Өмнөх давааны барилдаан дуусч дараагийн даваанд ам авах бөхийг зарласнаас хойш таван минутад багтаан ам авахгүй бол эрэмбээр дараагийн бөх ам авна гэж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны 3, 5, 7-гийн давааны өмнө бөхчүүд ам авахгүй уддагаас наадамчин олон бухимдаж, барилдаан сунжирдаг зэргийг хязгаарлах үүднээс ийм шийд гаргасан байна. Мөн олны дунд байнга яригддаг цолны найрааг таслан зогсооход чухал хувь нэмэртэй гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо үзжээ. Мөн орон нутгаас ирүүлсэн саналыг хэлэлцээд Баян-Өлгий, Дундговь, Сүхбаатар аймгийн баяр наадмыг долдугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулахыг дэмжлээ. Сүхбаатар аймаг Зүүн бүсийн зуны хурдан морины уралдааныг аймгийнхаа 70 жилийн ойтой хамт, Баян-Өлгий, Дундговь аймгийнхан Баруун болон төвийн бүсийн зуны уралдааныг баяр наадамтайгаа хамтатган тэмдэглэх юм.
Энэ сарын 9-19 нд Вьетнам улсын эртний нийслэл Hue хотноо Ази номхон далайн орнуудын шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээний блиц ангилалд Монгол Контент ХХК-ын тамирчин Монген клубын шатарчин Т.Мөнхзул охин нийт есөн өрөг тоглосоноос ганц ч хожигдолгүй (нэг өрөг тэглүүлсэн) найман оноогоор түрүүлжээ. Түүний хувьд жилийн өмнө уг тэмцээний стандарт төрөлд түрүүлж есөн настайдаа дэлхийн шатрын холбооны мастер болж байсан билээ.
Лондоны Олимпын наадмын нээлтэд оролцох АНУ-ын төлөөлөгчдийг тус улсын тэргүүн хатагтай Мишель Обама ахлах гэнэ. Ерөнхийлөгч Барак Обама Лондон 2012-т оролцох Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталсан. Нээлтийн ажиллагаанд оролцох бүрэлдэхүүнийг тэргүүн хатагтай тэргүүлэх болно хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Зуны Олимпын 30 дугаар наадам долдугаар сарын 27-нд ёслол төгөлдөр нээлтээ хийж, наймдугаар сарын 12 хүртэл орон орны шилдэг тамирчдын ухаан бодол, хүч чадлыг уралдуулах болно. WORD.MN А.Одсар
Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний шилдэг найман багийн хоёр дахь тоглолтод өчигдөр шөнө явагдлаа. Энэ удаагийн тэмцээнд түрүүлнэ гэж ихэнх мэргэжилтнүүдийн дүгнэж буй Германы шигшээ баг 2004 оны гайхамшгаа давтахыг хүссэн грекүүдтэй тоглосон юм. Германы дасгалжуулагч Лев хасагдах шатанд тун зоригтой гэмээр шийдвэр гаргаж, эхний гурван тоглолтод гаргасан үндсэн бүрэлдэхүүнийхээ гурван тоглогчийг сольсон байв. Тэрээр Марио Гомесийг суулгаж, ахмад довтлогч Мирослав Клозег гаргасан байв. Мөн Лукас Подольскигийн оронд Марко Ройсийг, Томас Мюллерийн оронд Андре Шюррлег гаргасан байлаа. Ройс тоглолтын эхнээс л дасгалжуулагчийн итгэлийг алдалгүй сайн тоглосон ч энэ тоглолтын сүүлчийн гоолыг оруулсан юм. Грекүүд уламжлал ёсоор гурван хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч тавьж, дөрвөн хамгаалагчаар нэмж зузаатгасан ч гэсэн 39 дэх минутуд Филипп Ламыг торгуулийнхаа талбайд цээжин дээр бөмбөгөө тайван авч, оновчтой цохилт хийхэд саад болж огт чадсангүй. Хоёрдугаар үед Салпингидис алсын буланд байрласан Самараст дамжуулалт өгснөөр тоог тэнцүүлсэн. Гэвч Боатенгийн дамжуулалтаар Хедира тоог 2:1 болголоо. Үүний дараагаар Грекийн хаалгач алдаа гаргаж, улмаар Клозе хоосон хаалганд мөргөн гоол оруулсан юм. Тоглолтын төгсгөлд Клозе Сифакисийн эсрэг ганцаараа гараад ойсон бөмбөгийг Ройс нэмж, улмаар германчууд хожлоо улам баталгаажуулж, грекүүдийн мөрөөдлийг тас цохилоо. Герман Грек 4:2 Гоол: Лам 39, Хедира 61, Клозе 68, Ройс 74 - Самарас 55, Салпингидис 89-пен Герман: Нойер, Боатенг, Хуммельс, Бадштубер, Лам, Хедира, Швайнштайгер, Озил, Шюррле (Мюллер 68), Ройс (Гетце 80), Клозе (Гомес 80) Грек: Сифакис, Маниатис, Цавеллас (Фотакис 46), К. Пападопулос, Торосидис, Папастатопулос, Макос (Либеропулос 72), Кацуранис, Нинис (Гекас 46), Самарас, Салпингидис Шар хуудас: Самарас, Папастатопулос
Европын аварга шалгаруулах тэмцээнд багаа сойж байгаа улс орнууд ахлах дасгалжуулчаа хэдий хэр хэмжээний мөнгөөр цалинжуулдаг бол гэсэн сониуч зан хүн бүрт л төрж байгаа. Энэ удаа бид хамгийн өнпөр үнэ ханштай дасгалжуулагчдыг танилцуулж байна. Энэхүү жагсаалтыг ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дик Адвокат тэргүүлжээ. Тэгвэл голланд эр жилд долоон сая еврогоор цалинждаг гэнэ. Гэтэл Грекийн шигшээгийн дасгалжуулагч Фернанд Сантуша түүнээс 15 дахин бага хөлсөөр ажилладаг ажээ. Сонирхолтой нь бага хөлс авдаг дасгалжуулагчтай Грекийн баг хамгийн өндөр ханштай Дикийн дасгалжуулсан ОХУ-ын шигшээг Евро-2012-ыг орхиход хүргэсэн билээ. Түүнчлэн Дикийн цалин А хэсгээс нэгээр гарсан Чехийн багийн дасгалжуулагч Михал Билекээс 35 дахин их цалин авдаг. Ингээд жагсаалтыг толилуулбал: Россия: Дик Адвокат - 7 сая евро. Италия: Чезаре Пранделли 3 сая евро. Германия: Йоахим Лев - 2,5 сая евро. Англия: Рой Ходжсон - 2 сая фунт. Голландия: Берт Ван Марвейк - 1,8 сая евро.. Ирландия: Джованни Трапаттони - 1,5 сая евро. Испания: Висенте Дель Боске - 1,5 сая евро.. Португалия: Паулу Бенту - 1,5 сая евро. Франция: Лоран Блан - 1,2 сая евро. Украина: Олег Блохин - 600 мянган доллар. Греция: Фернанду Сантуш - 500 мянган евро. Швеция: Эрик Хамрен - 400 тыс. евро. Дания: Мортен Ольсен - 390 мянган евро. Польша: Францишек Смуда - 300 мянган евро. Чехия: Михал Билек - 200 мянган евро. Хорватия: Славен Билич - 160 мянган евро. WORD.MN А.Одсар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй