Ган бөөрөнцгийн агуулах барьж байна

Баяжуулах үйлдвэрийг технологийн гол түүхий эдээр хангадаг Ган бөөрөнцгийн цехийн дэргэд Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн шугамаар нөөц шаар хадгалах ил агуулах барьж байна. Хөвсгөл аймгийн Бумбаах компани уг ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэлтэй явна. Металл угсралтын ажил дууссан, одоо цутгалт эхлэхэд бэлэн болжээ. Гүйцэтгэгч компанийнхан 1500 тонны багтаамжтай уг агуулахыг энэ сардаа багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр шамдаж байна. Тус цех энэ онд 17101 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж Баяжуулах үйлдвэрт нийлүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор 4553 тонныг үйлдвэрлээд байна. Нөөц шаар хадгалах 1000 тонны багтаамжтай хоёр агуулах байгаа хэдий ч үйлдвэрлэл өссөн энэ үед багтахгүй, цехийн гаднах талбайдаа тааранд хийж тавих, задгай асгах зэргээр хуримтлуулж байгаа юм. Шинэ агуулах баригдсанаар цехийн эмх цэгц сайжирна гэж Ган бөөрөнцгийн цехийн дарга А.Отгончулуун ярилаа. Удахгүй, тус цехийн шал, металл хийцийг үйлдвэрийн орчинд ашиглах зориулалт бүхий резинэн будгаар будах ажил эхэлнэ. Ингэснээр өнгө үзэмж сайжраад зогсохгүй дуу чимээ намсаж, тоос тогтохгүйн дээр металл хийцүүдийг зэврэлтээс хамгаалж тоног төхөөрөмжүүдийн насжилт уртсах нөхцөл бүрдэх юм. М.ОДГЭРЭЛ Б.БАТТӨГС

Монголбанкны худалдан авсан үнэт металл өнгөрсөн оноос 4.8 тонноор өсжээ

Монголбанк 2020 оны зургаадугаардугаар сард 2.3 тн үнэт металл худалдан авчээ. Ингэснээр 2020 он гарснаас хойш худалдан авсан нийт үнэт металлын хэмжээ 10.8 тоннд хүрч байна.Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тонноор өссөн үзүүлэлт юм.Монголбанкны нийт худалдан авсан 10.8 тн үнэт металлын 9.1 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна. 2020 оны зургаадугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 63.9 кг,Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81.9 кг үнэт металл худалдан авав. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 565 кг үнэт металл худалдан авлаа. Монголбанкны нэгграмм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны зургаадугаар сард 156,422.38 төгрөг байлаа.

Гаалийн Ерөнхий газраас Эрдэнэт үйлдвэрт “Итгэмжлэгдсэн аж ахуй нэгж” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Олон улсын худалдааг хөнгөвчлөх, бараа нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангах, гааль, бизнесийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Гаалийн Ерөнхий газар Эрдэнэт үйлдвэрт Итгэмжлэгдсэн аж ахуй нэгж хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл хангаж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн холбогдох газар, хэлтэс, цехийн мэргэжилтнүүд гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжид тавигдах шаардлага, хөтөлбөрийн ач холбогдол, экспорт, импортын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжид гаалийн итгэмжлэл олгох шалгуур, аж ахуйн нэгжийг үнэлэх, баталгаажуулах бэлтгэл үе шат сэдвээр номын дуу сонсож, гаалийнхан мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Гаалийн Ерөнхий газар итгэмжлэлийг экспорт, импорт, олон улсын худалдаа, тээвэр, гаалийн зуучлал зэрэг зургаан төрлөөр эхний ээлжинд зарлахаар төлөвлөжээ. Харин Эрдэнэт үйлдвэрийн хувьд зэсийн баяжмалын экспортын үйл ажиллагаанд итгэмжлэл санал болгож байна. Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж болсноор гаалийн бүрдүүлэлт, гадаад худалдааны чиглэлээр Монгол улсын хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх томоохон хөнгөлөлтүүд эдлэхээс гадна өөрсдийн байр, агуулах, талбайдаа гаалийн бүрдүүлэлт хэрэгжүүлж цаг, мөнгө хэмнэх нөхцөл бүрдэх юм. М.ОДГЭРЭЛ ФОТО: Б.БАТТӨГС

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монголынажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлагууд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал тэргүүтэй удирдлагууд оролцлоо. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой олон жилийн түншлэлийн харилцаатай ажиллаж ирсэн бөгөөд тус холбоотой хамтын ажиллагааны хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллаж байсан юм. Мөн үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, сургаж хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллаж ирсэн. Цаашид үйлдвэрийн газрын ажилтнуудыг орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи болон туршлагад суурилсан дотоод гадаадын богино болон урт хугацааны сургалтуудад ихээр хамруулж, сурсан мэдлэгээ үйлдвэрийн газартаа нэвтрүүлэх замаар тэднийг сургаж, хөгжүүлэхтэй холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт ийнхүү гарын үсэг зурлаа.Эрдэнэт үйлдвэр, Монголын ажил олгогч эздийн холбоотой 10 гаруй жилийн хамтын ажиллагаатай байсан бөгөөд энэ хугацаанд ХБНГУ, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулсан Олон улсын түвшинд мэргэшсэн менежер бэлтгэх сургалтад Герман улсад 1 сарын хугацаатай 3 инженер техникийн ажилтан хамруулсан байна. Мөн хөдөлмөр цалин хөлсний чиглэлээр төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ мэтчилэн хамтын ажиллагааг өмнөх жилүүдээс илүү үр дүнтэй байлгах, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй болсон уурхайчдыг сургаж хөгжүүлэх, ХБНГУ, Шинэ Зеланд, Япон зэрэг улсуудад мэргэжлийн дагуу сургалтад хамруулахыг зорьж буйгаа Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурах үеэр онцоллоо.

Шадар сайд Орхон аймагт ажиллаж, “Эрдэнэт” үйлдвэрийн төслүүдийн нээлтэд оролцжээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Эрдэнэт үйлдвэрийн том төслүүдийн нээлтийн ажиллагаанд оролцжээ. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 2031 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан юм. Энэхүү үндсэн чиглэлийн хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр албан ёсоор нээлтээ эхэлж байна. Тухайлбал, Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн 4-р шугам тавих төсөл, Цэвэр ус дамжуулах 3-р шугам Ф820 мм ган хоолойг угсрах төсөл болон Уурхайчин-1 орон сууцны хороолол барих төсөл, Соёл спортын Эрдэнэт цогцолбор зэрэг төслүүд зэрэг эхэлж байгаа юм. Төслүүдийн талаар үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн Уурхайчид бид үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ тогтмол давуулан биелүүлж , улс, орон нутгийн төсөвт 230 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг өнгөтэй болгох, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд үр ашиг дээшлүүлэх, шинээр ажлын байр бий болно гэсэн юм. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь зэс, мооибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм. Жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4,5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг байна. Улмаар 2022 оноос жилд 35 сая тонн хүдэр боловсруулдаг болох хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа юм. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Эрдэнэт үйлдвэр хэдий үр өгөөжтэй ашигтай ажиллана, төдий чинээ улс, орон нутгийн төсөвт асар их хэмжээгээр нөлөөлөх тул эдгээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, өртөг зардлаа бууруулан дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлнэ гэдэгт итгэж байна. Эрдэнэт үйлдвэрийн баялагийг бүтээгч уурхайчид, баяжуулагчид та бүхний ажил үйлс тэгш сайхан бүтэж, Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд түгээж, уул уурхайн салбараа өнгөлөн байдагт чин сэтгэлийн талархал илэрхийлье хэмээн онцлон тэмдэглэлээ гэжМонгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 19 Tweet

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.