Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд захиргааны хэрэг үүсгэлээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Засгийн газраар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)- ийг Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальтай нэгтгэх шийдвэр гаргуулсан билээ. Энэ шийдвэрийг ТТАХНЭ-ийнхэн эсэргүүцэж, жагсаал цуглаан хийж, сүүлдээ өлсгөлөн зарлахдаа тулсан. Харин тэдний тэмцэл эцэст нь шүүх ажиллагаанд шилжсэн байна. Тодруулбал эмнэлгийн ажилчид эсэргүүцсэний дараа УИХ-ын зарим гишүүн хууль санаачлан, хоёр эмнэлгийг нэгтгэх асуудлыг эсэргүүцэхээр болоод байгаа билээ. Тиймээс ТТАХНЭ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Бямбасүрэн эмнэлгээ төлөөлж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр гомдол гаргасан байна. Сайдын шийдвэрийг тус шүүх хянаж үзээд захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэхээр болжээ. Энэ талаар тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэнгээс лавлахад ТТАХНЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбасүрэнгийн гомдлын дагуу тус эмнэлгийг ЗХКТГ-тай нэгтгэх асуудалд захиргааны хэрэг үүсгэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу баримт цуглуулах, нотлох баримттай танилцаж, хариу тайлбар гаргах боломжоор хангах зэрэг ажиллагаа явуулж байна гэлээ. Энэ хэргийн хариуцагчаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Баярцэцэг нарыг татаад буй ажээ.

Маргаашнаас цэргийн тоо бүртгэл эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын тоо бүртгэлийг 2013 оны 01 дүгээр сарын 04-нөөс, 21-ний өдрүүдэд зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Цэргийн үүрэгтэн,бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулахаас гадна, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр Хорооны цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сан-г ашиглан явуулахыг Засаг дарга үүрэг болгожээ . Аймаг, нийслэлд цэргийн тоо бүртгэлийг хөтлөж явуулснаар цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаварыг биелүүлэх боломжийг тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой байдаг байна . Цэргийн тоо бүртгэлд 18-60 хүртлэх насны цэргийн үүрэгтэн болон бэлтгэл офицерууд хамрагдах ёстой. Хэрвээ заасан хугацаанд цэргийн үүрэгтнүүд бүртгүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна.

 Зарим уулзварт зүүн тийш эргэхийг хориглоно

Нийслэлийн Замын цагдаагийн газраас, замын хөдөлгөөний шинэ зохицуулалт хийхээр боллоо. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн ихэнхдээ чигээрээ 2-р эгнээгээр явж, өдрийн турш ачаалал ихтэй байгаа бөгөөд хөдөлгөөн баруун тийш сунаж тогтмол гэрлэн дохио болон зохицуулагчийн дохиогоор нэмэлт хугацаагаар явуулж байгаа юм байна. Энэ нь Их тойруу Бөмбөгөрөөс, Сөүлийн гудамж, Үндсэн хуулийн гудамжны /Өгөөж/ уулзвар, Амарсанаагийн гудамжны хөдөлгөөнийг ачааллыг нэмэгдүүлжээ. Иймд 2012 оны 12 сарын 26-наас эхлэн Гранд Плазагийн уулзварт Энхтайваны өргөн чөлөөнөөс Амарсанаагийн гудамж руу зүүн эргэж орох, 11-р сургуулийн арын уулзвар, Энхтайваны өргөн чөлөөнөөс Чоймболын гудамж болон Партизаны гудамж руу зүүн эргэж орохыг хориглолоо. Тус хоёр уулзвааар Энхтайваны өргөн чөлөөнд зөвхөн чигээрээ болон баруун эргэлт хийн явах болно. Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар Баруун 4-н замын уулзвар, Сөүлийн гудамж, Их тойруугаар явж уг гудамжууд руу орох боломжтой. Энэ арга хэмжээний үр дүнд тухайн уулзварт Энхтайваны өргөн чөлөөгөөр чигээрээ явах автомашины тоо нэмэгдэж, нэвтрүүлэх чадвар сайжрах юмгэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Дугаар нууцлах үйлчилгээг байхгүй болгохоор албан бичиг илгээжээ

ЦЕГ-аас үүрэн телефоны операторуудад дугаар нууцлах үйлчилгээг байхгүй болгох тухай албан бичиг илгээжээ. Учир нь өнгөрсөн даваа гарагт буюу энэ сарын 17-нд Дархан-Уул аймагт хүүхэд барьцаалж, нууцалсан дугаараас 100 сая төгрөг нэхсэн хэрэг гарсан. Энэ үеэр УМБГ- ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс прокурорын зөвшөөрөлтэйгөөр үүрэн телефоны операторуудад дугаараа нууцалсан дуудлагын эзнийг нэн яаралтай илрүүлж өгөхийг хүссэн бичиг өгсөн байна. Ингэхэд Мобиком-оос бусад нь нэг цагийн дотор хүсэлтийг хангаж, өөрсөдтэй нь холбогдолгүйг мэдэгджээ. Харин Мобиком корпорацийн хэлтсийн дарга нар Дээрээс зөвшөөрөл авна хэмээн удаан хугацаанд хэрэг илрүүлэх үйл ажиллагаанд саад учруулсан байна.

Цагдаагийн экс дарга нар хорих ангиудад шилжлээ

Цагдаагийн экс дарга нарын буруутай нь гурван шатны шүүхээр эцэслэн тогтоогдож хорих ангиудад ял эдлүүлхээр шилжүүлээд байна. Тодруулбал Хошууч генерал Ч.Амарболд 441 дүгээр ангид, Хурандаа Ш.Батсүх Амгалангийн хорих буюу 421 дүгээр ангид хуваарилагдсан бол О.Зоригт зүрхний хүнд өвчний улмаас Улсын гуравдугаар эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ. Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаас өгсөн Нийтийн эмх замбараагүй байдлыг тараах үйл ажиллагаа явуулахдаа байлдааны галт зэвсэг хэрэглэх буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгож болохгүй гэсэн үүрэг авсан атлаа албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, үүний улмаас дөрвөн иргэн нас барж, гурван хүний биед хүнд, хоёр хүний биед хүндэвтэр, нэг хүний биед хөнгөн гэмтэл учирсан гэмт хэрэгт буруутай болохыг нь гурван шатны шүүхээс баталсан билээ. Экс дарга нар 2.6-3.6 жилийн хугацаанд ял эдлэх бөгөөд сахилга, дэг журмыг сайн сахивал үүнээс ч бага хугацаанд ялаа дуусгах боломжтой юм байна. WORD.MN Б.Бүжүүлэй

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.