхлоо илэрхийлж, дотоодын үйлдвэрүүдээ дэмжиж ажиллахыг хүслээ.

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ 2022 ОНЫ 7-Р САРД АШИГЛАЛТАД ОРНО

​ УИХ-ын дарга Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцлаа. Энэ чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 орчим км үргэлжилж, 2 өртөө, 6 зөрлөгтэй баригдана. Тус төмөр зам нь 1-р зэрэглэлийн UIC- 60 зам төмөр бүхий уулзваргүй, нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, малын 8 гарцтайгаар баригдаж байна. Одоогоор уг төсөлд 300 гаруй инженер техникийн ажилтан, 1470 гаруй ажилчин, 510 гаруй машин механизм ажиллаж байна. Цар тахлын улмаас зарим техник хэрэгслүүдийг гаднаас оруулж ирэх боломж хомсодсон тул монгол инженерүүд төмөр зам барихад шаардлагатай зарим техник хэрэгслүүдийг өөрсдөө зохион бүтээн, ажиллуулж байгааг УИХ-ын дарга сайшааж, коронавирусийн нөхцөл байдлыг боломж болгон ашиглаж байгаа Тавантолгой төмөр замын хамт олонд баяр хүргэлээ. Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой. Түүнчлэн БНХАУ-ын Хуанхуа, Тяньжин, Чиндао, Жинжоу далайн боомтын хотууд болон гуравдагч оронд тээвэрлэлт хийх боломж нээгдэж, Монгол Улсын уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ. Одоогоор газар шорооны ажил 92.3, эвдрэл гэмтэл засварлах ажил 94.2, ус зайлуулах хоолойн ажил 79, гүүрийн ажил 56 хувьтай, нийтдээ доод бүтцийн ажлын 83.5 хувь нь хийгдсэн бол дээд бүтцийн ажил 16.7 хувь буюу 42 км төмөр замын үеийг угсраад байна. Барилгын ажил 2022.07.01-нд дуусна. Төслийн захиалагчаар Тавантолгой төмөр зам ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр Бодь интернэшнл ХХК ажиллаж байна. ЭХ СУРВАЛЖ:http://www.parliament.mn/

Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын 42 км дээд бүтцийг угсарчээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлыг энэ онд эрчимжүүлж, одоогоор газар шорооны ажил 87.15 хувь, ус өнгөрүүлэх хоолой, мал амьтны гарцын ажил 97,44 хувь, гүүрийн ажил 37,62 хувь, замын дээд бүтцийг 42 км газар угсраад байна. Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд өртөг нь тонн тутамд 30-32 ам.доллар байдаг бол энэхүү төмөр зам ашиглалтад орсноор дээрх үнэ даруй 2 дахин буурах боломжтой юм. Төслийн хүрээнд нийт 2 өртөө, 6 зөрлөг баригдах бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгаар дайран өнгөрч, жилд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн, экспортлох боломжтой аж.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.