Сэлэнгэ аймгийн Мандал сумын багш Ц.Аюуш шилдгээр шалгарч, 100 сая төгрөг гардав

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Боловсрол суваг телевизтэй хамтран манай улсад багш мэргэжлээр ажиллаж буй 30 мянга гаруй сурган хүмүүжүүлэгчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, иргэд, олон нийтэд багш мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх,ач холбогдлыг таниулах зорилгоор 100 сая төгрөгийн шагналын сантай Би багш Монгол Улсын шилдэг багш шалгаруулах төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн ялагч өнгөрсөн долоо хоногт тодорлоо. 2019 оны Монгол Улсын шилдэг багшаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар сургуулийн багш Ц.Аюуш шалгарч, 100 сая төгрөгийн шагналын эзэн болжээ.

Харвардын их сургуульд монгол судлалыг хөгжүүлэх санамж бичиг байгууллаа

Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэг АНУ-ын Харвардын их сургуульд монгол судлалын үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх чиглэлээр БСШУСЯ тус сургуультай Хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа. Санамж бичигт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Харвардын их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Марк Эллиотт нар гарын үсэг зурав. Санамж бичгийн дагуу Харвардын их сургуульд монгол судлалыг хөгжүүлэх шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Уг үйл ажиллагааг Монгол Улсын талаас МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар хариуцан ажиллах юм. Харвардын их сургууль нь монгол судлалын эртний уламжлалтай бөгөөд АНУ-ын нэрт монголч эрдэмтэн, монгол сурвалж бичиг, үсэг бичгийн дурсгалын талаар хийсэн цуврал судалгаагаар дэлхийн монгол судлалд нэрээ дуурсгасан Фрэнсис Вүүдмэн Кливез энд ажиллаж байжээ. Түүнээс хойш уг сургуульд монгол судлалын далайцтай үйл ажиллагаа тасалдаад байсан юм. Энд сонирхуулахад Ф.В.Кливезийн номын сан христийн нэгэн сүмд өнөө хир хадгалагдаж байгаа бөгөөд түүнийг судалгааны эргэлтэд оруулах асуудлыг уулзалт ярилцлагын үеэр талууд хөндлөө. Сүүлийн жилүүдэд Чин гүрний үеийн түүх, манж судлалаар мэргэшсэн профессор Марк Эллиоттын идэвхтэй санаачилга, уйгагүй хичээл, Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгээр Харвардын их сургуульд монгол судлал дахин сэргэх сайхан боломж бүрдэж байна. Эх сурвалж: БСШУСЯ

“Түүхээ сөхвөл” ном болон мэндэллээ

Цахим орчинд олон мянган хандалт авч хүсэн хүлээж, шимтэн уншдаг өөрийн гэсэн уншигчидтай УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Түүхээ сөхвөл цуврал дурсамж эмхтгэгдэн ном болон мэндэлжээ. Түүхээ сөхвөл номын хурим өнөөдөр Интерном их дэлгүүрт боллоо. Зохиогч энэхүү дурсамж тэмдэглэлээ 2013 оноос эхлэн бичсэн бөгөөд үргэлж ажлаар явдаг Улаанбаатар Булганы замд бичжээ. Өөрийн туулсан амьдрал, алдаа оноо, улс төрийн он жилүүдийг эргэн дурсаж, залуус дүү нартаа сургамж болгох, өөрийн амьдралаар төлөөлүүлэн эх орныхоо түүхийн жимийг тэмдэглэн үлдээсэн уг номын редактороор УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхцэцэг ажилласан байна. Номын нээлтэд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Дэд бүтцийн сайд асан Б.Жигжид, Монгол улс, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа, академич Л.Дашням, УГЗ зохиолч Л.Эрдэнэбулган, зохиолч, яруу найрагч Д.Урианхай нарын төр нийгмийн олон алдартнууд иржээ. Арга хэмжээг эхлүүлж номынредактор Г.МөнхцэцэгхэлэхдээЖ.Бат-Эрдэнэгишүүн бид хоёр тохой нийлүүлнэ гэдэг шиг, ширээ залгаж суудаг. Ширээнийхээ нөхрөөр номынхоо үг үсгийг харуулъя гэсэн юм болов уу гэж ойлгосон. Тиймээс ч үзэг бариулж, үзэг дүрүүлэх учир шалтгаан минь боллоо. Редакторын хувьд 60 хувийн авьяас, 40 хувийн хөдөлмөрөөр бүтсэн ном гэж хэлэх байна. Өөрөө өөрийнхөө түүхийг өөрөө бичиж, өөрөө ном болгосон нь их онцлог юм болов уу хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Түүхээ сөхвөл номын зохиогч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 2013 оноос эхлэн бага багаар бичсэн -Таны ном юуны тухай өгүүлж байгаа вэ? -Түүхээ сөхвөл гэж ном маань өөртөө тохиолдож байсан хөгжилтэй, бодууштай, сургамжтай тэмдэглэлүүдээс бүрдсэн. Ийм явдлуудаа би өмнө нь тэмдэглээд л явдаг байлаа. Анх эдгээр түүхүүдээ өөрийн фэйсбүүк хуудаснаа тэмдэглэж эхэллээ. Гэтэл найз нарын минь сонирхлыг их татаж, их олон лаяк цуглуулж, тэднээс ахиад өөр түүх бичээч гэх хүсэлтүүд их ирэх болсон. Үүнийгээ би бага багаар санаж, баяжуулан тэмдэглэж явдаг байснаа нэгтгээд нэг ийм ном болгосон юм. Ихэвчлэн 1990-ээд оны үед зах зээлийн ороо бусгаа үед хийж байсан наймаа, сурч байсан үе гээд дурсамжуудаасаа сэтгэлд буусныг нь тэмдэглэн үлдээлээ. -Та номоо хэр удаан хугацаанд бичсэн бэ? -2013 оноос анх бичиж, бага багаар цуглуулсаар ийм нэг ном болж байна. -Бичих ур чадварын хувьд танд хүндрэлтэй зүйлс тохиолдов уу? -Зүгээр л тэмдэглэл юм шүү дээ. Ихэвчлэн машинд, онгоцонд бичиж тэмдэглэсэн. Булган руу байнга л ирж очно, тэр бүрд л замын тэмдэглэл маягаар бичиж явсан. -Та дахиад өөр ном гаргах уу? -Үгүй байхаа. -Та номынхоо зах зухаас уншигчдад маань сонирхуулахгүй юу? -Өөрт сургамжтай, ажиллаж байсан үеийн нэг түүхээ сөхье. Тухайн үед Авто тээврийн газарт ажиллаж байхад албан бичиг утга санааны болон үг үсгийн маш их алдаатай орж ирдэг байлаа. Үүнийг засахын тулд ЗАРЛАЛ бичсэн. Арван жилийн сургуульдаа онц, сайн сурсан хүүхдийг ажилд авна гэж бичихээр нөгөө дарга, цэрэг нар бүгдээрээ л анкет барьж гүйгээд, ийм ч сайн хүүхэд байна, тийм ч мундаг хүүхэд байна гээд ирлээ. Түүнийг нь бүгдийг цуглуулаад хажуудаа тавиад байхаар нөгөө хүмүүс маань Та энэ хүүхдүүдээр яах гэж байгаа юм бэ гэж асууж байна. Үгүй яахав дээ, хажуудаа суулгая, та нарын алдаатай бичгийг засуулах санаатай гэж хэлснээс хойш тэд инээдэм ханиадам болж, ичиж зовсондоо алдаа маш их багассан түүх бий.

МОНГОЛ ОЮУТНУУДЫН УРЛАГИЙН УЛАМЖЛАЛТ “ДЭВЖЭЭ” НААДМЫН ХОЁРДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ МОСКВА ХОТНОО БОЛОВ

Москва хотод суралцаж буй монгол оюутнуудын Урлагийн уламжлалт Дэвжээ наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн Концертын танхимд амжилттай болж, өндөрлөв. Эх орон бидний гарт сэдвийн дор зохион байгуулагдсан энэ удаагийн Дэвжээ наадмыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 30 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд ОХУ дахь Монголын Оюутны холбоо, Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн Монгол нутагтан холбоо хамтран зохион байгуулжээ. Наадмын үйл ажиллагааг нээж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн газрын дарга С.Болдбаатар, Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн Олон улсын хамтын ажиллагаа, залуучууд, мэдээллийн бодлогын асуудал хариуцсан орлогч захирал Е.С.Гогина нар үг хэлж, наадмын ажиллагаанд амжилт хүсэв. Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтад ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн Олон улсын харилцааны дээд (сургуулийн) Гэрэгэ баг, Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн Made in RUDN баг, Оросын Тээврийн их сургуулийн Локомотив баг, Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн Каско баг, Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Плехановцы зэрэг багууд эн тэнцүү өрсөлдөснөөс Локомотив баг Тэргүүн байр эзэлж, Каско, Плехановцы багууд хоёр, гуравдугаар байрыг тус тус эзлэв. Наадмын дүнг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дэд консул З.Оюунбадрал танилцуулж гуравдугаар байрын шагналыг гардуулсан бол хоёр, нэгдүгээр байрын шагналыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн газрын дарга С.Болдбаатар нар тус тус гардуулав. Энэ жилийн наадмын үзүүлбэрүүд өмнөх жилүүдийнхээс улам бүр чанаржиж, агуулга, жүжиглэлт, ур чадварын хувьд багууд эн тэнцүү байгааг үзэгчид болон шүүгчид онцлон тэмдэглэж байв. Уралдаант наадмын үйл ажиллагааг Москва хотноо суралцаж буй оюутан залуучууд болон Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зарим дипломат ажилтнууд, Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн удирдлагын төлөөлөл, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Москва дахь Төлөөлөгчийн газрын хамт олон болон ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны ажилтан Т.А.Соболева нарын хүмүүс үзэж сонирхов.

ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ

2019-12-10 12:37:50 Нийтлэгдсэн: Боловсрол
ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ

Найрамдал цогцолбор нь цасан цагаан нөмрөгөө нөмрөөд, ганган ногоон гацуураа засаад, амттай сайхан баярын зоогоо бэлдээд дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн гайхамшигт нэгэн өдрийг хүүхэд багачууддаа бэлэглэхэд бэлэн болжээ. Хүүхдийн гүрэнт улс Найрамдал зуслан хүүхэд, багачуудын хүсэн хүлээдэг Харшийн сүлд модны наадмаа энэ жил 38 дахь удаагаа 12 сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Найрамдал зуслан 1981 оноос хойш жил бүрийн өдийд Харшийн сүлд модны наадмаа зорин ирсэн хүүхэд багачууддаа зориулан цэвэр агаарт өртөөчилсөн тоглоом, хөтөлбөрт бүжгийн цэнгүүн, баярын зоог, харшийн тоглолт, амтат бэлэг зэргээр үйлчилдэг уламжлалттай. Харшийн сүлд модны наадам энэ жил Ам цагаан хулгана аз жаргалын эрэлд мордсон нь нэртэйгээр зохион байгуулагдаж, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, үлгэрийн баатрууд амилуулах нь. Наадамд Монгол орны өнцөг булан бүрээс үе тэнгийн хүүхэд багачуудаа авъяас билгээрээ манлайлсан урлагийн авъяаслаг хүүхдүүд уран бүтээлчид оролцдог. Энэ удаа ч мөн адил олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон аймаг, орон нутгийн урлагийн авъяаслаг хүүхдүүд оролцож байгаа бөгөөд хамтдаа баярлан цэнгэх найзуудаа урин залж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.