Архинд донтож эмчлүүлэгчдийн олонхи нь 25-45 насныхан байна
2012-10-06 12:56:53 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт өнөөдрийн байдлаар 131 өвчтөн эмчлүүлж байна. Тэдний 17 нь эмэгтэй. Уг нь, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 210 тоот тушаалаар бол 100 ортой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй ч ачаалаа дийлэхгүй байгаа гэнэ. Архинд донтож, албадан эмчилгээнд ирж байгаа өвчтөнүүдийн бараг 50 гаруй хувь нь сүрьеэ, элэгний хатуурал зэрэг суурь өвчтэй, 25-45 насныхан байна. Тэд нийгмийн стресс, ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн тогтворгүй байдлаас болж архинд донтож байна. Мөн сүүлийн үед эмэгтэйчүүд их ирэх болсон гэж тус газрын ерөнхий эмч, дэд хурандаа Л.Хэрлэнцэцэг хэлжээ. Тус эмнэлэг сум дундын статустай. Шүүхийн шийдвэрээр хүргэгдэн ирсэн өвчтөнүүд 3-6 сар хордлого тайлах, архи уух дуршил бууруулах, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэдэг. Энэ хугацаанд тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна мэргэжил олгох сургалтууд явуулахаар болоод буй аж.Тиймээс ч Архидан согтуурахтай тэмцэх сангийн хөрөнгөөс мужаан, үсчин, гоо сайхны сургалт явуулах анги танхим, тоног төхөөрөмжийг тохижуулж, клубын нээлтээ хийжээ. Өвчтөнүүд эмчлүүлэх хугацаандаа сургалтад хамрагдсанаар мэргэжлийн үнэмлэхтэй болж, гараад мэргэжлээрээ ажиллах боломжтой юм. Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх газрын дарга, хурандаа Д.Энхтайваны хэлж буйгаар таван өвчтөн тутмын хоёр нь архинаас гардаг гэнэ. Архинд донтох нь сэтгэл зүйн өвчин бөгөөд урт хугацаанд эдгэрдэг, тухайн хүний сэтгэл зүйгээс их хамаарч эмчилгээний үр дүн гардаг гэдгийг онцолж байсан юм. Мөн ар гэрийн анхаарал халамж нөлөөлдөг байна. Архинд донтох өвчтэй өвчтөнүүдийн 38-41 хувь нь хөдөлмөрийн чадваргүй, 26-31 хувь нь давтан ирэгсэд байдаг аж. Харин өнөөдрийн байдлаар тус газар эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн 26 нь орон гэргүй, 43 нь ганц бие, 75 нь гэр бүлээсээ салсан гэсэн судалгаа байна. Б.Алтан
Татвараа хугацаанд нь төлөөгүй компаниудын нэрсийг зарлав
2012-10-05 13:13:20 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйТатварын ерөнхий газраас татвараа хугацаанд нь төлөөгүй аж ахуй, нэгжүүдийг дүүрэг тус бүрээр нь гаргажээ. Эдгээрээс хамгийн их өртэй аж ахуй нэгж, албан байгууллагуудыг дурдвал нийслэлийн татварын газарт Алтан дорнод Монгол ХХК 800 гаруй сая, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст Уулын-эх ХХК 320 сая, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст зургаан тэрбум гаруй, Хан-Уул дүүргийн татварын хэлтэст Бөхөг ХХК 170 гаруй сая төгрөгийн өртэй байна. Мөн Улсын төсвийн орлого хяналтын газарт Алтан дорнод Монгол, Монгол газар, Эм жэй эйч зэрэг компаниуд 21 тэрбум гаруй төгрөгийн татвар төлөх ёстой юм байна,
Ж.Амарсанаа улсын нууц задруулсан хэрэгт шалгагдаж байна
2012-10-05 09:57:21 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйМАН-ын томоохон лидерүүдийн нэг Ж.Амарсанаа улсын нууц задруулсан хэргээр шалгагдаж, тун хүнд байдалд ороод байна. Түүнийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, нэг намд үйлчилсэн гэж олон хүн харддаг. Тэр ч бүү хэл УИХ-ын 2012 оны сонгуулиар сонгогчдын нэрсийн жагсаалтыг будилаантуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хууль хяналтынхан шалгаж эхэлсэн юм. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлснээр Ж.Амарсанааг төрийн нууц задруулсан хэрэгт холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй гэнэ.
“Спирт бал бурам” ХХК “АПУ” ХХК зөрчлийнхөө тоогоор тэргүүлж байна
2012-10-05 09:38:56 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйШӨХТГ-ын дарга О.Магнай өчигдөр архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч байгууллагын төлөөлөлтэй уулзаж хатуухан сануулга өглөө. Компаниудад оногдуулсан мөнгөн торгуулийг тав хоногийн дотор төлж цаашид архи, пивоны сурталчилгааг хуулийн дагуу явуулахыг сануулав. Хэрэв дахин хууль зөрчвөл ШӨХТГ-аас мөнгөн торгууль тавихгүйгээр шууд тусгай зөвшөөрлийг нь цуцална гэв. Согтууруулах ундаа үйлдвэрлэгчдэд хийсэн шалгалтаар Спирт бал бурам ХХК 18, АПУ ХХК 14 зөрчил гаргаснаар тэргүүлжээ. О.Магнай Архи, шар айраг бол ашигтай бизнес гэдэг нь хэн бүхэнд илэрхий. Тийм ч учраас үйлдвэрлэгчид хуулиа чандлан сахих ёстой. Бид архи, шар айрагны тал дээр хатуу байр суурьтайгаар ажиллана. АПУ ХХК-ийн хувьд өнгөрсөн хугацаанд 32 сая 500 мянган төгрөгийн торгууль тавигдсанаас 20 саяыг нь хүчингүй болгож, 12 сая 500 мянган төгрөгийг төлжээ. Хамгийн сүүлд, шар айрагны сануулгагүй сурталчилгаанд 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан боловч гарын үсэг зурахгүй гэсэн. АПУ ХХК гэлтгүй хууль бус сурталчилгаа удаа дараа явуулж, хууль зөрчиж буй компаниудыг толгойг нь илээд эрхлүүлээд торгуулиар аргацаахгүй шууд тусгай зөвшөөрлийг цуцлах болно гэв. Компаниудын хувьд дээрх шаардлагуудыг биелүүлэхээ мэдэгдсэн ч үндэсний үйлдвэрлэгч нараа ийм маягаар хавчиж болохгүй. Бид хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулж улсад татвараа төлөөд явж байгаа гэсэн хариулт өгч, импортлогч компаниудад ямар хяналт шалгалт явуулдаг талаар ШӨХТГ-ын удирдлагуудаас тодруулав. Уулзалтад оролцсон АПУ, UFC, Спирт бал бурам ХХК зэрэг томоохон компаниудын төлөөлөлд О.Магнай дарга Үндэсний үйлдвэрлэгч нарын архины хатуулаг өндөр гэдэг. Тиймээс хатуулгаа бууруулах талаар арга хэмжээ аваарай гэв. UFC ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Амаржаргал Манай байгууллагын хувьд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Өмнө нь хууль зөрчсөн тохиолдолд хариуцлагаа хүлээгээд явдаг байсан. Үндэсний үйлдвэрлэгч нарын хувьд хууль зөрчөөд тусгай зөвшөөрлөө хураалгахыг хэн ч хүсэхгүй. Харин архи, дарс импортлогч компаниудын хувьд өөр. Тэдний тусгай зөвшөөрлийг нь хураах юм бол тэр дарс, шар айргаа болиод өөрийг оруулж ирэх нь нээлттэй байдаг. Иймээс үндэсний үйлдвэрлэгч компаниудын хувьд шууд тусгай зөвшөөрлийг нь хураах нь хатуу байна гэдгийг хэлэв.
Киргизэд бэр хулгайлсан хэргээр анх удаа шүүх хурал боллоо
2012-10-04 10:34:15 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйКиргизэд бэр хулгайлсан хэргээр анх удаа шүүх хурал болжээ. Ер нь энэ улсад охид, бүсгүйчүүдийг хулгайлж эхнэрээ болгох нь ерийн үзэгдэл гэгддэг байсан юм. Харин энэ удаа бэр хулгайлсан азгүй эрд зургаан жил чанга дэглэмтэй шоронд суух аюул тулгараад байна хэмээн тус улсын Мир телевизээр мэдээлсэн байна. Энэ оны зургадугаар сард Иссык Кулийн тойргийн оршин суугч 20 настай бүсгүйг Шаимбек Иманкулов гэгч хулгайлсан байна. Охиныг хулгайлсан этгээдтэй хүчээр гэрлэхийг шаардсан агаад эцэг эх нь охиноо ямартай ч гэртээ буцааж авч ирж чадсан аж. Харамсалтай нь нэг хоногийн дараа охин амиа хорложээ. Энэ хэрэгт хуулийн байгууллагынхан анх удаа жинхэнэ хорих ял өгөхөөр болсон анхны тохиолдол нь энэ гэнэ. Ер нь нэг жилд Киргизэд 16 мянган охид хулгайлагдан, танихгүй хүнтэй хүчээр гэрлэдэг аж. Ийм гэрлэлтийн ихэнх нь бүтэлгүйтдэг бөгөөд үүнд өртсөн охид бүсгүйчүүдийн олонхи нь амиа хорлодог байна. С.Майкл
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй