ХЭНТИЙ АЙМАГТ ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
2019-08-26 14:34:49 Нийтлэгдсэн: НийгэмХалхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх баярын арга хэмжээ өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотод эхэллээ. Ойн баярын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир тэргүүтэй БХЯ-ынхан, ЦДБЭЧ, Монгол цэргийн музей, Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийнхөн зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Халхын голын байлдаанд арын албанд ихээхэн үүрэгтэй оролцсон тус аймгийнхан баярын олон арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлсний нэг нь БНМАУ-ын баатар Ш.Гонгорт зориулсан дурсгалын хөшөө байлаа. Дурсгалын хөшөөг нээх ёслолын арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг манай аймагт тэмдэглэн өнгөрүүлж байгаад нутгийнхаа зон олны өмнөөс талархал илэрхийье. Манай аймаг Халхын голын байлдаанд зоригт хөвгүүдээ олноор илгээхийн зэрэгцээ агт морь, хоол хүнс гээд арын албанд чухал үүрэгтэй оролцсон байдаг. Түүх ч мэднэ хэмээн онцлов. Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж Хэнтий аймгийн ард иргэдэд Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр Хэнтий аймгийн ЗДТГ-ын санаачилгаар БНМАУ-ын баатар Ш.Гонгорын хөшөөг нээх ёслол боллоо. БНМАУ-ын хамгийн анхны баатар бол Ш.Гонгор. Халхын голын байлдааны ар талын бааз, хангалтын үйл ажиллагааг зохион байгуулж байсан аймаг бол яахын аргагүй Хэнтий аймаг юм. Халхын голын байлдааны ялалтын 70, 75 жилийн ойн баярыг мөн энэ аймгийнхан ёслол төгөлдөр тэмдэглэж байсан түүхтэй гэж ярилаа. БНМАУ-ын баатар Ш.Гонгорын зээ дүү, өндөр настан Л.Баатаржав Миний ахын байгуулсан алдар гавьяаг өнөөдөр дурсан санаж байгаад тун баяртай байна. Аймгийнхаа ЗДТГ-ын удирдлагуудад маш их баярлалаа. Миний ах анчин хүн байсан. Олондоо нэр хүнтэй хүн байлаа. Ахын маань гэрэлт хөшөө царай төрхтэй нь адилхан байна гээд Монгол Улсын төр засаг баатруудаа хэзээ ч мартаж болохгүй гэлээ. Баярын арга хэмжээ өнөөдөр баярын хурал, ЦДБЭЧ-ын хүндэтгэлийн тоглолтоор үргэлжилнэ. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг мөн маргааш Дорнод аймагт тэмдэглэн өнгөрүүлнэ. Соёмбо сонин мэдээлж байна
Цаг агаарын мэдээллийг хүргэдэг тусгай системийн аюулгүй ажиллагааг баталгаажуулав
2019-08-26 09:24:23 Нийтлэгдсэн: НийгэмОнцгой байдлын ерөнхий газраас Мерси Кор МонголОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2 төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж, тусгай системийг боловсруулсан. Тус системийн аюулгүй, найдвартай ажиллагаа, дамжуулж байгаа мэдээллийн үнэн зөв, баталгаат байдалд хийсэн хөндлөнгийн аудитын үр дүнг Мерси Кор ОУБ болон ZeroDay ХХК-аас танилцуулж, систем болон серверийн аюулгүй ажиллагааг аудитаар баталгаажуулснаа мэдээллээ. Танилцуулга уулзалтад ОБЕГ, ЦУОШГ, УЦУОСМХ, Үндэсний Статистикийн Хороо, Альфа ЛаБ ХХК зэрэг хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцож, цаашид системийн хүртээмжийг сайжруулах, тогтвортой ажиллуулах талаар санал бодлоо солилцсон юм. Мөн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв тус системийг хариуцаж, сар бүрийн тайланд анализ хийхээр боллоо. Малчид хүссэн үедээ цаг агаарын болон бэлчээрийн мэдээллээ авах боломжтой уг системийг Мерси Кор Монгол Олон улсын байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газарт 2018 онд хүлээлгэн өгсөн юм. Тус системийн тусламжтайгаар 21 аймгийн 330 сумын 1,820 багийн 20 гаруй мянган малчин гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байнагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны наймдугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. С.Амарсайхан: Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гадаадын хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын оролцоо чухал Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Монгол Улсад зохион байгуулж буй форумын анхны арга хэмжээ болох Улаанбаатарын Бага хурал Шангри-Ла зочид буудалд боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг форумд оролцогчдод танилцуулав. Тэрбээр илтгэлдээ Улаанбаатар хотын ойр орчимд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Ингэснээр хувийн аж ахуйн нэгжүүд татваргүй эдийн засгийн бүсэд үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Нийслэл хотын хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй хамтран томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс Улаанбаатар Хөгжлийн корпораци, Улаанбаатар Хөрөнгө оруулалт, менежментийн компаниудыг шинээр үүсгэн байгуулсан. Ингэснээр Улс болон Нийслэлийн төсөв хүндрэлтэй үед төр-хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэл хотод хэрэгтэй төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон хэмээлээ. Хүүхдийн автобусны нэгдсэн үзлэг, шалгалт эхэллээ Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтарсан нэгдсэн үзлэг, шалгалтыг тус газрын Техникийнхяналтынүзлэгийн төвд эхлүүлээд байна. Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийгдэж байна Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг Эх, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энэ сарын 14-нөөс эхлэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийж байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүллээ Хичээлийн шинэ жил эхэлж иргэд, зорчигчдын зорчих эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй чиглэлүүд буюу Хайлааст, Баянхошуу, ТЭЦ3, Сэлх, Тахилт, Баруун салаа, Зүүн салаа, 3,4 дүгээр хороолол, Зайсан, Алтай хотхон, Дэнжийн 1000, Өвөр согоот, Нисэх, 7 буудал, Зунжин, Шархад, 5 шар, Офицеруудын ордон, Зүүн 4 зам, Улаанхуаран, Мах импексийн суурьшлын цэгүүдэд үйлчлэх автобусны тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж үйлчилгээг 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журмыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журам болон Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам-ыг хэлэлцлээ. Зөвлөлийн гишүүд журмын төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлж, уг саналуудыг тусган сайжруулснаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Хятад орныг танин мэдэх соёлын цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдана Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Хятад орныг танин мэдэх соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Хятад орныг танин мэдэх соёлын цуврал арга хэмжээнд уран сайхны тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн тэмцээн зэрэг найман төрлийн 21 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Хотын Захирагч С.Амарсайхан Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагуудМонголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг хэрхэн сайжруулах боломж байгаа талаар нээлттэй ярилцлаа. Нийслэл хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтууд болон зарим нэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хотын Захирагч С.Амарсайхан дэлгэрэнгүй мэдээлэхийн сацуу Монголын Барилгын үндэсний Ассоциацитай уялдаа холбоогоо нэгтгэж хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. С.Амарсайхан: Гаргасан шийдвэр, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн тулд бүх талууд хичээж ажиллах шаардлагатай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудтай уулзан, цаг үеийн хийж хэрэгжүүлж буй ажлууд ямар түвшинд хэрэгжиж байгааг тодруулан, цаашид удааширч буй түргэвчлэх шаардлагатай зарим ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө. Нийслэлийн Газар, зохион байгуулалтын албанд олон нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг эцэслэн гаргах, Хот байгуулалт, хөгжлийн газарт зөрчилтэй барилга байшингуудын тоог нэгтгэн гаргах үүрэг өглөө. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг цогц болгох төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллах, замын бүтээн байгуулалтын ажлуудыг хугацаанд нь дуусгахад онцгой анхаарах, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлд ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон юм. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэдавтомашиныг тэгш сондгойгоор зорчуулна Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.Захирамжийн дагуу улсын дугаар нь ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно. Улсын дугаар нь СОНДГОЙ тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 25,есдүгээр сарын 01-ний ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно. Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах зураг төслийн уралдааны ялагч тодорлоо
2019-08-26 09:02:02 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 23-нд Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд тэргүүлсэн аж ахуй нэгжүүдэд өргөмжлөл, батламжийг нь гардуулан өглөө. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг үндэсний түүхэн онцлог, уламжлалт хэв шинж, ахуйн амьдрал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тусгасан байдлаар нь шалгаруулж иргэд олон нийтээс санал авчээ. Нийт 24295 иргэн санал өгснөөс 84.6 оноогоор Хаус Дизайн ХХК Хийморь цогцолбор бүтээлээрээ тэргүүн байрт, 78.6 оноогоор Монгол Архитектур Дизайн ХХК Голомт бүтээлээрээ шагналт байр шалгарсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уралдаанд идэвх санаачилгатай оролцсонд талархал илэрхийлээд, цаашид нийслэл хотод хэрэгжүүлэх нийтийн эзэмшлийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд иргэд, олон нийтийн дунд уралдаан зарлаж сонгон шалгаруулж иргэн аж ахуй нэгжүүдийн оролцоог хангаж ажиллахыг эрхэмлэнэ гэдгийг онцолсон юм. Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, зураг төслийн оюутнуудын гэсэн нийт есөн баг бүтээлээ ирүүлсэн байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлийн тэргүүн байр 20 сая төгрөг, шагналт байрын бүтээлийг 10 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулах захирамж гарсны дагуу өнөөдөр шилдэг бүтээлүүдэд шагналыг нь гардуулан өглөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашиныг тэгш сондгойгоор зорчуулна
2019-08-23 13:00:10 Нийтлэгдсэн: Нийгэм2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, 09 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдөр гарлаа. Захирамжийн дагуу: Улсын дугаар нь ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно. Улсын дугаар нь СОНДГОЙ тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 25,есдүгээр сарын 01-ний ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно. Нийслэлийн Засаг даргын захирамжийг бүрэн эхээр нь хүргэе. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй