Цахилгааны хөнгөлөлтөд Хархорин, Замын-Үүд, Сэлэнгийн Мандал хамрагдаж байна
2020-11-02 11:27:56 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйГэр хорооллын айл өрхийн цахилгаан, эрчим хүчний шөнийн тарифыг 11 дүгээр сарын 1-нээс эхлэн 100 хувь чөлөөлж байна. Өмнөх жилүүдэд цахилгаан эрчим хүчний тарифыг 50 хувиар бууруулан хөнгөлж байсан бол энэ оноос 100 хувьийн хөнгөлөлттэйгөөр чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гарган үйлчилж эхэллээ. Мөн нийслэлийн гэр хорооллоос гадна аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор цахилгаан, эрчим хүчний үнэ төлбөр, тарифыг чөлөөлөхөөр болсон. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотод 117 мянган айл өрх, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудад 72 мянган айл өрх, нийт 189 мянган гэр хорооллын айл өрх 100 хувийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд өнөөдрөөс эхлэн хамрагдаж байна. Засгийн газрын журмын дагуу стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй гэр хорооллын хэрэглэгчид 21.00 цагаас өглөөний 06.00 цагт хүртэл цахилгааны тарифын хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдах юм. Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тарифыг чөлөөлснөөр 220 В-ын хүчдэлийн түвшинтэй нэг өрх сард дунджаар 80.000 төгрөгийн, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй өрх сард дунджаар 160.000 гаруй төгрөгийн хөнгөлөлт авах бүрэн боломж бүрдэж байна. Энэ өвөл, хаврын цахилгааны тарифын хөнгөлөлтөд 4.7 тэрбум төгрөг зарцуулагдах талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлж байна.
АНУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ТОМИЛГООНООС БИД ЮУ СУРАЛЦАЖ БОЛОХ ВЭ?
2020-10-28 08:47:03 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйАНУ-ын сенат ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил ид өрнөж байхтай зэрэгцэн нэр хүнд, цар хүрээгээрээ хамгийн ач холбогдолтой албан тушаалд тооцогдох дээд шүүхийн шүүгчийг томилов. Ерөнхийлөгч Д.Трамп олны таамаглаж байсанчлан 48 настай Эми Кони Барреттыг дээд шүүгчийн суудалд нэр дэвшүүлж, түүхэнд хамгийн богино хугацаанд буюу ганцхан сарын дотор томилуулж чадлаа. Сенат дахь бүгд найрамдах намын гишүүд бүгд Барреттыг дэмжсэн санал өгснөөр, 52:48-ийн харьцаатайгаар тэрээр бүх насаараа сонгогддог дээд шүүхэд данстай болсон нь энэ. Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд гурав дахь удаагаа шүүгч нэр дэвшүүлж, томилуулж байгаа билээ. Цагаан ордонд болсон тангараг өргөх ёслолын үеэр Барреттын хэлсэн үгс зөвхөн Америкийн улс төрийн төдийгүй Монголын улс төрийн орчинд өрнөж буй үйл явцтай хамаатай сэтгэгдэл төрүүлэв. Тэрээр эх орныхоо төлөө хүчин зүтгэх нь нэр төрийн хэрэг гэдгийг онцлохдоо улс төрөөс ангид байх учиртайг ухамсарлаж байгаагаа дурджээ. Энэ бол шүүхийн хараат бус байдлын хамгийн гол тулгуур үзэл санаа гэдгийг тэр энэ үгээрээ баталсан юм. Миний Америкийн ард иргэд ээ, хэдий шүүгч бид сонгуультай нүүр тулдаггүй ч та бүхний төлөө ажилладаг гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Үндсэн хууль, түүгээр тогтоосон дүрэм журам, шүүхийн эрх мэдлийг үндэс болгож ажиллах болно. Өнөөдөр өргөсөн тангараг маань би ажлаа хэн нэгний тусын тулд, эсвэл ямар нэг айдастай тулгарсны улмаас хийх бус, үзэл бодол, улс төрийн ашиг сонирхлоос хараат бусаар ажиллана гэдгээ илэрхийлсэн хэрэг юм хэмээн тэрээр үргэлжлүүлэн хэлжээ. Чухамхүү энэхүү үгс ардчилсан, шударга төрийн гол багана болсон шүүх засаглалын гол амин сүнс нь байх учиртай билээ. Аливаа нэгэн албан тушаалтан өөрийн эрх ашгийн хүрээнд, эсвэл өрсөлдөгчдөө намнах зорилгоор шүүгчдийг томилдог, тэдэндээ захиалга өгдөг байх нь өөрөө үндсэн хуульт тогтолцооноос гажуудаж буй хэрэг юм. Сүүлийн саруудад Монгол улсад өрнөж буй үйл явдлууд ч шүүхийн хараат бус байдлыг хангах тал дээр илүү анхаарал хандуулах шаардлага тулгараад байгааг бэлхэнээ харуулж байна. Энэ долоо хоногт МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хуулийг буцаах шийдвэр гаргаж, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, хуулийн байгууллагын удирдлагуудыг өөрчилдөг хуулийг хүчингүй болгох шаардлага цаг үеийн дуудлагаар үүсээд байгааг олон нийтийн дунд уур амьсгал бэлхэнээ харуулаад буй. Ардчиллын өлгий нутаг гэгддэг АНУ-д дээд шүүх нь аливаа шийдвэр гаргахдаа хэн нэгэн улс төрчөөс хараат бус, зөвхөн тогтоогдсон эрх хэмжээ, Үндсэн хуулийн хүрээнд ажилладаг нь нийгмийг урагш алхуулж, хөгжлийн хурдасгах гол түлхүүр нь болдог биз ээ.
Өчигдөр буюу 10 дугаар сарын 21-ний өглөө Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Байшинт гэдэг газарт Нэмэн ХХК-ийн 25 тонн дизель түлш тээвэрлэж явсан авто машин осолджээ. Ослын улмаас гэмтэл авсан хоёр иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны болон Хэмжил зүй, Эрүүл ахуй халдвар хамгаалал, Эрчим хүч, Автотээврийн хяналтын улсын байцаагч нар ослын нөхцөл байдалд хяналт шалгалт хийн ажиллалаа. Хяналт шалгалтаар ослын улмаас 3000 литр түлш асгарч 0.2 га буюу 2000м2 талбай бүхий хөрсийг бохирдуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хөрснөөс дээж авч УЦУОШГазарт хүргүүлсэн ба хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар шатахуун ачсан машины тормос ажиллахгүй болсон гэж дүгнэжээ. Нийтэлсэн:Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Цементийг станцын үнстэй хольж савлан, худалдаалж байсныг илрүүллээ
2020-10-21 09:43:42 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүй Цементийг станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэн худалдан борлуулж байсныг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүллээ. Нэр бүхий иргэд нь Сонгинохайрхан дүүргийн 20 хороо, Баянгол дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа явуулж байсан байна. Одоогийн байдлаар гурван бүлэг этгээдийг саатуулан шалгаж байна. Аравдугаар сард нийт ийм хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гурван газрыг илрүүлсэн бөгөөд 70 орчим тонн цемент хураан аваад байгаа юм байна. Үнсийг станцаас гаргахад тусгай журмын дагуу гаргадаг бөгөөд хэрхэн гаргасан болон хэдэн хүнийг хохироосон талаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг ЦЕГ-аас мэдээллээ. Дээрх хэрэгт хохирсон байж болзошгүй иргэд ЭЦА-ны ЭЗГХТГазарт хандах боломжтой юм байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 20 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 88 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 62 гомдол, мэдээллийг шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 488 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд 472 хэрэг шалгагдаж байна. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй