Б.Отгонсүх: Нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийх ажлууд он гараад хэрэгжиж эхэлнэ

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өчигдөр автобус компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НТҮГ-ын дарга Ч.Сайханбаяр, Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөрболон холбогдох албаныхан оролцлоо. Уулзалтаар энэ онд хийсэн ажлаа дүнэж, 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцаж, мэдээлэл өгч, санал бодлоо солилцсон юм. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: Нийтийн тээврээр өдөртөө 318.958 хүн 759.921 удаагийн зорчилтыг хийдэг. 2009 оноос хойш нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийгдээгүй. Нөхөн хангалтаар л явж байна. Тиймээс 2020 оны онд нийтийн тээврийн салбарыг эрс шинэчлэх бодлогын ажлууд хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал, 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулах болно. Түүнчлэн он гараад хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нийслэлээс нийтийн тээврийн олон хувилбарт системийг бий болгох бодлого барьж байна. Энэ хүрээнд Cable car болон соронзон галт тэрэг төслүүдийг нийтийн тээвэрт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Хэрэв төслийн бүх талын зөвшилцөл амжилттай болвол ирэх хавраас төсөл эхлэх боломжтой. Мөн Улаанбаатар хот нэг компанийг л дэмжиж 800 автобус оруулж ирэх гээд байна гэсэн буруу ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Бид энэ салбарын ачааллыг нуруун дээрээ 20-30 жил үүрэлцэж яваа дотоодын компаниудаа шахаж гаргана гэсэн бодлого огт байхгүй. Харин бид дэмжиж ажиллана. Гэхдээ хариуцлага, үйлчилгээний стандарт, соёлыг шаардах болно. Энэ долоо хоногт нийслэлийн ажлын хэсэг МОН-30 автобус компани дээр очиж ажиллана. Сургуулийн автобус төсөл амжилттай явж байна. Би өглөө болгон сургуулийн автобусны мэдээллийг авдаг. Сургуулийн автобусны жолооч нарын харилцаа, автобусны цэвэрлэгээ үйлчилгээ, цаг барилт зэрэгт автобус компаниудаас хариуцлагатай ажиллаж байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр: Бид нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу ачаалалтай байгаа 67 цэгт өглөө болон оройн цагаар ямар ачаалал авч байгааг судалсан. Судалгааны дүнг үндэслэж, 20 чиглэлд 80 тээврийн хэрэгслийг ачаалалтай цагаар нэмэлтээр явуулж байна. Одоогоор нийтийн тээврийн хүлээлтийн дундаж хугацаа 8-10 минут байгаа. Нийтийн тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж буй компаниуд бүгд үнэлгээгээ хийлгэсэн бөгөөд компаниуд 11 дүгээр сарын байдлаар 90 хувиас дээш үнэлгээтэй гарсан. Гэрээ сунгах асуудал нь хуулийн хүрээнд явагдаж байна. Аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байх, нийтийн тээврийн орлогыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах шаардлагатай. Хурлын үеэр нийтийн тээврийн үйлчилгээний газруудаас он дууссан 80 автобусыг шинэчлэх, үйлдвэрлэгдсэн он засагдсан автобусыг үйлчилгээнээс гаргах, автобуснаас гарч байгаа утааг багасгах, шинээр автобус оруулж ирэх гэх мэт нийт 18 саналыг ирүүлсэн бөгөөд эдгээр саналыг хүлээн авч шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

ЦЕГ: Есөн эрдэний Жадамба гэх судар хулгайлсан этгээдийг илрүүллээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2018 он 2019 оны 9, 10 дугаар саруудад бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж алт, мөнгөн эдлэл, бурхан, зургийн аппарат, хөөрөг, эртний эдлэл зэргийг хулгайлсан нэг бүлэг 2 этгээдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүллээ. Уг гэмт хэргийг үйлдсэн 1991 онд төрсөн Ш, 1987 онд төрсөн Б нар нь урьд өмнө энэ төрлийн гэмт хэргээр удаа дараа ял, шийтгэл эдэлж байсан. Гэмт хэрэгтэн Б нь 2009 онд орон нутгийн банкуудруу нэвтрэн орж сефи хулгайлж байсан хэргээр 10 жилийн ял эдэлж байсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн мөн Ш, Б нар нь урьдчилсан мэдүүлэгтээ нийт хулгайн 40 үйлдлийг мэдүүлээд байгаа юм. Дээрх 2 этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, хэргийн газруудаас хулгайлсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцон хураан авч тэмдэглэл үйлдэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Мөн Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Дундговь аймаг Сайнцагаан суманд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б гэрт хулгай орж 500 гаруй жилийн өмнөх Есөн эрдэнийн Жадамба гэх судар алдагдсан хэргийг энэ сарын 15-ны өдөр Дундговь аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран илрүүллээ. Уг хэргийг 1994 онд төрсөн Дундговь аймгийн харьяат И үйлдсэн болохыг тогтоож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шалгаж байна. Мөн уг судрыг ашиг олох зорилгоор худалдан авсан нийслэл хотод оршин суух хаягтай М, М нарыг батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эх сурвалж: ЦЕГ

Замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж явахыг анхааруулж байна

Өвөрхангай аймаг Хархорин сумаас мэдээлж байна. Цас их хэмжээгээр орж үзэгдэх орчин хязгаарлагдаж байх тул тус чиглэлд замд гарах Жолооч нар тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын бодит мэдээ, мэдээллийг цаг тухай бүр авах, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулга мэдээг дагахыгАвтотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.

СХД-ийн хоёр сургууль, хоёр цэцэрлэгийг улсын комисс хүлээн авлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан хоёр сургууль, хоёр цэцэрлэгийг өчигдөр (2019.12.09) улсын комисс хүлээн авлаа. Нийслэлийн хувьд хүн ам олонтой бөгөөд гэр хороолол шигүү суурьшсан Сонгинохайрхан дүүрэгт ерөнхий боловсролын 106, 107 дугаар сургууль, 269 дүгээр цэцэрлэг, Чингэлтэй дүүрэгт 103 дугаар цэцэрлэгүүд ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, зэргэлдээх сургууль, цэцэрлэгүүдийн ачаалал буурах юм. 106 дугаар сургуулийн одоогийн байранд 1600 гаруй хүүхэд суралцаж, тэдний 200 гаруй нь гуравдугаар ээлжээр хичээллэж байсан бол цаашид тус сургууль хоёр ээлжээр хичээллэхийн зэрэгцээ суралцагч нэмэх боломжтой болсон гэж тус сургуулийн захирал П.Энхчимэг ярьж байна. 106 дугаар сургуулийн шинэ байр олон жилийн эдэлгээ даах металл фасадтайгаараа онцлог юм. Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны хүүхдүүдийг хамран сургадаг 103 дугаар цэцэрлэгийн хувьд 437 хүүхэдтэй бөгөөд 200 хүүхдийн ор бүхий шинэ өргөтгөлөө хүлээн авснаар хамран сургалтаа 100 хувьд хүргэх ажээ. БСШУС-ын яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг дээрх сургууль, цэцэрлэгүүдээр ажиллаж, анхаарч сайжруулах зарим асуудлаар захиалагчийн зүгээс үүрэг чиглэл өглөө. Тэрбээр Энэ жил улсын хэмжээнд 46 сургуулийг хүлээн авахаас 34 нь ашиглалтад орж, хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол он дуусахаас өмнө нэмж 12 сургуулийг үүдийг нээхээр ажиллаж байна. 2019 онд зөвхөн Улаанбаатар хотод 20 сургууль ашиглалтад орсноор сургуулийн хүчин чадал нийслэлийн хэмжээнд 10 мянган хүүхдээр нэмэгдээд байна гэлээ.

Дизайнер Г.ӨНӨРЖАРГАЛ: Мода Монголоор дуусахгүй, харин ч Монголоос эхлэх хандлагатай болсон

Гоёл-2020 наадмын шилдэг дизайнер Г.Өнөржаргалтай ярилцлаа. Тэрээр энэ жил өдөр тутмын хувцасны шилдэг дизайнераар шалгарсан бөгөөд хилийн чанадад ажиллаж амьдардаг учраас тун удахгүй буцах гэж байгаа ажээ. Ярилцлагынхаа эхэнд Гансүхийн Өнөржаргалын талаар товчхон танилцуулгыг уншигч танд хүргэе. 1999-2006 онд ШУТИС-ийг Хувцасны зураач-Загвар зохион бүтээгч хос мэргэжлээр төгссөн. 2011-2016 онд Шанхай хотод Дунхуа их сургуульд Хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 2016 оноос Хятадын хувцас загварын томоохон төлөөлөгчдийн нэг болох NE.TIGER компанид хээ-чимэглэлийн зураач, материалын дизайнераар ажилласан. 2017 оноос Монгол-Өвөр Монголын Үндэсний хувцас, өв соёлын нийгэмлэгийн Зөвлөх багшаар ажиллаж байна. 2018 онд ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод ЗОРТОЙ /ZORTO/ брэндийг үүсгэн байгуулж, өдөр тутам, гоёл, үндэсний хувцасны чиглэлээр амжилттай ажиллаж байна. Уран бүтээл, амжилтуудаас: 2010 онд 10 өнгө хамтарсан үзэсгэлэн гаргасан. 2010 онд ОУ-ын Залуу дизайнеруудын үзэсгэлэнд шалгарсан. 2013, 2014 онуудад 8, 9 дэх удаагийн Pheonix Cup Олон улсын наадмаас- Хүрэл, Алтан цом хүртсэн. 2014, 2015 онуудад дэлхийн алдарт YKK брендийн нэрэмжит YKK Cup-9, 10 тэмцээнээс- Тусгай байр, Хүрэл цом хүртсэн. 2014 онд Хятадын Олон Улсын Материалын дизайн наадмын Тусгай байранд орсон. 2016 онд Олон улсын залуу дизайнеруудын CUORI CUP наадмаас- Хүрэл цом тус тус хүртсэн. Гоёл-2020 наадмын өдөр тутмын хувцасны төрөлд Шилдэг дизайнер-аар шалгарсан. Юуны өмнөГоёл-2020 наадамд өдөр тутмын хувцасны төрөлд Шилдэг дизайнер-аар шалгарсанд баяр хүргэе! Баярлалаа. Шинэ загварынхаа онцлогоос танилцуулаач? Органик гаралтай байгалийн материалуудыг нэгтгэн хэрэглэж, жишээлбэл могойн арьс, цэвэр торгон даавууг хослуулан уламжлалт зээгт намаал, цоолборт хамтгамлын аргыг орчин үеийн технологиор туршин хэрэглэсэн. Монгол үндэсний онцлогоос шингээн өдөр тутамд өмсөхүйц болгон ердийн хэрэглээнд илүү ойртуулахыг хичээсэн. Таны танилцуулгаас харахад хувцас загварын салбарт 20 жил болжээ. Анх энэ мэргэжлээ сонгох болсон тухайд сонирхож асуумаар санагдлаа? Миний ээжийг Б.Дугармаа гэдэг. Хувцас загварын салбарт анх ЗХУ-д бэлтгэгдэж ирсэн мэргэжилтнүүдийн нэг. Одоо хүртэл энэ салбартаа багшилж байна. Багаасаа ээжийнхээ ажил дээр очиж, оёдлын үйлдвэр дотор тоглож өссөн болохоор их дотно байдаг. Ээжээсээ бага багаар суралцсаар мэргэжилдээ улам дурласан. Холын хүнээс үг сонс гэдэг дээ. Та сүүлийн жилүүдэд гадаадад мэргэжлээрээ ажиллажээ, салбарын ялгаа хэр байна? Манай дизайнерууд гадаадад ур чадвараараа илт ялгарч, өндөр үнэлэгддэг. Харин авьяас чадвараа үнэлүүлэх боломж, бүтээгдэхүүнээ нийтэд илүү таниулах менежмент, үйлдвэрлэгч орон биш учраас материал түүхий эдийн мэдээлэл болон олдоц маш хомс юм шиг санагддаг. Хувцас загварын салбарын орчинг илүү нээлттэй, өргөн хүрээнд, харилцан уялдаатай хөгжүүлэх боломжийг тал талаасаа анхаарах ёстой байх. Та загварын их хотуудын нэг Шанхайд ажиллаж, амьдарсан тухайгаа хуваалцаач? Шанхайд зэрэг ахиулан суралцахын хажуугаар олон улсын дизайнеруудаас суралцаж, өөрийнхөө түвшинг мэдэх үүднээс олон тэмцээн уралдаан, загварын шоунд оролцдог байсан. Бодит талбар дээрээс буюу загварын шоу, тэмцээнүүдээс би их зүйл сурсан. Мөн Хятадын загварын томоохон төлөөгчдийн нэг, урлагийн одод болон улс төрийн томчуудын хувцсыг тусгайлан урладаг NE-Tiger брэндийн Шанхайн салбарт ажиллах боломж олдсон нь хамгийн том туршлага болсон. Гадаадад нэрээ гаргаж яваа дизайнеруудаас дурдвал? Бүр хүүхэд наснаасаа хамтдаа энэ салбарт суралцаж, хийж бүтээж яваа хүмүүс гэвэл дизайнер Овдогмэд Италид, дизайнер Хонгорзул Германд өөрийн брэндийг үүсгэн амжилттай яваа, мөн Биндэряа гадаадад мэргэжлээрээ ажиллаж байгаа. Дизайнеруудаас гадна загвар өмсөгчид гадаадад өндрөөр үнэлэгддэг. Үүний нэг жишээ нь Баярсайханы Ганчимэг загвар өмсөгч, фото моделиор баруунд ажиллаж байгаад одоо Холливудын хэмжээнд хүрсэн байна. Эндээс Монголын загварын салбарынхан чадварлаг гэдэг нь харагдаж байна. Мода Монголоор дуусдаггүй гэдэг үгтэй санал нийлдэг үү? Мода Монголоор дуусахгүй, харин ч Монголоос эхлэх хандлагатай болсон гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй байх. Монголын хувцас загвар өөрийн гэсэн онцлогтой, тэрийг нь дэлхий олж харчихаад байгаа. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон загварын шоунуудад Монгол хувцасны элементүүд хүчтэй орж ирсэн. Энэ оны хамгийн сүүлийн China fashion week-д Монгол дээл бүтэн коллекциор гарч ирлээ. Яг энэ үед нь зах зээлээ тэлэх боломж байгааг илүү анхаарч ажиллах ёстой болов уу. Таны бодлоор ингэж анхаарах эхний алхам юу вэ? Хүмүүсийн дунд дизайнер буюу загвар зохион бүтээгч гэж зөвхөн зураг зураад сууж байдаг гэсэн ойлголт түгээмэл. Үүнийгээ дагаад хувцас загварын салбарыг их амархан гэж ойлгох гээд байдаг. Дэлхий нийтийн одоогийн хандлага дизайнер бол бүтэн төслийн зохиогч, эхлэл гэдгийг маш сайн ойлгодог. Энэ хандлагаараа тухайн төсөл амжилттай болж, удаан өгөөжтэй үргэлжилдэг. Төслийн хэмжээнд ойлголтоо өөрчлөх нь хамгийн эхний чухал алхам. Сүүлийн үед шинэ брэнд, загварын салонууд маш олон болсон. Бүтээгдэхүүний чанар болон үнэ нь маш зөрүүтэй байх юм. Энэ бол аливаа салбарын зах зээлд байдаг л зүйл. Хэрэглэгчдэд сонголт их байна гэдэг нь нэг талаараа зөв. Мэргэжлийн болон мэргэжлийн бус гэдэг нь хийсэн бүтээлээрээ ялгарчихдаг. Гэхдээ мэргэжлийнхний хажуугаар сонирхогчдыг ч орхигдуулахгүйгээр хөгжүүлэх нь зүйтэй. Бүгд хамтдаа зүтгэж салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байгаа. Г.Энх

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.