Есөн дүүргийн онцгой комисс, засаг захиргааны нэгжийн удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө

Энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд Нэг хаалга-Нэг шинжилгээ тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарын албаны хүмүүс есөн дүүргийн Онцгой комисс, засаг захиргааны нэгжийн удирдлагуудтай уулзалт хийн, хөл хорионы хугацаанд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө. Дээрх хугацаанд 411420 өрхөөс нэг гишүүнийг заавал шинжилгээнд хамруулах бөгөөд үүнд нийслэлийн 15184 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ. Шинжилгээг явуулын 50, түр 73 цэгээр авч, өдөрт 42250 хүнээс сорьц шинжилгээ авахаар төлөвлөж байна. Энэ үеэр нийгмийн халамж шаардлагатай 21000 өрхөд хүнсний тусламж үзүүлэх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ үеэр Дүүрэг, хороодын Засаг дарга нар энэ ажилд бүх хүчээ дайчлан, зөв зохион байгуулалттай оролцох ёстой. Дүүрэг бүхэнд хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гаргасан. Мөн шинжилгээний цэг, тандалтын баг, лабораторид ажиллах хүн хүчний судалгааг гаргах, аргазүйгээр хангах бэлтгэлээ түргэн хийж хэрэгжүүлээрэй гэв. Мөн тэрбээр бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хувцас, хамгаалах хэрэгсэл, хорио цээрийн үед гудамж талбайн хэв журмыг сахиулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулахыг үүрэг болгов. Хамгийн гол нь иргэдэд шинжилгээнд хамрагдах өдөр, цагийг мэдэгдэж, идэвхтэй хамруулахыг анхаарууллаа. Мөн нийслэлд түр оршин суугч, хаягийн бүртгэлгүй иргэдийг ч энэхүү шинжилгээнд заавал хамруулах бөгөөд, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, бага насны хүүхэд асаргаа хамгаалалтгүй байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг сануулав. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Д.Сумъяабазар: Цар тахлаас учирсан эдийн засгийн хохирлыг арилгах цогц төлөвлөгөө боловсруулна

Улсын онцгой комисс хуралдаж, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих нь зүйтэй гэж үзсэн. Энэхүү хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын гишүүдтэй хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг авч, зарим үүрэг чиглэлийг өгчээ. Тэрээр коронавируст цар тахлаас учирсан эдийн засгийн хохирлыг арилгах, эдийн засгийг сэргээх цогц төлөвлөгөөг нийслэлийн удирдлагын бүрэлдэхүүн боловсруулна. Хэдий цар тахалтай нүүр тулж байгаа ч нийгэм, эдийн засгийг сэргээхэд онцгой анхаарах ёстой. Тиймээс цар тахалтай зэрэгцэн амьдрах, эрсдэлийн менежмент рүү үйл ажиллагаагаа чиглүүлнэ хэмээв. Түүнээс гадна орон сууцны агааржуулалтын хоолойгоор дамжиж халдвар тархах магадлал өндөр байгаа учраас үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүст даалгалаа. Эх сурвалж:НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ШӨХТГ: НӨАТ-ын сугалаанд зөрчил байхгүй ч болиулах саналыг хүргүүлнэ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас НӨАТ-ын сугалаатай холбоотой хяналт шалгалтын тайланг мэдээллээ. ШӨХТГ Сугалааны бөмбөлгийг гаргаж буй төхөөрөмжтэй холбоотой зөрчил илрээгүй. Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвийн нийт 44 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа 3 сая төгрөгийн хонжвор хожсон. Үүний хамгийн өндөр дүнтэй нь дөрвөн удаагийн тохирлоор 310 мянган төгрөг хожсон байна. Мөн өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа 139 албан хаагчийн гэр бүлийн хамаарал бүхий 961 иргэдээс зөвхөн нэг тохиолдолд 40 сая төгрөгийн хонжвор хожсон байна. Иймд ямар нэг зөрчил байхгүй гэж үзэж байна. Гэхдээ мэдээллийн аюулгүй байдлын шаардлагатай өөрчлөлт оруулах хэрэгтэй учраасНӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ гэв. Мөн ШӨХТГ-аас сугалаа явуулах нэгдсэн стандартад боловсруулж батлах шаардлагатай ба хяналтын зөвлөлд мэдээллийн технологийн газраас хөндлөнгийн хянагч оруулах хэрэгтэй гэж үзжээ.

Түлшний хомстол үүсгэхгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нар сайжруулсан шахмал түлшний хэрэглээг доголдуулахгүй байх асуудлаар зургаан дүүргийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга нарыг хэсэгчилсэн байдлаар хүлээн авч уулзлаа. Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтийн асуудлыг онцгойлон анхаарч, түлш борлуулах цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Түлш борлуулах цэгүүдийг зөв зохион байгуулалттайгаар төвөөс алслагдсан газар амьдардаг иргэдэд ойр байлгах, борлуулах цэгийн хоорондын зай, олноор төвлөрсөн байршлыг судалж, цэгцлэх ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Уулзалтын үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Түлш борлуулах цэгүүдийн судалгааг дүүрэг бүр гаргадаг байх хэрэгтэй. Өмнө нь Тавантолгой түлш компани борлуулах цэгүүдийг сонгож, хуваарилалт хийдэг байсан. Харин одооноос энэ ажлыг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар өөрсдөө хариуцахаар болж байна. Нийслэлийн зүгээс дүүргүүдийн судалгаа, дүгнэлтэд үндэслэн сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдийг нэмэх, тохиромжтой хүртээмжтэй байдлыг судалж байршуулснаар хэт ойрхон олон цэг байх зэрэг төлөвлөлт дутмаг асуудлууд үүсэхгүй мөн иргэдийн өргөдөл, гомдол багасах юм. Нийслэлийн хэмжээнд 37 компани түлшний тээвэрлэлт хийж байна. Тиймээс сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, түгээлт хангалттай явагдах боломжтой болсон. Удахгүй болох сар шинийн баярыг хэдийгээр тэмдэглэхгүй шийдвэр гарсан ч баяр амралтын өдрүүдэд иргэд сайжруулсан шахмал түлш нөөцлөх хандлага ихсэх учраас түлшний хомстол үүсгэхгүй байх асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй хэмээн үүрэг болголоо. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Зах худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах үүрэг өглөө

Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх томоохон худалдааны төв, захад халдвар хамгааллын дэглэм сахиулж байгаад хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар хүний бөөгнөрөл ихтэй, QR код уншуулахгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хангалтгүй хийдэг, агаар сэлгэлт муу, зай барих тэмдэглэгээ хийгээгүй зэрэг зөрчил зарим худалдааны төвд илэрсэн байна. Мөн бага насны хүүхдүүд захаар үйлчлүүлэх, халуун хэмжих ажилтан тогтсон байршилдаа сууж ажиллахгүй байх, гар ариутгалыг хүн бүрээр хийлгэдэггүй нь шалгалтаар тогтоогджээ.Иймд дээрх зөрчлүүдийг арилгаж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажиллах үүргийг зах, худалдааны төвүүдийн менежер, удирдлагуудад өгөв. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.