Нийслэлд оршин суугаа ядуу өрхөд утаагүй зуух олгох ажлыг зохион байгуулах явцдаа Баянзүрх дүүргийн хороодод иргэдийн иргэний үнэмлэхийг ашиглан худал баримт үйлдэн, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан гэх хэргийг УМБГ-аас шалгаж эхэлсэн. Тодруулбал, уг хэрэгт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны дарга н.Атар болон хэд, хэдэн хороодын Засаг дарга нар, Хас банкны холбогдох ажилтнуудыг мөрдөн байцааж байгаа юм. Уг хэрэгт Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийг сэжигтнээр татан шалгах болсон тухай холбогдох байгууллагуудаас мэдээлж байсан. Гэвч одоогоор Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийг сэжигтнээр татан, шалгаж эхлээгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын дахин сонгуультай холбоотойгоор түүнийг сэжигтнээр татах асуудлыг түр хойшуулсан бололтой. Д.ЖАРГАЛСҮРЭН News.mn
Цагдаагийн байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны Цагдаагийн байгууллагын шинэчлэл сургалт, зөвлөгөөн 2012 оны 11-р сарын 14-16-ны өдрүүдэд ЦЕГ-ын хурлын танхимд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд цагдаагийн байгууллагын төв, орон нутгийн 120 удирдах ажилтан оролцож, цагдаагийн байгууллагын шинэчлэлийн талаар зөвлөлдөв. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хурандаа Б.Билэгт удирдах ажилтнуудад хандаж Шинэчлэлийн Засгийн газар, Хууль зүй яамнаас цагдаагийн байгууллагын шинэчлэл болон гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулан үүрэг чиглэл өгсөн байна. А.Ариунаа
УИХ-аас энэ сарын 8-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль-д нэмэлт, өөрчлөлт оруулан арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг Их эзэн Чингис хааны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан. Энэхүү үйл явдалтай холбогдуулан бүх нийтийн амралтын өдрөөр автомашиныг улсын дугаараар хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах журам мөрдөгдөх үү гэдэг асуултыг иргэд НЗДТГ болон холбогдох албан тушаалтнуудаас тодруулахад ЗЦГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Жаргалсайхан УИХ-аас баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу энэ сарын 14-нд буюу маргааш бүх нийтээр амарна. Хуулиар амралтын өдөр гэж заасан учраас авто машиныг улсын дугаараар нь хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулдаг журам үйлчлэхгүй юм. WORD.MN Б.Бүжүүлэй
Боливын Якуиба хотод нүүрэндээ маск өмссөн хүн радио студид нэвтрүүлэг ид явж байхад дайран орж хөтлөгч рүү бензин цацаж шатаасан аймшигт хэрэг гарчээ. 78 настай сэтгүүлч Фернандо Видаль гуравдугаар зэргээр түлэгдэж эмнэлэгт хүргүүлсэн ч биеийн байдал нь хүнд байгаа юм байна. Түүний гар, толгой, цээж энь нэлээд түлэгдсэн гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр гэмт хэрэгтнүүд дөрвүүлээ байсан байна. Хэргийн дараа тэд нуугдсан ч хууль сахиулах байгууллагынхан шуурхай ажиллаж хэд хэдэн хүнийг сэжиглэн баривчилжээ. Сэтгүүлч Фернандо Видаль орон нутгийн эрх баригчдыг сүүлийн үест нэлээд шүүмжилж байсан юм байна. Ц.ХАС
БНХАУ-д манай улсын дөрвөн иргэнд цаазын ял оноосон талаар бидэнд мэдээлэл ирлээ. Тэдний талаар албаны эх сурвалжаас мэдээлэл авахад хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан бөгөөд БНХАУ-ын шүүх ийнхүү цаазаар авах ял оноосон юм байна. Цаазаар авах ялаар шийтгүүлсэн дөрвөн иргэн урд хөрш рүү хар тамхи хууль бусаар зөөвөрлөдөг бүлэглэлийн гишүүд байсан гэнэ. Тэд мансууруулах төрлийн бодис удаа дараа хилээр тээвэрлэсэн гэдэг нь тогтоогдсон юм байх. Өнгөрсөн есдүгээр сард БНХАУ-ын Тянжины боомтоор 200-800 гр хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан монголчуудыг тус улсын ардын шүүхээр шүүсэн байна. Уг хэрэгт холбогдсон таван монгол иргэнийг өнгөрсөн долоо хоногт шүүж, биедээ 800 гр героин залгиж хил давах гэж оролдсон Б-д цаазаар авах ял оноожээ. Мөн ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн гурван залууд цаазын ял оноосон гэнэ. Цаазын ялаар шийтгүүлсэн дөрвөн залуу капсул маягаар шахаж бэлтгэсэн хар тамхи залгиж онгоцоор явж байгаад баригдсан гэнэ. Тэднийг онгоцны үйлчлэгч нар цагдаад мэдэгдэж баривчлуулсан байдаг гэнэ. Төв Хятад, дээр нь Хонконг, Макао зэрэг газруудад 120 гаруй монгол иргэн гэмт хэрэг үйлдэн шийтгүүлсэн байдаг юм байна. Урд хөршид 50 гр-аас дээш хэмжээний хар тамхийг ашиг олох зорилгоор оруулж ирсэн бол цаазаар авах ял ногдуулдаг аж.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй