Байгууллагууд уялдаа холбоогоо ханган ажиллахыг анхаарууллаа
2019-06-18 08:55:33 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэлийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардорж:Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 14-17-ны өдрүүдэд үргэлжилсэн усархаг бороо орно гэсэн мэдээллийг үндэслэн байгууллагуудын хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангуулах, үер болсон тохиолдолд ажиллах хүн хүчний судалгааг гаргах зэрэг холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажилласан. 15-ны өдрийн хүчтэй салхины улмаас замын хайс, хашлага, рекламны самбар нурсан, барилгын гадна пасад, дээвэр ховхорсон, ургаа мод хурагсан зэрэг 16 дуудлага мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу УСУГ, УБЗАА, НОБГ, НМХГ зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллалаа. УСУГ-ын дарга Ц.Төрхүү:Хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас барилга байшингуудын зоорийн давхарт хөрсний ус маш их хэмжээгээр нэвчсэн. Ялангуяа Энхтайвны гүүрнээс урагш байрнуудын доороос хөрсний ус ихээр гарч эхэлсэн. Байгууллагууд насосоор соруулсан усаа бохирын худаг руу хийж байна. Энэ нь төв цэвэрлэх байгууламжид ирж буй усны хэмжээг эрс нэмэгдүүлж байна. Энэ тал дээр мэргэжлийн байгууллагууд нь арга хэмжээ авах хэрэгтэй. Цаашид ийм байдлаараа байвал цэвэрлэх байгууламж дээр хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров:Үерийн усны эрсдэлтэй бүс, үерийн далан дээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй буусан айлууд маш их байна. Одоо борооны улирал ирж байна. Энэ айлуудыг нүүлгэн шилжүүлж, арга хэмжээ авахгүй бол хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Үерийн усны аман дээр бууж голдирлыг өөрчилсөн иргэн, ААН хуулийн дагуу хэрхэн арга хэмжээ авч байгаа юм гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас асуумаар байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:Аливаа эрсдэл гарахад цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагууд нөхцөл байдлын газар дээр ажиллах үүрэгтэй. Үер усны зурваст буугаад байгаа айлуудын хувьд дүүргүүд ажлаа хийх хэрэгтэй. Дүүргийн Засаг дарга нар энэ айлуудад арга хэмжээг нь авч, мэдэгдэл өгч ажлаа хийх хэрэгтэй. Түүнчлэн Хот байгуулалт хөгжлийн газар зэрэг зөвшөөрөл өгдөг байгууллагууд нь өөрсдөө ажлаа хийх хэрэгтэй байна. Өөрсдөө хууль бус зөвшөөрлүүд олгочихдог, түүнийхээ араас хяналт тавьдаггүй. Чиг үүргийнхээ дагуу холбогдох байгууллагууд анхаарлаа тавьж ажилламаар байна. Мэргэжлийн хяналтын байгууллага зөвшөөрөлгүй буусан айлуудыг зохицуулдаг газар биш. Бид зөрчил гаргасан нөхцөлд хариуцлага тооцдог. Адаглаад Газар зохион байгуулалтын албаныхан хаана хаана зөвшөөрөлгүй газруудынхаа судалгаа, жагсаалтыг гараад өгчих хэрэгтэй. Хот байгуулалт хөгжлийн газар ч мөн зөвшөөрөлгүй баригуудынхаа жагсаалтыг гаргаад өг. Тэгвэл манай байгууллагын зүгээс зөрчлийн хэрэг үүсгээд, шалгах, хариуцлага тооцох боломжтой. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн Онцгой комиссын дарга С.АмарсайханТөрийн байгууллагууд уялдаа холбоогоо хангаж, шуурхай ажилла. Болзошгүй үер усны гамшгийн үед учирсан хор уршгийг арилгахад нэгдсэн удирдлагаар хангаж, яаралтай зохицуулалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хийж ажиллах хэрэгтэй. Ажил үүргээ гүйцэтгээд араас нь тавих хяналт тавих асуудал маш чухал. Үерийн далан, суваг шуудууны бүрэн бүтэн байдлыг хангаж, цэвэрлэгээ үйлчилгээг маш сайн хийж байх хэрэгтэй. Ус их хэмжээгээр тогтсон газрууд болон барилга байгууламжийн суурийн давхарт хуримтлагдсан усыг соруулах, зайлуулахад бүгд уялдаа холбоогоо хангаж, оролцож ажиллах хэрэгтэй хэмээн уялдаа холбоогоо ханган ажиллахыг Онцгой комиссын гишүүдэд анхаарууллаа.
Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд бүх нийгмийг хандуулах дээд хэмжээний бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 20-21-нд болно. Тус бага хурлыг Монгол Улсын Засгийн газар, ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газар, НҮБ-ын Терроризмтой тэмцэх албатай хамтран зохион байгуулах юм. Бага хурлаар терроризм, хүчирхийллээс урдчилан сэргийлэх, үүнд соёл, шашин хоорондын яриа хэлэлцээ, уялдаа холбоог сайжруулах замаар итгэлцэл бий болгох, үндэсний бодлого, стратеги, төлөвлөгөө боловсруулахад залуус, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах талаар хэлэлцэх юм. Энэ удаагийн хурал нь дөрөв дэх удаагийн дээд түвшний бага хурал бөгөөд өмнө нь Душанбе, Сөүл, Ташкент зэрэг хотод болж байжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар Налайх дүүрэгт ажиллалаа
2019-06-10 09:14:05 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн төслийн ажлын явцтай эхлээд танилцлаа. Уг төсөл нь өнгөрсөн дөрөвдүгээр сард ажил нь эхэлсэн бөгөөд энэ оны арваннэгдүгээр сард хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байгааг Улаанбаатар хотын Автозам, нийтийн тээвэр хариуцсан орлогч дарга Б.Отгонсүх хэлэв. Хоёр эгнээ тус автозамыг дөрвөн эгнээ 26 метрийн өргөн болгон өргөтгөж байгаа бөгөөд Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохайдро ХХК ажиллаж байна. Харин туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын Тэгшплант ХХК, Гашууны голХХК, Дарданговь ХХК гэсэн гурван компани ажиллаж байгаа аж. Төслийн хүрээнд 20,9 км автозам, Хөлийн голын гүүр, нүхэн гарц, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, нийтийн тээврийн зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэх юм байна. Дараагаар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл, Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркын үйл ажиллагаатай нь танилцлаа. Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркын талаарх товч танилцуулга болон тулгамдаж буй асуудлаар нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат мэдээлэл хийв. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны есдүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор байгуулагдсан тус парк нь Байгаль орчинд ээлтэй, бизнесийн таатай орчин бүхий, орчин үеийн үлгэр жишээ Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх зорилготой аж. Тус газрын үйл ажиллагаа нь шинэ дэвшилтэт техник технологи бүхий барилгын материалын үйлдвэрүүдийн цогцолборыг шинээр байгуулах, тэдгээрийн бизнесийн үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдүүлэхэд чиглэх юм байна. Одоогийн байдлаар паркийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрчимжиж 4.7км авто замын ажил мөн 1.6км үерийн далангын ажил хийгджээ. Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад эрчим хүчний эх үүсвэр болон цэвэрлэх байгууламжийн /1000м3/-ийн 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тулгамдсан асуудал болоод байгааг төслүүдийн удирдагч М.Халиунбат дурдлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 100 айл орчмын барилгын материалын үйлдвэрүүдийг Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэгдсэн байгаа. Нийслэлийн төсвөөр 40-50 тонн автомашин явах зориулалттай төв замтайгаа холбосон гурван эгнээ бүхий хүнд даацын бетонон зам тавьж байна.Үйлдвэр технологийн паркыг хуулийн хүрээнд ашиглалт менежмэнт, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүд, паркын захиргаа нарын хооронд эрх зүйн харилцаа тодорхойгүй байдал үүсэхээс сэргийлж гадны улс орны үйлдвэрлэлийн паркыг судалж байна гэлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркын үйл ажиллагаатай танилцаад, нэн шаардлагатай эрчим хүчний эх үүсвэр, цэвэрлэх байгууламжийн асуудлаар холбогдох яамны сайдуудтай уулзаж, шийдвэрлэхээр болов. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн баталлаа
2019-06-07 09:03:59 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдаан боллоо. Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам-ыг шинэчлэн батлах тухай, Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлаар завсарлага авсан. Тэгвэл өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам-ыг шинэчлэн батлах тухай төслийн танилцуулгыг хуралдаанд оролцогчдод хүргэлээ. Тэрбээр Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх байгууллагын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, 2018 оны эцсийн байдлаар 13.799-д хүрээд байна. Уг харилцааг зохицуулсан зохицуулалт одоогоор байхгүй, 2014 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам-ыг баталж байсан. Гэвч Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулсан тул тус журам эрх зүйн чадамжгүй болж, шинэчлэн, боловсронгуй болгох шаардлага зайлшгүй тулгарч байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зориулалтын бус байранд хүнсний бүтээгдэхүүн худалдаж байгаагаас үүдэн нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдал алдагдаж байна гэв. Журмын төслийн танилцуулгыг төлөөлөгчид болон хуралдаанд оролцогчид сонссоны дараа төлөөлөгч М.Тулгат АН-ын бүлгийн дүгнэлт, саналыг уншиж, танилцуулсан юм. Санал, дүгнэлтэд Худалдаа үйлчилгээ эрхлэх, зөвшөөрөл олгох үйл явцыг нийслэлд төвлөрүүлэх бус дүүргүүд зэрэг иргэдэд ойртуулж өгснийг дэмжиж байна гээд зарим заалтад өөрчлөлт оруулах саналтай байгаагаа хэлэв. Нийслэлийн ИТХ-ын Хууль, эрх зүйн хороо болон Нийгмийн бодлогын хорооноос журмын төслийг хэлэлцэхийг мөн дэмжлээ. Ингэхдээ сургууль, цэцэрлэгийн орчин, орон сууцныI давхарт үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрт согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл өгөхгүй байхад анхаарах хэрэгтэй гэсэн санал гаргасан юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Энэ журмыг баталж байгаа гол зорилго нь түргэн үйлчилгээний цэгүүдийн бизнес эрхлэгч иргэдийн эрх ашгийг хангах, аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчлэх боломжийг бүрдүүлэх юм хэмээлээ. Хуралдаанаар хэлэлцсэн Нийслэлийн нутаг дэвсгэр худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам-ыг шинэчлэн батлах тухай төслийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар баталлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва баталсан журмын талаар Таван мянга гаруй иргэний аж амьдралтай чухал журмыг хэлэлцэн баталлаа. ТҮЦ-ээр хадгалалтын горим алдагдахгүй, шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн худалдуулах саналыг олонх төлөөлөгч гаргаж, дэмжлээ. Ингэснээр бизнес эрхлэгч журам, дүрмийн дагуу үйл ажиллагаатай явуулах нөхцөл бүрдэж байна гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа (2019.06.06)боллоо. Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 95.9 хувь буюу 354 шүүгч оролцжээ. Санал хураалтын нэгдсэн дүнгээр олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй аж. Тиймээс хамгийн олон санал авсан Түмэнжаргалын Мэндсайхан, Амгалангийн Насандэлгэр, Александрын Сарангэрэл нарт анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс дахин санал хураалт явуулах, санал болгох ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10.00(Улаанбаатар хотын)цагт эхлүүлэхээр Тооллогын төв комиссын тогтоол гарлаа. Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоолтой танилцана уу.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй