БНСУ-ын Бусан хотын Умардын ложистикийг хөгжүүлэх ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзлаа
2019-12-20 09:47:08 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх БНСУ-ын Бусан хотын Умардын ложистикийг хөгжүүлэх ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, БНСУ-ын Бусан хотын захиргааны хотын дипломат бодлогын хэлтсийн дарга Ким Хе Кюн, Худалдаа аж үйлдвэрийн танхимийн гүйцэтгэх захирлын туслах И Гуан Сог нар байлцав. БНСУ-ын Бусон хотын захиргааны хотын дипломат бодлогын хэлтсийн дарга Ким Хе Кюн хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Улаанбаатар, Бусан хотуудын ложистикийг хөгжүүлэх зорилгоор айлчлан ирсэн гэдгээ уулзалтын эхэнд онцолсон. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг дуулгаад ложистикийг хөгжүүлэх асуудлыг талархалтай хүлээн авч байгаагаа хэлсэн юм. Талууд харилцан ашигтай байдлаар ажиллаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд санал солилцоод, Бусан хотын Умардын ложистикийг хөгжүүлэх ажлын хэсгийн төлөөлөгчид Улаанбаатар хотын тээвэр ложистикийн холбогдох албаныхантай уулзаж нэмэлт мэдээлэл авахаар тогтлоо. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад тохиолдолд түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно
2019-12-19 12:41:16 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйУлаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос бүрдсэн ажлын хэсэг түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудын утааны шүүлтүүрийн хэвийн ажиллагаа, нүүрсний зарцуулалт, нөөц болон түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт явуулсан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга нар ахалж, энэ сарын 14-17-ны өдрүүдэд ажиллажээ. Хяналт шалгалтад Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй 53, зөвшөөрөлгүй 140 аж ахуйн нэгжээс гадна сайжруулсан түлш болон бусад эх үүсвэрээс халаалтаа шийдвэрлэсэн, үйл ажиллагаа нь зогссон улирлын шинж чанартай 65 иргэн, аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлэхдээ Ажлын хэсэг нийт 404 уурын зуухыг нэг бүрчлэн шалгасан. Хяналт шалгалтаар утаа шүүлтүүр тавиагүй-9, шүүгч нь эвдэрсэн-17, нүүрс ил задгүй хадгалах-18, камергүй-8 аж ахуйн нэгж, иргэний зөрчил илэрсэн. Мөн улирлын чанартай болон мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоосон 31 байгууллага байна гэлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн Иргэдээс байгууллагууд түүхий нүүрс түлж байна гэх гомдол тасрахгүй байна. Шалгалтаар уурын зууханд шүүлтүүр байгаа боловч ажиллуулдаггүй, ажиллуулдаг ч засварлаагүй зэрэг зөрчил дутагдал их ажиглагдсан. Агаар, орчныг бохирдуулж, түүхий нүүрс түлсэн /шүүлтүүргүй/ аж ахуйн нэгжийг 1.5 сая төгрөг, иргэдийг 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан гэв. Тусгай зөвшөөрлөөр өөрсдийн хэрэгцээнд нөөцөлсөн нүүрсийг иргэдэд зарж борлуулсан тохиолдол цөөнгүй гарсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүрээлэн буй орчны хэлтсийн дарга И.Даваажамьян мэдээллээ. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудыг Зөрчлийн хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч, таслан зогсоосон байна. Мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтаар 89 аж ахуйн нэгж байгууллагын 340 орчим тонн нөөцөлсөн түүхий нүүрсийг битүүмжилж хураасан гэдгийг тэрбээр мөн хэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас утаа шүүгч байрлуулах шаардлагатай уурын зуухнуудын судалгааг гаргаж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлсэн бөгөөд 290 уурын зууханд утаа шүүгч байршуулахаар болсон байна. Улаанбаатар хотын хэмжээнд 16-100 кв хүчин чадалтай буюу нам даралтын зуухаар үйл ажиллагаа явуулж байгаа 2209 аж ахуйн нэгж байгууллага байдаг. Харин 100 кВт-аас дээш хүчин чадалтай буюу тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг 197 халаалтын зуух бий хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн албаны дарга П.Хэрлэн дурдлаа. Тэрбээр Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд ойрхон 60 нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжинд холболоо. 17 цэцэрлэгийг цахилгаан халаалтад, дөрвөн сургууль цэцэрлэгийг хийн халаагуурт шилжүүлсэн. 248 хэрэглэгчийг цахилгаан хэрэглүүрт шилжүүлж, 290 халаалтын зуухны 230 зууханд нь шүүлтүүр тавьсан гэж мэдээллээ. Улаанбаатар хотод ирэх оны есдүгээр сарын 15 гэхэд тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад 16-100кВт-аас дээш хүчин чадалтай уурын зуухтай аж ахуйн нэгж, хувь хүн, айл өрхүүдийг түүхий нүүрс түлэхийг бүрэн хориглох аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
БНСУ-ын ЭСЯ: Зохисгүй үг хэрэглэвэл виз мэдүүлэх эрхийг хасах хүртэл арга хэмжээг авна
2019-12-18 10:34:30 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйБНСУ-д зорчих визэнд саад учруулсан үйлдэлд захиргааны арга хэмжээ батлах, хэрэгжүүлэх журмыг 2019 оны 12 дугаар сарын 2-ноос мөрдөж эхэллээ. Үүнд: Уригч тал хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг ч мөн адил виз мэдүүлэгчийн визний материал шалгах үйл явц болон үр дүнд нөлөөлж болно.Солонгос улсын хилийн чанад дахь бүх дипломат байгууллагын харьяа ажилтанд (захиргааны ажилтан хамаарна) шууд болон шууд бусаар мөн хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг визний материал шалгах үйл явцад хүндрэл учруулсан тохиолдолд арга хэмжээ авна. Авах арга хэмжээ: Зүй бус үг, хүчирхийлэл, дарамтлах, сүрдүүлэх зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг 1-3 жил хүртэлх хугацаанд хязгаарлана. Худал мэдүүлэг өгөх, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг 6 сараас 3 жил хүртэлх хугацаанд хязгаарлана. БНСУ-ын визтэй холбоотой виз зуучлагч брокероос болгоомжлох талаар БНСУ нь хууль журмын дагуу визний материалыг шалгадаг. БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, танил Солонгос хүний тусламжтайгаар виз гаргаж өгнө гэж хэлж байгаа хүн бол виз зуучлагч брокер юм. БНСУ-ын ЭСЯ нь ямар ч тохиолдолд Монгол Улсын иргэний паспортыг шуудан болон хүнээр дамжуулан хүлээн авдаггүйболно. ЭХ СУРВАЛЖ:БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2019-12-18 09:43:06 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаагийн өдөрлөг маргааш Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, 6 буудлын Оргил салбарууд болон нийслэлийн харьяа 9 дүүргийн Засаг даргын Тамгын газруудад 09:00-17:00 цагийн хооронд зохион явагдана. Иргэн та өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой гэжНЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ. Холбоо барих утас: 70116004, 326659
Хариуцлагагүй ажилласан орон сууцны конторуудад арга хэмжээ авахыг анхаарууллаа
2019-12-17 08:58:00 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас ирүүлсэн иргэд, хэрэглэгчдийн халуун, хүйтэн усыг хязгаарлахтай холбоотой албан бичиг болон Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв-ийн 1800-1284 утсанд иргэд, хэрэглэгчдээс төлбөрийн өргүй боловч халуун усыг хязгаарлаж байгаа талаарх гомдол, мэдээллийн дагуу агентлагийн дарга Б.Лхагва болон газар, нэгжийн удирдлагуудаас Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны холбогдох албаны хүмүүс болон хувийн орон сууцны конторуудын төлөөлөлтэй 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шуурхай уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар холбогдох байгууллагууд үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцаж, иргэд, оршин суугчдыг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэж ажиллах талаар саналаа солилцлоо. Нөхцөл байдлыг тодруулахад нэг талаас нэр бүхий хувийн орон сууцны компаниудын үүсгэсэн их хэмжээний өр төлбөрийн үлдэгдлээс шалтгаалан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас тогтоосон хугацаанд оршин суугчдын халуун усыг хязгаарлаж байгаа, нөгөө талаар иргэд, оршин суугчид үйлчилгээний төлбөрөө удаан хугацаанд төлөхгүй хуримтлуулсанаар орон сууцны хувийн конторуудад өр төлбөрийн хуримтлал бий болгосон асуудал үүсээд байна. Энэхүү асуудалд орон сууцны инженерийн байгууламж, төлбөрөө төлдөгггүй айл, өрхүүд болон хувийн орон сууцны конторуудын өр төлбөр, хариуцлагагүй үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлс нөлөө үзүүлж байна. Иймд агентлагийн даргын зүгээс уулзалтад оролцсон холбогдох албаны хүмүүс, төлөөллүүдэд ид ес эхэлж байхад болон шинэ жилийн баярын өмнө иргэд, хэрэглэгчдийг бухимдуулж байгааг анхааруулж иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг мэдэгдэв. Мөн Монгол Улсын Засгийн газраас өгч буй дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн болж ажиллах үүрэг чиглэлийн дагуу холбогдох байгууллагууд өөрсдийн хариуцсан ажилд хариуцлагатай хандах, аль болох уян хатан нөхцөлтэйгээр өр төлбөрийг барагдуулах ажлыг зохион байгуулах, айл өрхүүддээ таниулга сурталчилгаа хийж үйлчилгээний чанараа сайжруулах, оршин суугчиддаа хүрч үйлчлэх, үйлчилгээний төлбөрөө төлсөн иргэд, хэрэглэгчдийн эрхийг хангаж хохироохгүй ажиллах талаар зөвлөлөө. Цаашид өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллалгүй оршин суугчид, хэрэглэгчдийн эрхийг хохироосон тохиолдолд орон сууцны конторуудын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлуулах, түүнчлэн Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээ авахыг мэдэгдэв. УТАС: 1800-1284 ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй