Гэнэтийн осол, аваараас амиа алдсан иргэдийн тоо өдрөөс өдөрт өсч ард түмэнд амьд явах баталгаа үгүй болжээ. Хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Хөх толгой хэмээх газарт нутаглаж байсан малчин Б.Отгонтулгын гэрийг согтуу этгээд дайрч дөрвөн хүний аминд хүрсэн. Эл явдлаас хойш арав гаруй хоног өнгөрчээ. Харин хэргийг хэрхэн шалгаж, хэн гэгч хүний аминд хүрснийг олон нийтэд мэдээлсэнгүй. Гэгээн цагаан өдөр тал газарт нутаглаж байсан айлыг тавхан хормын дотор хүйс тэмтэрнэ гэж хэний ч санаанд орохгүй. Гэмт этгээдийг Д.Алтангэрэл гэдэг. Тэрбээр Австралийн хөрөнгө оруулалттай Terra energy компанийн ажилтан гэх. Өдгөө 35 настай нэгэн. Түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх мэдээлэл бий. Албан мэдээллээс үзвэл, түүний согтолтын хэмжээ 0.35 гарсан аж. Архи амссан л бол машин барьж болохгүй гэх дүрэм түүнд үйлчилдэггүй бололтой. Сэжигтэнг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж буй ч хэрэг нь хэрхэн шийдэгдэх нь тодорхой бус байна. Учир нь тус сумын иргэд Энэ хэрэг ингээд өнгөрөх вий гэсэн айдастай сууна. Ослоор ээжүүдийгээ алдсан зургаан хүүхдийн элэг нь эмтэрч, нааш харсан нэгнийг царайчилж хүний гар харж суугаа. Осол гарсан өдөр Б.Отгонтулгынх хадлангаасаа буцаж явахдаа гэрээ барьж ахан дүүсээрээ цайгаа ууж суусан гэнэ. Гэтэл Ланд ровер маркийн 72-81 УНИ улсын дугаартай машин гэрийг нь зүглэн ирж явааг харж гэрийн эзэд Айраг асуух гэсэн хүмүүс байх аа хэмээн тайвширсан аж. Гэтэл нүд ирмэх зуур гэрийг нь дайрч гурван том хүн, нэг хүүхдийн аминд хүрсэн аж. Талийгаач болох Н.Бадамлянхуацэцэг нь 1976 онд төрсөн. 1993 онд хоёрдугаар 10 жилийг, 2006 онд Засагт хан дээд сургуулийг төгсчээ. Түүнийг нутгийнхан нь Намуун зоогийн газар, Таван эрдэнэ малчны нөхөрлөлөөр нь андахгүй гэнэ. Тэрээр хайрт хань охиноо үлдээгээд 10 настай хүүтэйгээ энэ ертөнцөөс явжээ. Харин Б.Алтанзул нь Баяндалай суманд төрсөн. Хохирогч Д.Алимаа нь 1975 онд Ханхонгор сумын Мандах багийн нутагт мэндэлжээ. Ханхонгор сумын найман жилийн сургуулийг 1991 төгсч, Налайх дүүргийн техникийн лицей сургуулийг төгссөн аж. ХЭРЭГТЭН ХЭН БАЙВ Дөрвөн хүний аминд хүрсэн этгээдийг Бумбааш овогтой Алтангэрэл гэх. Эх сурвалжийн мэдээлснээр Terra energy компанийн туслан гүйцэтгэгч Polaris компанийн ажилтан аж. Тэрбээр гэмт хэрэг үйлдэхээсээс өмнө тухайн нутаг хэд хоногийн турш тэнүүчилсэн гэнэ. Улмаар айл, өрхүүдээр орж архи, дарс нэхэн хононо хэмээн айлган сүрдүүлж байсныг нутгийн иргэд гэрчлэв. Түүнд Эргүүгийн хуулийн 215.3 зааснаар хэрэг үүсгэн шалгаж буй юм. Уг зүйл ангид Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жил хүртэлх хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ хэмээн заажээ. Нутгийн иргэдийн хэлж буйгаар энэ хэргийг санаатайгаар үйлдсэн хэмээн таамаглаж байгаа аж. Бидэнд ирсэн мэдээллээр хохирогчдын ар гэрийнхэнтэй компанийн удирдлагаас авахуулаад ажилчид нь ч яриагүй аж. Б.ЧАНЦАЛ Эх сурвалж: Нийгмийн толь
Өнгөрөгч ням гаригт Францын Дордонь гэдэг газар нэгэн эр ан хийж яваад нохойдоо буудуулсан байна. Анчин эр буга буудах гэж байх үед Blue Gascony Basset үүлдрийн нохой нь үсрэх зуураа түүний бууны гохон дээр гишгэжээ. Сум анчны баруун гарыг оносон байна. Анчин бууныхаа гохыг түгжиж, аюулгүй байдлаа хангаагүй учраас золгүй явдалд зөвхөн өөрийгөө л буруутгажээ. Тэрээр France Bleu радиод ярилцлага өгөх үеэрээ Энэ бол нохойны маань буруу биш, тэр бол гайхалтай нохой хэвээрээ байгаа гэж хэлсэн байна. 55 настай Ренег нохойдоо буудуулсных нь дараа онгоцоор Бордо хот дахь эмнэлэгт онгоцоор хүргэжээ. Түүний хэлснээр бусад хоёр нохой нь буга хөөж байх зуур хэргийн эзэн нохой хажууд нь үлдсэн байсан гэнэ. Рене Нохой маань надад эрхлэх гээд над руу үсэрсэн гэж бодож байна, тэр үед л буун дээр гишгэсэн байх хэмээжээ. Эх сурвалж: http://www.telegraph.co.uk Э.АМАР
“Сод Монгол” групп хууль зөрчин, улсын өмч ашиглаж байна
2012-09-19 09:19:26 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэлд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг 32 шатахуун түгээх станц бий. Тэдгээр шатахуун түгээх станцуудыг хаахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас удаа дараа арга хэмжээ авсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Учир нь нэр бүхий шатахуун түгээх станцууд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байгаа юм. Тэр хэрээр айлын хаяа залгах шахам байрлах зөвшөөрөлгүй шатахуун станцууд өдрөөс өдөрт гэр хорооллынхныг түгшээх болсон нь нууц биш. Өнөөдрийн байдлаар Сод Монгол групп гэхэд 14 шатахуун түгээх станцыг хууль бусаар ажилуулж байна. Содмонгол групп-ийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр XIX хороонд байрлах 32 дугаар салбар шатахуун түгээх станц дээр очлоо. Замын хойд талд гэр хороолол руу урууддаг уулзварт Содмонгол групп шатахуун түгээх станц гэсэн хаягийг нэлээд өндөр самбар дээр хаджээ. Тухайн хаягийг хадсан самбарын хажуухан гудамжаар уруудан алхсаар Зэвсэгт хүчний 056 дугаар цэргийн ангид хүрч ирэв. Тус цэргийн ангийн чанх урд мөн л Содмонгол групп- ийн шатахуун түгээх станц байрласан харагдав. Тэндхийн ажилчидтай уулзлаа. Тэнд Энд ажилд ороод удаагүй. Тэгээд ч энэ шатахуун түгээс станц зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй. Хуучин Зэвсэгт хүчний 056 дугаар ангийн эзэмшлийн шатахуун түгээх станц байсан гэсэн. Манайх түрээслэдэг юм. Тэгээд ч Зэвсэгт хүчний 056 дугаар анги болоод бусад цэргийн ангийг шатахуунаар хангадаг. Мөн иргэдэд үйлчилдэг. Өөр зүйл мэдэхгүй гэлээ. Гол нь Сод монгол групп-ийн энэ салбар нь Зэвсэгт хүчний 056 дугаар ангийн хашаатай залгаа юм. Нэг объектод хамаардаг байна. Энэ ч үүднээс хууль зөрчин байж үйл ажиллагаа явуулсан хэмээн холбогдох байгууллагууд тогтоогоод буй юм. Ер нь улсын онцгой газарт хувийн компани үйл ажиллагаа явуулах нь хуулиараа хориотой. Гэтэл Сод монгол групп газрын зөвшөөрөл болон үйл ажиллагаа явуулах эрхгүй хэрнээ хууль бусаар шатахуун түгээх станцын 32 дугаар салбараа дээрх цэргийн ангийн хашаанд шахам байршуулжээ. Энэ талаар тодруулахаар Зэвсэгт хүчний 056 дугаар ангийн захирал хурандаа Д. Энхбортой уулзаж ярилцлаа. -Танай цэргийн ангийн объектод Сод монгол групп үйл ажиллагаа явуулж байна. Хуулиараа бол энэ нь хориотой юм биш үү? -Би тус цэргийн ангийн удирдлагаар томилогдоод жил гаруй хугацаа болж байна. Намайг албан тушаалаа хүлээж авахаас өмнө Зэвсэгт хүчний 056 дугаар ангийн мэдлийн шатахуун түгээх станцыг Содмонгол групп түрээслээд эхэлчихсэн байсан. Тэгэхээр хэзээнээс энэ үйл ажиллагааг эрхлэх болсныг сайн мэдэхгүй. -Тэгвэл түрээсийн үнэ хэд бол? -Энэ тухай надад мэдэх юм үнэндээ алга. -Ингэхэд ямар захирамжийн дагуу танай шатахуун түгээх станцыг Сод монгол-ынхон түрээсэлдэг вэ? -Тэрийг ч сайн мэдэхгүй. Ямар нэгэн байдлаар Зэвсэгт хүчний жанжин штабтай тохиролцож, албан ёсны гэрээ байгуулсан л байх. Учир нь саяхнаас Зэвсэгт хүчний жанжин штаб Тус шатахуун түгээх станцыг буцааж ав гэсэн тушаал гаргасан байсан. Энэ дагуу бид бэлтгэл ажлаа хийж байна. -Тушаал нь яг хэзээ гарсан юм бол. Сод монгол групп хэзээ танайд хүлээлгэж өгнө гэж байна ? -Зэвсэгт хүчний жанжин штабаас энэ оны тавдугаар сарын 30-нд тушаап гаргасан. Харин дээрх тушаалтай танилцсан Сод монгол групп энэ оны зургадугаар сарын 18-нд гэрээгээ цуцалж хүлээлгэж өгнө гэсэн. Гэтэл одоо болтол хүлээлгэж өгөөгүй. Ажлаа хэвийн явуулсаар байна. -Сод монгол групп танайхаас гадна жолоочдод шатахуун түгээдэг, Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг энэ шатахуун түгээх станц гаднах аюулгүй байдлаа ч хангаагүй харагдана. Танайх ядаж энэ тал дээр хяналт тавьдаггүй юм уу? -Хэрэв ямар нэгэн байдлаар осол гарлаа гэхэд манай цэргийн ангийн хувьд маш эрсдэлтэй л дээ. Манайх Аваарын довтолгооноос хамгаалах 056 дугаар цэргийн анги гэж явдаг. Цэргийн алба хааж байгаа олон иргэд бий. Дээр нь манай албан хаагчид, техник хэрэгслийн хувьд ч эрсдэлтэй. Их хэмжээний хохирол учруулах нь тодорхой. Үүнийг тоочоод ч барахгүй. Тиймээс л аюулгүй байдлыг бодож хийсэн гэрээгээ цуцалж байгаа байх. Сод монгол-ын 32 дугаар салбарын шатахуун түгээх станц гэр хороолол дунд байрладаг. Тиймээс тус дүүргийн шатахуун түгээх станцтай ойролцоо амьдардаг зарим иргэдийн сэтгэгдлийг сонслоо. Баянзүрх дүүргийн XIX хорооны иргэн Н.Ганболдын хэлж буйгаар Сод монгол групп энд иргэдэд шатахуун түгээж эхлээд удаж байна. Би энд хүнсний дэлгүүр ажиллуулаад хоёр жил гаруй болж байгаа. Тэр үеэс л үйл ажиллагаа явуулдаг байсан. Хамгийн гол нь цэргийн ангитай ойрхон байдаг. Согтуу жолооч энэ ШТС-ыг мөргөж осол болохгүй гэсэн баталгаа алга. Тиймээс холбогдох байгууллагууд нь тус газрын үйл ажиллагааг нь даруй зогсоох шаардлагатай. Гэр хороололд амьдардаг олон мянган иргэдийн амь нас хутганы ирэн дээр байна гэлээ. Гэр хороолол дундах ШТС шөнийн цагаар ажиллаж мөнгө олдог Баянзүрх дүүргийн XXIV хорооны иргэн Г.Ариунболор хэлэхдээ Нийслэлд гэр хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг маш олон шатахуун түгээх станц байна. Тэд ихэвчлэн шөнөөр ажиллаж мөнгө хийдэг. Учир нь жаахан халамцуу жолооч нар гэр хорооллын дунд байдаг ШТС-аас шатахуун авдаг. Энэ нь цаанаа маш их эрсдэл, аюулыг дагуулж байна. Тиймээс үйл ажиллагааг нь болиулах хэрэгтэй. Энэ бүх зөвшөөрөлгүй ажиллаж байгаа ШТС-уудын ард хэн нэгний танил хамаатан садан нь ажиллаж мөнгө угаадаг тул үйл ажиллагааг нь шууд зогсоож чадахгүй байна гэж бодож явдаг гэв. Л.Алтанхишиг Эх сурвалж:Нийслэл Таймс
Эхэлж нийтийн эзэмшлээс гаргаад дараа нь барилга барих зөвшөөрөл өгчээ
2012-09-19 09:06:10 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйТэнгис кино театрын урд талд усан оргилуур байлаа. Өөрөөр хэлбэл энэ нь зорчих газаргүй шахам нийслэлчүүдийн мэдлийн цөөхөн газрын нэг нь. Гэтэл үүнийг 2011 оны арванхоёрдугаар сард нийтийн эзэмшлээс гаргах захирамжийг засаг дарга асан Г.Мөнхбаяр үйлдэж улмаар К.Пүрэв гэх иргэнд барилга барих зөвшөөрлийг олгожээ. Тус иргэний нэр дээр олгогдсон газар эхэндээ усан оргилуур барих хэмжээтэй, гаднах хашаандаа ямар сайхан олон нийтийн газар бий болох талаарх танилцуулга самбартай байсан боловч удалгүй газар нь томорч, барилга нь өндөрссөөр өдгөө 16 давхар оффис үйлчилгээний барилгын 11 дэх давхар нь баригдаад байна. Ингэхдээ 11 давхрын тулаас төмөр унаж 25 настай иргэн Ч-ийн амь насыг бүрэлгэсэн хариуцлагагүй явдал гарсан. Явган хүний зам, автобусны буудал, автозамтай шууд нийлсэн энэ барилгад зориулан Нийслэлийн засаг дарга захирамж гаргаж, Барилга хот байгуулалтын яамнаас тусгай зөвшөөрөл олгож, Нийслэлийн ерөнхий архитектор баталгаажуулж, газрын зөвшөөрөл өгч, зураг төсөл, улсын экспертизээр хянагдаж баталгаажсан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зөвшөөрсөн гээд бодвол ар томтой болох нь мэдэгдэнэ. Хэдийгээр газар нь иргэн К.Пүрэвийн нэр дээр олгогдсон ч Эко констракшных гэдгийг МХЕГ-аас хэлсэн. Харин барилгын гүйцэтгэгчээр нь DN компани ажиллаж буй бөгөөд болсон осолтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, хөдөлмөр хамгааллын хуулийн дагуу 250 мянган төгрөгний торгууль ногдуулсан болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ДБХХ-ийн дарга Ч.Мөнхжаргал хэлж байна. Тус осолтой холбоотой Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийхдээ МХЕГ-тай ослын хариуцлагыг холбосон. Харин тус газраас манай байцаагч нарын орон тоо хүрэлцээгүй учраас бид мэдээгүй гэсэн хариултыг өгсөн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүх зөвшөөрөл нь хууль ёсных байсныг хэлээд чухам яагаад нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрлүүдийг олгосон болохыг шалгана гэлээ. Энэ мэт осолтой барилга нийслэлд чухам хэд байгааг асуухад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ДБХХ-ийн дарга Ч.Мөнхжаргал дахиад 79 барилгын асуудал яригдаж байгаа. Бид тодруулж хянаж, шалгана гэсэн юм. О.Ариунбилэг
Б.Чойжилсүрэн гишүүн ээ, орлого нь танд ордог бол осол нь ч бас хамаатай бус уу
2012-09-18 09:58:07 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүй-Хурдын эзэн Б.Чойжилсүрэн барилга дээр нь хүн амиа алдсаныг мэдээгүй гэв- Монголын толгой баячуудын нэг, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн 100 хувь эзэмшдэг Хурд групп-ийн захиалгаар барьж буй Рапид харш орон сууцны хорооллын 26 дугаар байрны арваннэгдүгээр давхарт ажиллаж байсан краны цамхаг нурснаар уг краныг жолоодож байсан 26-хан настай идэр залуу хорвоог орхисон билээ. Барилга дээр нь хүн амиа алдсаныг мэдээгүй, сураг л сонссон гэж Б.Чойжилсүрэн гишүүн жишим ч үгүй хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ.Монгол даяараа шуугиж байхад Б.Чойжилсүрэн мэдээгүй байна гэдэг гайхалтай.Мэдээж тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Хариуцлага хүлээж сураагүй, тийм чадвар ч байхгүй түшмэдүүдийн амнаас л ийм үг гардаг. Мэдээгүй гэж хэлчихээд нүдэн балай, чихэн дүлий өнгөрнө гэж эрхэм түшээ тооцоолж байвал харамсалтай л байна.Эрхэм гишүүн таныг парламентад барилгын ажлынхаа чөлөө заваар суудаг.Барилгын талбай дээр байнга эргэлдэж байдгийг мэдэх хүмүүс нь мэддэг л юм.Барилга бариулаад олсон орлого нь танд очдог бол гарсан осол нь ч гэсэн хамаатай байх бус уу. Ослын газар ажилласан холбогдох байгууллагуудын дүгнэлтээр осол гарахад хяналтын инженер, оосорлогч, дохиочин зэрэг хүмүүсийг өнгөрсөн долдугаар сард ажлаас халсан нь нөлөөлсөн гэсэн байна билээ.Хэрвээ хяналтын инженер, оосорлогч, дохиочин гэдэг ажлын байр хэвээрээ байсан бол кранчин залуу амьд гарах ч байсан байж мэднэ.Орон тоо хэмнэж, олох ашгаа нэмэгдүүлэх гэсэн явуургүй арга эцэстээ хүний аминд хүрчээ. Кранчин залуу цамхаг нурахад эхний цохилтоор кранаасаа зүүгдэж байсан ч хоёрдох цохилтод гараа алдаж унасан гэдэг. Үнэхээр харамсалтай.Хэн нэгний мөнгөний төлөө үхэн хатан зүтгэсэн шуналын гайг мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан нөгөө нэг нь үүрнэ гэдэг байж боломгүй. Гэвч манайд ийм юм нүүрлэчихэж.Рапид харш хорооллын нэг метр квадратын үнэ нь хоёр мянган ам.доллар. Ийм их мөнгө олж байж орон тоогоо хэмнэж, ажилчдаа халаад байдаг нь хачирхмаар. Зарим туслах ажилчидтай гэрээ хийлгүй, цагийн 1800 төгрөгөөр тооцон цалин өгч, хоол ундгүй ажиллуулдаг гэнэ билээ.Нарийлж болно.Гэхдээ хэмжээ хязгаар, хяналт гэж байх ёстой биш үү, эрхэм гишүүн ээ.Цаашдаа Мэдээгүй, мэдэхгүй гээд дахиад хүний амиар наадах гээгүй л юм бол эзэн хүний ёсоор анхаарлаа хандуулж, хариуцлагатай байна уу. Дахиад хэлье.Олсон орлогыг нь авдаг юм бол гарсан осол ч гэсэн таньд хамаатай шүү.Хурд групп өөрсдийгөө орон сууц, худалдаа, үйлчилгээ, оффисын барилга угсралт болон хөрөнгө оруулалтын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсын томоохон компанийн нэг гэж тодорхойлдог юм билээ. Том юм бол том л бай л даа. Хүний амиар мөнгө олохоо больж үз. Ц.Эрдэнэцэцэг
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй