Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү өнөөдөр МУГТ Кёкүтэнхо Н.Цэвэгнямыг ЭСЯ-ндаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ үеэр Элчин сайд Такэнори Шимизү хэлэхдээ, Анх 1992 онд Японд очсон Монголын бөхчүүдээс Кёкүтэнхо Н.Цэвэгням хамгийн удаан барилдсан. Кёкүтэнхо тэвчээртэйгээр хичээвэл нэг өдөр амжилт гаргаж болдог гэдгийг Япончуудад харуулсан. Тиймээс япончуудын дунд маш их нэр хүндтэй. Түүнээс гадна хүний хувьд сайхан хүн. Японы сүмогийн ертөнцөд амжилттай барилдаж Монголын бөхчүүдийн суурийг нь тавьж өгсөнөөс гадна Монгол-Японы спортын харилцаанд төдийгүй монголын талаарх япончуудын сонирхлыг татсан.Тиймээс өнөөдөр энэ уулзалтыг хийж байна гэж тодотгожээ. Кёкүтэнхо Н.Цэвэгням нь 1992 онд анх дэвжээн дээр гарснаас хойш 23 жил хагасын хугацаанд Макүүчи зиндааны түүхэнд хамгийн олон удаа буюу 1470 удаа, 99 башё тасралтгүй барилдсан бөгөөд дайчин барилдааны шагнал хүртсэн хамгийн ахмад сумоч болсон билээ.
БНСУ-ын Ансон хотноо болсон 3 дахь удаагийн Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн дундах фестиваль өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд олон орон нэмэгдэж өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн бөгөөд манай улсын хувьд 2 дахь удаагаа тус тэмцээнд оролцлоо. Манай улсын дөрвөн баг тус тэмцээнд өрсөлдсөн бөгөөд Сүхбаатар аймгийн баг, Чингэлтэй дүүргийн Засаг даргийн дэргэдэх өсвөрийн шигшээ баг. Мөн Хүчит-Чулуут ДМЮ болон Хараацай клубын тамирчид оролцсон юм. Чингэлтэй дүүргийн баг сүүлийн тоглолтоо Пакистаны шигшээ багийн эсрэг тоглож 2:0 харьцаатай ялагдсанаар түрүүлэх боломжоо алдан 3-р байрт бичигдлээ. Пакистаны багийн тамирчид өндөр нуруутай байсан ч манай өсвөрийн нөөц бололцоотой ур чадвартай тамирчид болохоо харуулсан гэж болно. Тамирчдын дийлэнх нь анх удаа гадны оронд очиж байгаа ч дараа дараагийн тэмцээн уралдаан амжилтаа ахиулж Монгол гэсэн нэрийг хилийн чанадад гаргах ирээдүйн аваргууддаа цаашдын спортын замналд өндрөөс өндөр амжилтыг хүсье.
БНСУ-д сурч, амьдардаг монгол оюутнууд Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж сагсны талбай байгуулж өгчээ. Оюутнууд Dream Project Mongolia төслийг санаачилж, Солонгосын ТББ-тай хамтран I love Mongolia хэмээх бичигтэй футболкийг худалдаалж цуглуулсан мөнгө болоод сайхан сэтгэлт хүмүүсийн хандиваар тус талбайг байгуулжээ. Энэхүү аянд солонгос иргэд төдийгүй Монголд ирсэн солонгос жуулчид, Солонгост амьдардаг монголчууд, олон нийтийн сүлжээгээр нэгдсэн хэдэн зуун хүн, байгууллага хамт олон нэгдсэн аж. Дашрамд дуулгахад, өнгерсөн жил Мобиком-оос санаачилсан Зүрх бүхний төлөө аяны хүрээнд МУГЖ И.Одончимэгийн төсөл шалгарч Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдэд сургууль барьж өгсөн билээ.
Ардчилсан хувьсгал үүсч, Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөө-нд өчигдөр /2014-12-09/ боллоо. Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов. Ардчиллын ойн барилдааны түрүү бөхөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Таванхан дэвжээ, Ноёд групп, Мондэй группийн бөх, улсын аварга Г.Эрхэмбаяр тодорч, Увс аймгийн Давст сумын харьяат, Увс нуур дэвжээ, ДЦС-4 ТӨХК-ийн бөх, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, Таванхан дэвжээний бөх, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Архангай аймгийн Булган сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар шалгарлаа. Харин Дунд шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх улсын харцага Ц.Содномдорж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Их богд дэвжээний бөх аймгийн арслан Б.Эрдэнэхүү, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Түшээт ханы аварга дэвжээний бөх аймгийн арслан Э.Даш нар үлдэв. Аймгийн арслан Б.Эрдэнэхүү, Э.Даш нар ижил цолтнуудаасаа илүү сайн барилдаж дунд шөвөгт том цолтнуудтай үлдсэн бөгөөд Б.Эрдэнэхүү арслан а.н О.Түмэндэмбэрэл, а.а Н.Золбоо, у.н Ц.Одбаяр, у.з М.Өсөхбаяр, у.х Л.Пүрэвжав нараар тав даваад үзүүр бөх улсын арслан П.Бүрэнтөгсд унасан бол Э.Даш арслан а.н Я.Алтантулга, а.а Б.Дэлгэрсайхан, у.х Б.Пүрэвсайхан, у.а Н.Батсуурь, у.х А.Цацабшир нараар тав даваад улсын харцага Т.Өсөх-Ирээдүйд унасан юм. Барилдааны нэгийн даваанд улсын харцага Т.Мөнгөнцоож Өвөрхангай аймгийн харьяат Их Монголын хүчтэн дэвжээний бөх сумын заан Ж.Бямбадоньдод, улсын начин Б.Баянмөнх аймгийн начин Г.Ганбаатарт, улсын начин П.Ганхүү аймгийн начин Ц.Заяатүшигт тус тус өвдөг шороодов. Энэ даваанд барилдсан шилдэг 16 сумын заанаас ганцаараа нэг давсан Их Монголын хүчтэн дэвжээний сумын заан Ж.Бямбадоньд хоёрын даваанд зүүний магнай улсын аварга С.Мөнхбатыг өвдөг шороодуулаад гурвын даваанд Л.Пүрэвжав харцагад тахим буулгав. Зургаагийн даваа 1. Г.Эрхэмбаяр у.ав - гоц мөргөсөн 2. П.Бүрэнтөгс у.а - Б.Эрдэнэхүү а.а 3. Т.Өсөх-Ирээдүй у.х - Э.Даш а.а 4. Ц.Содномдорж у.х - Р.Пүрэвдагва у.н Долоогийн даваа 1. Г.Эрхэмбаяр у.ав - Т.Өсөх-Ирээдүй у.х 2. П.Бүрэнтөгс у.а - Р.Пүрэвдагва у.н Наймын даваа 1. Г.Эрхэмбаяр у.ав /түрүүлэв/ - П.Бүрэнтөгс у.а /үзүүрлэв/
Өчигдөр Сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн 3-р тойргийн тоглолт үргэлжилж байхад нэгэн сонирхолтой явдал болсон. SBL Хүлэгүүд багийн төвийн тоглогч Devon Clark цагариганд довтлох үед самбар хагарч тоглолт нэлээд хугацаагаар завсарлав. Ийм тохиолдол өмнө нь монголын сагсан бөмбөгийн түүхэнд гарч байгаагүй бөгөөд энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах тал дээр Спортын төв ордон бэлтгэлгүй байгаа нь харагдаж байлаа. Олон улсын чанартай тэмцээн байсан бол нэлээд эвгүй байдалд орохоор зүйл боллоо. WORD.MN Б.Бүжүүлэй
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй