Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл, мэдээллийн байгууллага шалгаруулна
2019-06-03 11:01:26 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйХөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл, мэдээллийн байгууллага шалгаруулах ажлын удирдамж Нийтлэг үндэслэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Засгийн газрын 2016 оны 136-р тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн ажиллах журам-ын 5.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ХХМТГ-ын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орон тооны бус дэд зөвлөлөөс хэвлэл мэдээллийн салбарын оны шилдэг шалгаруулах энэхүү ажлыг зохион байгуулж байна. Зорилго Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжих, мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр идэвх санаачлага гарган, тухайн салбартаа манлайлан ажилласан байгууллагыг тодруулахад оршино. Ач холбогдол Энэхүү арга хэмжээ нь нийгэмд эерэг, зөв хандлагыг бий болгох, бодит нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх замаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих талаар идэвх санаачилгатай ажиллаж байгаа байгууллагыг алдаршуулан сурталчлах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх өндөр ач холбогдолтой юм. Хамрах хүрээ Хэвлэл мэдээллийн салбарын байгууллагууд: Телевиз, радио, сонин, сэтгүүл, вэб сайт, Хугацаа Байгууллагын мэдээл мэдээлэл хүргэсэн байх хугацаа нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл, мэдээллийн байгуулага-д нэр дэвших хүсэлт болон бүрдүүлэх материалыг 06 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 хүртэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 207 тоот өрөөнд хүлээн авна. Ерөнхий шалгуур үзүүлэлт:(Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг-ийг шалгаруулах журамд зааснаар) Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар нийгэмд эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж, сайн туршлага, тулгамдаж буй асуудлуудын талаар цаг алдалгүй, түргэн шуурхай, үнэн бодит мэдээллийг цаг тухай бүрд нь мэдээлсэн байх; Тухайн онд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар хамгийн олон цагийн нийтлэл нэвтрүүлэг, мэдээ мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэсэн байх; Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх талаар тодорхой санаачлага гарган ажилладаг байх; Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хөгжил, оролцооны талаар реклам, сурталчилгаа, нөлөөллийн хөтөлбөр хэрэгжүүлсэн байх; Жич: Нарийвчилсан шаардлагыг Хавсралт хүснэгт-д оруулсан тул бөглөж ирүүлэх Бүрдүүлэх материал: Шалгаруулалтанд оролцох байгууллагын албан хүсэлт Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар Нэр дэвшигчийн товч танилцуулга, Нарийвчилсан шаардлагын Хавсралт хүснэгтийг бөглөсөн байх Холбогдох шалгуурыг хангаж ажилласан тухай тайлан мэдээлэл Шалгаруулалт Эхний шатны шалгаруулалтыг 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдөр ХХМТГ-ын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орон тооны бус дэд зөвлөлийн гишүүд явуулж, шаардлага хангасан хоёр байгууллагын нэрийг дэвшүүлэн, холбогдох материалын хамт ХНХЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлд хүргүүлнэ. Тус зөвлөл эцсийн шийдвэрийг гарган, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ХНХЯ-наас Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдгээр тодорсон хэвлэл мэдээллийн байгууллагыг албан ёсоор зарлаж, алдаршуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулна. Хаяг:Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-1, Төв шуудангийн байрны зүүн корпус, 2 давхарт 207 тоот . Харилцах утас: 312835, 99068517, 88105087 цахим шуудан:[email protected]
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 564 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 323 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 12 хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирсон байна. Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал, 06.01-ний өдрийн 18.12 минутын орчим Баянзүрх дүүргийн нутаг 20 дугаар хороо Гачууртын зам, Могойн дэнж гэх газрын урд замд Subaru Forester маркийн автомашины жолооч 23 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 2 настай, эмэгтэй Э-г мөргөж гэмтээсэн. 06.02-ны өдрийн 19.30 минутын орчим СонгиноХайрхан дүүргийн нутаг 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр 279-р худгийн урд замд Honda Civic маркийн автомашины жолооч 32 настай Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 13 настай, эмэгтэй Х-г мөргөж гэмтээсэн. 06.02-ны өдрийн 23.05 минутын орчим Баянзүрх дүүргийн нутаг 28 дугаар хороо Хужирбулангийн замд Hyundai Starex автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 51 настай эрэгтэй Б, зорчигч 26 настай эмэгтэй Э, 56 настай эмэгтэй Ц, 58 настай эмэгтэй Ч нарын 4 хүн гэмтсэн, 06.01-ний өдрийн 19.45 минутын орчим Завхан аймгийн Сонгино сумын Бор өндөр баг Бутын шил гэх газар / Сумын төвөөс зүүн тийш 3 км-т/ шороон замд Toyota Chaser маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, Ч нас барсан хэрэг, 06.03-ны шөнийн 01.54 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 25-р гудамжинд Hyundai Sonota-5 автомашин дэлгүүр мөргөж, жолооч 30 настай, эрэгтэй П нас барж, зорчигч 8 настай Ж гэмтсэн хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна. Бүртгэгдсэн нийт ослын 8 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 4 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 2 осол онхолдох, 1 осол үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн хэрэгсл осолд өртсөн шатлгаан нөхцөлийг судлан үзвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхгүй байгаатай шууд холбоотой. Иймд иргэд жолооч нарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэхдээ эцэг эхчүүд хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулан суудлаа сонгох шаардлагатай. Тухайлбал: нярай буюу төрснөөс хойш 12-15 сар хүртэл 0-13 кг хүртэл нь нярайн суудлыг, 9 сараас 4 нас буюу 9-18 кг хүртэл нялх хүүхдийн суудал, 4-6 нас буюу 15-25 кг-д бага насны хүүхдийн суудал, 6-10 нас хүртэл нь хүүхдийн суудлыг хэрэглэнэ. Мөн насны хувьд ангилалд таарч байгаа хэдий ч биеийн хувьд өсгөлүүн эсвэл жижиг биетэй хүүхдүүд байдаг учраас биеийн жинд нь тохирсон суудлыг сонгож хэрэглэх нь оновчтой байдаг талаар зөвлөж байна. Эх сурвалж: Тээврийн цагдаагийн газар
“Найрамдал” зусланд хууль бусаар газар эзэмшиж байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийн эрхийг цуцаллаа
2019-06-03 10:15:55 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэлийн Засаг даргын Тамгын газрыын явуулын байр /автобус/ 5 сарын 31-нд Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд ажиллалаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон бусад албаны төлөөлөл Найрамдал зуслангийн орчимд үүсээд буй газар олголтын асуудлаар газар дээр ажиллан холбогдох шийдлийг гаргалаа. НИТХ-ын 2009 онд тогтоол гарган цогцолборын тусгай хэрэгцээнд байсан 5220 га газрын 1220 га-г Найрамдал цогцолборт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл энэ га газраас 124 аж ахуйн нэгжид газар олгогдсон байгаа аж. Эндээс өнөөдөр хотын Захирагч нөхцөл байдалтай танилцан, одоогоор барилга, байгууламж бариагүй байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг цуцалсан юм. Цаашид үлдсэн аж ахуйн нэгжийн мэдээлэл, газрын зөвшөөрөл, холбогдох бичиг баримтыг гаргаж, яаралтай танилцуулахыг Хотын захирагчийн зүгээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Найрамдал зусланд үлдсэн 1220 га газраас иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөлд өгсөөр байгаа нь цогцолборын үйл ажиллагаа доголдох, хүүхдүүдийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймээс хууль бусаар газар эзэмшиж байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг өнөөдөр цуцлах шийдвэр гаргалаа. Энд үүссэн газар олголтын хууль бус нөхцөл байдлын улмаас бидний ганц урдаа барьдаг олон улсын хүүхдийн Найрамдал зусланд хүүхдийн аюулгүй байдал, ая тухтай орчин гэж ярих боломжгүй нөхцөл үүссэн байна. Гэхдээ бид туйлширч болохгүй. Баялаг бүтээж, ажлын байр бий болгож байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг шууд буруутгахгүйгээр эхлээд хууль бусаар энэ газрын зөвшөөрлийг олгосон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөрЦагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, төөрсөн олон хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгч, тогтмол мэдээ, мэдээлэл, өгч, аливаа хэхэг зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж ажилласан байна.Баярын өдрөөр хариуцлагатай, сэтгэл, зүтгэлээрээ ажиллаж буй нийт алба хаагчдад олон нийт, иргэдийн зүгээс талархаснаа илэрхийлсэн байна. Нийслэлийн хэмжээнд 1200 гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтанд ажиллаж, Сүхбаатарын талбайд 91, Хүүхдийн паркад 14, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 25 нийт 130 хүүхэд тѳѳрч, эцэг, эхчүүдэд 127 хүүхдийг 15 минутаас 2 цагийн дотор хүлээлгэн ѳгч, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран 2 хүүхдийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулахаар 108 түр хамгаалах байранд хүргүүлж, 1 хүүхдийг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст хүлээлгэн ѳгч ажиллалаа. Эх сурвалж: ЦЕГ
554 айлын орон сууцны асуудал шийдэгдэх боломж бүрдэнэ
2019-05-30 10:06:35 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйОХУ-ын мэдлийн орон сууцанд түрээсээр амьдардаг иргэдийн асуудлыг шийдэх боломж бүрдэнэ Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны (2019.05.29) хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд 1971 оны Протокол болон 1979 оны Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг зөвшилцөв. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хийлээ. БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протокол, ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулсан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны хэлэлцээр-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр ирүүлжээ. Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийг зохицуулах асуудлаар 1997 оноос хойш 6 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж ирсэн бөгөөд Ерөнхий сайдын 2016 оны 91 дүгээр захирамжаар Монгол Улсад байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн маргаантай асуудлыг зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ. Манай улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын өмчийн 56 багц барилга байгууламж байдаг агаад эдгээрийг дипломат статустай болон энгийн гэж ангилдаг байна. Дипломат статусгүй барилга байгууламжийн хувьд 49 багц барилга байдгаас нийслэлийн Баянзүрх дүргийн XY хороолол, Баянгол дүүргийн IY хороо, мөн Төв, Дархан-Уул, Орхон, Дорнод аймагт орон сууцны болон бусад зориулалтын барилгууд байдаг аж. Одоогийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах ОХУ-ын барилга объектуудаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооллын XYII, XY хорооллын I, YII, XI, XII, XIII байр, Дархан-уул аймгийн Дархан сумын 22 дугаар хорооллын III, IY байр зэрэг орон сууцны нийт 8 байранд манай улсын 554 өрх айл 1998 оноос хойш түрээсээр амьдарч иржээ. Хоёр талын шинжээчдийн түвшинд эдгээр 8 байрны баримт бичгийн бүрдүүлбэрийг цогцоор нь бүрдүүлэхээр ажиллаж, техникийн үзлэг, тооллого хийж маргаантай байсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоон, инженерийн шугам сүлжээ, барилгын ерөнхий төлөв байдал, амьдарч буй иргэдийн судалгаа болон байр тус бүрийн газрын кадастрын зургийг гаргасан байна. Ингэснээр эхний ээлжинд газар ашиглах эрхийн гэрчилгээг ОХУ-ын нэр дээр гаргуулж, улмаар байрны өмчлөх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу олгож, дараагийн ээлжинд эдгээр байрыг монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн авахаар талууд тохиролцож, энэ үндсэн дээр эхний ээлжинд дээрх протокол, хэлэлцээрт Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулахаар тогтсон байна. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, С.Батболд, Д.Лүндээжанцан нар Шадар сайд болон хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Хоёр улсын Засгийн газар хоорондын дээрх протокол, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулснаар ОХУ-ын мэдлийн орон сууцанд түрээсээр амьдарч байгаа манай улсын 554 айл өрхийн орон сууцны асуудал шийдэгдэх, улмаар орон сууцаа өмчилж авах эрх зүйн боломж бүрдэх боломж нээгдэх гэж байгаад олзуурхаж буйгаа гишүүд хэлээд цаашдаа маргаантай байгаа бусад барилга объектын асуудлыг тохиролцсоны дагуу аль аль талдаа боломжтой хэлбэрээр шуурхай шийдвэрлэх, улмаар хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж оросын талын хөрөнгө оруулалтыг татах, хамтарсан төсөл, хөтөлбөрүүл хэрэгжүүлэхэд Засгийн газар, салбарын яамд онцгой анхаарах шаардлагатайг онцолж байв. Ингээд БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протокол, ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнэд дэмжлэг үзүүлэхэд зориулсан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны хэлэлцээр-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг зөвшилцөж, гэрээнд гарын үсэг зурахыг Засгийн газарт зөвшөөрөх санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо. Монгол, Германы Засгийн газар хоорондын зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцлөө Байнгын хорооны хуралдаанаарМонгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төсөл-ийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн зээлийн гэрээний төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хийсэн юм. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл-1-ийн хэлэлцээр болон Санхүүжилтийн гэрээг 2013 оны 11 сарын 13-ны өдөр байгуулан хэрэгжүүлж эхэлсэн бол Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл-II-ийн Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Санхүүжилтийн гэрээг 2018 оны 06 сарын 22-ны өдөр байгуулжээ. Гурван үе шаттай хэрэгжүүлэх уг төслийн санхүүжилтийн нийт хэмжээ нь 47.55 сая евро бөгөөд үүнээс ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар төслийн эхний шатанд 11.5 сая еврогийн санхүүжилт хийсэн бол 2 дугаар шатанд 19.5 сая евро, 3 дугаар шатанд 8 сая еврогийн санхүүжилт хийхээр тохиролцсон байна. 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг төслийн эхний шат 2020 онд хэрэгжиж дуусах бол төслийн 2, 3 дугаар үе шатыг 2019-2026 онд хамтад нь хэрэгжүүлэхээр талууд тохиролцжээ.Төслийг байгаль орчин, тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН), түүний орчмын бүс нутагт хэрэгжүүлж байгаа бөгөөд 2019-2020 онд дэд төслийн хүрээнд ТХГН-т мэдээллийн төв, хамгаалалтын захиргааны болон байгаль хамгаалагчийн байр зэрэг нийт 53 барилгын угсралтын ажлыг дуусгах; Хустайн хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагч, судлаачдын ажиллаж, амьдрах байрны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх; ТХГН-ийн хамгаалалтын захиргаадад хяналт, мониторингийн тоног төхөөрөмж, цасны мотоцикл, завь зэрэг тээврийн хэрэгсэл нийлүүлэх; байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдийг холбооны хэрэгслээр хангах, суурилуулах; ТХГН-ийн орчны бүсийн сумдад эмнэлгийн түргэн тусламжийн тэрэг нийлүүлэх болон сургуулийн эко кабинтерүүдийг тохижуулах зэрэг хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Харин төслийн 2, 3 дугаар үе шатны зорилго нь сонгогдсон ТХГН болон холбоос нутгуудын (орчны бүс болон экологийн коридор, кластер) тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэгдэж байгаа аж. Энэ үндсэн дээр төслийн 2 дугаар шатанд Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн 52 гаруй сумыг 4 кластер бүс нутагт хувааж уг төслийг хэрэгжүүлэх бол 3 дугаар шатанд Ховд, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 10 сумын нутаг дэвсгэрийг хамруулах юм байна. Төсөл хэрэгжсэнээр кластер зохион байгуулагдаж албан ёсоор баталгаажих, түүнд хамрагдсан ТХГН-уудын менежментийн төлөвлөгөөг боловсруулах, төлөвлөгөөнд тусгагдсан шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм байна. Төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороод хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Батнасан нар танилцуулсан юм. Сайдын танилцуулга болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд энэ нь байгаль орчныг хамгаалах, орчны бүс нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, хамгаалалтын захиргаад, байгаль хамгаалагчдын чадавхыг бэхжүүлэхэд үр дүнгээ өгч, амжилттай хэрэгжиж байгаа төслийн нэг гэж үзэж буйгаа хэллээ. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов. Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл -1-ийг манай улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн Төв, Хангай, Зүүн бүсийн 11 хамгаалалтын захиргааны хариуцан хамгаалдаг 15 тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлж байгаа аж. Төслийн эхний шатанд ТХГН-ийн 33 хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч болон дарга, мэргэжилтнүүдийг өвөл, зуны /610 ширхэг/ нормын хувцас болон ажлын бусад тоног төхөөрөмжөөр, 10 хамгаалалтын захиргааг гал түймрийн багаж хэрэгслээр тоноглогдсон бага оврын ачааны автомашинаар хангаж, дэд төсөлд хамрагдсан ТХГН-ийн 12 хамгаалалтын захиргаанд бартаат замын 16 автомашин нийлүүлжээ. Түүнчлэн ТХГН-ийн 33 хамгаалалтын захиргааг шилэн кабелийн өндөр хурдны интернетэд холбох ажлын техникийн нөхцөлийг боловсруулж, интернетийн сүлжээнд холбосны зэрэгцээ хамгаалалтын захиргаадыг албан хэрэгцээнд ашиглах мотоцикль, тавилга, багаж хэрэгслээр хангах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Дараа ньМонгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төсөл-ийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын танилцуулга, мөн Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2012 оны хэлэлцээг үндэслэн Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль төслийг техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос хэрэгжүүлж байгаа. Төслийн зорилго нь ашигт малтмалын салбарын болон боловсруулах үйлдвэрийн эрэлтэд нийцсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийг бэлтгэх, Монгол Улсын дээд боловсролын салбарын шинэчлэлд загвар институцийг байгуулахад чиглэж байгаа аж. Төслийг өндөр тувшинд хамтран хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр германы тал 2019 он хүртэлх үйл ажиллагаанд 4 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилт бүхий техникийн туслалцаа үзүүлэх, монголын талаас хийгдэх төсвийн хөрөнгө оруулалт цаг хугацаандаа төлөвлөгөөний дагуу хийгдэх боломжгүй байдлыг харгалзан хөнгөлөлттэй зээл олгох боломжтой тухайгаа мэдэгджээ. Хөнгөлөлттэй зээл нь нийт 7 сая еврогийн санхүүжилттэй, 30 жилийн хугацаатай, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд жилийн 2 хувийн хүүтэй. Уг зээлийн санхүүжилтээр сургуулийн хотхонд 7 төрлийн лаборатори бүхий 3500 ам метр талбайтай сургалт, судалгааны барилга (тоног төхөөрөмжийн хамт) болон 800 ам метр талбайтай номын сангийн барилга (тавилгын хамтаар) барихаар төлөвлөжээ. Түүнчлэн МГАМТИС-ийн хотхон дахь оюутны II байрыг монголын тал хариуцахаар болж 2019 оны Төсвийн тухай хуульд энэ зориулалтаар 2.5 тэрбум төгрөгийг тусгасан бөгөөд байрны зураг төсвийг боловсруулан баталгаажуулж, улмаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил явагдаж байгаа аж. Сайдын танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, А.Ундраа, Л.Болд, Х.Баделхан, Н.Энхболд, Т.Аюурсайхан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн асуултад хариулт өгсөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргал:-Ашигт малтмал, технологийн их сургууль нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр 2013 онд байгуулагдсан, 4 жилийн бакалаврын, 2 жилийн магистрын сургалттай, өмчлөлийн хувьд 100 хувь төрийн өмчийн боловсролын байгууллага. Одоо хэрэгжих 7 сая еврогийн санхүүжилтээр лаборитор бүхий сургалт, судалгааны барилга, номын сангийн барилгыг барихаар төлөвлөж байгааг хэллээ. Харин Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм тус их сургууль нь 4 жилийн бакалаврын сургалт явуулахын зэрэгцээ нэмэлтээр нэг жилийн инженерийн бэлтгэлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Одоо 176 оюутан, 33 багштай ажиллаж байгаа, сургалтын жилийн төлбөр 6 сая 500 мянган төгрөг. Сургалтын зэрэгцээ уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүдийн захиалгаар судалгааны 14 төслийг 750 сая төгрөгөөр хэрэгжүүлж байгаа, хүний нөөцийн чадавх бүрдсэн. Судалгааны ажлаа түүхий эд, эрдэс баялгийг боловсруулах, сэргээгдэн эрчим хүч, байгаль орчны бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлийн технологийн шинэчлэл гэсэн чиглэлд голлон төвлөрүүлж байгаа гэсэн хариулт өгсөн юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар уг асуудлыг зөвшилцөхийг дэмжиж, энэ тухай Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо. Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй