АМГ-ын хуульч М.Батмагнай гурван цүнх мөнгөөр хоёр лиценз сэргээж өгчээ

Ашигт малтмалын газар гэж нэг мөнгөний уурхай байна аа. Төрийн байгууллага, агентлаг нэртэй боловч тэндхийн Геологи уул уурхай, кадастрын хэлтэс хавиар ажилд орсон хүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зарж, хөлждөг нь нууц биш. АМГ-ын эрх мэдэл бүхий хэлтэст дархлагдсан ахлах мэргэжилтнүүд нь газрын даргынхаа хэмжээний ашиг орлого олдог. Иймээс ч АМГ-ын Геологи уул уурхай, кадастрын хэлтэст ажилд орох гэж ёстой дайралдаан болдог байгаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн наймаа ил цагаандаа гарсан учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тусгай зөвшөөрөл олгох асуудлыг түр зогсоосон. Ингэлээ гээд АМГ-ынхны ашиг орлого буурсангүй. Харин ч арга нь улам нарийсч цуцлагдсан зөвшөөрлүүдийг шүүхээр сэргээлгэх, нөөцгүй нь тогтоогдсон лицензийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэх, гадны хөрөнгө оруулагчдад зарах гэх мэтээр тун ч зүтгэлтэй ажилладаг болжээ. Тодруулбал, АМГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн Эрх зүй хуулийн тасгийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан М.Батмагнайд холбогдох ийм нэгэн хэрэг өнгөрсөн долоо хоногт АТГ-т иржээ. Тэрбээр дээр өгүүлсэнчлэн албан тушаалаа ашиглаж, өмнө нь цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээсэн хэрэгт холбогдсон байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлсэн М.Батмагнай АМГТХЭГ-ын Геологи уул уурхай, кадастрын албаны даргын тусгай зөвшөөрлийн эрхийг цуцлах тухай 2006 оны 427, 1137 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, 2006 онд цуцлагдсан 2162X дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл, 10542A дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг дахин сэргээж, Ордгео ХХК-д олгоод тус компанийн захирал Б.Саранхүүтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Хамгийн гол нь энэ асуудал цаанаа асар их авилга, хээл хахууль дагуулсан сурагтай. Ордгео ХХК-ийн захирал Б.Саранхүү ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сэргээлгэж авахын тулд ахлах мэргэжилтэн М.Батмагнайд авлига өгсөн гэх асуудал яригдаж байгаа юм. Хуулийн албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар тусгай зөвшөөрлийн наймаачид мөнгөн дүн дээр тохирохдоо хэдэн төгрөг гэж бус хэдэн цүнх мөнгө төлөх тухай ярьдаг аж. Харин М.Батмагнай Ордгео ХХК- ийн тусгай зөвшөөрлийг сэргээхийн тулд 2-3 цүнх дүүрэн мөнгө авсан гэх асуудал яригдаж байгаа юм байна. Нэг тусгай тусгай зөвшөөрлийн үнэ 100 сая төгрөгөөс эхэлдэг гээд бодохоор М.Батмагнайгийн гаргаж өгсөн хоёр тусгай зөвшөөрөл 2-3 цүнх дүүрэн мөнгөөр үнэлэгдсэн ч тодорхой. Тэрхүү цүнх доторх мөнгө хэдэн зуун саяар яригдах нь ч ойлгомжтой. Иймээс цагдаагийн байгууллага М.Батмагнайг улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 264 дүгээр зүйлийн, 264.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Одоогоор энэ хэргийг АТГ-т шалгаж байна. М.Батмагнай АТГ-ын хэлтсийн дарга Э.Амарбат нар ангижав Тусгай зөвшөөрөл сэргээх асуудлыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх шийдвэрлэдэг. Албаны хүмүүсийн мэдээлснээр Захиргааны хэргийн шүүх 2012 онд гэхэд л АМГ-тай холбоотой тусгай зөвшөөрөл сэргээлгэх тухай 100 орчим хэргийг шийдвэрлэжээ. Хачирхалтай нь шүүхийн шийдвэрийн дийлэнх нь АМГ-ын тусгай зөвшөөрөл цуцлах тухай өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгосон байх юм. Нэг ёсондоо АМГ-ынхан Захиргааны хэргийн шүүхэд ирсэн гомдол бүрт ялагддаг аж. Уг нь ийм гомдол шүүхэд ирсэн тохиолдол бүрт АМГ- аас заавал нэг хүн төлөөлж оролцдог. Гэвч АМГ-ын төлөөлөгч нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчтэй хамтран төрийн байгууллагыг ялаг- далд оруулж, аж ахуйн нэгжийн талд шийдвэр гаргадаг гэх шум амнаас ам дамжин яригдаж байна. Иймээс ч гомдлыг хүлээж авсан шүүгчийн нэр тодорсны дараа АМГ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр тодордог гэнэ. Тухайлбал, М.Батмагнайд холбогдох хэрэг нь дээрх санаатай ялагдлуудын нэг жишээ юм. М.Батмагнайгийн хувьд Ордгео ХХК-ийн шүүхэд гомдол гаргасан асуудлын дагуу АМГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болж шүүх хуралд оролцсон байна. Харин шүүгчээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэн оржээ. Хамгийн сонирхолтой нь М.Батмагнай, Э.Лхагвасүрэн нар нэг сургуульд хамт сурч байсан дотны найзууд гэсэн. Энэ нь тэдний хоорондын ашиг сонирхлыг илэрхийлээд өгч байгаа юм. Ингэхээр АМГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батмагнай, шүүгч Э.Лхагвасүрэн нар үгсэн тохирч, 2162X, 10542A дугаартай зөвшөөрлүүдийг сэргээж, Ордгео ХХК- д өгсөн юм шиг дүр зураг харагдаж байна. Одоогоор М.Батмагнай ёс зүйн алдаа гаргасан гэдэг шалтгаанаар ажлаасаа халагдчихаад байгаа аж. Хэдийгээр М.Батмагнайд холбогдох хэрэг АТГ-т шилжсэн ч хэрхэн шийдэгдэх нь мөн л тодорхойгүй байна. Учир нь М.Батмагнай АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбатын хамт МУИС-ийн хуулийн ангийг төгсчээ. Нэг ёсондоо шүүгч найзтайгаа хуйвалдаж үйлдсэн М.Батмагнайгийн хэрэг их сургуулийн найзад нь шилжээд байна. Тэгэхээр М.Батмагнай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хэргээр буруутгагдана гэхэд бас л эргэлзээтэй. М.Батмагнай МУИС-ийг төгссөнийхөө дараа Баянгол дүүргийн прокурорын газарт ажиллаж байгаад Иргэний бүртгэлийн төвөөс ёс зүйн алдаа гарган халагдсан аж. Улмаар АМГ-т ирээд мөн л ёс зүйн алдаа гаргасан гэдэг шалтгаанаар ажлаасаа халагдчихаад байгаа юм. Энэ түүний хийдгээ хийчихээд хариуцлагаас мултрах гэсэн нэг заль ч байж болох юм. Түүнд 264.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ М.Батмагнайгийн тусгай зөвшөөрөл зарсан, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэх асуудал ганцаар тогтохгүй. Тухайлбал, өнгөрсөн оны зургаадугаар сард Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд манай уул уурхайн томоохон компанийн нэхэмжлэлтэй нэгэн хэрэг иржээ. 11016X дугаартай хайгуулын зөвшөөрлийг сэргээх тухай энэ хэргийг шүүгчид компанийн талд шийдсэн байна. Гэвч энэ асуудал эцэстээ нэхэмжлэл гаргасан компанийн бичиг баримтыг Б.Баатар гэгч этгээд хуурамчаар бүрдүүлж, шүүхэд гомдол гаргасан болж таарчээ. 11016X дугаартай хайгуулын зөвшөөрөл эзэмшиж байсан компани тус бүсэд хайгуулын ажлаа хийж үзээд нөөцгүй гэсэн үндэслэлээр хаясан байж. Гэтэл иргэн Б.Баатар гэгч тус компанийн нэрийг ашиглан хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийг сэргээн залилан хийхийг завдсан байжээ. Залилангийн шинжтэй энэ хэргийг шүүх шийдэх үед АМГ-ыг төлөөлж өнөөх М.Батмагнай оролцсон байдаг нь ихээхэн анхаарал татдаг юм. Улмаар хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн ч төдөлгүй сураг алдарчээ. Хэрэв хэрэг илрээгүй байсан бол компанийн нэр барьж, хуурамч баримт бүрдүүлсэн Б.Баатар гэгч нөөцгүй тусгай зөвшөөрлийг сэргээж, бусдад зарах байсан нь тодорхой. Хэдийгээр энд Б.Баатар гэдэг хүний нэр яригдаж байгаа ч жирийн иргэн залилан хийсэн юм уу, АМГ-ынхан өөрсдөө залилан хийх гэж байсан юм уу гэдэг нь бас л эргэлзээтэй. Энэ хэрэгт яагаад заавал М.Батмагнай гэгч АМГ-ыг төлөөлсөн юм бол гэсэн бодол ч төрдөг юм. Тохиолдол байсан уу, санаатай үйлдэл үү. АМГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэргийн шүүгчтэйгээ үгсэн тохирдог байж болзошгүй гэж бодохоор М.Батмагнайгийн хийсэн хэрэг ч байж мэднэ. Гэхдээ бид үүнийг батлах албагүй, хардах эрхтэй. гэдгийг онцлох хэрэгтэй байх. Үнэндээ ийм аргаар хэчнээн тусгай зөвшөөрөл сэргээснийг одоогоор хэлж мэдэхгүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн наймаа ийм л ноцтой, далд хэлбэрт шилжээд байна. М.Батмагнайд 264.2- т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэхээр тэрбээр удаа дараа ийм хэрэгт холбогдсон байх магадлалтай. Учир нь Эрүүгийн хуулийн 264.2-т Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил, хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51- 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байдаг аж. Ямартай ч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн наймаанд гаршсан гэх М.Батмагнайд холбогдох хэрэг АТГ-т шилжээд 10-аад хонож байна. Өглөөний сонин Б.Даваахүү

 Францын Ерөнхийлөгч гэрийн даалгавар хийхийг хуулиар хориглоно

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд дунд сургуульд гэрийн даалгавар хийхийг хуулиар хориглох саналтай байна. Өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгч болсон тэрээр боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэл хийнэ хэмээн амласан нь энэ байсан бололтой. Гэхдээ Ерөнхийлөгчийн хийх шинэчлэл зөвхөн гэрийн даалгаварыг үгүй болгоод зогсохгүй ерөнхийдөө хичээл, сургуулийн цагийг багасгаж, хүүхдийн ачааллыг бууруулах зорилготой юм байна. Хичээлийг гэрт биш сургууль дээрээ л хийх ёстой хэмээн хэлж буй Ерөнхийлөгч Ф.Олландын санал хууль болон батлагдвал зуны амралтыг богиносгож, багш боловсон хүчин дутагдалтай газарт 60000 багш шинээр ажилд авах, хичээлийн цагийг тодорхой хэмжээгээр бууруулах гэх мэт томоохон өөрчлөлт хийх юм. Франц улс өндөр хөгжилтэй орнууд дотроо дунд сургуулийн хичээлийн цаг нь хамгийн уртад тооцогддог. Тус улсад бага, дунд анги ялгаагүй өглөөний 8:30-аас хичээл эхлээд 4:30 д дуусдаг юм. Хэдийгээр Ерөнхийлөгчийн санаачилга амжилттай хэрэгжвэл Ф.Олланд залуу дэмжигчдийнхээ тоог нэмж магадгүй ч энэ өөрчлөлтийг хийхийн тулд өөр олон зүйлийг бодолцох хэрэгтэй гэж ажиглагчид хэлж байна. Тухайлбал, хэдийнээс тогтсон хичээлийн хуваарьт өөрчлөлт орвол эцэг эхчүүд ажлын цагаа хэрхэн зохицуулах вэ, хүүхдүүд гэрийн даалгавараа хийхээ больвол чөлөөт цагийг нь хэрхэн өнгөрүүлвэл зохистой вэ гээд асуудлууд ар араасаа хөндөгдөх бололтой. Б.Сэвжидмаа

51 шатахуун түгээх станцын 22 нь хууль зөрчсөн байв

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Энэ удаагийн шалгалтыг есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газрын алба, Нийслэлийн цагдаагийн газар болон Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс хамтран зохион байгуулжээ. Тус шалгалтаар Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 181 ШТС-аас 51-ийг нь хамруулсан байна. Тэдгээрийн 22 нь тухайн барилга байгууламжаа байнгын ашиглалтад хүлээлгэж өгөлгүйгээр буюу хууль бусаар 1-11 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байсныг тогтоожээ. Түүнчлэн Сод Монгол компанийн хоёр ШТС-ыг буулгах татан буулгах шийдвэр гаргасан байна. Учир нь тус ШТС-ууд иргэдийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж байсан аж.

Монополь нэртэй молиго үмхүүлсэн “Монфрэш” -ээс хууртаж өгсөн мөнгөө нэхэмжилье

Манай улс хүнс үйлдвэрлэдэг цөөхөн компаниудынхаа атганд аль хэдийнээ орчихсон гэхэд болно. Хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаад байгаа энэ үед ард иргэддээ сануулга өгөхөөр хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа өдөр тутмын өргөн хэрэглээний сүү,тараг, жүүс,архи үйлдвэрлэдэг компаниудад анхаарлаа хандуулан нэхэмжлэлээ бичиж байгаа нь энэ билээ. Бидний итгэж, бүтээгдэхүүнийг нь хэрэглэж ирсэн нэр бүхий компаниуд чамгүй олон жил хиртэй хэдэн төгрөгний төлөө ард иргэдийнхээ эрүүл мэндийг уландаа гишгэсэн нь саяхны нэгэн шалгалтаар илэрч олны чих дэлдийлэгсэн. Нэрийг нь дурьдвал АПУ, Сүү, Монфрэш гээд л аль шилж сонгож хэрэглэдэг компаниуд хөвөрнө. Манай улс яагаад энэ цөөхөн компанийн эрхэнд орчихов? Эдгээр кампаниуд мөнгийг нь авсан атлаа яагаад энэ олон жил бидний ходоодыг хогийн сав мэт бодож эрүүл мэндэд минь өш хонзон санав? Энэ удаад Монфрэш компанийн тарьсан балагийн дурдаж, төлүүлж нэхэх эрүүл мэнд, хөрөнгө мөнгөө нэхэхээр шийдлээ. Монфрэш-ийн тухай дэлгэрэнгүй дурьдвал тус компанийн өнөөх амин дэм, кальцаар баялаг Биеэ бодоорой, Өүлүн зэрэг сүүнүүд нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ сарын 21-нээс 24-ний өдрүүдэд хийсэн шалгалтаар Шинэ-Зеланд улсаас импортолсон хуурай сүүгээр үйлдвэрлэдэг болох нь тогтоогдсон бол 100 хувийн цэвэр жимсний шүүс болох Есүхэй, Монфрэш, Бяцхан доктор(чацарганы), Nice, Fresh нь дөнгөж 20 хувь нь жимсний охь байдаг буюу зүгээр л сироп найруулдаг аж. Харин тэд уг бүтээгдэхүүний шошгололтондоо Монгол үнээний сүү... , 100%-ын цэвэр жимсний шүүс хэмээн тодоос тодоор бичсэн байгаа юм. Жимсний шүүсний хувьд манай улс хятадаас нийт хэрэгцээнийхээ дийлэнхи хувийг оруулж ирдэг ч Монфрэш ийн үйлдвэрлэдэг 100 хувийн олон төрлийн шүүсний түүхий эдийг хангаж чадахгүй нь ойлгомжтой. Иймээс бидэнд ил цагаан молиго үмхүүлсэн гэсэн үг. Харин сүүний хувьд бол мал аж ахуйн орон хирнээ хуурай сүүг ийм өндөр үнээр худалдан авч өглөө бүр цайгаа сүлнэ гэж хэлэхэд арай л гомдмоор. Гадныхны удаан хадгалах зориулалтай хуурай сүүнд ямар юмных нь кальц энэ тэр байх вэ дээ? Гэтэл манай бүх л радио, телевизээр Монгол хүн та биеээ бодож кальциа уугаарай хэмээн минут алгасалгүй сурталчилж байсан санагдах юм. Монфрэшийн балаг үүгээр дуусаагүй. Өнгөрсөн жил сургуулийн хүүхдүүдийн үдийн цайны сүүнээсээ хордож хоёр хоёроороо хөтлөлцөн эмнэлэгрүү явсаар сүүлд бүүр ангиараа хичээлээдээ ирж чадахаа больсон түүх ч бий. Гэтэл энэ хооронд уг компанийн Ерөнхий захирал Т.Насанхүү Цагаан хувьсгал гэх төсөл санаачилан сонин сайтаар ярилцлага өгч ард иргэдийн толгойг эргүүлж явсан байгаа юм. Тэрбээр уг ярилцлагадаа Мөөрөх үнээтэй айл мөнгөөрөө сүү авах уу? хэмээн асуугаад Нэг компанийн, нэг салбарын эрх ашиг төдий биш нийт ард түмний аюулгүй байдал, үндэсний нэр төр, эдийн засгийн алдагдлыг зогсоох, малчин, үйлдвэрлэгч, хэрэглэгч, хот, хөдөөгийн хүн амын ажилгүйдэл, ядуурал, эрэлт хэрэгцээ, эрүүл мэндийн төлөөх олон талын ач холбогдолтой төсөл учраас Цагаан хувьсгал гэж нэрлэсэн. Монголчууд олноороо оролцож, үр дүнг нь хүртэх учраас Цагаан хувьсгал юм. Монгол малынхаа ашиг шимийг хөдөөгийн малчид нь ч, хотын иргэд ч олноороо хүртэх, олуулаа хөлс хүчээ шингээж байж бүтэх ажил, хүрэх зорилго учраас Цагаан хувьсгал. Эхлээд монгол малынхаа ариун цагаан сүү, сүүн бүтээгдэхүүнээр монголчуудынхаа хэрэгцээг хангана. Дараа нь монгол сүү, сүүн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр гаргах зорилго тавьж байна. Монгол малаар баян. Өнгөрсөн хавар 13 сая төл хүлээж авлаа. Тавь гаруй сая малтай, таван хушуу эрдэнэт сүрэгтэй улс орон гэж хөөрцөглөдөг хэрнээ, малч ухаантай, нүүдэлчин удамтай хэмээн бахархдаг атлаа ашиг шимийг нь хүртэж чадахгүй, гэдэс ходоодоо цайлгаж дөнгөхгүй сууж байна шүү дээ. Нүүдэлчдийн үр сад мах идэхгүй, дотор цайлгах сүү тараггүй амьдарч чадахгүй улс. Монголыг уул уурхайн гэхээсээ мал аж ахуйн орон гэж дэлхий мэднэ....... гэж баахан хошигруулсан байгаа юм. Ингэхэд нээрээ л бид мөрөөх үнээтэй хирнээ мөнгөөрөө баахан хуурай сүү авч уугаад гэдсээ цайлгахын оронд усаар дүүргэж суусан байна. Иймээс ард түмнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг Монфрэш компаниас нэхэмжилж байна.

Биедээ ил харагдах шархгүйгээр нас барсан байжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Усан сангийн 6 дугаар гудамжинд тавьсан машинд биедээ ил харагдах шархгүйгээр нэгэн иргэн нас барсан байжээ. Цагдаагийн газрынхан нас барсан иргэний хэн болохыг тогтооход иргэн С нь нас барсан байжээ. Мөн тус дүүргийн 24-р байрны 2-р орцны 8-р давхарт 30-35 орчим насны эрэгтэй хүн шатны төмөр бариулнаас хар өнгийн тэлээ мэт зүйлээр өөрийгөө боомилж нас барсан байжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.