Гэр хорооллын 250 яндан буулаа

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын 11-15 дугаар гудамжны 250 орчим айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд холбогдлоо. Гэр хороололд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх Дэд бүтцийн төв төсөл тус дүүрэгт амжилттай хэрэгжиж өнөөдөр нээлтээ хийсэн юм. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан оролцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ Өнөөдөр нийслэлчүүдийн хувьд нэг том дэвшил, нэг том бүтээн байгуулалтын эхлэл тавигдаж байгаад баяртай байна. Утааг бууруулах ажлыг эрчимтэй өрнүүлсний үр дүнд энэ өвөл бид утаагүй сайхан өвөлжих гэж байгаа нь том дэвшил юм. Үүний тод илрэл энэхүү бүтээн байгуулалт өрнөснөөр 200 орчим айл яндангүй болж байна гэсэн үг. Хүн бүр дор бүрнээ чин сэтгэлээсээ чармайн зүтгэж чадвал нийслэл хот, улс эх орноо хөгжүүлж чадахын эхлэлийг үүнээс харж байна хэмээлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд дэд бүтэц хөгжсөн, орон сууцанд амьдарч буй мэт ая тухтай, сайхан орчныг бүрдүүлсэн, агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг дэд бүтцийн төвийн нээлт болж байна. Ирэх хавраас иргэдийг орон сууцжуулах Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхлэнэ гэдгийг дуулгахад таатай байна. Мөн энэ мэтчилэн дэд бүтцийн төвүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн. Одоо айл өрхүүд гаднах тохижилтондоо анхаарч, хашаандаа ногоон байгууламжийг байгуулан ажиллах байх аа. Та бүхний идэвхи, хүчин зүтгэлээс хэрхэн сайхан орчинд амьдрах бүх зүйл хамаарна. Та бүхэндээ баяр хүргэе гэсэн юм. Дэд бүтцийн төв ашиглалтад орсноор яндангийн тоо багасч, тэр хэрээр агаар, хөрсний бохирдол буурч, газрын үнэлгээ нэмэгдэн, иргэд өөрсдийн өмчлөлийн газартаа ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сүхбаатар, Хэнтийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-ны шөнө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны арвандүгээр сарын 12-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 19-24 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, 6-11 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг.Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 11-16 градус, өдөртөө хүйтэрч 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө хүйтэрч 4-9 градус хүйтэн байна. ОТРЫННУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна. 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 13-ны шөнө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,15-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 13-15-нд зарим газраар секундэд 14-16 метр, 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 14-15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. ХуваалцахЖиргэх

Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын 8-9-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна. Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыгОнцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

Гадаад сургууль төгссөн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Карьер Экспо-2019 хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Тус хөдөлмөрийн яармаг үзэсгэлэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хөдөлөмөр эрхлэлтийн газар, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулах бөгөөд өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэлийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнгөрөгч онд зохиогдсон Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе уриатай хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт 1100 гаруй гадаадад сургууль төгссөн мэргэжилтэй залуус хамрагдаж, 510 орчим залуус сонирхсон ажлын байранд бүртгүүлснээс 70 залуу шууд ажилд орсон байна. Энэ жилийн хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн их танхимд арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 12.00-16.00 цагийн хооронд зохион байгуулагдана. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 50 орчим үндэсний томоохон хэмжээний аж ахуй нэг, байгууллагын 500 гаран нээлттэй ажлын байр зарлагдах бөгөөд 15-34 насны ажил идэвхитэй хайж буй залуус хамрагдах боломжтой. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул Энэ жилийн Карьер экспо-2019 хөдөлмөрийн яармагийн онцлог нь төр хувийн хэвшлийн түншлэлийг оролцуулж, гадаадын их дээд сургууль төгссөн залуучуудын нэгдсэн зөвлөлтэй хамтран төрийн байгууллагууд ажиллаж байгаагаараа онцлог болж байна. Түүнчлэн гадаадад дотоодын сургууль төгссөн гэж ялгалхгүй, ажил хайж буй амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй бүх залуучуудад Карьер экспо-2019 арга хэмжээ нээлттэй. Бид мэргэжлийн боловсролын үнэлгээний төвтэй хамтарч дотоод гадаадад сургууль төгссөн мэргэжлийн үнэмлэхгүй ч, ур чадвар өндөр, гүйцэтгэл сайтай залууст мэргэжлийн боловсролын үнэмлэхийг олгохоор шийдвэрлэсэн.Тиймээс залуус үзэсгэлэн яармагт өргөнөөр оролцож, ур чадвараа үнэлүүлснээр шалгалт өгч, сурахгүйгээр мэргэжлийн үнэмлэхтэй болох боломжтой юм хэмээн уриаллаа. Мөн нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй 3000 орчим ажлын байрны танилцуулга тараагдахын дээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд хэрэгжих цогц сургалтын талаар танилцуулах аж. Уг сургалтын хүрээнд дөрвөн сарын хугацаатай ур чадвар эзэмшүүлэх найман мэргэжлээр иргэдийг бүртгэх юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Гачуурт-Налайх-Чойр чиглэлийн хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авч өнөөдрөөс хөдөлгөөнийг нээлээ. 60 жил болсон зам их хэмжээгээр эвдэрч, нэвтрүүлэх чадвар нь эрс муудан, байнга осол аваар гарч эрдэнэт хүний амь нас хохирч байгаа учир Монгол Улсын Засгийн газар энэ замыг зургаан сарын дотор шинэчлэх шийдвэр гарган ажлыг нь эхлүүлсэн юм. Хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, 26 метр өргөн, ус зайлуулах байгууламж, гүүр, нүхэн гарц бүхий замын хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн ч ирэх хавраас төмөр туузан хашлага, явган хүний болон дугуйн зам, суурьшлын бүсийн хэсгүүдэд явган хүний гүүрэн гарц хийж, өнгө асфальт бетоноор нэмж хучин долоодугаар сард бүрэн дуусгана. Автозамыг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүн, иргэдийн төлөөлөл оролцов. Борооны улмаас 29 хоног алдсан ч ажлаа чанартай гүйцэтгэсэн холбогдох яам, хотын захиргаа, гүйцэтгэгч компани болон бүтээн байгуулалтын ажлын ач холбогдлыг ойлгож хүлээцтэй хандсан иргэдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. Мөн Засгийн газар цаашид автозамын чанарт анхаарч, ашиглалтын хугацааг уртасгах, олон улсын жишигт ойртсон хийц, бүтэцтэй зам төлөвлөх, барьж байгуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг хэлэв. Шинэ зам нь зүүн болон өмнө бүсийн аймгууд, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбодог гол зам юм. Мөн Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийнх бөгөөд Улаанбаатар хотын автозамын сүлжжэнд хамрагддаг байна. Энэ зам хөгжлийн, аялал жуулчлалын, ажлын байр нэмэгдүүлэх, дагуул хотын хөгжлийг түргэтгэх зам гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Амарсайхан тэмдэглэв. Мөн Яармагаас Цонжин болдог хүртэл дугуйн зам тавьснаар эрүүл мэнд, спортыг дэмжих зам болно гэв. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замын нийт өртөг 36 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс санхүүжүүлжээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохайдро Лимитед корпорейшн, зөвлөх үйлчилгээг Мөнхад ашдын зам, туслан гүйцэтгэгчээр Тэгшплант, Гашууны гол, Дардан говь компани ажиллаж байгаа юм. Энэ замын бүтээн байгуулалт Монгол Улс, БНХАУ-ын найрамдалт харилцааг илтгэхийн зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх болно гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хэллээ. Мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулалтын өөр олон ажил хамтран хийж байгааг дурдав. Шинэ зам хурдны зам биш учир тээврийн хэрэгсэл эзэмшигчид хурдаа тохируулж, өөрийгөө болон бусдыг хүндэтгэн хөдөлгөөнд соёлтой оролцож, осол гэмтлээс сэргийлж байхыг Замын цагдаагийн байгууллага уриаллаа. Энэ онд нийслэл хотод Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам, Яармагийн шинэ, хуучин гүүрийн шинэчлэлт, их засвар, Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүр зэргийг барьж, ашиглалтад оруулаад байна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.