Шуурхай ажиллагаа нэрийн дор насанд хүрээгүй хүүхдүүдийг шөнөжин байцаав

Цэргийн баяраар буюу энэ сарын 18-аас 19-нийг шилжих шөнийн 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б бусдад хоолойгоо хэрчүүлсэн хүн амины ноцтой хэрэг гарсан ажээ. Энэхүү хүн амины хэргийг илрүүлэхээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм байна. Гэвч шуурхай ажиллагаа нэрийн дор ард иргэдийг ихээхэн чирэгдүүлсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Учир нь 19-ний өглөөнөөс эхлэн хэрэг гарсан хавийн олон хүүхдийг Цагдаагийн 2-р хэлтэс дээр баривчлан авчирсан бөгөөд энэ байдал маргааш өглөөний 04 цаг хүртэл үргэлжилж олон эцэг, эхчүүд тус хэлтсийн үүдийг манаж айж түгшин хоносон ажээ. Мэдүүлэг өгөхөөр ирсэн хүүхдүүийн ихэнх нь өглөөний 08 цагаас маргааш өглөөний 04 цаг хүртэл тэнд байсан бөгөөд ихэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ. Тус хэлтсийн дарга С.Бат-Эрдэнэ энэ тухай Байцаан шийтгэх хуулинд хуульчлан заасан тухай хэлсэн боловч маргаашийн хичээл, сургуульд нь санаа зовсон эцэг эхчүүд ихэд бухимдсан байна. Хохирогч Б нь дөнгөж 20 нас шүргэж явсан оюутан бөгөөд аав нь Солонгост ажилладаг, ээж нь хөдөө томилолтоор явсан, хоёр дүүгийн хамт амьдарч байх үед нь энэхүү аймшигтай хэрэг гарсан байна. Иргэн Б нас барсан байхыг хоёр дүү нь 19-ний өглөөний 07 цагийн үед мэдсэн гэнэ. Учир нь хохирогч Б хашаандаа байдаг илүү гэрт бусдад хорлогдсон байна. Одоогоор энэ хэрэгт үе тэнгийнх нь дөрвөн залуу сэжиглэгдэн хоригдож байгаа бөгөөд уг хэргийг шалгаж буй Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтсээс тодруулга өгөхийг хойшлуулсаар байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч Б нь архи, тамхи хэрэглэдэггүй, тэр хавийнхаа хүүхдүүдтэй нэг их нийлээд байдаггүй, хичээл сургуульдаа идэвхитэй томоотой нэгэн байсан гэнэ. WORD.MN Б.Бүжүүлэй

 В.Нямхандын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Тагнуулын Ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан, дэд хурандаа В.Нямхандын хэргийг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд болж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүх хурал хаалттай болсон бөгөөд чухам ямар үндэслэлээр В.Нямхандын хэргийг хэрэгсэхгүй болгосон эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ хэргийн талаар өнөөдөр 17.00 цагт Нийслэлийн шүүхээс мэдээлэл хийх ажээ. В.Нямхандыг Эрүүгийн хуулийн 79.1-т зааснаар Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон хэрэгт буруутгаж байсан юм. Түүнийг өнгөрсөн 2011 оны эхэн үеэс шалгаж эхэлсэн бөгөөд хэрэг мөрдөн байцаалтын шатанд удаж, шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байснаар ийнхүү В.Нямхандын хэрэг шийдвэрлэгдэхгүй хоёр жилийн нүүр үзсэн юм.

 Ойд амраглаж байгаад арсланд бариулжээ

Зимбабвейн Кариба хотоос холгүй газарт Шараи Мавера гэдэг бүсгүй найз залуутайгаа амраглахаар бутан дунд орж. Ажил ид явж байх үеэр арслан яг дайрах гээд гэтэж байхыг харсан залуу бутнаас гарч замаар зугтаасан байна. Хэсэг яваад эргэж харахад нь бүсгүйг нь арслан барьж байгаа нь харагдсан гэнэ. Замаар явж байсан машинтай зорчигчид тусламж эрэн хашгирч зогсоо нүцгэн эрэгтэйг хараад согтуу юм болов уу гэж бодож. Харин залуугийн ярихыг сонсоод цагдаагийн газарт хүргэж тэндээсээ цагдаа нартай хамт буцаад хэргийн газарт ирэхэд бүсгүйн үлдэгдэл байсан бол арслан аль хэдийнээ нуугдсан байжээ. Цагдаагийнхан бүсгүйн хоолойг нь тас хазаад бүхий л бие нь цусанд будагдсан байсан гэж мэдээлжээ. Зах дээр ажилладаг Шараи Мавера бүсгүй, загасчин залуу хоёр байнга л энд уулзаж амрагладаг байж л дээ. Хууль сахиулагчид хэдэн хоногийн өмнө шөнийн клубээс харьж явсан эрэгтэйг барьсан арслан энэ мөн байх гэж мөрдөж эхэлсэн байна. Зимбабвейд арслан хүн рүү дайрах нь нэг биш. 2010 онд жуулчны баазад шүршүүрт орж байсан нэгэн рүү дөрвөн арслан дайрч барьсан тохиолдол гарч байсан юм. Жуулчны авгай энэ бүхнийг харж байсан ч нөхөртөө тусалж чадаагүй гэдэг.

Барьцааны долоон хүнийг цаазлажээ

Нигери улсад лалын шашинтнууд 2 дугаар сард барьцаалсан гадаадын 7 хүнийг цаазалсан байна. Барьцаалагдсан хүмүүсийн дунд барилгын компанийн ажилтнууд Англи, Итал, Грек улсуудын тус бүр нэг иргэн, Ливан улсын 4 иргэн байжээ. Хар Африк дахь лалын шашинтнуудыг хамгаалах тэргүүн отряд гэж өөрсдийгөө нэрлэсэн бүлэглэл цаазалсан тухай мэдээллийг интернетэд байрлуулсан байна. Зарим нэг мэдээллээс харахад энэ бүлэглэл Аль-Каида-тай холбоотой бололтой. Британи болон Нигер улсуудын төр засаг барьцаалагдсадыг чөлөөлөх ажиллагаа явуулсан учир тэднийг цаазалсан гэж дайнчид мэдэгдсэн байна.

 Гол нууруудын хөдөлгөөнийхөн шүүгчээсээ татгалзана гэв

Өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 9 цагаас Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэд болон Монгол гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний нэхэмжлэлтэй шүүх хурал эхэлсэн боловч нэг сарын хугацаатайгаар хойшилжээ. Гурванбулаг суманд Жи энд Юу гэгч компани ашигт малтмал олборлосны улмаас нутгийн иргэдийн амин зуулга болсон ганц голыг нь ширгээж, хорт бодисоор хордуулсан тул тус сумын иргэд нэгдэн нэхэмжлэл гаргаж шүүхэд өгчээ. Жи энд Юу компанийн олборлолт явуулсан тус газар нь урт нэртэй хуулийн усны эх сан бүрэлдэх газарт олборлолт явуулахыг хориглоно гэсэн зүйл заалтыг зөрчсөн хэдий боловч төрийн мэргэжлийн байгууллагууд тус хэрэгт хутгалдаж, Жи энд Юу компани хууль зөрчөөгүй гэсэн хуурамч зураг гаргаж өгсөн нь асуудлыг ээдрээтэй болгож нутгийн иргэд заргаа авч чадахааргүй болгох нөхцөл байдлыг үүсгээд байгаа талаар Гол нууруудын хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр мэдээллээ. Түүнчлэн СБД-ийн шүүгчид уг асуудалд ихээхэн хайнга хандаж ард түмний талд бус албан тушаалтан, эрх мэдэлтнүүдэд үйлчилж байж болзошгүй байгаа тул Монгол гол нууруудын хөдөлгөөнийхөн шүүгчээсээ түдгэлзэж асуудлыг үнэн зөвөөр шийдэх өөр шүүгчийг сонгох саналтай байгаа юм байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.