Ч.Баттуул гэгч залуухан монгол бүсгүй Америкийн иргэнийг шунахайн зорилгоор буудан хөнөөжээ. Уг нь тэр, дөнгөж 24 настай. Монгол Улсын нэр төрийг, монгол эмэгтэйн нэр сүрийг дэлхийд унагаасан энэ бүсгүй Америк багшийгаа урьж авчраад зургаан удаа буудаж алжээ. Хохирогч болох АНУ-ын иргэн Жон Мартин Кийнг тариа будааны үйлдвэрлэл эрхлэхээр мөнгөтэй ирсэн нь амь насаар нь хэмжигдэнэ гэж тооцоолоогүй биз дээ. Ч.Баттуул гэгч бүсгүй түүний шавь байж. Бас болоогүй, багшаараа сургалтын төлбөрөө төлүүлэн АНУ-д сурч байж. Энэ хэргийг анх сонсоод монгол бүсгүйчүүд маань ийм аймшигтай хэрэг хийдэг байл уу хэмээн бодол эргэлдлээ. Монгол хүүхнүүдийг хүн алаад хүрээ талж байсан гэж багахан зүйл сонсч байжээ. Хүний амь нас бусниулна гэдэг олон янз байдаг аж. Санамсаргүй болон санаатай, шунахай болон хэрцгий гээд л Эрүүгийн хуулиар ангилаад өгчээ. Хүний амь насанд хүрсэн бүсгүйчүүд бас бий. Тэгэхдээ аргагүй байдалд орсон, эсвэл байнгын дарамт шахалтаас болоод. Тэрнээс биш мөнгийг нь авах зорилгоор багшийгаа хөнөөж алсан хэрэг бараг байхгүй аж. Социйн үед эмэгтэйчүүдийн хийсэн хэргийн талаар бараг мэдэгддэггүй байлаа, эсвэл бага ч гардаг байж. Хамгийн алдартай хэрэг бол говийн нэгэн бүсгүйн тухай хэрэг юм. Нөхөр нь савхин гутлын хэргээр аавын хаалга татсан байдаг. Тэр бүсгүй болохоор бас л Луусангийн хаалга татсан байдаг. Тэр хоёр айл хунараас зайдуу нутагладаг, жаахан зожигдуу аж. Нутгийн нэг нөхрөөс тэмээ мал зээлэн аваад өгөхгүй жил өнжжээ. Авлагатай нөхөр нь нэг өдөр ирээд өрөө нэхжээ. Тэрнээс болоод муудалцаж. Нөхөр нь түүнийг цохиод унагааж. Бас хутгаар хатгаж. Гэтэл авгай нь сүх барьж ирээд шууд толгойг нь тасласан байдаг юм. Энэ хоёрын хэрэг тухайн үедээ тун их шуугиан тарьж байж. Хүн амины хэрэг бусниулсан нь хүүхний сүхээр цавчсан явдал байв. Тэр бүсгүйд цааз өгсөн. Тэр үеийн шоронгийн луухгарууд хүртэл тэр бүсгүйг Ганцын цонхоор хараад жихүүдэс хүрч айх шиг болдог байсан гэж яригддаг юм билээ. Нүсэр том биетэй, тэмээний хөлдүү гуяыг ганц гараараа өргөөд үхэр тэргэн дээр шиддэг бүсгүй байсан гэдэг. Дараахан нь гарсан хэрэг бол гал асаадаг Өнөржаргал юм. Энэ бол залилангийн хэрэг. Гурван өрөө байр энээ тэрээ баахан юм аваад үйлдэл дээрээ баригдсан даа. Харин банкны гэгдэх Цолмонгийн хэрэг бол бас л залилан. Энэ бол 1990-ээд оноос хойш гарсан хэрэг. Бүсгүйчүүд эд хөрөнгө мөнгөтэй холбогдож хэрэг хийх нь их байдаг аж. Гэхдээ эмэгтэй хүн хүнээс юм аваад гулгуулах, жаахан залилан хийхэд эрчүүд тэр бүр хатуу загнаад байдаггүй юм билээ, учир нь олон нойтон нялх хүүхэдтэй эмэгтэй хүн гэдгээр болдог байх. 1990-ээд оны хүнд бэрх амьдралын үүднээс төрүүлсэн хүүхдээ хаях, орхих зэрэг хэрэг нэлээдгүй гардаг байж. Сэлэнгэд нэгэн бүсгүй дөнгөж төрсөн хүүхдээ жорлонд хаясан хэрэг гарч билээ. Ярилцаж үзэхэд, аргагүй ядуу амьдрал, эцэггүй учраас ийм хэрэгхийлээ гэж байсан. Тэр бүсгүйн амнаас хийсэн хэргийг нь сонсож байхад бас л жихүүдэс, айдас хүрмээр. Түүнд шүүх гурван жилийн ял оноосон доо. Аргагүй аймшигтай залилангийн хэрэг үйлддэг бүсгүйчүүд бол бий. Хүн амины хэрэгтэй 100 эмэгтэйн судалгаагаар 95 нь байнгын дарам шахалтнаас болоод нөхрөө егүүтгэсэн, эсвэл хамтран амьдрагчаа хөнөөсөн байдаг байна. Дэлхий нийтээр жендерийн асуудал яригддаг болсон өнөө үед эмэгтэйчүүд гэмт хэрэгт их орооцолдвол нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. УИХ-д нэлээдгүй олон эмэгтэй гишүүн сонгогдлоо. Тэд бүлэг байгуулж хууль тогтоох үйл ажиллагаанд Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл болж ажиллахаар болж. Хамгийн гол эмэгтэйчүүдийн бэрхшээлтэй асуудлыг хуулиндаа тусгаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй хий дэмий өмөөрч, баахан сүржигнэвэл ор нэр төдий юм болно. Ер нь эмэгтэйчүүдийг гэмт хэрэгт түлхэх субьект бол эрэгтэй хүн. Эрэгтэй хүний новшийн зангаас болж эмэгтэйчүүд арга барагдан гэмт хэрэг хийхэд хүрдэг байж болно. Ч.Баттуулын тухайд нас залуухан. Цагдаад мэдэгдэхдээ, Мөнгө хэрэг болсон учраас түүний амийг хороосон гэж хүлээжээ. Мөн хоёр найзыг нь бас хорьсон байх юм. Тэд Найз маань бидэн рүү утасдаж, Хүн алчихлаа. Туслаач гэж гуйхаар нь цогцсыг хамт зөөсөн хэмээн мэдүүлсэн гэнэ. Ер нь Ч.Баттуул бусад аюулт хүмүүсийн хийсэн хэргийг хүлээгээд байгаа юм биш биз. Сэлэнгэд 2009 онд нэгэн аймшигт хэрэг гарч билээ. Таксины жолооч нөхрийг авгай, нөхөр хоёр гэртээ оруулаад нийлж байгаад сүхдэж алжээ. Бас болоогүй ээ, байшингийнхаа шалны доор нуучихаад хүүхдээ тэвэрчихсэн инээлдээд гарч машинд нь суухыг нь хөрш нь харсан байдаг. Машиныг нь дархан оруулаад Ивцэгийн хавьцаа голд живүүлээд, маргааш орой нь Сэлэнгэ рүү үйлчилгээний машинаар цогцсыг нь нуухаар гэртээ ирсэн гэдэг. Тэр үед цагдаагийнхан хохирогчийг аль эрт тэднийхээс ,олсон учраас эргээд зугтаажээ. Сэлэнгийн цагдаагийнхан хамаатныхаа Уаз 469-ийг уначихсан тэр хоёрыг зугтааж явахад барьж авчээ. Гэмт хэрэгтэн гэлжгий хочтой, шоронд таван жил суусан, жижигхэн нөхөр байж гэнэ. Дарханы Ивцэгийн хавьд гүйцэж очиход машинаасаа буугаад зугтаж. Сэлэнгийн Цагдаагийн хошууч Оюунсүх ганц цохиход тэрий хадаад явж. Хүний оронцог юм гэмээр амьтан байсан боловч хохирогчийг гурван удаа сүхдсэн байдаг. Цагдаагийнханд авгайтайгаа баригдаад ирэхэд авгай нь согтуу, элдвээр хашгичин цагдаагийнхныг доромжлон тохуурхаж байсан. Эхлээд алуурчин мэдүүлгээ өгөхдөө, хүн алснаа хүлээдэг. Харин сүүлдээ авгай руугаа хамаг хэргээ чихсэн юм. Яагаад гэхээр, эмэгтэй хүнийг Монголд цаазладаггүй болохоор. Уг нь тэр хоёр хамжиж хэрэг үйлдсэн аж. Энэчлэн жишээд үзэхээр Ч.Баттуулын ард жинхэнэ алуурчин нь нуугдаж байгаа юм биш биз. Итгэмээргүй шүү. АНУ-д багшлуулж байсан, тэтгэлэг авч байсан, Тэгээд Монголд тариа будааны бизнес хамтран хийхээр ирсэн америк эрийг нөхөрлөсөн 24 настай бүсгүй хөнөөлөө гэж үү. Монгол эмэгтэйчүүд маань ухаалаг, хүн чанартай хүмүүс байдаг шүү дээ. Арай ч ийм юм хиймээргүй юм. Цаана нь далд учиг байгаа юм биш биз. Хардалт, гэр бүлийн хэрүүл маргаан ийм юманд хүргэж болно. Бас бусдын дарамтнаас болоод ийм хэрэг хийсэн ч юм билүү. Цагдаагийнхан эл асуудлыг нухацтай шалгах хэрэгтэй. Лав мөнгөний шуналаас ийм хэрэг үйлдэнэ гэдэг солиотой юм. Хамтран бизнес хийхээр мөнгөө дундаа зарцуулна, үр ашгаа хувааж хүртэнэ, ямар ч байсан Ч.Баттуул америк эрийн бизнесийн үйл ажиллагаанд оролцож л таараа. Оролцоод ирэхээр мөнгийг нь гартаа барина. Наад захын энгийн ухамсараар бодоход ийм. Бүр болохгүй бол байдаг учраа хэлээд мөнгө гуйхад америк эр өгч л таараа ш дээ. 1990-ээд оны үед Улаанбаатарт таксинд гурван хятад эр 35 сая төгрөгөө мартаж буужээ. Тэрийг дараагийн такси хөлсөлсөн нэг нөхөр аваад гэртээ авчирчихаж. 1900-ээд оны 30 сая төгрөг гэдэг юу билээ. Бөөн юм болж. Ямар ч байсан цагдаагийнхан тэр нөхрийнхийг олжээ. Гэрт нь ортол мань нөхөр юу ч болоогүй юм шиг мөнгийг нь авдран дээрээ эгнүүлээд өрчихсөн сууж байсан гэдэг. Үрсэн мөнгө энээ тэрээ юм бараг алга гэнэ. Баярласан хятадууд тэр нөхөрт газар дээр нь гурван сая төгрөгийг нь өгсөн гэдэг. Учир нь тэр нөхөр гэрийнхээ хажууд таксигаар хүргүүлсэн, таксины жолоочийг цагдаагийнхан тэр дор нь олсон байдаг, мөн олон хоноход мөнгөнөөс нь үрээгүй, цагдаа руу аваад очих гэж байлаа гэх ухааны юм яриад сууж байсан нөхөр ингэж томоохон шагнуулсан гэдэг. Ингэхээр шударга, зохистой үйлдэл хийсэн хүн өөртөө том урамшуулал авчирдаг аж. Ер нь Ч. Баттуулын ард жинхэнэ гэмт хэрэг хийсэн нь нуугдаж байж болзошгүй. Саяхан шүүхээс эл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаагаад байна Б.Пүүжээ Эх сурвалж:Бизнес Таймс
НИТХ-ын тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн нэг асуудал бол өнгөрсөн долоо хоногт нураасан үйлдвэр комбинатын Цагаан хаалгыг хэрхэх тухай байв. НИТХын тэргүүлэгчдийн шийдвэр гараагүй байхад үйлдвэр комбинатын Цагаан хаалгыг нураалаа. Шийдвэргүйгээр нийслэлийн өмчид дахиж гар хүрэхийг хатуу хориглоно шүү хэмээн Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржид НИТХын дарга Д.Баттулга сануулга өглөө. Үйлдвэр комбинатын Цагаан хаалгыг буулгаж, хөрөнгийн бүртгэлээс хасах тухай асуудалд тэргүүлэгчдийн саналыг хураахад гурав нь эсэргүүцэж, дөрвөн тэргүүлэгч дэмжсэнээр дээрх тогтоолын төслийг баталсан юм. Харин нисэхийн Цагаан хаалгыг нураалгүйгээр хуучин замыг нь нэг урсгалтай болгон дэргэд нь шинэ зам тавихаар болсон. Уг хурлаар Төв цэцэрлэгт байдаг В.И.Лениний хөшөөг нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан бөгөөд тэргүүлэгчид нүүлгэлгүйгээр дуудлага худалдаанд оруулах саналтай байгаагаа хэлж байсан.
“Тарбозавр батаар”-ын сэжигтнүүдийг баривчлан шалгаж эхэлжээ
2012-09-25 09:12:33 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйМонгол улсын хилээр Тарбозавр батаар-ын үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар гаргасан нь тогтоогдсон. Энэ хэрэг олон улсын төвшинд яригдаж байгаа юм. Одоогоор манай талаас гэмт этгээдүүдийг баривчлан шалгаж эхэлжээ. АНУ-ын Нью-Йорк хотын Heritage Auctions-ын 2012.05.20-ны өдрийн дуудлага худалдаагаар 1.052.500 ам.долларын зарагдсан үлэг гүрвэлын яс нь Монгол орны Хожуу Цэрдийн Нэмэгтийн цаг үеийн Тарбозавр батаар болохыг манай болон олон улсын эрдэмтэд тогтоосон. Уг олдворыг Монгол улсын хилээр хууль бусаар гаргасан хэрэгт Улсын Мөрдөн байцаах газар Эрүүгийн хуулийн 175.3-т заасан Эд зүйл улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, 150.3-р зүйлээр Бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэх зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж үлэг гүрвэлийн ясыг эзэмшигч АНУ-ын иргэн Эрик Прокопи нь Монгол улсад удаа дараа ирж Монгол улсын иргэн сэжигтэн Т, Б, О, Ө нартай бүлэглэн хууль бусаар палентолиогийн хайгуул хийсэн байж болзошгүй аж. Энэ хэргийн сэжигтэн Т, Б нар нь үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар малтлага хийж, олборлож байсан АНУ-ын иргэн Эрик Прокопитой холбоотой болохыг нотлох баримтаар тогтоон сэжигтэн Б, Ө нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгаж байна.
Цэцэрлэгийн газрыг булааж сүндэрлэсэн "Өндөр буянт"-ынханд хууль үйлчилдэггүй бололтой
2012-09-24 10:20:13 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйӨдөр өнжихгүй шахам барилгатай холбоотой асуудал гарч, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах болов. Товчхондоо бол Улаанбаатарт сүндэрлэж буй шинэ барилгууд иргэдэд аюул дуудах болсон бөгөөд төр засгаас ч энэ асуудалд анхаарал хандуулж арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Үүний нэг жишээ нь өнгөрсөн сарын 1-нээс НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга шинээр барилгын ажил эхлүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Гэтэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IV хороо 149 дүгээр цэцэрлэгийн хашааг буулган, цэцэрлэгээс нь метр хүрэхгүй зайд 17 давхар орон сууцны барилга барьж эхэлжээ. Энэ ажил 2007 оноос эхэлсэн бөгөөд энэ ондоо буюу арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна хэмээн хятад ажилчид улайран ажиллаж байна. Уг нь барилгын ажлыг эхлэх үед тус цэцэрлэгийн удирдлагуудаас гадна ойр хавийн оршин суугчид нь эсэргүүцэж, Барилга бариулахгүй хэмээж байсан юм билээ. Гэвч тусыг эс олжээ. Тухайн үед барилгын захиалагчаар солонгос эзэнтэй Бэгдү констракшн гүйцэтгэгчээр Хятадын Икс ди эф компани ажиллаж 2008 он хүртэл дөрвөн давхрыг нь бариад барилгын ажил зогссон ч өнгөрсөн оноос эхлэн Өндөр буянт холдинг уг барилгыг худалдаж авснаар эрчимтэй өргөжин өндөрсөж 17 давхар хүртэл сүндэрлүүлжээ. Оршин суугчдын өгүүлснээр тус барилга нь Барилгын тухай хууль болоод стандартыг бүгдийг нь зөрчсөн байна. Учир нь стандарт ёсоор бол сургууль цэцэрлэгээс 50 метрийн зайд барилга барих хориотой байдаг ажээ. Гэтэл энэ харш 50 битгий хэл тав хүрэхгүй метрийн зайд баригдсан, тэр хэрээрээ хүүхдүүдийн тоглох талбайнаас хумсалсан гэсэн үг. Мөн дулаан цэвэр усны шугамыг нь өөрчилж, цэцэрлэгийн шугам сүлжээн дээр барилгаа барьснаас болж хөлдөж, холбогдох хүмүүс түүнийг нь засах гэж орчны бүх халаалтыг хоёр өдрийн турш хааж засварласан байна. Үүгээр ч зогсохгүй уг барилгыг барих үед краны нум цэцэрлэгийн дээвэр дээр унаж, хүнсний агуулах дээвэр дээр мод цөмрөн унасан төдийгүй дээрх эвдрэл гэмтлийг улсын төсөв, санхүүжилтээр засаж сэргээжээ. Энэ баримтаас харахад хэн нэгэн хариуцлагагүй албан тушаалтан, барилгын компанийн эздээс болж эвдэрсэн дээвэр болон шугамын ажилд 40 орчим сая төгрөг улсын төсвөөс буюу та бидний халааснаас гарчээ. Түүнчлэн тус цэцэрлэг хогоо улирал тутамд ачуулдаг, нэг ачилт нь 88 мянган төгрөг хэмээн тооцоолж улсын төсвөөс жил бүр 200-гаад мянган төгрөг төсөвлөдөг ажээ. Гэтэл барилгын ажил эхэлснээс хойш cap болгон хогоо ачуулдаг болсноор дээрх мөнгө нь хаанаа ч хүрэлцдэггүй болсон тухай тус цэцэрлэгийнхэн өгүүлсэн. Бид энэ компанийн зөвшөөрөлтэй эсэх, эзэд нь яагаад хариуцлага хүлээдэггүй талаарх мэдээллийг цуглуулахаар Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрынхантай уулзах гэсэн боловч Өнөөдөр /өчигдөр/ дотоод ажилтай тул хүн хүлээж авах боломжгүй гэсэн хариултыг өгөв. Уг нь барилгын ажил эхлэх үеэс тус цэцэрлэгийн эрхлэгч Т.Сувдаа энэ хууль бус үйлдлийг зогсоохоор хөлөө хүрэх газраа явсан ч тусыг эс олжээ. Энэ тухай тэрбээр Би одоо Захиргааны хэргийн шүүхэд хандах л үлдсэн хэмээн өгүүлэв. Учир нь дүүргээс Нийслэлийн холбогдох бүх газраар явж, үнэний талд асуудлыг шийдүүлдэг ч тогтоол шийдвэр нь үл хэрэгждэг хэмээсэн. 149 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Сувдаатай уулзаж зарим зүйлийг тодруулснаа хүргэж байна. -Та энэ барилгын ажлыг зогсоох гэж их олон газраар яваад бүтэл муутайхан байсан гэлээ. Ингэхэд газрынх нь зөвшөөрлийг хэн өгсөн байдаг юм бэ? -Надад яваагүй газар гэж байхгүй. Дүүргийн Мэргэжлийн хяналт, Боловсролын хэлтэс, Газрын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн газрын албанд хүртэл хандсан. Гэвч Нийслэлийн газрын алба, Өмчийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан ямар ч хариу өгөөгүй. Тоох ч үгүй юм билээ. Энэ нь газрын давхцалын тодорхойлолтоос тодорхой харагдаж байгаа биз дээ. Газрын захирамжийг 2006 онд хотын дарга байсан хүн олгосон байдаг. Би анхнаас нь Бэгдү констракшнтай хэрүүл хийсэн. Уг нь Нийслэлийн өмчийн харилцааны газар энэ асуудлыг мэдэх учиртай. Гэтэл даргаар нь ажиллаж байсан М.Ганбаатарыг Бэгдү-гийн солонгос эзнээс 50 сая төгрөг авлигад авсан гэж ярьдаг юм билээ. Тэгээд долоо хоногийн дараа ажлаасаа гарсан гэдэг. Гэхдээ энэ бол миний хүнээс сонссон мэдээлэл. Бас Бэгдү-гийн захирлын эзний эхнэр нь Пүрэвжав гэж хүн Нийслэлийн өмчийн харилцааны газарт М.Ганбаатартай хамт ажиллаж байгаад одоо БХБЯ-нд ажилладаг болсон гэсэн. -Өндөрбуянт холдингийн удирдлагуудтай уулзсан уу? -Уулзах гэж хичээсэн. Гэвч уулзахгүй юм. Юм мэдэхгүй инженерүүдээ над руу явуулчихдаг. Манай өмгөөлөгчөөр дамжуулан Цэцэрлэг тэгээд юу хүсээд байгаа юм бэ. Албан бичгээр хүсэлтээ гаргаж өг гэдэг. Тэгэхээр нь би Манай газрыг чөлөөлж өг гэсэн албан бичиг явуулсан байгаа. Яг захирал нь гэж хүн уулзахгүй байгаа. Хууль бусаар барахгүй давхцал үүссэн гэсэн Мэргэжлийн хяналт, Хот байгуулалтын газрын хамтарсан дүгнэлт гарсан шүү дээ. Цэцэрлэгийн хашаанаас бол өргөөшөө гурван метр, уртаараа 60 метрийг эзэгнэчихээд байна. Уг нь улсын стандартаараа бол сургууль, цэцэрлэгээс 50 метрийн зайтай барилга барих ёстой байдаг. Үнэхээр л барилга барьж, ашиг олох гээд байгаа юм бол энэ бүгдийг хуулийн дагуу болгоод барих хэрэгтэй шүү дээ. Энэ компани манай улаан шугамаас давж орж ирсэн зураг нь байдаг. Би дөнгөж газраа ухаж эхэлж байхад нь энэ тухай асуудал хөндсөн. Одоо таван жил болсон байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй байдалд хүмүүжихэд заналхийлсэн гэж хэлж болно доо. -Энэ хэсгээр сургуулийн хүүхдүүд их явах юм? -Тиймээ. 45 дугаар сургууль урдхан талд байдаг. Тэгээд хажуугаар нь явдаг юм. Тоглоомын талбайд арматурын төмөр уначихсан байсан шүү дээ. -Эцэг, эхчүүд энэ тухай гомдоллож байна уу? -Мэдээж тэгэлгүй яах вэ. Гэвч одоо ийм өндөр барилгыг нураана гэж байхгүй байх. Ямар ч байсан Улсын комисст хүлээлгэж өгөлгүй байлгаж байгаад хохирлоо нөхөн төлүүлнэ гэсэн бодолтой байна. Хүүхдүүдээ өглөөд агаар салхинд гаргаж чадахгүй чийгтэй байшинд байлгаж байна. Уг нь 10-15 минут гадаа байлгах ёстой. Гэтэл дээрээс нь юм унаад хүний хүүхдийн амь насанд хүрчих вий гэж айгаад байх юм. Ямар ч хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллахгүй байгаа. Хоёр хоногийн өмнөөс нэг тор шиг юм татсан. Бид хэлээд нэмэргүй. Хятад ажилчидтай тул хэл ойлгохгүй, айдастай л байна. Одоо бүх бичиг баримтаа бариад Захиргааны хэргийн шүүхэд хандана. Учир нь иргэдийнхээ талд шийдвэр гаргах болов уу гэж бодож байна даа. О.Сайханцэцэг Эх сурвалж:Өдрийн шуудан
НӨАТ-ын тухай хуулиас болж 5000 хүн “аав”-ын хаалга татах нь
2012-09-24 09:32:57 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйХууль хяналтынхан Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн 2500 орчим компанийн нягтлан, захирал гээд 5000 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Цагдаагийнхан сарын өмнө 500 компанийн захирал, нягтланг шалгаж байна гэсэн бол энэ тоо гэрлийн хурдаар өссөн нь энэ. Нэмүү өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн 2500 компанийн нягтлан болон захирлыг шүүх буруутай гэж үзвэл аав-ынд зочилно. Өөрөөр хэлбэл, тэднийг яг адилхан үндэслэлээр буруутгаж, хоморголон хариуцлага тооцох нь. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бол дээрх компанийн захирал, нягтлан нарт Эрүүгийн хуулийн Татвар төлөхөөс зайлсхийх /166/, Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах /233/, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах /265/, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /266/ гэсэн зүйл ангиар буруутган шалгаж байна. Эл хэргийг шалгахын тулд ЭЦГ, УМБГ, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гарсан гэнэ. Аж ахуйн нэгж бараа, үйлчилгээ худалдан авахдаа НӨАТ төлнө. Бараа бэлтгэн нийлүүлэгч нь ч НӨАТ төлдөг. Гэтэл тайландаа аль аль нь татвар төлсөн мэтээр бараа, үйлчилгээний үнийн дүнг өсгөх гэх мэтээр хуурамч бичилт хийдэг гэнэ. Түүнийг нь Татварын ерөнхий газрын хариуцсан албан тушаалтнууд тулгадаггүйгээс ийм хууль бус үйлдэл гаарсныг шүүмжлэх хүн олон байна. Үүнээс үзвэл, энэ хэргийн холбогдогч нарын тоо Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтан, татварын байцаагчдаар хүрээгээ тэлэх нь. Үүгээр ч зогсохгүй шалгалтын явцад тухайн компанийн удирдлагууд НӨАТ төлснийхөө хөнгөлөлтийг улсаас удаа дараа авсан тохиолдол ч илэрсэн аж. НӨАТ-ын падаан ашиглаж, татвараас бултсан гэх энэ хэргийн хохирлын хэмжээг одоогоор 500 тэрбум төгрөг гэж байгаа ч цаашид нэмэгдэх магадлалтайг эх сурвалж хэлэв. Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2006 оны зургадугаар сард баталж, 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Ингэж олон хүн буруутан болох шалтгааныг зарим нь уг хуультай холбон тайлбарлаж байна. Нэг хэсэг нь эл хуулийг улсад ашигтай сайн хууль гэж тодорхойлж байхад нөгөө хэсэг нь маш муу хууль гэж дүгнэж байх жишээтэй. Эл хуулиас болж 2500 компанийн захирал, нягтланг буруутгаж, шоронд хийвэл компани нь дампуурч, ажилчид нь гудамжинд гарч лааз өшиглөх гэж байна гэх юм. Түүнчлэн сүүлийн үед энэ хуулийг хүчингүй болгох тухай мессэж хүртэл олны дунд түгэх боллоо. 2500 компани энэ хуулийг зөрчиж байгаа нь амьдралд хэрэгжүүлэх боломжгүйг харуулж байна. Гадаадын зарим улс оронд олон нийтээрээ дагаж мөрдөх бололцоогүй хуулийг тэр дор нь хэрэгсэхгүй болгодог жишигтэй. Энэ мэтээр Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийн эсрэг кампанит ажлыг хэрэгт холбогдсон компанийн удирдлагууд өрнүүлж эхэлснийг ч үгүйсгэх аргагүй. Кампанит ажлын зорилго нь мэдээж, хариуцлагаас бултах. Дээрх компанийн захирал, нягтлан нарт Эрүүгийн хуулийн Татвар төлөхөөс зайлсхийх /166/, Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах /233/, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах /265/, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /266/ гэсэн хэрэгт буруутай эсэхийг мэдээж, шүүх тогтооно. Дөрөв, таван жилийн өмнө 30 орчим Хадгаламж зээлийн хоршооны эзэн бусдын мөнгийг залилж, хууль бусаар ХЗХ-ны үйл ажиллагаа явуулсан гэж толгой дараалан яллуулсан. Энэ байдал одоо банкны захирал, нягтлангуудаар үргэлжлэх нь. Үүнээс улбаалж, Монголд одоо хоригдож байгаа хүмүүжигчид дээр нэмээд 5000 хүн багтаах шорон бий болов уу гэсэн бодол төрөв. Сураглавал, улсын хэмжээнд гяндан, онцгой, чанга, жирийн гэх мэт дэглэмтэй 25 орчим хорих анги бий гэнэ. Мэдээж, шүүхээс буруутай гэсэн шийдвэр гаргавал дээрх 5000 хүнийг эдгээр хорих ангид ямар нэг байдлаар хуваарилж, багтаах л болж таарах нь. Багтахгүй бол шинээр шорон барина гэж бичиг цаас барин гүйж ч мэднэ. Хотын төвд амаржих газар барих гэж зургаан га газар хүсэхэд зөвшөөрөл өгдөггүй хэрнээ ийм хэмжээний газарт тодруулбал, ТЭЦ-4-ийн хажууд тансаг шорон барих зөвшөөрөл олгосон байх жишээтэй. Тэгснээ амаржих газрыг хаа байсан хотын захад, цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй, дэд бүтэцгүй хэсэгт барих зөвшөөрөл олгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл эмнэлэг нь баригдаж дуусаагүй, харин шинэ шорон үйлчлүүлэгч-дээ аль хоёр жилийн өмнөөс хүлээн авч эхэлсэн. Угтаа шорон хотын захад, амаржих газар хотын төвд байх учиртай. Гэтэл манайд эсрэгээрээ. Шорон барих нь нэгд, эмнэлэг барих нь хоёрт тавигдах асуудал гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй. НӨАТ-ЫН ПАДААН АШИГЛАЖ, ХУУЛИЙГ ИНГЭЖ ЗАВХРУУЛЖЭЭ Татварын ерөнхий газар одоогоос зургаан сарын өмнө татвар төлөгч нарт хандаж ийм нэгэн сэрэмжлүүлгийг хүргэж байжээ. Сэрэмжлүүлэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах явцад НӨАТ-ын падаантай холбоотой гарсан зөрчлүүдийг жагсаасан байна. Цагдаагийнхан мөрдөн байцаалтын нууц гээд 2500 компанийн удирдлагын холбогдсон хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа ч Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийг дараахь байдлаар зөрчсөн байх магадлалтай аж. Татвар төлөгчдөд хандсан сэрэмжлүүлэгт тусгаснаар бол: 1. НӨАТ-ын хасалт, буцаан олголт хийх хуулийн заалтад хамааралгүй ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг бизнесийн үйл ажиллагааны зардлаар тооцож, төсөвт төлөх НӨАТ-ыг багасгах. 2. Импортын барааны НӨАТ ногдуулах үнэлгээг бууруулахын тулд хуурамч гэрээ үйлдэж гаалийн мэдүүлэг бүрдүүлэх замаар төлөх татвараа бууруулах. 3. Бусдаас НӨАТ төлж бараа ажил үйлчилгээ худалдан авснаар ня-бо бүртгэлийн худал бичилт хийж, НӨАТ-ын падаан бичиж, их хэмжээний хасалт хийх. 4. НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа ажил үйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан бичих. 5. НӨАТ-аас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулан авсан худалдан авалтанд төлсөн НӨАТ-аа төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцох. 6. Татварын албанд бүртгэлгүй, бүртгэлтэй боловч тухайн борлуулагчийн бүртгэлтэй бус НӨАТ-ын падааныг өөр хоорондоо наймаацах замаар хуурамч анхан шатны баримт бүрдүүлэх. 7. Дулаан, цахилгаанд төлсөн НӨАТ-ын падаанаар түрээслэгч, түрээслүүлэгч давхар хасалт хийх. 8. НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээд нэг жил ба түүнээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй Х тайлан гаргаж НӨАТ төлөгчөөс хасагдах болзол хангасан байхад уг хуулийн этгээдийг худалдан авч НӨАТ төлөгч бус этгээдийн Хайгуулын ажлын худалдан авалтад төлсөн НӨАТ-аа шилжүүлэн бүртгэж хасалт, буцаан авалт хийхээр худал тайлагнадаг зэрэг татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн ноцтой зөрчлүүд илэрч байна гэжээ. Б.Алтанцэцэг
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй