Булгийн эхийг тохижуулж, хамгаалалтад авлаа

Нийслэлийн Байгаль орчны газраас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг тохижуулж хамгаалах ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ. Булгийн хамгаалалтын хашаа, шонг хүнсний зориулалттай хаягдал хуванцрыг дахин боловсруулсан материалаар хийж, ахуйн хэрэглээний болон мал ундаалах уст цэгүүдийг тусгаарласан. Булгийн хамгаалалтыг мод, төмрөөр хийдэг байснаас хулгайд алдагдах, хурдан эвдэрч муудах явдал түгээмэл гардаг байсан бол дахин боловсруулсан материалиар орлуулснаар ашиглалтын хугацаа уртсаж, дээрх зөрчил багасах боломжтой болж байна. Мөн тохижилтийн ажлын хүрээнд явган хүний замыг байгалийн чулуу ашиглан хийж, булгийн усны найрлага, ашигт чанарын мэдээллийг байрлуулав. Нийслэлийн нутаг дэвсгэрт 82 булаг шанд бүртгэгдсэнээс одоогоор байнгын урсацтай 35-ыг нь хашиж хамгаалаад байна. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Улаанбаатар хотын ойг хамгаалах төсөл эхэллээ

НҮБ-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (ЭСКАП) болон НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрөөс Хотын нөөц баялгийн тогтвортой менежментийг нэвтрүүлэх замаар Тогтвортой хөгжлийн зорилтыг нутагшуулах нь төслийг Камбожийн Баттамбан, Тайландын Надий, Филиппины Нага ба Фижигийн Насину, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотуудад хэрэгжүүлэхээр төслийн санал ирүүлсэн 84 хотоос сонгон шалгаруулсан. Энэхүү төсөл нь хотын хэрэглээ ба үйлдвэрлэлийн системийн байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөг хамгийн дээд хэмжээнд хүргэж, сөрөг нөлөөг багасгахын тулд орон нутгийн засаг захиргааны болон бусад оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой. ЭСКАП болон Азийн сан, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран Улаанбаатар хот орчмын ой, ногоон бүсийн хамгаалалт, тулгамдаж буй асуудлуудад шийдэл олох зорилтыг тавиад байна. Тус чиглэлийг Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолтой уялдуулан сонгосон. Хууль бус мод бэлтгэлт нь Улаанбаатар хотын ойн нөөцөд аюул учруулж буй хүчин зүйлүүдийн нэг байсаар ирсэн. Төслийн хүрээнд түүхий нүүрсний хориг хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ойн санд учирч болзошгүй эрсдэлийг даван туулах шийдлийг системийн сэтгэлгээнд үндэслэн талуудын оролцоотойгоор тодорхойлж, тоон мэдээллийг цуглуулан, дүн шинжилгээ хийсний дагуу техникийн туслалцаа үзүүлэх юм. Төслийн нээлтийн семинар есдүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд боллоо. Семинарт НҮБ-аас Монгол Улсад суух суурин зохицуулагч Тапан Мишра, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, НҮБ-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс болон НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн сургагч багш нар, улс, нийслэлийн захиргааны байгууллага, иргэний нийгэм болон иргэдийн төлөөлөл, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцов. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Гурван аж ахуйн нэгжээс болж замын бэлтгэл ажил саатжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчдын гудамжнаас шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам руу холбогдох 13 км зургаан эгнээ, хоёр урсгалтай зам барих ажлын бэлтгэлийг хангах үүднээс тухайн газар дээр нь ажиллаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан тухайн замын траст гурван аж ахуйн нэгж газар авч, хашаалсан байгаа юм. Хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр Яармагт сургууль, цэцэрлэг, орон сууцны барилгууд ихээр баригдаж байна. Дан ганц Яармагийн зам цаашдаа ачааллаа дийлэхээргүй болж байна. Энэ замыг барих зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 2013 онд УИХ-аас баталсан. Үүнийгээ мөрдөж ажиллаж байна. Нийслэлээс зам барихаар төлөвлөлт хийсэн байсан газар дээр БОАЖЯ-аас газар олгосон нь асуудал үүсгээд байна. Аж ахуйн нэгжүүдэд урьдчилан мэдэгдсэн. Холбогдох хуульд заасны дагуу хоёр удаа сонсох ажиллагаа явуулсан. Төр хувийн хэвшил гурван талт гэрээ хийх зэргээр аль болох боломжит хувилбараар энэ замыг гаргах тал дээр ажиллаж байгаа хэмээлээ. Уг зам нь Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн баруун талаас урагшаа гарч шинэ нисэх онгоцны буудал руу явах хурдны замтай нийлэх юм байна. Цаашлаад 22-ын товчооны зам руу хүрэх хоёр салаа замын эхлэл болж байгаа юм. Авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө болон Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зам юм байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хоёр, гуравхан газраас болоод бүхэл бүтэн хотын зам талбайн ажил явдаггүй, дэд бүтцийн асуудал нь шийдэгддэггүй байж болохгүй. Маргаашнаас эхлээд энэ хашаануудын эздэд хугацаатай мэдэгдэл өг. Мэдэгдэл өгсөн хугацаанд хашаагаа татаж замын трас чөлөөлөхгүй бол шууд буулга хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Хот байгуулалт хөгжлийн газар, нийслэлийн Газрын албаны удирдлагуудад хугацаатай үүрэг даалгавар өглөө.

‘ХҮН БҮР ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧ – ЭРХ ЗҮЙН БАТАЛГААГ ХАНГАХ НЬ’ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Гадаад харилцааны яам, Хүний эрхийн эрхийн үндэсний комисс 2019 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газартай хамтран Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-Эрх зүйн баталгааг хангах нь сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Зөвлөлдөх уулзалтад төр, иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, судлаачид, хүний эрхийн төлөө тэмцэгчид, мөн олон улсын байгууллагын төлөөлөл болон Гадаад харилцааны сайдын урилгаар НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч н.Мишель Форст оролцож байгаа болно. Зөвлөлдөх уулзалтад оролцогчид хүний эрхийн хамгаалагчийг эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөх хэрэгцээ шаардлага, ач холбогдол мөн олон улсын туршлага, хэм хэмжээний талаар санал солилцож, Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөл дээр хэлэлцүүлэг хийх юм. НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч н.Мишель Форст Засгийн газрын урилгаар 2019 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад ажилласан бөгөөд тэрээр энэ айлчлалынхаа дүнд хүний эрхийн хамгаалагчийн талаарх ойлголт мэдлэгийг бүх түвшинд сайжруулах, хүний эрхийн хамгаалагчдын хууль ёсны нэн чухал эрх, үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн хууль батлахыг Засгийн газарт зөвлөмж болгосон. Тусгай илтгэгч энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцож байгаа нь Засгийн газар хүний эрхийн гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй НҮБ-ын тусгай бүтэцтэй тууштай хамтран ажиллаж байгаагийн нэг илрэл юм. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд 9 дүгээр сарын 4-ний өдөр хүний эрхийн хамгаалагчийн асуудлаар сэтгүүлчдэд зориулсан кино хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм хүрээлэнд болох бол 9 дүгээр сарын 6-ны өдөр Тусгай илтгэгч Мишель Форст Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалахад хүний эрхийн байгууллагаас гүйцэтгэх үүрэг сэдвээр МУИС-ын дугуй танхимд олон нийтэд лекц уншина.

ХЯТАД УЛСАД ЗОРЧИХ ВИЗ МЭДҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС

Сүүлийн өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд виз мэдүүлэгчдийн тоо тасралтгүй нэмэгдэж, бичиг баримт мэдүүлэгчид дугаарлан хүлээх хэрэгтэй болсныг бид анзаарсан билээ. Энэ жилээс эхлэн бичиг баримт мэдүүлэгчдэд илүү шуурхай, тааламжтай үйлчилгээ үзүүлэхийн тулд манай ЭСЯ нь Даваа, Лхагва, Баасан гаригаас гадна Мягмар гариг бүр тусгай хуваарь гарган 9.30-13.30 цагийн хооронд бичиг баримтыг урьдчилан хянаж, цаг товлож байгаа болно. Мөн түүнчлэн бид хүмүүнлэгийн талаас нь бодолцож, бичиг баримт мэдүүлэгчдийн дугаарлан хүлээлтийг багасгахын тулд нийт ажилчид цаг сунган их ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд бичиг баримт хүлээн авах ажлын өдрийн цагийн хуваарийг 9.30-12.00 цаг байсныг 9.30-13.30 цаг хүртэл, материал тараах цагийн хуваарийг 16.00-17.00 цаг байсныг 16.00-19.00 цаг хүртэл тус тус сунгаж, өдөр бүрийн ажлын цагийг дунджаар 3.5 цагаар сунган ажиллаж байна. Дээрх зохицуулалтын дагуу бичиг баримт мэдүүлэгч нь долоо хоног бүрийн Мягмар гаригт ирж материалаа урьдчилан хянуулж, материал нь бүрэн гүйцэд бэлтгэгдэж байх тохиолдолд Лхагва, Баасан, эсвэл дараа долоо хоногийнхоо Даваа гаригийн бичиг баримт мэдүүлэх баримтыг авах бөгөөд тухайн өдрөө ЭСЯ дээр ирж мэдүүлгээ өгнө. Манай яамнаас долоо хоног бүр бичиг баримт мэдүүлэх баримтын тоог хангалттай олгож байгаа болно. Энэ 2019 оны зургадугаар сараас эхлэн материалыг урьдчилан хянаж, бичиг баримт мэдүүлэх баримт олгосноор ЭСЯ дээр ирж хүлээх хугацаа илт багасч, эмх замбараатай болсон нь урьдчилан цаг товлох тогтолцооны ажлын үр дүнг харуулж байна. Гэвч сүүлийн үед бидний анзаарснаар хэсэг бүлэг дугаар наймаалагч этгээд нь урт хугацааны турш ЭСЯ-ны ойр орчимд байршиж, давтан оочерлох арга замыг ашиглан виз мэдүүлэх дарааллыг дамлан худалдаж үүнээсээ өндөр хэмжээний ашиг олж байна. Бидний олж мэдсэнээр ойролцоогоор 20 гаруй дугаар наймаалагч этгээд ЭСЯ-ны ойр майхан барин хоноглож байна. Эдгээр дугаар наймаалагч этгээдүүдээс шалтгаалж олон тооны бичиг баримт мэдүүлэгчид саадгүйгээр тухайн долоо хоногийн бичиг баримт мэдүүлэх баримтыг авч чадахгүйд хүрээд байна. Эдгээр үйлдэл нь Монгол иргэд болон бусад орны бичиг баримт мэдүүлэгч иргэдийн эрх ашгийг ноцтой хохироож байгаагаас гадна ЭСЯ-ны хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, мөн түүнчлэн Хятад-Монгол хоёр улсын найрсаг харилцаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Бид дээрх байдлын талаар Монгол Улсын цагдаагийн байгууллагад дахин мэдэгдэж уг үйлдлийг таслан зогсоох, ЭСЯ-ны ойр орчмыг сахин хамгаалах арга хэмжээ авч өгөхийг хүссэн байгаа юм. Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь доорх мэдэгдлийг дахин гаргаж байна.Үүнд: БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь бичиг баримт мэдүүлэх, эсвэл бичиг баримт мэдүүлэх баримт олгох асуудлаар аливаа хувь хүн болон байгууллагыг хэзээ ч итгэмжилж байгаагүй тул бичиг баримт мэдүүлэгчид нь хуурч мэхлэгдэн, өөрийн ашиг сонирхлоо хохироохоос болгоомжлон аливаа зуучлалын газар эсхүл байгууллагад итгэхгүй байхыг анхааруулж байна. Бичиг баримт мэдүүлэгч нь заавал өөрийн биеэр манай ЭСЯ-нд ирж материалаа урьдчилан хянуулж, бичиг баримт мэдүүлэх баримт авах бөгөөд тухайн бичиг баримт мэдүүлэх баримтыг бусдад шилжүүлэх, өөрчлөх эсвэл хуурамчаар үйлдэхийг хориглоно. Аливаа байгууллага болон хувь хүн бичиг баримт мэдүүлэх баримтыг дамлан худалдах үйл ажиллагаа нь хууль бус үйлдэл бөгөөд тухайн үйлдэл илрүүлвэл манай ЭСЯ цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж хуулийн дагуу шийдвэрлүүлэх болно. Хэрвээ дугаар наймаалагч этгээдээр дамжин дугаар авч виз мэдүүлсэн тохиолдолд Хятад улсад зорчих виз авах боломжгүй болно. Бичиг баримт мэдүүлэгч нь аливаа бичиг баримт бүрдүүлэхдээ ЭСЯ-ны хэвийн дэг журмыг даган мөрдөх, өөрийн ухамсраар эмх замбараатай байх, ЭСЯ-тай идэвхтэй зохицон ажиллаж хамтдаа Дугаар наймаалагчид-ын үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй. Монголын нийгмийн бүхий л салбарынхан манай ЭСЯ-ны ажилд анхаарал халамж тавихыг хүсч буй бөгөөд хэрэв дугаар наймаалагч-ийн мэдээлэлтэй байх тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж шуурхай арга хэмжээ авахуулна уу. Мөн түүнчлэн хэвлэл мэдээллийн найз нөхөд маань өөрийн салбарын үүрэг хариуцлага, ухамсраар дугаар наймаалагч-ийн нөхцөл байдлыг үнэн бодитоор мэдээлэх, ЭСЯ-ны өнөөг хүртэлх чармайлт зүтгэлийг үнэн бодитоор сурталчилж, бичиг баримт мэдүүлэгчдийг хэвийн дэг журмын дагуу ирж виз мэдүүлэхэд нь хөтөлж өгнө үү. Манай ЭСЯ нь урьдын адил Хятад-Монгол хоёр улсын найрсаг харилцааны үүднээс үргэлжлүүлэн ажлын цагийг сунган ажиллаж, визны ажлыг чанарын өндөр түвшинд үр бүтээмжтэйгээр гүйцэтгэж, Хятад-Монголын харилцааны хөгжилд хувь нэмэрээ хичээнгүйлэн оруулах болно.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.