БНСУ-ын Хууль зүйн яамнаас 30 иргэнд Е-9 ангиллын Цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ

2019 оны гурав дугаар улиралд БНСУ-ын Хууль зүйн яамнаас 30 иргэнд Е-9 ангиллын Цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ. Монгол Улсын Засгийн газар /ХНХЯ/, БНСУ-ын Засгийн газар /Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам/ хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай Харилцан ойлголцлын САНАМЖ БИЧИГ-ийн хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх ажил шат дарааллын дагуу тасралтгүй явагдаж байна. БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг илгээх ажил 13 шат дарааллын дагуу явагддаг билээ. Үүний нэг шат болох болох Цахим визийн зөвшөөрлийг БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалган тус улсад нэвтрэх эрх олгодог бөгөөд 2019 оны гурав дугаар улирлын байдлаар 30 иргэнд виз олгохоос татгалзсан хариу иржээ. Цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан нийтлэг шалтгаануудыг бүлэглэж графикаар харуулав. Цахим визийн зөвшөөрөл авсан иргэд дараагийн шат болох эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд хамрагддаг бөгөөд 2019 оны хоёр дугаар улирлын байдлаар ЭМДҮШ-д 3 (Сүрьеэ-0, Тэмбүү-3) иргэн тэнцээгүй байна. Дээрх шалтгаануудаас үүдэн БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн болон ажиллах хүсэлтэй иргэдэд анхааруулахад: БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлэн ажлын саналаа хүлээж буй иргэд БНСУ-ын Элчин сайдын яаманд визийн шаардлага хангахгүй материал бүрдүүлснээс татгалзсан хариу авч байсан иргэдэд Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах Цахим визийн зөвшөөрөл олгогддоггүй тул иргэн Та аяллын болон бусад төрлийн виз мэдүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлж өгөхгүй байх, мөн аяллын визээр зорчиж буй иргэд 90 хоногийн хугацааг тулгаж аялахгүй байх. Тус Улсад зорчих болон ажиллаж амьдрах хугацаандаа хулгай, танхай, залилангийн хэргүүд үйлдэж торгууль төлж, шийтгэгдэж байсан иргэдэд цахим визийн зөвшөөрөл олгогддоггүй тул БНСУ-ын хууль, дүрэм журмыг чандлан сахиж зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна. Цахим визийн зөвшөөрөл ирсэн хэдий ч Эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд тэнцээгүй ажил хайгч нь БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, амьдрах боломжгүй байдаг тул Сонгон шалгаруулах Онооны тогтолцоо-ны хугацаанд эрүүл мэнддээ ОНЦГОЙ анхаарна уу. ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ ХЭЛТЭС

ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТЫГ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрх-ийн жил болгон зарласантай холбогдуулан Зүүн бүсийн аймгуудын орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор улсын байцаагчдыг чадавхижуулах сургалт болж өнгөрлөө. Зүүн бүсийн сургалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Орон тооны гишүүн С.Цогтгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж 2019 оны 11 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажилласан юм. Зүүн бүсийн сургалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудын удирдлага, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий салбар зөвлөл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны бус улсын байцаагчид болон холбогдох байгууллагын төлөөллүүд хамрагдав. Ажлын хэсэг сургалтаар Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт болон холбогдох бусад хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөхийн хамт орон нутгийн орон тооны бус улсын байцаагчдын холбогдох хуулиудын хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээллийг сонсож, зөвлөн туслах, арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр ханган ажиллаа. Түүнчлэн ажлын хэсэг Хэнтий аймгийн төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад агентлагийн хэрэгжүүлж буй хуулиудын танилцуулгыг хийж харилцан саналаа солилцов. Утас: 1800-1284 ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Нийслэл хотод түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно

Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-аас хэрэгжиж байгаа билээ. Уг шийдвэрийн хэрэгжилтэнд нийслэлийн Цагдаагийн газраас 36 өндөрлөг цэгүүдэд болон шалган нэвтрүүлэх товчоонд хяналт тавьж ажиллаж байна. Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн Аравдугаар сарын 04-ний өдрөөс хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлж 503,9 тонн нүүрсийг холбогдох байгууллагуудад шилжүүлэн ажиллаж байна гэлээ. Мөн Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа талаар дуулгалаа. Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгох аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ШУУД: Нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудлын талаар МСНЭ-ээс мэдээлэл хийж байна

Сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж чагнасан хэрэгт ЦЕГ-ын нэр бүхий ажилтнуудын асуудалд яллагдагчаар татан шалгах саналыг Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн талаар 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн байдаг. МСНЭ-ээс тухайн өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон Нийслэлийн прокурорын газарт хандан мэдээлэл, лавлагаа хүссэн боловч хариу ирүүлэлгүй өнөөдрийг хүрсэн учраас дахин эл асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт хандаад байна!

Баруун аймгийн 1200 төрийн албан хаагчид сургалт хийв

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймагт ажиллах үеэрээ төрийн албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомж, авлигатай тэмцэх үйл ажиллагаа, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, авлигын гэмт хэрэг, зөрчлийн талаарх тусгай сэдэвчилсэн сургалтыг зохион байгууллаа. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Баяртөгс Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа сэдвээр сургалт хийх үеэрээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр сүүлийн үед авч байгаа арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, цаашид төрийн байгууллагууд зайлшгүй анхаарч үзэх асуудлын тухай мэдээлэв. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Энхжавхлан АТГ-ын хяналт шалгалтын үйл ажиллагааны талаар мэдээлж, иргэдээс ирүүлдэг төрийн албан тушаалтнуудтай холбогдох гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэж байгааг тодорхой кэйс жишээн дээр тайлбарлаж ярив. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ц.Сэлэнгэ Олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа сэдвээр сургалт хийх үеэрээ авлигын хор хөнөөлийн тухай болон соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд төрийн албан хаагчид ямар үүрэг, оролцоотой байх талаар хууль таниулж ярилцлаа. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Ганхуяг авлигын гэмт хэргийг эрүүгийн хууль тогтоомжид хэрхэн хуульчилсан талаарх мэдээллийг өгч, АТГ-ын харьяалан шалгах гэмт хэргүүд болон хүлээлгэх ял, хариуцлагын талаар нарийвчлан танилцуулав. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Д.Одонтуяа нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын чиглэлээр сургалт хийсэн нь төрийн албан хаагчдын сонирхлыг татаж байлаа. Сургалтад Ховд аймгийн 75, Баян-Өлгий аймгийн 120, Увс аймгийн 502, Завхан аймгийн 488 албан хаагч хамрагдав. АТГ-аас зохион байгуулж буй дээрх сэдэвчилсэн сургалт нь орон нутагт ажиллаж буй нийтийн албан тушаалтнуудад нэн шаардлагатай, авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой, хуулийн зарим нэмэлт, өөрчлөлтийн талаар чухал мэдлэг олгосон арга хэмжээ боллоо гэж сургалтад оролцсон төрийн албан хаагчид олзуурхан талархаж байлаа. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.