Хотын Захирагчийн үүрэг болгосны дагуу зарим хотхонуудын хаагдсан орц, гарцыг нээх ажлыг эхлүүллээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Өгөөмөр захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж Ахмадын хотхон, Шинэ үе, Өгөөмөр хотхоны 10000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр ирсэн. Энэ асуудлаар оршин суугчид удаа дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд хандаж, санал хүсэлт тавьсаны дагуу үүссэн нөхцөл байдлыг хотын Захирагч арваннэгдүгээр сарын 15-ны өдөр газар дээр нь очиж шалгаснаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн, орц гарцыг нээх, замын бөглөрөл түгжрэлийг сааруулахад богино хугацаанд арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Хотын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрөгч ням гарагт /2019.11.17/ Нийслэлийн Замын хөдөлгөөний, төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газрын мэргэжилтнүүд Өгөөмөр захын удирдлагууд, тус захын бизнес эрхлэгчид, хотхонуудын СӨХ-ийн ажилтнууд болон оршин суугчидтай уулзаж, хотхонуудын хаагдсан орц, гарцыг нээх ажлыг эхлүүлэн, газар чөлөөлөх болон аж ахуйн нэгжүүдтэй ойлголцох ажил хийгдэж, орц гарцыг нээхээр ажиллаж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2019 оны11дүгээр сарын17-ны 08цагаас 20цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говийн бүс нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 16-21 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 15-17 градус хүйтэн байна.

Ховд аймгийн Онцгой байдлын 24 алба хаагчид орон сууцны түлхүүрийг нь гардуулав

Аврагч, жолооч ахлагч Б.Доржсүрэн эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Тэрбээр ээлжгүй өдрөө барилгын ажил хийж, орон сууцны урьдчилгаа болох 5 сая төгрөгөө бүрдүүлсэн байна. Б.Доржсүрэнгийнх 63 м.кв хоёр өрөө байранд оржээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын хэмжээнд 2018-2019 онд нийт 520 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, алба хаагчдыг орон сууцаар хангаад байгаа юм. Тэгвэл Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, өнөөдөр алба хаагчдад түлхүүрийг нь гардууллаа. Орон сууцны барилгын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Баруун бүсийн төв Ховд, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцсон юм. Барилгын гүйцэтгэгчээр Хатан түнгэл ХХК ажиллан барилгын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өгч байна. Ховд аймгийн Онцгой байдлын газар өмнө нь буюу 2015 онд 16 айлын орон сууцыг ашиглалтад оруулж байсан бол өнөөдөр 18 алба хаагч орон сууцны түлхүүрээ гардсан сайхан үйл явдал боллоо. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон сууцанд орсон 18 алба хаагч тус бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн нь алба хаагчдыг баярлууллаа. ОБЕГ-ын дарга, алба хаагчдад хандан Залуу хүн мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Мөрөөдлөөбиелүүлж, сайхан амьдрахын төлөө илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. Жирийн аврагч хүн хэрхэн сайхан амьдарч болдгийг олон залууст үлгэр дууриал болгон харуулсан та бүхэнд халуун баяр хүргэе. Аз жаргалтай сайхан амьдраарай гээд ажлын амжилт хүслээ. Эх сурвалж:Онцгой Байдлын Ерөнхий Газар

90 сая төгрөгийн супер азтан тодорлоо

Өчигдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 27,209,278 баримт хамрагдсанаас: 10 сая төгрөгийн 4 5 сая төгрөгийн 17 1 сая төгрөгийн 244 100 мянган төгрөгийн 2426 30 мянган төгрөгийн 24424 баримт тохиролд таарч, нийт 26,660 иргэн азтан боллоо. Үндсэн сугалааны дугаар 01607208. Супер азтан тодорлоо. Супер сугалааны дугаар 34462914.

Нийслэлд 3000 гаруй иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгчээ

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулжээ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасанчлан төрийн албанд шинээр орох иргэдээс Төрийн албаны ерөнхий шалгалт гэж нэрлэгдэх шалгалтыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар болсны дагуу тус шалгалтыг авчээ. Энэ дагуу Ерөнхий мэдлэгийн шалгалтыг энэ амралтын өдрүүдэд буюу 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд нийслэл болон 21 аймагт зохион байгуулсан байна. Өмнө нь төрийн албанд сул орон тоо гарсны дагуу тухайн байгууллагуудын захиалгын дагуу, тэрхүү сул ажлын байрны болзол шаардлагыг хангасан иргэдийг бүртгэж төрийн албаны шалгалт зохион байгуулдаг байсан бол энэ удаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхийг хүссэн дээд боловсрол эзэмшсэн, Монгол улсын иргэдийг ямар нэг мэргэжил харгалзалгүй, мөн ажлын туршлага шаардахгүйгээр бүртгэн авч Ерөнхий шалгалт, Монгол хэл бичгийн чадварын шалгалт, Дүн шинжилгээ хийх чадвар буюу сэтгэн бодох чадамжийг шалгах гэсэн гурван шалгалтыг авахаар болсон. Шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутанд бөглөж, үүнээс 35 оноо ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцсэнээр дүгнэгдэж, дараачийн шалгалт болох Монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгөх эрх нээгдэнэ. Энэхүү 30 онооны шалгалт өгөх иргэн 20 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн шалгалтанд тэнцсэнээр тооцогдон хамгийн сүүлийн Дүн шинжилгээний 15 онооны шалгалтанд орох эрх нээгдэх бөгөөд 15 минутын хугацаанд өгөх тус шалгалтаас 10 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцогдоно. Шалгалтын даалгавар нь хүн тус бүрд өөр байх бөгөөд цахим програмын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөх аж. Бүх шалгалтууд нь тест буюу зөв хариултыг сонгон тэмдэглэх байдлаар явагдах тул хуулийн агуулга, сэдвийн мэдлэгийг уншиж судалсан, цаг зав зарцуулсан иргэдэд харьцангуй хялбар гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. Эцэст нь тухайн шалгуулагч гурван шалгалтын нийлбэр дүнгээр 65 оноо ба түүнээс дээш оноо аван тохиолдолд төрийн албаны шалгалтанд ТЭНЦСЭНД тооцож нөөцөд бүртгэгдэх юм байна. Улсын хэмжээнд нийт 8891 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлжээ. Ерөнхий шалгалтад тэнцсэн иргэдээс Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг 11 дүгээр сарын 19-ний өдөр, Монгол хэл, бичгийн чадварын шалгалтанд тэнцсэн иргэдээс Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтыг Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус комисс зохион байгуулахаар төлөвлөжээ. Төрийн албаны нийслэлийн салбар зөвлөлөөс Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэр, инновацийн газар болон Төр захиргааны V байр, төрийн албаны зөвлөлийн сургалтын танхим гэсэн хоёр хэсэг газар дээр дурьдсан өдрүүдэд Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийт3070иргэнээс авчээ. Зохион байгуулагчдын зүгээс шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд шалгалтаас хоцрох, иргэний үнэмлэхээ орхиж ирэх, 6 оронтоо нэвтрэх эрхээ мартах зэрэг зөрчил дутагдал байсныг дурьдаж байлаа. Ерөнхий мэдлэгийн шалгалт өгсөн иргэдийн хувьд шалгалтын зохион байгуулалт сайтай, бусдаас хуулах, өөр хоорондоо ярих, утсаар оролдох ямарч боломжгүй, бүгдэд нь тэгш үйлчилсэн, шударга боллоо гэдгийг илэрхийлж байлаа. Гурван удаагийн шалгалтанд тэнцсэн иргэдээс төрийн албанд гарсан албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 3.1.4, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын 1.1-д заасны дагуу шийдвэрлэх юм байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.