МОНГОЛБАНКНААС ШИНЭЭР АЛТ, МӨНГӨН ЗООС ХУДАЛДААНД ГАРГАЖЭЭ
2020-06-19 11:18:18 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбанк төлбөрийн хэрэгсэл, дурсгалын зоос судлаач, цуглуулагч, сонирхогчдын цуглуулгыг дэмжиж, бэлэг дурсгалын зориулалтаар худалдаалж байгаа дурсгалын алтан зоос, мөнгөн зоос, алтан гулдмайн үнийг шинэчлэн тогтоожээ. Мөн худалдаанд шинээр 3 унцийн 999 сорьцтой Хот Мандал алтаар бүрсэн мөнгөн зоос, 1 унцийн 999 сорьцтой Мажестик Бүргэд мөнгөн зоосыг гаргасан байна. Монголбанкнаас гаргаж буй дурсгалын зооснуудыг онлайнаар худалдаж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудсанд байршуулжээ. Алтан зоос, алтан гулдмайн талаарх нэмэлт мэдээллийг Эрдэнэсийн сангийн 11-329677 дугаарын утсанд хандаж авах боломжтой. Эх сурвалж: Монголбанк
Монгол Улсад банк, санхүүгийн тогтолцоо бэхжин, хөгжихөд хувь нэмрээ оруулж ирсэн банкны салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, харилцагчид Та бүхэнд Банкны ажилтны өдөр-ийн мэндийг хүргэе! Монгол Улсад банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаа үүсэж хөгжөөд өдгөө 96 жилийн ой тохиож байна. Банк санхүүгийн салбар нь манай улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Монголбанкны хувьд үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, дэд бүтцийг бүрдүүлэх чиглэлд бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн 3 жилд банк, санхүүгийн салбарт хууль эрх зүйн шинэчлэл амжилттай хийгдэж, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал хангагдаж ирлээ. Монголбанкнаас эдийн засгийн хүндрэлээс сэргийлж, өрийн дефолтод орохоос зайлсхийх хөтөлбөр, арга хэмжээг Засгийн газартай хамтран амжилттай хэрэгжүүлэн ажиллаа. Үүний үр дүнд сүүлийн 3 жилд инфляци зорилтот 8 хувийн түвшинд хадгалагдаж, эдийн засгийн өсөлт 5%-иас давж, гадаад валютын нөөц 9 сарын импортын хэрэгцээг хангах түвшинд хүрч нэмэгдсэн. Энэ нь дэлхий даяар тархсан коронавирус (Ковид-19)-т цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах эдийн засгийн чадавхи, дархлааг бий болгох суурь болж байна. Эдийн засгийн хүндрэлийг сөрөг нөлөө багатайгаар даван туулах зорилгоор Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Тухайлбал, Олон Улсын Валютын сан (ОУВС)-ын Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улс хамрагдаж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 99 сая ам.долларын санхүүжилт авах хэлэлцээрийг эцэслэн тохирлоо. Түүнчлэн Азийн хөгжлийн банк, дэлхийн банк болон бусад доноруудын дэмжлэг, санхүүжилт үргэлжлэн орж ирэхээр хүлээгдэж байна. Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны 10 дугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагууд нягт хамтран ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажилласан. Холбогдох тайлангаа 2020 оны 1 дүгээр сард болсон ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн БНХАУ-д зохион байгуулсан хурал болон 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан цахим хурлаар амжилттай танилцуулж, хамгаалав. Үүний үр дүнд ФАТФ-аас ирүүлсэн тайлангаар Монгол Улс өгөгдсөн 6 ажлын үүрэг даалгавраа хангалттай биелүүлсэн гэдэг үнэлгээг ирүүллээ. Цаашид Монгол Улсын гаргасан ахиц, дэвшлийг үнэлэх үйл ажиллагааг газар дээр нь ирж шалгах арга хэмжээг авах бөгөөд үүний дараа ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргах асуудал шийдэгдэнэ. Монголбанкнаас эдийн засагт тулгарч буй сорилтыг хохирол багатай даван туулахад шаардлагатай бодлого, арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашид санхүүгийн зуучлалыг тасалдуулахгүй байх, эдийн засгийн идэвхжилийг дэмжих арга хэмжээг үргэлжлүүлэн авах болно. Энэ зорилтыг амжилттай ханган биелүүлэхэд банк, санхүүгийн салбар чухал үүрэг гүйцэтгэнэ. Монгол Улсын банк, санхүүгийн салбарын хамт олондоо ажлын өндөр амжилт хүсч, сайн сайхан бүхнийг ерөөе! МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН 2020 оны 6-р сарын 02
ОЛОН УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООГЧ ФИТЧ АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭВЭЭР ХАДГАЛЛАА
2020-05-30 10:36:18 Нийтлэгдсэн: Эдийн засагФитч агентлагаас 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хэвлэлийн мэдээнд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B, төлөвийг Тогтвортой хэвээр үнэлсэн талаар дурджээ. Коронавирусийн шокын нөлөөллөөр, түүхий эдээс өндөр хамааралтай улмаас ДНБ болон экспортын өсөлт огцом саарч, төсвийн санхүүжилт тасалдаж, гадаад буфер муудсан нь Зээлжих зэрэглэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж байна. Гэсэн хэдий ч үүсээд буй шокоос хамааралтай нөхцөл байдал түр хугацаанд үргэлжлэх төдийгүй 2021 оноос эдийн засаг огцом сэргэж засгийн газрын өр/ДНБ-ий харьцаа буурах тул Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр хадгалжээ. Гадны хөрөнгө оруулагч донор байгууллагуудаас орж ирэх санхүүжилтийн урсгал нэмэгдэх хүлээлттэй байгаа нь үнэлгээнд эерэгээр нөлөөлж байна. Гэсэн хэдий ч эрсдэл өндөртэй нөхцөл байдлаас шалтгаалан үнэлгээг В хэвээр үлдээсэн тухай Фитч агентлаг онцолжээ. Хүснэгт 1: SP агентлагаас Монгол Улсад өгсөн зээлжих зэрэглэлийн одоогийн үнэлгээ: Огноо 2020.05.29 Урт хугацаат B stable Богино хугацаат B Фитч агентлаг Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг 2021 онд 7.1 хувийн өсөлттэй байх боловч 2020 онд эдийн засгийн өсөлт -2 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. Монгол улсын экспортын 90 орчим хувийг дангаар эзэлж буй БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар болон хөрөнгө оруулалт 2020 оны 4 дүгээр сараас эхлэн сэргэж түүхий эдийн эрэлт нэмэгдэхээр байгаа тул энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн Монгол Улсын экспортын өсөлт сайжирна гэсэн хүлээлттэй байна. Гэсэн хэдий ч дэлхий даяар тархсан вирусийн халдвар МУ-ын сэргэж буй эдийн засагт сөргөөр нөлөөлөгч томоохон эрсдэл болсоор байна. Бодит ДНБ-ий өсөлт эхний улирлын байдлаар 10.7% хувиар буурсан нь коронавирусийн халдварыг тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэнтэй холбоотой байв. Энэхүү арга хэмжээнд 2 болон 3-р саруудад БНХАУ руу нүүрс экспортлохыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан бөгөөд хил хаасантай холбогдуулан олон улсын нислэг болон төмөр замын үйл ажиллагаанд хязгаарлалт тавих зэрэг хөл хориотой холбоотойгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд багтаж байна. Үүний зэрэгцээ Монгол Улсад корона вирусийн халдвараар өвчилсөн 141 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд халдварыг эрт үед оношилж, эмчлэх үйл явц маш сайн байгаа тухай дурдав. Фитч агентлаг төсвийн тэнцэл өнгөрсөн онд 1.4 хувийн ашигтай гарсан үзүүлэлттэй харьцуулахад энэ онд төсвийн алдагдлыг ДНБ-ий 7.1 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. 2020 оны 3 дугаар сард эрх баригчдын зүгээс цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэхээр хүлээгдэж буй ДНБ-ий 13 орчим хувьтай тэнцэхүйц багц арга хэмжээг зарласан юм. Үүнээс төсвийн алдагдлыг шууд өсгөх зардал нь ДНБ-ий 4 хувьтай тэнцэнэ гэж тооцоолж байна. Төсвийн гол тэргүүлэх чиглэлүүдэд дэд бүтцийн зарим төслүүд, татварын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ багтаж байна. Төсвийн алдагдал нэмэгдэж, эдийн засгийн өсөлт хумигдсан нь 2019 оны эцэст нийт засгийн газрын өр ДНБ-ий харьцаа 2019 онд 65 хувьтай тэнцэж байсан бол 2020 оны эцэст 70 хувь болж өснө гэж таамаглаж байна. Фитчийн төсөөлж буйгаар засгийн газрын нийт өрийн хэмжээ 2021 онд буурах чиглэлд орж, 2024 онд ДНБ-ий 57 хувьд хүрэхээр байна. Энэ нь одоогийн B зэрэглэлийн медиан үзүүлэлт 60 хувиас доогуур байгаа юм. Сүүлийн жилүүдэд төсвийн орлого болон гадаад зах зээл дээрх түүхий эдийн үнэ нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт сэргэж 2016 онд ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байсан гадаад өрийн хэмжээг бууруулахад томоохон түлхэц болсон юм. Фитч агентлагийн төсөөлж байгаагаар ГВУН-ийн хэмжээ 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар 4.1 тэрбум ам.доллароос буурч 2020 оны эцэст 3.1 тэрбум ам.доллар хүрэхээр байна.Энэ нь нэг сарын гадаад төлбөр тооцоог 4.1 дахин төлж барагдуулах түвшин юм. Засгийн газрын баталгаагаар хувийн секторын (ХХБ) гаргасан 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдсэний дараа Монгол Улсын ЗГ 2021 оны 4 дүгээр сар хүртэл гадаад үнэт цаасны үндсэн төлбөрийн төлбөр тооцоог хийхээргүй байна. Фитч агентлагийн таамгаар урсгал дансны алдагдал 2020 онд ДНБ-ий 14.7 хувьд (буюу 645 сая ам.доллар), 2021 онд ДНБ-ий 11.9 хувьд хүрэхээр байна. 2021-2023 онуудад гадаад өрийг аажмаар төлж, дахин санхүүжүүлэх оролдлого гаргах боловч ГВУН-ийн хэмжээ бага байхаар төсөөлөгдөж буй нь зээлжих зэрэглэлийн сул тал болж байна. ОУВС-гаас шуурхай санхүүжилтийн хэрэгслийн хүрээнд төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монгол Улсад 99 сая ам.долларын зээл олгох хэлэлцээрт хүрсэн ба ОУВС-гийн Захирлуудын зөвлөл 6 дугаар сард батлах хүлээлттэй байна. Тус хэлэлцээрийг дүгнэхдээ 2020 оны 5 дугаар сарын 23-нд дуусгавар болж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс амжилттайгаар засгийн газрын өрийг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласан талаар ОУВС дурджээ. Мөн Азийн хөгжлийн банк төсвийн дэмжлэг үзүүлэх, төслийн санхүүжилт олгох зорилгоор 223 сая ам.долларын зээл, тусламжийн багцыг баталсан байна. Шуурхай санхүүжилтийн талаар мэдээлсэн ОУВС-гийн хэвлэлийн мэдэгдэлд Монгол Улсын эрх баригчид Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дараагаар дахин хөтөлбөрт хамрагдах тухай сонирхож буй талаар дурдсан байна.
ЦАХИМААР БАРАА ХУДАЛДАН АВДАГ ИРГЭДИЙГ СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2020-05-30 10:31:50 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбанк нь Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох Төлбөрийн тэнцлийн статистикийг боловсруулж, олон нийтэд мэдээлдэг. Энэхүү статистикийн чанарыг сайжруулах зорилгоор Цахим худалдааны түүвэр судалгаа-г зохион байгуулж байна. Иргэн та 2019 онд гадаад орноос хувийн хэрэгцээндээ болон худалдан борлуулах зорилгоор цахим худалдан авалт (online shopping) хийсэн болэндлинкийг дарж судалгаанд оролцож, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Бид судалгаанд оролцогчдоос 40 хүнийг санамсаргүй байдлаар сонгон 50,000 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгээр урамшуулах бөгөөд таны мэдээллийг зөвхөн статистикийн зорилгоор ашиглан нууцлалыг хууль, тогтоомжийн дагуу хадгалах болно.
МОНГОЛ УЛС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ХАНГАЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГЭЖ ФАТФ ДҮГНЭЛЭЭ
2020-05-30 10:28:18 Нийтлэгдсэн: Эдийн засагМонгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны 10 дугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр эрчимтэй ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажиллалаа. Эхний тайланг 2020 оны 1 дүгээр сард ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн БНХАУ-д зохион байгуулсан хурлаар хэлэлцүүлсэн юм. Тус хурлаар Монгол Улс ФАТФ-тай тохирсон 6 ажлын 3-ыг хангалттай гэж үнэлүүлсэн. Үүнтэй зэрэгцэн КОВИД-19 цар тахлын улмаас ФАТФ-аас стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарахтай холбоотойгоор бүх улс орнуудын үнэлгээ хийх ажлыг 4 сараар хойшлуулж байгааг мэдэгдсэн. Уг мэдэгдлийн хариуд Монголбанкны Ерөнхийлөгч болон Сангийн сайдаас 2020 оны 3 дугаар сард ФАТФ-т албан хүсэлт илгээсэн. Уг хүсэлтэд Монгол Улс нь жагсаалтаас гарахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгааг уламжлаад, манай улсад үнэлгээ хийх хугацааг хойшлуулахгүйгээр холбогдох хурлыг зайнаас зохион байгуулах хүсэлтийг илэрхийлсэн юм. Үүний үр дүнд ФАТФ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын үлдсэн ажлуудаа хамгаалах хугацааг хэвээр үлдээхийг зөвшөөрлөө. Ажлын хэсэг нь 2020 оны 4 дүгээр сард ФАТФ-тай тохиролцсон үйл ажиллагааны үлдсэн 3 ажлын явцыг тусгасан тайланг ФАТФ-ын Ази, Номхон далайн хамтарсан бүлэгт хүргүүлж, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тайлангаа амжилттай танилцуулж, хамгаалав. ФАТФ-аас ирүүлсэн тайлангаар Монгол Улс өгөгдсөн 6 ажлын үүрэг даалгавраа хангалттай биелүүлсэн гэдэг үнэлгээг өгсөн байна. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын гаргасан ахиц, дэвшлийг үнэлэх үйл ажиллагааг газар дээр нь ирж шалгах арга хэмжээг авах бөгөөд үүний дараа ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах боломжтой юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй