Анжелина Жоли: Хоёулхнаа байх боломж гаргахгүй бол гэр бүл оршин тогтнох хэцүү

Эдүгээ цагийн хамгийн алдартай жүжигчин бүсгүй Анжелина Жоли AIF сонинд ярилцлага өгчээ. - Анжелина, гайхалтай юм аа. Та хар биш цагаан өнгийн даашинз өмссөн байна. Та дандаа хар өнгөөр хувцасладаг шүү дээ. Яагаад цагааныг сонгох болов? - /Инээмсэглэв/. Тийм ээ, би хар өнгөнд дуртай. Брэд намайг дандаа хар хувцас өмсдөг гэж үглэдэг л юм. Хар өнгө бүх өнгөтэй зохицдог. Хар өмд дээр ямар ч өнгийн гутал өмсөж болно. Хар өнгийн даашинз дээр ямар ч өнгийн туфль бас зохицно. Тиймээс хар өнгийн хувцсаа өглөө шүүрээд авахад таарахгүй өнгө гэж байхгүй тул хурдан хувцаслахад амар. Миний хувцасны шүүгээ хоосон шахуу. Тэнд ихэвчлэн хар хувцас бий. Харин Брэдийн шүүгээ дүүрэн шүү. Та мэдэж байгаа биз дээ, манайх гэдэг айл бараг омог л гэсэн үг. Ажил амжихгүй тэвдэх үе их гарна. Заримдаа би өглөө хүүхдүүдээ сургуульдаа хүргэж өгөхдөө унтлагынхаа цамцтай гараад гүйчихдэг. Хэрвээ унтлагын цамц дээрээ туфль өмсөөд амжчихвал ажил хэрэгч бүсгүй шиг болоод хувирчихна. Сургуулиас буцах замдаа ажил хэргийн уулзалт руу шууд явчих тохиолдол ч бий. Би ийм учраас л сүүлийн үед хар өнгөөс салахаа больчихсон юм. Харин өнөөдөр завтай байлаа. Тиймээс цагаан өнгөөр хувцасласан юм /инээв/. - Олон кинонд тоглох санал ирсэн байхад та яагаад Аялагч-ийг сонгосон юм бэ? - Ичмээр юм аа, үнэндээ амьдрал ахуйгаа бодсондоо л сонгосон юм. Би Европт богино хугацаанд зураг авалт хийх киног хайж байсан юм. Брэдэд өөрийнхөө киног бүтээх боломжийг гаргаж өгөх гэж гэртэйгээ ойролцоо бас хэдхэн хоног шаардах киног хайсан. Аялагч-ийн зохиолыг уншаад би Венец, Парист зураг авалт хийхийг нь хараад ихэд баярлаж зөвшөөрсөн. Венеци бол Брэдэд маш хэрэгтэй хот. Тэр урлагт их дуртай, энэ хотод ирсэнээр тэр хөглөгдөж, уран бүтээлдээ ахиц гаргах боломж нь эрс нэмэгддэг. Тиймээс би Аялагч-ийг сонгосон нь бас Брэдийг бодсон хэрэг. Чи надад өртэй болсон шүү гэж би Брэдэд хэлсэн. - Брэд та хоёрыг анх хамт амьдарч эхлэхэд мөдхөн сална гэж таамаглагчид олон байсан. Гэтэл та хоёр таны хэлснээр бүр омог байгуулж, одоо хүртэл эвтэй найртай хэвээрээ байгаа нь бахархалтай санагддаг - Би Брэдэд хайртай л байхгүй юу. Тэр нүдэнд дулаахан, маш романтик эр. Бас гайхалтай дур өдөөм гэдгийг нь хэлэхгүй болохгүй /инээв/. Гайхалтай, дахин давтагдашгүй найз. Брэдийг хүүхдүүдтэй тоглож байхыг нь хараад би хайлж орхидог. Хүүхдүүдтэйгээ ярилцаж, зааж зааварлаж, тоглон наадаж, хооллож хамтдаа дуулж байгааг нь хараад би түүнд дахин дахин дурладаг. Тэр энгийн эцгүүдээс ч илүү ихийг хийдэг. Бид хоёр хүүхдүүдийнхээ эрх ашгийг бодоод гэртээ нэг журам гаргасан. Энэ бол ээлжилж ажлаа хийх журам. Би кинонд тоглох болоход Брэд гэртээ хүүхдүүдтэйгээ байна. Харин Брэд ажилдаа ороход би гэртээ хүүхдээ харна. Ингээд л бид хоёр ажлынхаа ээлжийг хүлээгээд сууж байдаг болсон. Брэд бид хоёр гурваас дээш хоногоор холддоггүй. Мэдээж, дээр нь хүүхдүүд гэр бүлийг их бөх бат болгодог. Гэхдээ зөвхөн хүүхдээ хайрлах сэтгэл гэр бүлийг тогтоох боломжгүй гэдгийг сайн мэднэ. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бие биенийгээ бүх талаар сонирхож, хүндэлдэг байх хэрэгтэй. Хэдийгээр хоёулхнаа байх боломж муу ч гэсэн заавал хоёулаа байх цаг гаргах шаардлагатай. Брэд бид хоёр хоёулхнаа байх боломжийг үргэлж гаргадаг. Үгүй бол хичнээн хүүхэдтэй байлаа ч гэр бүл оршин тогтнох боломжгүй болно шүү дээ. Брэд миний тухай бүгдийг мэднэ. Сонирхол, хачин сонин зан чанарыг минь ч тэр андахгүй. Тэр намайг байгаагаар минь хайрладаг. Хайр сэтгэлийг мэдэрч үзээгүй хүмүүсийн өмнөөс би харамсдаг. Хайр сэтгэл хүнд жигүүр хайрладаг. Ер нь би өөрийгөө их өөрчлөгдсөнд одоо ч гайхсаар л байгаа. Брэдийн хайр л намайг өөрчилсөн хэрэг. Урьд нь би ганцаараа байхыг их хүсдэг байлаа. Гэтэл одоо гэртээ хүүхдүүдтэйгээ шуугилдаад сууж байхад үнэхээр сайхан санагддаг. Намайг усанд орж байхад хүртэл хүүхдүүдийн нэг нь заавал хамт байх гэж хаалга үүд цохидог /инээв/. - Та дурсахыг хүсэмгүй өнгөрсөн үетэй хүн. Олон хүн таныг яаж тийм хорт зуршлуудаас ангижирч, энгийн сайхан амьдралд орж чадсаныг гайхдаг - Зарим хүн намайг одоо хүртэл чөтгөр, шулам мэт хэвээрээ байгаа гэж боддогийг би мэднэ. Би судсаа ханаж, шүхрээр үсэрч, эргэн тойрны бүх зүйлийг утгагүй гэж дүгнэдэг байлаа. Гэхдээ би зүрхнийхээ гүнд өөрийн гэсэн зүйлээ хайсаар байсан. Тэгээд түүнийгээ олж чадсан. Энэ л намайг өөрчилсөн хэрэг. Р.Гэгээ

Гайхамшиг хажууханд маань байна

Монголын дуурийн уран бүтээлчид гадаадын зочин дуучинтай хамтарч Италийн суут хөгжмийн зохиолч, дуурийн урлагийн мастер Ж.Пуччинийн Тоска дуурийг дахин нэг удаа үзэгчдэдээ толилууллаа. Энэ дуурь монголчуудын хувьд цоо шинэ бүтээл биш юм. Өмнө нь тоглож байсан, үе үеийн Тоска-нууд өөр өөрийн өнгөөр их урлаг бишрэгч эрхэмсэг үзэгчидтэйгээ учран золгож л байсан. Энэ удаагийнх сонгодог урлагийн уурхайн нэг болсон Армен улсын Хөгжмийн дээд сургуулийн бүтээгдэхүүн ганган уянгалаг тенор О.Айвазян дуурийн гол дүрийн нэг сүмийн зураач Каварадоссид хувирснаар онцлог байлаа. Улс орон тэр чигтээ Сонгуулийн цунами-д өртсөн гэхээр цаг үе гэхэд харин ч олон үзэгч Тоска-д цуглав. Дуурь ч сайхан болсон. Үзэгчид дуучид, хөгжимчид, удирдаач Ж.Бүрэнбэхээр бахархаж, гадаад дуучны гоё хоолойд сэтгэл тун хангалуунаар тарж одсон юм. Зочин дуучин О.Айвазян сайхан зөөлхөн уянгалаг тенор хоолойтой юм. Хурц ширүүн харц, нүүр дүүрэн сахлынх нь цаана нинжин сэтгэл, хүн чанар нуугдаж байдаг арменчуудын зан авир дуучнаас мэдрэгдэх шиг болсон. Тоглолтын төгсгөлд хөшигний ард уран бүтээлчдэд баяр хүргэхээр бүчсэн хүмүүсийн дунд нэгэн хөгжилтай агшин тохиосон юм. Тенор залууд төгөлдөр хуурч М.Цогбадрах Арменд төгсгөгчдийн нэрийн өмнөө баяр хүргэхдээ цэцэгний оронд гоё дөрвөлжин хар хайрцагтай тансаг зэрэглэлийн брэнд архи идээний дээж болгон бариад Цэцэг Армен хүртэл явахад хатчихна. Тиймээс ийм цэцэг бэлэглэе гээд өгөхөд нь дуучин Тайзан дээр анх удаа архи бэлгэнд авч байна. Монгол андуудын маань чин сэтгэл шингэсэн бэлэг болохоор надад сайхан санагдаж байна, баярлалаа гэсэн. Тэрбээр Монголд анх удаа ирлээ, ийм хөгжимлөг ард түмэн гэж санаагүй байсан хэмээн ярилцлага өгөхдөө сэтгэгдлээ хуваалцсан нь бий. Монголын теноруудаас эрс өөр өнгөөр дуулж өөрийгөө илэрхийлээд буцсан дуучин залуутай монгол дуучид олон тайзнаа гарч уран бүтээлээр нэгдэхдээ нэгдэж, өрсөлдөхдөө өрсөлдөх биз ээ. Зочин уран бүтээлч үзэгчдэд таалагдсаныг хэлэхийн сацуу өөрийн театрын дуучдаар эрхгүй бахархсанаа нуух аргагүй юм. Гол дүр Тоска юу. Гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа тоглолтын өмнө өөртөө тун итгэлтэйгээр Би бол Тоска гэж хэлж байсан нь батлагдав. Зөвхөн Б.Эрдэнэтуяагийн, өөр хэнийхтэй ч адилгүй өвөрмөц өнгийн сопрано хоолой нь гайхамшиг. Хүчтэй, зоригтой, дүрдээ итгэлтэй, эрэмгийн дайчин тэрбээр уг дуурийн Флория Тоска хэмээх дуурийн дуучин, Каварадоссид хайртай эмэгтэйн дүрийг жинхэнэ утгаар нь амилуулж үзэгчдийг тэртээх Наполеоны байлдан дагууллын үеийн Итали, Франц орноор аялуулах шиг болов. Тоскагийн дүрийг Б.Эрдэнэтуяа тод томруунаар зурсантай адил дуурийн үйл явдлыг өрнүүлж, хөгжөөж өгдөг Цагдаагийн дарга Скарпьяад тоглосон дуурийн гоцлооч, Жинжий хэмээх тодотголоороо олны танил болсон Ц.Баттөр ноён нуруутай, хэзээ ч, ямар ч үед бэлэн дайчин гэдгээ харуулсан юм. Тэрбээр дуурийн эхнээс дуусах дөхтөл нь буюу Скарпьяа Тоскад алуулах хүртэл бараг завсаргүй шахам дуулж дуурийн тулах багана байж чадсан юм. Нэг дор ийм удаан, хоолойн чадал нь огт буурахгүйгээр яаж ингэж дуулж болдог байна аа гэж бодохоор, магтах үг олдохоо байтал сайн дуулав. Дуучдын чансаагаар бахархсан үзэгчид Манай дуурийн урлаг дэлхийн түвшинд хүртлээ хөгжсөн юм байна даа хэмээж байв. Гайхамшгийг гаднаас хайх хэрэггүй, тэр чинь бидний дунд байж байна шүү дээ, ердөө хажууханд маань, тухайлбал манай ажлын газраас хэдхэн метрийн цаана байна шүү дээ хэмээн бодож бахархлаа.

Шарлиз Терон:     Хүлээн зөвшөөрөх дургүй болохоос бид бүгдээрээ л хорон санаатай

Холливудын хамгийн царайлаг жүжигчдийн нэг Шарлиз Терон 7 өдөр сайтад өгсөн ярилцлагадаа: Кино урлагийн нэвтэрхий толинд намайг Шулам шиг хүүхний дүрийг чадварлаг бүтээдэг жүжигчин байв хэмээн бичиж үлдээгээсэй хэмээн хүсч байгаагаа өгүүлжээ. Тэрээр дэлхийд ашиг орлогоороо хэдэн долоо хоног тэргүүлж байгаа Цасан гоо ба анчин киноны эсрэг талын гол дүр болох хорон санаат хатан хаан Равеннагийн дүрийг тун чадварлаг бүтээсэн билээ. -Шарлиз, Цасан гоо ба долоон одой кинонд хамтран тоголсон жүжигчин Сэм Клафлин таныг Цасан цагааны тухай үлгэрийг огт уншиж үзээгүй хэмээн ярьсан байсан? - За боль доо, Цасан цагааныг мэдэхгүй хэн байдаг юм. Харин Сэмийн тухайд тэр тэнэг таны толгойг эргүүлсэн хэрэг. - Танд Цасан гоогийн дүрд тохирох байсан юм гэж бодогдож байв уу? - Кристен Стюартад л Цасан гоогийн дүр хамгийн их зохино. тэр дөнгөж 22 настай ч хэдийнэ од болсон шүү дээ. Гэхдээ түүний алдар нэр нь түүнд огтхон ч нөлөөлдөггүй. Тэр урьдын адил хөгжилтэй, наргианч, ухаалаг яриа хөөрөөтэй хэвээр. Догь биш гэж үү. Гэтэл бусдад алдар нэр хэрхэн нөлөөлж байгааг хараад надад айдас төрдөг. Зөвхөн жүжигчдэд ч биш, бас үзэгчдэд. Тэд яг л солиотой юм шиг байдаг. Харин энэ нь инээдтэй биш, аймшигтай хэрэг. - Та хорон санаатай хатан хааны дүрийг бүтээлээ. Ер нь та хүүхэд байхдаа үлгэрийн хорон санаатай хатан хаан хэмээн өөрийгөө төсөөлж байв уу? - Уул нь тийм гэж хэлэх хэрэгтэй байх л даа. Гэхдээ тийм биш. Үнэнийг хэлэхэд би бага байхдаа ах дүү Гриммийн үлгэрүүдийг уншаад ямар сэтгэгдэл төрдөг байснаа санахгүй байна. Би 13 настайдаа анх энэ үлгэрийг уншиж байсан санагдана. Тийм насанд өөрийгөө хорон санаат хатан хаан хэмээн төсөөлөхөд аймшигтай биш л дээ. - Та өмнө нь Прометей кинонд тоглосон. Та өөрөө өөртэйгээ жинхэнэ тэмцэж байж дүрээ бүтээсэн гэж ярьж байсан санагдана. Тэгэхээр хорон санаатай хатан хааны дүрд тоглох нь амар байсан гэж үү? - Огтхон ч үгүй. Ер нь миний хувьд бүх л дүр ялагдах эрхгүй тулаантай адил. Би бүтээж буй дүрээ хамгийн дээд хэмжээгээр нь бодитой харуулах ёстой. Би орилж хашгирч, уйлж унжиж, эрэмдэг зэрэмдэг болон хувирахаасаа айхгүй. Харин хуурмаг, мэргэжлийн биш харагдахаас л айдаг. Хэдийгээр төгс байж хангалттай чадахгүй ч гэсэн дүр бүрдээ амьд ертөнцийг бүтээхийг хичээдэг. Ингэж л би таныг өөрийн торонд татаж оруулна шүү дээ. Жүжигчин бүр л өөр өөрийхөөрөө энэ бүхнийг хийдэг. Жүжигчин байх нь бусдад амархан юм шиг санагдах ч үнэн хэрэгтээ тийм биш ээ. - Станиславскийн системийг жүжигчдийн гол баримталдаг онол гэдэг шүү дээ. Баруун үүнийг хэрхэн хүлээж авдаг юм бол? - Дэмий үг. Зураг авалтын талбай дээр ямар ч бэлтгэлгүй ирчихээд хоосон онол яриад байгаа жүжигчдийг тэвчиж чаддаггүй. Та жүжигчин л бол гэрийн авгай болон хувирч, дүр бүтээж буй баатрынхаа арьсыг нөмөрч, текстээ цээжлэх ёстой. Зөвхөн тэгж байж л та мэргэжлийн гэж хэлэгдэнэ. - Танд хорон санаат хатан хааны дүр эргэлзээгүй тохирсон санагдсан. Би л гэхэд кино дуусан дуустал таны талд байсан. Уул нь эерэг талын баатар Цасан цагааны талд байх ёстой. Хорон санаа, муу үйл хүмүүсийн сонирхлыг тэгтлээ татдаг юм болов уу. Энэ талаарх таны бодол? - Магадгүй л юм. Яагаад гэвэл бид бүгдээрээ л муу санаатай, хорон санаагаа хэрэгжүүлэх чадвартай. Үүнийгээ өөрсдөө хүлээн зөвшөөрдөггүй л болохоос биш. Тиймээс бидэнд бусдын иймэрхүү үйлдлийг хөндлөнгөөс харах сонирхолтой байдаг байх. Гэхдээ хэн ч муу хүн эсвэл цуврал алуурчин болох гэж төрдөггүй. Миний хувьд л гэхэд сонин сэтгүүл уншихдаа телевиз үзэхдээ ч таагүй зүйл юу болж вэ гэж хардаг. Гэхдээ үүнийхээ дараа тухайн гэмт хэрэгтний хувь заяа яагаад муугаар эргэх болов гэж эргэцүүлэн боддог. Үүнд туулж өнгөрүүлсэн бага нас, өсвөр нас, эцэг эхтэйгээ харьцах харьцаа нөлөөлсөн байдаг. Жүжигчин хүний хувьд ийм зүйл ажиглах нь мэргэжлийн өвчин гэх юм уу даа. -Таныг хорон санаат хатан хаанд тоглоход юу нөлөөлөв? -Мэдээж нөлөөлсөн зүйл байгаа. Гэхдээ цуврал алуурчний түүх биш нь лавтай. Нэгэн удаа миний нойр хүрдэггүй, шөнийн хоёр цагийн үед босоод зурагт асаалаа. Тэгэхэд Жек Николсоны тоглосон Гэгээ кино гарч байсан юм. Тэр яг л зэрлэг араатан шиг торонд хоригдчихсон, теннисний бөмбөгөөр газар тогшиж суудаг хэсэг гардаг шүү дээ. Тэр үзэгдэл хэзээ ч төгсөхгүй мэт санагддаг шүү дээ. Түүн шиг миний бүтээсэн Равенна ч тийм санагддаг. Зэрлэг араатан шиг улам бүр улангасан галзуурсаар байдаг. Энэ бол Жек Николсон бид хоёрын бүтээсэн дүрийн нийтлэг шинж. Би торонд хоригдсондоо байж ядан нэг булангаас нөгөө рүү үсчиж байгаа зэрлэг амьтдыг харж байсан. Гэхдээ хамгийн аймшигтай нь юу гээч? Эцсийн эцэст тэд бууж өгдөг. Үүнийг харахад миний зүрх өмрөх шиг болдог. Яагаад гэвэл тэд төрөлх байгалаасаа холддог. Энэ нь тэдний хувьд төгсгөл гэсэн үг. -Та энэ онд гурван кинонд тоглосон. Галзуу Макс-4-т тоглохынхоо өмнө хүүхэд үрчилж авсан шүү дээ? - Олон ээж нар надад тохиромжтой цаг гэж байдаггүй юм гэж хэлж байсан. Магадгүй цаг зав ихтэй, ажил багатай үедээ үрчилж авах хэрэгтэй байсан гэж бодогдож магадгүй юм. Гэхдээ үнэн хэрэгтээ хойш нь тавих шалтгаан зөндөө л гарна. Тиймээс боломж гарвал тохиромжтой ч бай үгүй ч бай амжуулах л хэрэгтэй. Үүгээрээ чи бүхнийг амжуулах чадвартай гэдгээ давхар харуулж буй хэрэг. Жишээ нь би өдөрт найман цаг унтах ёстой гэж боддог ч дөрвөн цаг унтахад л хангалттай нойр авч чаддаг. -Кристен Стюарт таныг хүүхдүүдийнхээ дэргэд яг л Тереза эх шиг харагддаг гэж ярьсан. -Тэр хэтрүүлсэн хэрэг. Гэхдээ эх хүн байна гэдэг миний зайлшгүй хийх ёстой зүйл. Би ээж болохыг маш ихээр хүсдэг байсан. Тэр тусмаа хүүхэд үрчилж авахыг. Бүр найман настай жаахан охин байхдаа асрах газар очиж өөртөө жаахан эрэгтэй эсвэл эмэгтэй дүү авч өгөөч гэж ээжээсээ гуйдаг байсан. Харин ээж шигээ сайн ээж байж чадах болов уу гэж жаахан эргэлздэг. Ядаж ээжийнхээ 10 хувьд хүрчихвэл сэтгэл өндөр байхсан. Ээж минь надад эрч хүч, урам зориг хайрлаж, өөртөө итгэх итгэл өгч, амьдралын баяр баясгаланг мэдрэхэд сургасан. Гэхдээ хамгийн гол нь энэ биш. Тэр хэзээ ч надад үргэлж юм өгч байгаа юм шиг харьцаж байгаагүй. Намайг би чамд-чи надад, би чамайг хүндэлнэ-чи намайг хүндэл гэсэн зарчмаар өсгөсөн. Тэр намайг өгч чаддаг болгож хүмүүжүүлсэн. Түүнээс гадна өөрийн замаар, өөрийн үзэх үзлээр, өөрийн итгэл найдвараар хүмүүжүүлж өөрийн хувилбарыг бий болгохыг хичээгээгүй. -Эмэгтэй хүмүүс үр хүүхэд, гэр орон, ажил гээд бүгдийг амжуулах гэж нойр хоолоо умартаж явсаар амархан хөгширч үрчлээ суудаг. Та харин одоо ч сайхан харагдаж байна. Нууц нь юундаа байна вэ? -Үгүй дээ. Би тэр бүхний дараа өөрийгөө эгээ л нураад уначихсан мэтээр мэдэрдэг. Би бусдын л адил мах цуснаас бүтсэн жирийн хүн. Өмсөх дуртай өмдөндөө багтахаа байчихвал өөрийгөө бүдүүрчихлээ хэмээн сэтгэлээр унадаг. -Гэхдээ тийм харагддаггүй шүү дээ? -Нууц задлуулмаар байгаа хэрэг үү? Би тонн тонноор нь Ботокс шахуулдаг. Өөр юу ч тус болдоггүй юм. Дээр нь мэдээж архи. /инээв/ Үнэнийг хэлэхэд би зөв хооллохыг хичээдэг. Энэ миний хувьд маш чухал зүйл. Мэдээж дээр нь дасгал сургуулилт тун чухал үүрэгтэй. -Та хэзээ ч билээ шарсан маханд үнэхээр нугасгүй гэж ярьж байсан. Тэр бүү сайхан шараад өгвөл арьсан гутлаа ч идэхэд бэлэн гэсэн. Энэ талаар ? - Та ч сайхан сэдэв хөндлөө шүү. Би хавчуургатай талханд дуртай. Ер нь бол идэх, уухаа өөрөөсөө хориод байддаггүй хүн.

Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон боллоо

Монгол дуучин дэлхийн шилдэг баритон боллоо. Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Плачидо Домингоийн нэрэмжит The Placido Domingos Operalia олон улсын дуурийн дуучдын уралдаанд нэгдүгээр байр эзэлжээ. Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 4-10-нд болсон тус тэмцээний шилдгүүд өнгөрсөн шөнө сүүлийн шалгаруулалтдаа оролцсон. Уралдааны энэ жилийн шилдгээр Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Америк, Итали, Хятад, Канадын дуучдыг ардаа орхин, тэргүүлсэн байна. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болж буй Plаcido Domingos Operalia залуу дуучдын олон улсын уралдаанд манай дуучин орон орны шилдгүүдээс шигшсэн 40 уран бүтээлчийн нэгд багтан, Бээжинг зорьсон юм. Зургадугаар сарын 5-нд болсон гуравдугаар шатны уралдаанаас Э.Амартүвшин гавьяат шилдэг 20-ын нэг болсон бол зургадугаар сарын 8-нд болсон IV шатны шалгаруулалтаас төгсгөлийн шатанд авьяас билгээ сойх арван уран бүтээлчийн нэгээр шалгараад байсан юм. Тэрбээр өмнө нь дэлхийн сонгодог урлагийн олимп гэгдэх П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцож, дэд байрт шалгарч байсан. Энэ удаагийн түүний оролцсон The Placido Domingos Operalia уралдаан бол дэлхиийн бүхий л шилдэг дуурийн дуучдын мөрөөдөл болсон тэмцээн юм. Харин энэхүү алдартай уралдаанд Монголын Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин тэргүүн байрт шалгарч, дэлхийн шилдэг баритон гэдгээ харуулж чадлаа. Тийм ээ, тэр бол Монголчуудын бахархал, энэ үеийн шилдэг баритон. Дахин, дахин баяр хүргэе. М.ДӨЛ

Германд “Beatles”-н музей хаалгаа барих нь

Германы Гамбург хотноо байрлах Ливерпулийн алдарт дөрвөлтэй холбоотой мянга гаруй эд зүйл бүхий музей хаалгаа барих нь. Хэрэв тэд гурван сая еврогийн өрөө төлж чадахгүй бол энэ зургадугаар сарын сүүлээр хаагдах аж. Музейн эзэн Фолькерт Купманнсын ярьснаар сүүлийн жилүүдэд үзэгчдийн тоо эрс буурсан бөгөөд хотын зөвлөл ч түүнд хангалттай дэмжлэг үзүүлдэггүй байна. Өмнө нь жилд 50 мянган хүн уг музейг үзэж сонирхдог байжээ. Харин музей ашигтай ажиллахын тулд жилд дор хаяж 100 мянган хүн үзэх шаардлагатай байгаа гэнэ. WORD.MN О.Одсар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.